Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ирэх долоо хоногт Сөүл - Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан байна. Энэ талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Сөүл – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг түр хугацаагаар хойшлуулсан.
Бид ОХУ-аас ирэх оюутны тоог 170 гэж тооцоолж байсан ч нэмэгдэж 282 болсон. Тиймээс тусгай нислэг хийх нөөц боломж хомс байгаа учраас Сөүлийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэв.
Улсын Онцгой комисс өчигдөр /2020.04.11/ хуралдаж, ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болжээ. Энэ шийдвэр нь нийслэл хотод төдийгүй орон нутагт хэрэгжих юм байна.
Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандаж автомашины хөдөлгөөний хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн байгаа. Автомашины хөдөлгөөнийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийнэ” гэлээ.