ХӨСҮТ: Нэг иргэний хариу ЭЕРЭГ гарч, халдварын тохиолдол 17 боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.13/ мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д 20 хүнийг нэмж тусгаарласан. Тэдгээр иргэдийн нэгэнд нь коронавирус илэрлээ. Монгол Улсад нийт батлагдсан халдварын тоо 17 боллоо. Үүнээс дөрвөн хүн эмчлэгдэж гарсан. ХӨСҮТ-д 13 иргэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 232 хүнээс шинжилгээ хийсэн. Үүнд нэг халдвартай тохиолдол илэрсэн. Бусад нь шинжилгээгээр сөрөг гарсан.

Өчигдөр ОХУ-аас ирж, Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110 хүн, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11, Сэлэнгэ аймагт тусгаарласан дөрвөн хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын шугамаар 13 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 225 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Эмчлэгдэж эдгэрээд, тусгаарлалтад гарсан эхний хоёр хүнээс хоёр удаа шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй. Тэд ажиглах байрнаас шилжиж, гэртээ гарсан. Гэхдээ гэртээ 14 хоног тусгаарлалтад байна. Бид энэ хүмүүстэй харилцаатай байж, давтан шинжилгээг шат дараатай хийнэ” гэлээ.

 

Top