Японоос ирсэн иргэдээс хоёр СЭЖИГТЭЙ тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.04.03/ 15:40 цагт газардсан. Тус нислэгээр 266 зорчигч эх орондоо ирлээ.

Тэдгээр иргэдээс хоёр иргэн коронавирус өвчний халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтад авсан талаар Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг мэдээллээ. Иргэдийг урьдчилан бэлтгэсэн тээврийн хэрэгслээр ХӨСҮТ-д хүргэж байна. 

Өнөөдрийн нислэгээр Японоос ирж байгаа иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Учир нь Япон улсад халуураагүй л бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй аж. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг энэ талаар "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас Монгол Улсын 6000 гаруй иргэн нутаг буцах хүсэлт илэрхийлээд байна. Богино хугацааны визтэй, байр, санхүүгийн асуудалтай гэх мэт шалтгаантай хүмүүс байна. Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй удсан гурван хүүхэд Монголдоо ирсэн. Японы Шизүока хотод паралимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь ханган, бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй. Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй" гэсэн мэдээллийг 16:00 цагаас болсон хэвлэлийн хурлын үеэр өгсөн юм. 

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 зорчигч эх орондоо ирлээ.  Тэдний 30 гаруй нь өндөр настан. Эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэн байна. Жирэмсэн гурван иргэн бий. Мөн 10 гаруй бага насны хүүхдүүд байгаа. Иргэдээс нарийвчилсан үзлэг хийгээд сэжигтэй тохиолдол гарвал ХӨСҮТ рүү тусгай автомашинаар хүргэнэ. Бусад иргэдийг тусгаарлах байр руу хүргэх автобус бэлтгэсэн. Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдана” гэж мэдээлсэн билээ. 

Top