Коронавирустэй нэг иргэн эдгэрч, ЭМНЭЛГЭЭС гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн /2020.04.14/  ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн Ерөнхий захиралД.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа. ХӨСҮТ-д өчигдөр 502 хүнд шинжилгээ хийгдсэн. 

ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарласан 49 хүнээс шинжилгээ авсан. Энэ шинжилгээн дотроос 13 хүний хариу эерэг гарч, халдвартай нь илэрлээ. Дээрх 13 тохиолдлын нэг нь Дарханд, бусад нь Улаанбаатарт тусгаарлалтад байна. Бүх хүнийг нэг нэгээр нь өрөөнд тусгаарласан. Одоо эдгээр хүмүүсийг эмчилж эхэлж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар авсан нийт 25 иргэнийг эмчилж байна. Өчигдөр нэг хүн эмнэлгээс гарснаар халдвар авсан нийт таван хүнийг эмчилж, эмнэлгээс гаргаад байна" гэлээ. 

Дээрх халдвар авсан иргэд нь ОХУ-аас ирсэн оюутнууд юм. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д өчигдөр сэжигтэй гэж тусгаарласан 20 хүнд шинжилгээ хийсэн. Тэндээс нэг тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнийг илрүүлсэн. Энэ хүмүүс нь Москва - Улаан - Үүд, Эрхүү - Улаан - Үдээр дамжиж Монголд ирсэн хүмүүс байсан бөгөөд тэдний 13-аас нь халдвар илэрлээ. Энэ 13 хүний ойрын хавьтал нь өөрсдөө. Биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа. Халдвар авсан 13 иргэн нь 19-23 насны оюутнууд байна. Дархан-Уул аймагт байгаа нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг оюутан байсан. ОХУ-аас ирсэн эхний тохиолдолтой хамт нэг сургуульд сурдаг. Тэдний сурдаг сургуульд өмнө нь өвчлөл бүртгэгдсэн байсан” гэв. 

Top