Т.Ганболд: Би шударга, зөв зүйлийг дэмжихдээ хэнээс ч АЙХГҮЙ, ИЧИХГҮЙ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Сэтгүүлч, хөтлөгч Х.Дорж­паламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 АСУУЛТ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд уригдан оролцжээ.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг маань хүлээн авч, оролцож байгаад баярлалаа.

-Танд ч гэсэн баярлалаа. Үндсэндээ тав орчин жил долоо хоног бүрийн даваа гарагийн 08:00 цагийн үед би өөрөөс тань тогтмол мессеж авсан. Тэр мессеж бол шинэ долоо хоногийн мэндийг хүргэе, сайн сайхныг хүсье гэсэн утгатай гоё мессежийг таван жилийн турш хүлээж авсан. Их гоё санагдсан, одоо ч гэсэн гоё санагдаж байна. Ямар ч гэсэн нэг уулзах өдөр ирлээ.

-Баярлалаа, танд. Би танаас нэвтрүүлгийн туршид 100 асуултыг асууна. Харин та надад 100 хариултыг өгөх болно. Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр дөрвөн хүүхэдтэй. Бага хүү маань гурван сартай. Том нь 11 настай. Нэг охин, гурван хүүтэй. Аав маань 2011 онд өнгөрсөн. Ээж маань энх тунх амьдарч байна. Би өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө, эмээгийн хүүхэд. Эмээ маань намайг тавдугаар ангид байхад бурхан болсон. Харин өвөө маань 27 настай байхад өнгөрсөн.

-Таны аав, ээж Архангайнх юм билээ. Тэгэхээр та нутаг ус Архангай гэж явдаг уу?

-Тийм. Аав Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат. Ээж маань Булган сумынх гэж явна. Би Сансарт төрж өссөн хүн.

-Хүн бүрт хэлэх дуртай үг гэж бий. Таны хувьд ямар үгийг хэлэх дуртай вэ?

-Зөндөө л үг бий. Тухайн нөхцөл байдалтайгаа тааруулж, оновчтой уламжлал болсон өвөг дээдсийн маань олон сайхан сургаал, үг бий шүү дээ. Тэр тусмаа манай өвөө хөдөлмөрчин ангийн төлөөлөл. Голчлон зүйр цэцэн үгээр төлөөлүүлж л аливаа зүйлийг хэлдэг байсан. Тэр нь өөрөө том философи шүү дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үгийг би амьдралынхаа мөрдлөг болгодог. Энэ мэт дандаа л өвөөгөөсөө сонсож байсан амьдралын том дүрэм юм уу даа.

-Өвөө, эмээгийн хүү байх нь. Өвөө нь их мундаг хүн байсан байх юм. Хоёр ч удаа саятан жолооч болж байсан юм билээ. Сүхбаатарын одонг гурван удаа авч байсан, Хөдөлмөрийн баатар хүн байжээ. Ийм мундаг өвөө, эмээ дээр өсөж хүмүүжсэн байх юм. Тэр мундаг хүмүүсийн сургаал, үг хоногшиж үлдсэн л байх нь дамжиггүй. Та багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байв?

-Яг одоо эргээд бодоход багадаа тийм хүн болно гэж бодож байгаагүй байх аа. Хүүхэд байхад манай гэрт тухайн үеийн зузаан өнгөт ном байдаг байсан л даа. Өвөө маань 1937, 1946 оны дайнд оролцож явсан байдаг. Тэр утгаараа алдар, нэртэй хүмүүсийн тухай намтар түүхийн ном их байдаг байсан. Хүүхэд байхад буу шийдэмтэй баатар хүн л сайхан санагддаг байсан л даа. Харин яг мэргэжил гээд үзэх юм бол бодож байсан зүйл тухайн үед байхгүй.

-Нийгмийн олон зүйлээс шалтгаалж хэр их бухимдаж байна вэ?

-Байлгүй яах вэ. Амьдралд бухимдах зүйл олон л байдаг.

-Бухимдлаа хэрхэн яаж тайлж байна вэ?

-Өөрийн хувь хүний зан ааш, онцлог байж мэднэ. Дүрс хийтэл уурладаг, бухимддаг. Ойлгомжтой зүйлийг ойлгохгүй, өгөгдлийнх нь дагуу юм аа хийхгүй болохоор хамтарч ажиллаж байгаа хүндээ уурладаг. Тийм зүйл байх шүү дээ. Гэхдээ яах вэ ихрийн орд гэдэг утгаараа зан төлөв байдаг л юм билээ. Би эргээд дорхноо мартчихдаг юм. Янз бүрийн хонзогнол, өширхөөд уурлаад яваад байдаггүй.

-Шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэл гэдэг зүйл байх л ёстой л доо. Шүүмжлэлийг бараг л алт гэж хүлээж авна даа.

-Та өөрөө хэр шүүмжилж байна вэ?

-Хүний зан ааш янз бүр байдагтай адилхан би хэт юмыг төгс байлгах гээд байдаг талтай. Энэ утгаараа аягүй их шүүмжлэлтэй байдаг юм билээ. Шүүмжилнэ, түүнээсээ болж бухимдана. Юмыг төгс төгөлдөр байлгах гэж хичээнэ. Нэг тиймэрхүү хувь хүний зан ааш бий бий.

-Хүн энэ амьдралдаа яаж амьдрах, хэрхэн явах нь яг юунаас шалтгаалдаг юм бэ?

-Тухайн амьдарч байгаа нийгэм нь их нөлөөлдөг, түүнийг дагадаг байх. Тэрийгээ дагаж хэр нийцтэй, үр өгөөжтэй, нийгмийн нэг оролцогч гэдгээ бодож амьдрах ёстой л доо. Нийгэмд л амьдарч байгаа хойно нийгмээ л бодож амьдрах хэрэгтэй л дээ. Хувиа бодож хувь хүн талаасаа амьдрах нь дэмий байх гэж боддог. Нийгмийн нэг бүтээгдэхүүн, оролцогч л болсон хойно нөгөө л зан төлөв, төрсөн орд гараг, эцэг эхийн хүмүүжил, нийлж байгаа найз нөхөд гээд юу байдаг юм тэр бүхнээс шалтгаална л даа.

-Бурхны зурсан зураг гэж байна шүү дээ?

-Тэрийг сайн мэдэхгүй юм аа. Хүндлэхээс өөр маани унших нэг ч өгүүлбэр мэдэхгүй хүн шүү дээ, би. Үгүйсгэхгүйгээр хүндэтгэж ханддаг. Түүнээс шүтдэггүй.

-Таны хамгийн аз жаргалтай байсан мөч хэзээ вэ?

-Зөндөө л байсан. Тэр нь аз жаргалтай байсан гэж хэлэхэд хэцүү байх. Хүүхдүүдээ төрж байхад, эхнэртээ дурлаад халуураад чичрээд гүйж байх аз жаргалтай л мөч байсан. Эргээд бодоход тухайн үедээ мэдэрч чадаагүй ч гэсэн өвөөгийнхөө толгойг түшиж байсан нь аз жаргалтай мөч. Талийгаач аавыгаа дагуулаад л гадагшаа эрхлүүлээд явж байсан минь ч аз жаргалтай мөч. Тэр болгоныг тухайн үед нь мэдрээгүй ч одоо ямар аз жаргалтай байв аа гэж боддог.

-Мөнгөний үнэ цэнийг анх хэзээ мэдэрч эхэлсэн бэ?

-Манай гэр бүл олуулаа. Би өвөөгийнхөөрөө гэр бүлээ төсөөлдөг. Манай өвөө 10-аад хүүхэдтэй, их олуулаа. Тэр хүмүүсийн идэж уух, амьдрах зардал их. Эмээ маань олон хүүхэд гаргасан болохоор намайг жаахан байхад нүд нь юм харахаа байчихсан. Би эмээгээ хөтөлдөг. Би эмээгийнхээ нүд чих нь болж, бараг баруун гар нь байсан болохоор багаасаа л мөнгөтэй харьцаж сурсан. Таван настайгаасаа л эмээгийнхээ авдрын түлхүүрийг барьдаг байлаа. Гал алдсан үедээ өвөөг ирэхээс өмнө эмээгийн даалгавраар тав, гурван төгрөг айлаас очиж зээлнэ. Тэрийгээ өвөөгийн цалин буухаар тараана. Тэр бүх зүйлд би оролцоно. Өдөрт дэлгүүрээс би хоол хүнс авч зөөнө. Мөнгөний үнэ цэн гэдэг бол их хариуцлага. Би багаасаа л мэдэрч өссөн.

-Хүнийг танихдаа хэр вэ?

-Жаахан алдаа гарна. Бодож байснаас зөрсөн тохиолдол гарна. Гэхдээ тэнд гомдоод байдаггүй. Би таниагүй, хоорондоо нийцээгүй зүйлийг энэ тэр буруу гээд яах вэ, би хүн таньдаггүй гээд гутраад ч яах вэ. Хүн цаг хугацаа явах тусам хөгжиж, сурч төгөлдөршиж байдаг.

-Танд дургүй хүн хэр олон байдаг бол оо?

-Байлгүй яах вэ. Дэлхийн алдартай хүмүүс хүртэл дургүй хүнтэй шүү дээ. Мань мэт шиг хүнд бол байлгүй яах вэ. Шаардлага тавьсан хүн болгон дуртай байхгүй. Зарчим ярьсан хүн болгон дуртай байхгүй. Ялангуяа манай нийгэм ямар байгаа билээ. Тэр тусмаа нийгмээрээ л ийм байна шүү дээ. Бид олон хэвлэл мэдээлэл, олон судлаачийн амнаас гардаг зүйл бол гажуудсан ардчилал гэдэг зүйлийг амсаад л явж байна. Нийгмийн давлагааг үүсгэж байсан хүмүүс бол тухайн үеийн оюутнууд байсан. Угаасаа дэлхийд нийгмийн өөрчлөлтийг залуус л хийдэг юм билээ. Хүсэж байсан мөрөөдөж байсан зүйл нь өөр байх. Харамсалтай нь, сүүлдээ хийх гэж явсан сайн сайхан зүйлээсээ залхаж шантарсан эсэхийг мэдэхгүй байна. Гажуудаад явчихсан байх.  Хэн ч ингэж идэж ууна гэж бодоогүй байх, ардчиллыг авч ирсэн залуус. Зүгээр л явцын дунд ухамсарт хүний төгөлдөршил гэдэг зангаараа яваагүй улс төрийн хүндрэлийг давж чадахгүй шантарч гажуудсан байх л гэж боддог. Дэндүү харамсалтай. Үнэндээ 1990 оны өмнө ам.доллар 25 төгрөг байсан. Хүмүүсийн авч байсан цалин хэд байсан билээ, та мэдэж л байгаа. Өнөөдөр ам.доллар 2800 гарчихсан байна. Авч байгаа цалин нь хэд байгаа билээ. Төгрөгийн тэгийн орон тоо нэмэгдсэн болохоор чанар нь нэмэгдээгүй. Энийг бол ямар ч эдийн засаг, санхүү, мэргэжил шаардахгүйгээр энгийн иргэд ойлгоно. Би хувьдаа улс төрд муу гэдэг дүн тавина.

-Ингэхэд таны анхны бизнес юу байсан юм бэ?

-Жижиг наймаа их хийдэг байсан. Анхны бизнес гэдэг утгаар нь хэлэх юм бол бүх зүйл үнэ цэнгүй болсон байхад ам.долларын төлөө л бүгд аянд мордсон шүү дээ. Тэр үед яагаад ч юм бидэнд боломж олдсон. Захиргаадалттай чанга гараар барья гэсэн бодлого нь нэг талдаа нурж, нөгөө талдаа сул гараар оновчтой, эдийн засгийн үр өгөөжтэй яаж хөгжлийн тал руу нь чиглүүлэх вэ гэсэн нь туршлага, мэдлэггүй хоёрын дунд нийгэм анархист байдлаар шилжиж байгаа юм л даа. Ёстой л нөгөө чадах чадахаараа, бор зүрхээрээ л амьдрах зам нээгдсэн. Тэр цагт нийгмээ төр засаг нь эдийн засгаар тэжээж авч явах чадалгүй болохоороо өөрсдийгөө тэжээ гэдэг дүрмээр хил нэвтрэх гадаад паспорттой болгосон. Энэ давуу тал дээр нь бид үүргийн буюу ганзагын наймаа хийж эхэлсэн. Тэр үед ганзагын наймаачид эдийн засгийг хадгалж авч үлдэхэд гол ачааг нь үүрсэн хүмүүс шүү. Одоо яах вэ ганзагын наймаачин гэхээр ичиж зовдог хүн байхыг үгүйсгэхгүй. Би энэ нэрээс ичдэггүй. Би ганзагын наймаачин байсан нь үнэн л юм чинь ичдэггүй. Одоо өөрийгөө том бизнесмен гэж ярьж чадахгүй.

-Таны мэддэг дөрвөн хэлний сайн мэддэг нь Орос хэл үү?

-Тийм. Би Орос арван жилд сурч байсан. Унаган хэл маань Орос.

-Дараа Герман, Франц хэл үү?

-Тийм. Дараа нь Герман хэлийг сурсан. Франц хэлийг сурсан. Харин Англи хэлийг сүүлд бие дааж сурсан. Дундуур нь ганзагын наймааны үеэр янз бүрийн л хэлийг сурч байсан.

-Бизнес эрхэлж байгаа хүнд хэлтэй байх нь том давуу тал болж чадах уу?

-Ганц наймаа биш л дээ. Дэлхий даяарчлагдаж байгаа энэ үед хэлтэй бол хөлтэй гэдэгтэй адил аль ч салбарт давуу талыг заавал гаргаж ирнэ. Энэ бол өөрийгөө хүндэлж чадсан, тодорхой хэмжээнд өөрийгөө дасгалжуулж чадсаны  илэрхийлэл шүү дээ.

-Та яагаад Корпорэйтийг барих болсон юм бэ?

-Зочид буудлын мэргэжил бол байхгүй. Бид ганзагын наймаанд явахдаа зочид буудалд л амьдарч байлаа. Зочид буудлын хэрэглээг сайн мэдэж байсан. Байгаа хэдэн зочид буудал маань өмнөх нийгмийн үеийн л бүтээн байгуулалт байсан л даа. Тодорхой хэмжээний чамлалттай явсан. Одоогоос 30 жилийн өмнө Улаанбаатар хотод хоёрхон л зочид буудал байлаа шүү дээ. Үндсэндээ ийм л зах зээлийг мэдэх утгаараа бас нэг мэргэжлийн түвшинд биш ч гэсэн хэрэглэгчийн түвшинд гадарлаж байсан болохоор аятайхан зочид буудал байгуулчих юмсан гэж чадлынхаа хэрээр л хөдөлсөн зүйл л дээ.

-Хожуу гэр бүлтэй болсон байх юм. Завгүй л явсан байх нь уу?

-Тийм. Бараг 40 хүрч байж гэр бүлтэй болсон л доо. Завгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ хүн хүний үзэл бодол л их шалтгаална. Ихэнх найз маань гэр бүлтэй болсон байсан. Ар гэрээс нь залгадаг. Тэр үед надад юу гэж бодогддог байсан гэхээр өөрөө санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байсан болохоороо өөр дээрээ ачаалал нэмээд байна гэж хардаг байсан. Түүнээс айхтар шаардлага өндөртэй, хүүхэмсэгтэйдээ эхнэр авахгүй яваад байсан зүйл байхгүй. Энэ бол асар их хариуцлага шүү дээ.

-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?

-Одоо бол хүлээж авдаг болоод байна. Түүнээс хүний нүүр рүү хараад мэлзээд байдаг томчууд, улстөрчид байна. Одоо бол яах вэ, бараг дасан зохицож байна шүү дээ. Анхандаа тэвчмээргүй, тэвчиж болохооргүй байсан. Гэхдээ одоо хүлээн зөвшөөрч байгаа зүйл биш бухимдахаа байсан гэх үү дээ. 

-Дөрвөн сая ам.долларын асуудал юу болсон бэ?

-Юу ч болоогүй. Хуулийн хэллэгээр бол мөрдөн байцаалтын шатандаа явна. Хэрэг үүсээд хоёр жил болж байна. Ямар  ч байсан хөдөлшгүй баримттай хэрэг. Эцсийн байдлаар яаж шийдэхийг нь харж байна. Нөгөө талд муудалцаж байгаа хүмүүсийг харж л байгаа байх. Яг тэр албан тушаалаасаа больсон ч нөлөөлөл нь хэвээрээ, хүчтэй л байна. Улс төр, төрд нөлөөлдөг. Нөлөөллөө 100 хувь алдаагүй. Тэр нь олон зүйлээр батлагдаж байгаа.

-Таны амьдралдаа хамгийн ихээр ичиж байсан зүйл юу вэ?

-Зөндөө л бий. Хэл сурч байхад олон зүйл гардаг. Хэл гэдэг бол ичихгүйгээр ярьж сурдаг зүйл болохоор тухайн үедээ ичгэвтэр санагддаг байсан ч явж л байна. Энгийн үйлдлээр ичиж байсан тохиолдол бий, бий.

-Амжилт гэж юу вэ?

-Амжилт гэдэг бол бодож, төлөвлөсөн зүйлдээ хүрэх. Тэр нь сайн үр дагавартай олонд наалдацтай зүйл байх ёстой байх. Ганцхан чиний эрх ашигт нийцсэн байж хэрхэвч болохгүй.

-Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?

-Би өөрийгөө байнга л чамлана. Амжилтад хүрсэн гэж хэлж чадахгүй. Гэхдээ харьцангуй ойлголт.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

-Энгийн утгаараа бол хоол хийх гэж оролддог. Загвар зэргээрээ хоббитой. Гэхдээ түүнийгээ сайн гэж хэлж чадахгүй. Аливаа ажлыг зохион байгуулах, шахаж өгөх, уриалах зэрэг дээрээ гайгүй гэж бодож байна. Хөндлөнгөөс харсан хүмүүсээс асуух нь л оновчтой байх байх даа.

-Маш их уурлахаараа яадаг вэ?

-Аль болох ойлгуулах гээд л энгийн жишээ татаад л ярьдаг даа.

-Хүн үхэн үхтлээ суралцана гэж байдаг. Та юунд суралцахыг хүсэж байна вэ?

-Тэрийг хэлэхэд хэцүү байх. Гэхдээ хүн үхэн үхтлээ суралцдаг гэдэгтэй би 100 хувь санал нийлнэ. Хүн байнга сурч байх ёстой. Яг бодож үзээгүй юм байна. Ямар ч байсан хүн байнга суралцдаг.

-Таны хамгийн их айдаг зүйл юу вэ?

-Мэдэхгүй байна. Айх, гомдох гэдэг хэрэггүй ойлголт гэдгийг олон жилийн өмнө өөртөө суулгасан. Тэр сэтгэхүйг хөгжүүлсэн. Хүнд айх, гомдох гэдэг шиг хэрэггүй зүйл байхгүй байх аа. Хүний амьдралд мөнх бус зүйл тохиолдоно. Тэрийг айдас гэж хүлээж аваад ч яах вэ. Хүний дээд айдас нь үхэх л биз дээ. Харин ч өвдөлт, шаналал, төлбөр гэдэг зүйл бүгд байхаа болиод та амарч байна гэсэн үг шүү дээ. Ингэж бодохоор айх биш байгаа биз дээ. Хүнд айх зүйл гэж юу байх вэ дээ, хүн өөрөө зөв амьдарч, нийгэмдээ тусдаа явж байхад асуудал байхгүй. Хүн бардам, зоригтой байна. Буруу зүйл хийдэг хүмүүс байнгын зовлонтой явах байх. Энэ бол энгийн ойлголт.

-Та зарим нэг зүйлийг хэлж, ярихдаа ямар ч айдасгүй байдаг нь ажиглагддаг. Нөгөө хэсэг нь таны ард том хүч байдаг гэж ярьдаг. Таны ард хэн нэгэн байна уу?

-Нийгмийг ийм болгочихсон. Эрх чөлөө гэдэг зүйлийг бид эмх замбараагүй зүйл дээр явж байж олж авсан байдаг. Энэ ч утгаараа зориг нь тодорхой хэмжээнд илэрхийлэгдэж байсан боловч айдас нь давхар л явж байсан байх. Нөгөө л гутаан доромжлох, айлгах, ичээх нийгэмдээ амьдарч байна. Хууль хяналтын байгууллага нь нөлөөлөлтэй, улс төрөөс хамааралтай явж ирсэн. Одоо ч явж байна. Ийм явж ирсэн байхад шударга бус нийгэмд хүнд айдас нь байна. Мэдээж хэрэг зарим нь намайг чанга дуугарсан, том хүмүүстэй муудаж байна зоригтой гэж магадгүй. Нөгөө хэсэг нь хэн нэгний цүнх, суга гэж тайлбарлаж болно. Угаасаа нийгмийг ингээд хоёр хуваачихсан байна. Бүгдийн шүүгч бол цаг хугацаа. Би хар багаасаа хэн нэгний харьяалалд яваагүй. Нөгөө талаараа зөв үйлдэл, зөв зүйлийг дэмжихдээ хэнээс ч ичихгүй, айхгүй. Даанч тэгж дэмжүүлээд сайн зүйл хийж байгаа зүйл харагдахгүй л байна.

-Хүн амьдралдаа унаж, босох, бүдрэх гээд л олон зүйл байна. Юу таныг босгож ирдэг юм бэ?

-Би хувь хүн талаасаа өөдрөг үзэлтэн. Мэдээлэл, төр засаг, улс төртэй холбогдсон бизнес нь давамгайлж, бусдын боломжийг хязгаарлаж явдаг. Энэ ч утгаараа би зөндөө л эрсдэлтэй бизнес хийсэн. Амжилттай л гарсан. Нөгөө талаараа бидний цаг үе гажуудсан байна. Төлөөлөл нь болоод амьдарч байна. Гарцаа байхгүй л энэ бүх зүйл засагдах ёстой. Засагдахгүй бол болохоо байчихсан хязгаар дээр ирчихлээ шүү дээ.

-Та нэг хүнд зориулж чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэхгүй юу?

-Ээждээ л хэлэх ёстой байх. Ямар ч хүн хэлэх байх. Ээждээ л баярлалаа гэж хэлэх байна. Намайг төрүүлж, өсгөсөн. Эмээ, өвөө дээрээ өссөн хэдий ч ээж маань хааяа ирж алганы амт үзүүлдэг байлаа. Шаардлага өндөр тавьдаг байсан. Намайг уйлуулан барьж Орос сургуульд оруулж байлаа. Өөрөө Орос хэлний хүн байсан. Маш өндөр шаардлага тавьж, зовоодог байсан. Тэр бүхэн нь өнөөдөр надад аз жаргал, хөрөнгө оруулалт байсан. Баярлалаа л гэж хэлье.

-Та хэр азтай хүн бэ?

-Хүн болоод өөрөө өөртөө өөрийгөө мэдэрч байгаа болохоор аль ч газар төрсөн азтай гэж хэлэх байх. Би бол Монголд төрсөндөө баярладаг, бахархдаг.

-Амжилттай бизнест аз гэдэг зүйл хэдэн хувийг эзлэх вэ?

-Энэ бол хийсвэр ойлголт. Гэхдээ дэлхийн том судлаач нар үгүйсгэдэггүй. Нэг талдаа сүнслэг, нөгөө талдаа хийсвэр ойлголт. Энэ бол хүнд байна, заавал байна. Чи өөрөө зөв явж байгаа тохиолдолд аз нь илүү их дагана. Зоригтой байвал илүү их дагана. Аз бол гарцаа байхгүй бий. Гарт баригдаж, нүдэнд харагдаагүй зүйлийг үгүйсгэх хэцүү шүү дээ. Ялангуяа бурхан шашинтай холбоотой үзэгдэл, сонин зүйл бас л тайлбаргүй. Хүний амьдралд философи шинж чанар зайлшгүй байдаг.

-Та хэр харамч вэ?

-Мэдэхгүй дээ, гайгүй байх.

-Танд хүмүүс хэр их хандаж тэтгэмж, тэтгэлэг гэсэн зүйлийг тавьдаг вэ?

-Энэ бол манай нийгмийн дүр зураг л даа. Иргэн хүний эдлэх ёстой эрх нь. Хүлээж авах эрүүл мэндийн үйлчилгээ нийгмийн халамж, баялагт хүрэх эрх тэгш хуваарилалт алдагдчихсан. Энэ утгаараа зовлонд уначихсан хүмүүс хулгай хийнэ. Энд манай хууль маш сайн ажиллаж байна. Илрүүлэлт, шийтгэл нь их мундаг. Харамсалтай нь, тэрнээс хэд дахин хохироож байгаа хулгай нь хэзээ ч шийдэгддэггүй. Энэ л хамгийн том эмгэнэл байгаа юм. Ийм л дүр зурагтай амьдарч байна даа. Бидний өнөөдрийн байгаа нийгэм л ийм. Ийм нөхцөлд хүмүүсийг гуйлга, тусламж гуйлаа гэх нь хаашаа юм. Мухардчихсан хүмүүсийг яалтай л билээ дээ.

-Жинхэнэ монгол эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Монгол гэх нь хаашаа юм. Монгол хүн бол өөрийгөө дэлхий дээр амьдарч байгаа иргэн хүн гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт хүлээцтэй. Нийгмийн хандлагаа зөв дагадаг, бусдыг хүндэлдэг. Наад захын энгийн ухагдахууныг амьдралынхаа зөв хэмнэл болгодог байх хэрэгтэй. Нийгмийнхээ баялгийг хулгайлах гэсэн сэтгэлгээнээс ангид байх ёстой. Мэдээж үндэснийхээ соёл, урлагийг хайрладаг байх шаардлагатай. Түүнээс би Монгол гэж нэг хэсэг туйлширч болохгүй, боломжгүй ч зүйл юм. Бид дэлхийгээ дагаж, дэлхийтэйгээ цуг л хөгжиж байна.

-Нийгмээс бид хамгийн эхэнд юуг өөрчлөх ёстой вэ?

 -Бид хандлагаа өөрчлөх ёстой. Хандлагаа өөрчлөхийн тулд өгөгдөл байх ёстой. Өгөгдлийг бий болгохын тулд хуулийн тэгш үйлчлэлийг улс төрийн хараат байдлаар хангаж өгөх ёстой. Төр цэвэр ариун болох ёстой. Үүнийгээ нийгмийн хяналтаар баталгаажуулдаг, өдөр тутмаа хангадаг тогтолцоогоо бий болго нь чухал юм даа. Монгол Улсад төрж өссөн миний хувьд гурван саяулаа л баян, хүчтэй болмоор байна.

-Хайр гэж юу вэ?

-Амьтанд ч гэсэн хайр байдаг. Хүн болж төрсөн л юм чинь хайр байх ёстой зүйл байх. Түүнийгээ тордож, хайрлаж, шүтэж, хөгжүүлж явах ёстой юм даа.

-Амьдрал таны бодлоор юу вэ?

-Төрөөд үхэх хүртэл үйлдэл хийж байгаа үйл явц. Энгийнээр тайлбарлахад шүү. Өөрөө сэтгэлийн таашаал авч, олон хүн чамд баярлалаа гэж хэлж, нийгэмдээ чадах хэмжээний манлайллыг бий болгож, зөв мөртэй амьдрахыг л хэлж байгаа байх даа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(14.146.94.137) 2020 оны 04 сарын 14

hehe hen durtai ni od boloh yumda, mongol hun bur od, tv, yariltslaga, erhem deedsiin nevtruulguud...

0  |  0
Ахмад настан. (66.181.161.23) 2020 оны 04 сарын 14

Хэлчихдэг, хийчихдэг, өгчихдөг, туслачихдаг ер нь их мундаг залуу шиг байгаам даа. Бурхан чамайг үргэлж ивээг.

0  |  0
Mark(122.201.24.227) 2020 оны 04 сарын 14

Temtsegch zaluu gej harj bna. Ene shyymjleed bga hymyys uursduu yamar atsnuud suuj bga bol doo.

0  |  0
амьдрах сайхан(66.181.177.225) 2020 оны 04 сарын 14

Их хөдөлмөрч хүнд хэлье гэснээ хэлчихдэг хүн байх.Амьдралдаа хүмүүст таалагдах гэж нэг талыг барьж явдаг цүнх баригч биш байх цаашдын ажилд тань амжилт хүсье!.

1  |  0
Uher(66.181.161.95) 2020 оны 04 сарын 14

Shaadag gar daa tsaraig n harchih

0  |  1
bayanaa(64.119.16.62) 2020 оны 04 сарын 14

hudlaa gar bn Lee.

0  |  1
Зочин (202.126.89.175) 2020 оны 04 сарын 14

Тодрох гэсэн аца байна.\nАлт ухсан луйварчдад гэсгээл гэж хатуу юм бийг үргэлж сана.\nЧиний эрх мэдэлд хүрэх гэсэн башир арга шунал хүсэл чинь чамайг ангалруу л түлхэх болно

0  |  1
zochin(103.26.194.89) 2020 оны 04 сарын 13

hudaldaa aj uildveriin tanhimiin bair barina geed hulhidaad Corpotate iig barisan yum bishvv ah n Demberel geed neg ih onol yarisan gar bdag bizdee

0  |  0
Top