Турк иргэнээс КОРОНАВИРУС ИЛЭРЧ, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 04 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвартай холбоотой цаг үеийн ээлжит өнөөдрийн /2020.04.06/ мэдээллээ өгч байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 дөрөвдүгээр сарын 5-ны өдөр сэжигтэй тохиолдол нэмж илрээгүй. Дархан -Уул аймагт тусгаарлаад байсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.

Харин ХӨСҮТ-т тусгаарласан байсан Турк улсын иргэнээс коронавирус өвчний халдвар илэрсэн.  Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 15 боллоо. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн байна. 

Токио - Улаанбаатарын онгоцоор өнөөдөр ирсэн 184 хүнээс шинжилгээ авч байна" гэлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр батлагдсан тохиолдол нь өмнөх халдвар авсан хоёр иргэний хавьтал байсан. Өдөр болгон хяналтын шинжилгээ хийж байна. Өчигдрийн шинжилгээгээр Турк улсын иргэнээс халдвар илэрсэн. Шинж тэмдэггүй хэлбэртэй ийм гурван хүн эмчлэгдэж байна. Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээ авсан. Дээрх халдвартай иргэдийн хавьтал болох 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Турк иргэний биеийн байдал хэвийн байгаа” гэв.

Өөрийгөө гэртээ тусгаарлах ёстой байсан иргэн гэрийн хаягаа худал мэдүүлж, эмч нарт хүндрэл учруулсан талаар мэдээлэл цацагдсан.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нийслэлийн эрүүл мэндийн газар дээр ийм мэдээлэл байсан. Ийм нөхцөлд Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар торгох арга хэмжээ авах ёстой. Ер нь коронавирус өвчний халдвартай холбоотой худал мэдээлэл тараасан, төрийн албан хаагч нарыг ямар нэгэн байдлаар доромжилсон асуудлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулна” гэлээ. 

Ийн 2020 оны гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч, манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэж байсан бол хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн. Ингээд мөн тусгаарлалтад байсан Туркийн дахин нэг иргэнээс коронавирусний халдвар илэрснээр тохиолдлын тоо 15 болж байна. 

ШУУД ҮЗЭХ
 

Top