Ойрын хавьтлын 15 иргэнийг СЭЛЭНГЭЭС авчиржээ

2020 оны 04 сарын 09

ЭМЯ-наас "Ковид 19" халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.09/ мэдээллээ өглөө. 


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан.  

Сэлэнгэ аймагт тусгаарласан есөн иргэнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан найман хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 24 хийсэн шинжилгээнээс халдвар илрээгүй. Нийт 38 хүнд шинжилгээ хийхэд, халдвар гараагүй.

БНСУ-аас өчигдөр ирсэн хүмүүсээс 83 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тандалт, судалгаа үргэлжилж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн бий.

Сэлэнгэ аймагт илэрсэн халдвартай иргэнийг өчигдөр ХӨСҮТ-д авчирсан. Эмчилгээг эхлүүлсэн. Түүний ойрын хавьтлын 15 хүнийг мөн ХӨСҮТ-д авчирч, хяналтад оруулсан. Энэ хавьтлуудын хяналт, судалгаа үргэлжилж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан. Эмнэлгийн ажилтай газар дээр нь танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, урам өгч баяр хүргэлээ. “Хүнд үед халдварыг тархаалгүй сайн ажилласан. Цаашид эх орноо, ард иргэдээ халдвараас хамгаалаарай” гэж урмын үг хэллээ.

Мөн Онцгой комисст цугларсан хандивын мөнгөнөөс коронавирус өвчний халдварын эсрэг хүнд нөхцөлд тулж ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн 200 хүнд 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал өгөхөөр болсон.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танд манай ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд баярлаж талархаж байгаагаа дамжуулаарай гэсэн. Халдварыг шуурхай оношлох оношлуур, эм, тоног төхөөрөмжийг нийлүүлж, эмнэлгийн өрөөнүүдийн засвар, илүү цагийн мөнгийг цаг алдалгүй өгч шийдэж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн.

Түүнчлэн ЭМЯ-нд цугласан мөнгөнөөс манай эмнэлгийн эмч нарт урамшуулал болгон өгөх болсонд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Top