Мандал-Овоочууд сумаа ЛИЦЕНЗГҮЙ болгохын төлөө тэмцэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18


"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачлага" ТББ, "Эрс шинэчлэл" хөдөлгөөний хамтарсан баг Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Г.Ганбилэг, Т.Тогоо нарын ирүүлсэн өргөдлийн дагуу газар дээр нь очиж ажилласан юм.

Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт “Олон овоот гоулд” ХХК, “Лили даймонд” ХХК, “Зөв зүг” ХХК, Макс Импэкс ХХК зэрэг компаниудын хайгуулын 9, ашиглалтын 13 тусгай зөвшөөрөл байна. 22 тусгай зөвшөөрлийн ихэнх нь алтных. Хэдийгээр албан ёсоор олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч, хууль бус хулгайгаар алт ухаж, жонш олборлон, том тэргээр ачиж байгаагийн нөлөөнд малчид иргэд өртсөөр өнөөдрийг хүрчээ.

Баянхошуу багийн малчдын тахиж шүтдэг Овоо хайрханы хойд талаар жонш ачсан машин тоос шороо босгон явсаар байгаа. Дундговь аймгийн машин ирж жонш хулгайгаар ухаж ачсаныг нутгийн малчид харсан. Алт, жонш ухаж, газар сүйтгэсэн хүмүүстэй сумын малчид иргэд, удирдлага “муур хулгана” болон хөөцөлдөж хөөж туудаг хэдий ч ямар ч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрчээ. Нутгаа бид хамгаалахгүй бол хэн ч хамгаалахгүй нь хэмээн ярих малчид, нутгийн буурлуудын сэтгэл сэмэрч, хаана хандахаа мэдэхгүй будилж явсаар маш их цаг хугацаа алдсан гэвч хожимдоогүй, лицензгүй баг, сум болохын төлөө тэмцэнэ гэцгээж байлаа.

Сумын удирдлага болон малчид, иргэдтэй уулзаж уул уурхайн талаар санал бодлыг нь сонссон юм. Баянхошуу багийн нутагт орших Мандал-Овоочуудын шүтээн болсон Овоо хайрханы орой дээрээс алсын бараа ихтэй ч манан дунд сүүмийнэ. Тахилгатай Овоо хайрханаа тойрон нутаглах малчдын сэтгэл бухимдуу. Олон овоотын алтны уурхайг ухаж байхад нэг ч удаа хэвлэлээр ярьдаггүй байсан. Манай эндэхийн уурхайнуудын эзэд Мянганбаяр, Алтжин гэх зэрэг алдартай хүмүүс байдаг юм билээ хэмээн шүүмжилсэн юм.
 


Мандал-Овоо сумын Засаг дарга Ц.Санжаа: Олон овоотын алтны уурхай ухсан нүх л үлдээсэн

-Олон овоотын алтны уурхай буюу “Олон овоот гоулд” ХХК-ийн үйл ажиллагаа 2009 оноос хойш зогссон хэдий ч ухсан нүх, эвдэрсэн зам ихтэй, нөхөн сэргээлт огт хийгдээгүй. 2015 оноос хойш “Зөв зүг” ХХК жонш олборлож байгаагийн нөлөөнд Баянхошуу багийн малчид өртөж байна. Жоншны уурхайгаас нутгийн иргэд малчдад дэм болсон юм байхгүй, малын бэлчээр сүйтгэж, олон салаа зам гаргаж тоос шороо босгож байгаа. Дээр нь “Лили дайманд” ХХК-ийн талбай дээрээс жонш олборлож байна. Заримдаа компани нь ч, нинжа нар нь ялгагдахгүй, ухаж байгаа сургаар очиход зугтаагаад явчихдаг. Нөхөн сэргээлт хийдэггүй. 2019 онд МХГ-ын хяналт шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоосон, одоогоор ажиллахгүй байгаа ч байсхийгээд жонш ачсан том машин явж байгаа. Манай суманд байгаль орчны улсын байцаагч байхгүй. Уул уурхайн компаниуд зарим нь манаач харуултай, хуулийн дагуу юм гэж нэг ч байхгүй, үзье ч гэхнээ үзүүлэх бичиг баримтгүй. Бүр “зэрлэгшсэн”, дураараа компаниуд манай нутагт бий. Малчид малаа хариулахгүй бол нүхэнд унах магадлалтай. Ийм учраас манай сумын нутаг дэвсгэрт байгаа уул уурхайн ямар ч ашиггүй, хор нөлөөтэй энэ уурхайнуудыг лицензийг цэгцэлж өгөхийг хүсэж байна.  

Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн: Уул уурхайгүй ч, бүх уурхайн тээвэр манай нутгаар дайран өнгөрдөг

-Сүүлийн 3-4 жилд Мандал-Овоо сумын нутгаас жонш ачсан машин манай сумын 10 гаруй айлын хаваржаа, намаржааны газраар дураараа олон салаа зам гаргаж бэлчээр сүйтгэж, тоосжилт үүсгэж байна. Сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь баруун талдаа байдаг. Манай сум уул уурхай байхгүй ч Өмнөговийн бүх уул уурхайн ачаа тээврийн автомашин манай сумаар дайран өнгөрдөг учраас их бага хэмжээгээр нөлөөнд нь автаж байгаа. Гэтэл аль ч уурхай нь Цогт-Овоо сумыг нөлөөллийн бүс гэж үздэггүй.

Баянхошуу багийн харъяат өндөр настан С.Мөнхчулуун: Машинтай хүмүүс чулуу ухаад зугтаж байна гэж хүүхдүүд хэлдэг

-90 нас хүрсэн буурай маань 70 настай охиноо дагуулан үр хүүхэдтэйгээ зорин ирж ажиллаж амьдарч байсан өвөлжөө, хаваржаа, булаг ус, шүтээн болсон Овоо хайрхан, нутаг бэлчээрээ хамгаалахад өөрийн биеэр очиж үгээ хэлнэ хэмээн аймгийн төвөөс очсоныг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Насаараа ажиллаж амьдарсан энэ сайхан нутгийг минь сүрхий сүйтгэж байгаа хүмүүсийн буруу үйлдлийг хэлэх гэж та нартай уулзахаар ирлээ. Одоо цагт буруу хүн их болсон юм уу даа гэж гайхах юм. Олон үеэрээ амьдрах нутаг шүү дээ. Энэ ухаж төнхөж байгаа байдлыг болиулмаар л байна хүүхдүүд минь гэв. Байгалиа хамгаалахаар ирсэн таны хүсэл биелэх болтугай гэхэд “күй чухамаа чухам, хурай, хурай, хурай” хэмээн мойногдуухан гараа өргөн нүүрэнд нь инээмсэглэл тодрон хурайлсан юм.  

Иргэн н.Наранзул: Энэ жоншны уурхайнууд тахих уул овоогүй болгох нь

-Энэ олон лицензүүдийг цуцлуулж, ухаагүйг нь цааашид ухуулахгүй байх, ухсаныг нь тэр эзнээр нь нөхөн сэргээлт хийлгэмээр байна. Олон овоотын алтны уурхайг ухаж эхлэхэд хаана хандах учраа олохгүй гайхаж харсаар Ханын хэцийн баруун үзүүрээс зүүн үзүүр хүртэл ухуулчихсан даа. Одоо ч ухахгүй, баахан нүх үлдээгээд алга болсон. Бид аргаа барахдаа овоон дээрээсээ “буудах юм сан” гэж хүртэл хэлж байсан шүү дээ. Одоо “Зөв зүг”, “Лили дайманд” гэх компаниуд өвөлжөө бууцанд бүр ойрхон ирж, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, шөнө дөлөөр ухаж төнхөн, тахих уул овоогүй болгох нь. Машинтай хүмүүс чулуу ухаад зугтаж байна гэж хүүхдүүд хэлдэг.

Харин байгаль хамгаалахад дуу хоолойгоо хүргэдэг хүмүүс ирж явааг сонсоод нутаг усны төлөө ажиллаж яваа та нартай уулзъя, хошуу нэмэрлэе гээд аймгийн төвөөс зорьж ирсэн юм. Уул уурхайгүй сум болохын төлөө тэмцэнээ.

Баянхошуу багийн малчин В.Болормаа: Гурван жилийн өмнө 6 хөлтэй, нуруугүй ишиг гарч байсан

-Манай бууцны баруун талд 6 км зайд маш гүн 20-30 м ухсан нүхнүүд бий. Малаа байнга дагаж хариулахгүй бол нүхэнд унах аюултай. Ухсан уул уурхайн компани нүхээ булж нөхөн сэргээх ёстой гэж боддог. Олон овоотын алтны уурхайн нөлөөлөл байсаар байгаа. Овоолгоноос нь цагаан түйрэн салхинд их хийсдэг. Салхины доод талд байгаа малчдын мал болон хүнд хор нөлөө үзүүлж байна л гэж нутгийн бид боддог. Манай хотонд 3 жилийн өмнө 6 хөлтэй, нуруугүй ишиг гарч байсан. Тэр бол алт угааж байсан цианитын л хор.

Баянхошуу багийн малчин Н.Мөнхбаяр: Орон нутагт ашиггүй энэ лицензүүдийг цуцлуулах хүсэлтэй байна

-Манай өвөлжөө “Зөв зүг” ХХК-ийн талбайгаас 5 км зайтай нөлөөллийн бүсэд ордог. Гэтэл компанийн хүмүүс манайхыг нөлөөллийн бүсийн 2-р бүсэд хамаарна, хамаагүй гэж хэлдэг. Гэвч тэсэлгээ хийхэд хүчтэй доргилт, дуу чимээ мэдрэгддэг. Уулзахаар хэрүүл л болдог, ямарч ойлголцолд хүрдэггүй. Манай багийн малчдаас уурхай нээх гэж байгаа талаар санал асууж, зөвшөөрөл авсан зүйл огт байхгүй. Багийн хурлаар хэлэлцээгүй шууд л нээсэн, бид уурхай эхлэхэд нь л мэдсэн. Цаашид орон нутагт ашиггүй энэ лицензүүдийг цуцлуулах хүсэлтэй байна.  

Баянхошуу багийн малчин Х.Алтангэрэл: Аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийхгүй байна

-Манай Мандал-Овоо сум, тэр дундаа Ханын хэц, Баянхошуу баг ан гөрөө ихтэй нутаг. Гэтэл уул уурхайн тэсэлгээ, олон салаа зам, жонш ачсан том машины нөлөөллөөс ан амьтан үзэгдэхээ больж, малын бэлчээр том машины зам, шороо түйрэнд дарагдаж байна. Олон овоотын алтны уурхай  ажиллахгүй, хоол унд муутай хэдэн манаач л одоо байгаа. Энэ орчмын айл өрхүүдээс сохор төл гарах тохиолдол зөндөө. Саажилттай хүүхэд хүртэл төрсөн. Энэ бүгд бол цианитын хор уршиг гэж боддог. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хэлээд нэмэргүй, ёстой нэг ажлаа хийдэггүй газар бий. Манай сумын иргэдэд дэм тусгүй, хүн, мал, байгаль орчинд халтай учраас энэ лицензүүдийг цуцлуулах хүсэлтэй байна.    

Бидний шүтэж тахьдаг Овоо хайрханы орой дээрээс Дундговийн Дэлгэрхангай, Хулд, Өвөрхангайн Гучин-Ус, Гурван сайхан уул харагддаг алсын бараа ихтэй өндөрлөг хайрхан. Энэ сайхан нутагтаа амар тайван ажиллаж амьдрахыг хүсэж байна.

Баянхошуу багийн малын эмч, малчин Г.Чулуунхүү: Олон овоотын алтны уурхайн нөлөөнөөс сохор төл гарсан  

-Уул уурхайн нөлөөллөөс гарахын тулд баг, сумаараа тэмцэх хэрэгтэй байна. Олон овоотын алтны уурхайн нөлөөлөлд мал, хүн өртсөн гэж боддог. Алт угааж байсан шлам шорооноос цагаан тоос салхинд их хийсдэг. Энэ нь малын уушгинд нөлөөлж байна. Одоо ч сохор төл гарч байгаа нь тэрний л нөлөө гэж үздэг.

Иргэн Б.Болд: Жижиг уурхайнуудыг энэ зуунд ухах хэрэггүй

Нутгийнхаа шүтдэг хайрхандаа гарлаа, сайхан байна. Уул уурхайн лиценз Овоо хайрханд ойртоод иржээ. Уул уурхайгаа ухаад олж байгаа ашиг нь хайшаа ордын, улс өртэй л гэх юм. Уул уурхайг ухаагүй байхад өргүй байсан юм шүү дээ. Овоо хайрханыг тойроод 20 гаруй айлын өвөлжөө бий. Энэ олон айлын бэлчээрийг ухаж жонш олборлож байна. Сум, багийн иргэд, малд ямар ч нэмэр тус алга, харин ч эсрэгээрээ хор хөнөөлтэй байгаа учраас лицензүүдийг цуцлуулах шаардлагатай байна. Бид түүхэндээ зөв үлдэх нь чухал. Байгалийн баялгийг бардаг нэр зүүх ёсгүй. Хойч үедээ үлдээх учиртай. Энэ байгалийн баялаг ихтэй Оюу толгой, Таван толгой зэрэг улсад ашигтайг нь ашиглаад, ашиггүй жижиг уурхайнуудыг энэ зуун жилд ухах хэрэггүй гэж боддог.  

Эх сурвалж: gobiinfo.mn

Сэтгүүлч Ж.Сайнжаргал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top