Т.Бадрал: Гадаадад байгаа Монголын долоон иргэн ХАЛДВАР авсан

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Бадрал, МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал "Гадаадын 43 улсаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Бага насны хүүхэдтэй гэр бүл 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настан 278, жирэмсэн эмэгтэй 32, бага насны хүүхэд 307, оюутан 973, байрлах газаргүй болсон 400 гаруй иргэн, бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байна.

Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдож, мэдээлэл солилцож байгаа.

Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлт гаргаж байгаа. Гэвч эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэсэн асуудлыг тавьдаг. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гэхдээ гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа. Европ руу нислэг хийх талаар төлөвлөж байна.

Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хоногийн хугацааны зайтай нислэг хийж байгаа.

Дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ руу дахин нислэг үйлдэнэ. Европ руу нислэг үйлдэхтэй холбоотой саналаа УОК-т тавина” гэв. 

Мөн тэрбээр "Гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэдний хоёр нь Москвад суралцаж буй оюутан. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлт гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бүсэд ирж байгаа тул өвчлөх эрсдэлтэй.

Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй, хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэлээ.

Top