Байгаль орчин, хүний амьдрах орчны асуудал хэн нэгний, хэсэг бүлгийн эрх ашигтай харьцуулахын аргагүй зүйл гэдгийг бататгасан чухал шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн яам гаргасныг тодотгоход таатай байна. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Их дэлгэмэл ингүүмэл” ХХК-ийн зам эзэмших түр гэрээг цуцалж, Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо. Иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагаар “Страто” ХХК-ийн эхлүүлсэн гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрээр 430 км үргэлжилсэн шороон замтай газар дээр нь танилцсан ЗТХЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хурлаар ийнхүү шийдвэрлэсэн юм. Төрийн байгууллагын энэхүү шийдвэр гарах хүртэлх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван аймгийн, долоон сумын 13 багийн газар нутаг экологийн хохирол үзэж, малчид, иргэд, мал амьтад шороон замын тээврийн улмаас тоосжилт дунд амьдарч байсныг сануулах нь зөв байх. “Страто” ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар тээвэр хийх замыг анх 2018 онд анх үүсгэсэн байдаг.
Тиймээс ч гурван аймгийн иргэд бүгд л “Страто”-гийн зам гэж тодотгон хэлдэг юм билээ. “Страто”-гийн зам гэх нэршилтэй болсон нүүрсний тээврийн шороон зам зөвхөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт гуравхан километр зайд гэхэд 39 салаа байгааг “Экологийн цаг” нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 7-ны өдөр газар дээрээс нь сурвалжлан, мэдээлж байсан билээ. Тээврийн жолооч нарын зүгээс ч шороон замын тээврийг буруушааж, хууль, журмын дагуу хатуу хучилттай зам тавихыг шаардаж буйгаа хэвлэл мэдээллээр илэрхийлж байсныг тодотгоё.
Сумаас сум, аймгаас аймаг дамнасан шороон замын нүүрс тээвэрлэлтийн уршигаар 220 шахам айл өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган мал тоосонд дунд амьдарч байгааг “Хил Хязгааргүй Алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа сануулан, хэлж байсан. Тэрбээр “Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн долоон сумын нутгаар шороон замын нүүрсний тээвэр дайран өнгөрч байна. Иймд бид эдгээр долоон сумын иргэд, удирдлагыг оролцуулан 2019 оны тавдугаар сард Шивээговьд уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Цаашид төрөөс болон энэ хууль бус үйлдэлтэй компаниас хэрхэн хүн амын эрх ашгийг, говийн эмзэг хөрс, нүдний цөцгий мэт усаа, байгалиа хамгаалах талаар ардчилсан нээлттэй нийгэмд бид чадах бүхнээ хийж эцсээ хүртэл тэмцэхээр нэгдээд байна” гэж байлаа. Мөн тэрбээр гуравдугаар сарын 25-ны өдөр “Экологийн цаг” хэлэлцүүлэгт оролцохдоо “Шивээговь суманд гэхэд нөхцөл байдал өнгөрсөн жилээс илүү хүндэрсэн байна. Мал аж ахуй эрхлэх боломжийг хязгаарлаж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх зам ямар байлаа. Яг л тэр түүх давтагдаж байгаа. Шороон замын нүүрс тээвэр нь Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолыг зөрчсөн” гэж байсан юм.
ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгийн сурвалжлах баг Говьсүмбэр аймгийн Шивээговь, Дундговь аймгийн Баянжаргалан, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, шороон замын нүүрсний тээвэрлэлт нутаг оронд, иргэдэд, мал амьтанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар цуврал сурвалжилгуудыг хүргэж байсныг сануулах нь зөв байх.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа “Малчид уг асуудлаар 2019 оноос хойш санал бодлоо хэлээд, илэрхийлээд, гарын үсгээ зурлаа. Хурлаа хийлээ. Сум орон нутгийн зүгээс хүсэл шаардлагыг хүргүүлсэн боловч байдал хэвээрээ байна. Манайх хамгийн цөөхөн мал, малчинтай сум. Уул уурхайг хөгжүүлж байгаа ч мал, малчин хоёроо авч үлдэх ёстой. Бид үүнийг зогсоохын төлөө л явж байгаа” хэмээн “Экологийн цаг” нэвтрүүлгийн багийнханд нөхцөл байдлыг хэлж байсан.
БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат гуравдугаар сарын 25-ны өдөр “Экологийн цаг” хэлэлцүүлэгт оролцохдоо “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор уул уурхайн түүхий эдийг зөөвөрлөхөд тусгай зориулалтын замтай байх ёстой. Тусгай зориулалтын зам гэдэг бол энэ тогтоолд зааснаар хатуу хучилттай зам байх ёстой. Үүний маршрутыг замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь баталж өгдөг. Тэрэн дээрээ үнэлгээ хийгдээд БОАЖЯ-ын Мэргэжлийн зөвлөлөөр батлагдсаны дараа тэр зам дээр тээвэр явах эрх зүйн үндэс бүрдэх ёстой юм. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ гээд ярихаар би эргээд төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэгтэй холбож ярих гээд байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй МХЕГ гэж бий. Мэргэжлийн хяналтын хууль гэж байгаа. Энэ хуулийн дагуу энэ байгууллага үүн дээр чиг үүргийнхээ дагуу хяналт тавиад, хууль зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ аваад явж байх ёстой. Мөн энэ оны эхээр Монгол Улсад анх удаа Экологийн цагдаа гэдэг бүтэцтэй болсон. Бас энэ хууль зөрчсөн асуудал байгаа бол газар нь дээр нь очоод үзээд хууль зөрчсөн бол хариуцлага тооцох ёстой. Иймэрхүү чиг үүрэг, хөшүүрэг үйл ажиллагаанууд бий. Манай яамны хувьд зам дээр тайлан ороод ирэх үед нь оролцох чиг үүрэгтэй. Замын тайлан бол ТЭЗҮ боловсруулагдсан байх ёстой. Дээр нь БОАЖЯ 2015 онд авто зам, төмөр зам дээр зэрлэг ан амьтны гарц, нүхэн гарц байх стандартыг баталчихсан. Үүнийхээ дагуу замынхаа ТЭЗҮ-ийг боловсруулах ёстой. Иймэрхүү зүйлийг тусгасан тайлан манай яаманд ирээд Мэргэжлийн зөвлөлөөр замын тайланг нь хэлэлцээд, батлаад явах ийм чиг үүрэг манай яаманд бий” гэж байв.
"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, аймаг, сумдын удирдлагууд шороон замаар нүүрс тээвэрлэх нь хууль, журам зөрчиж буйг үндэслэл, баримттайгаар гарган тавьж байсантай зэрэгцэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд тайван замаар тэмцэж эхэлсэн тухай мэдээлэл орон нутгаас ирж байсан юм.
Түүнчлэн “Страто” ХХК-ийн ачилтыг зогсоосноо “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн зүгээс орон нутгийн удирдлагуудад 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн байдаг. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр гуравдугаар сарын 28-ны өдөр “Бид энэхүү хууль бус үйлдлийг зогсоохын төлөө орон нутгийн иргэд, малчид, удирдлагуудтай хамтран тэмцлээ үргэлжлүүлэх болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлтийг албан ёсоор хийлгэх, тусгай зөвшөөрлийг цуцлах хууль ёсны шаардлагыг “Хил хязгааргүй алхам” ТББ-тай хамтран холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хатуу хяналт тавьж ажиллана” гэж байсан.
"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг хийгээд Дундговь, Говьсүмбэр аймгийн сумдаар шороон замаар нүүрсний тээвэр хийхийг таслан зогсоох шаардлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтан, сайд нарт хүргүүлсэн. Мөн дээр дурдсан иргэний нийгмийн байгууллага, Өмнөговь, Дундговь аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон иргэдийн төлөөлөл шороон замын тээврийг зогсоох, тус улсын чанартай зам болгон өөрчилсөн нүүрс тээврийн замын ангиллыг өөрчлүүлэх албан шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд гуравдугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн юм.
Мөн тухайн өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд уг хууль бус үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулж, шаардлага гардуулсан. Асуудал хуулийн дагуу шийдэгдтэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ сэтгүүлч Х.Мандахбаяр хэлж байсан.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хохирол учруулж байгаа асуудалтай Байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд болон “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ-ынхан газар дээр нь танилцсан юм.
Улмаар дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээвэр бүрэн зогслоо.
Гурван аймаг нутгийг дамнасан нүүрсний шороон замын тээврийг зогсоохын тулд тэмцсэн "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Эх нутгаа хамгаалах, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэхийн төлөөх иргэдийн шударга тэмцэл ялалтанд хүрлээ. Энэ асуудлыг анхлан гаргаж тавьж тэмцлийг эхлүүлсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон тэмцэлд нэгдэн орсон Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурван сайхан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, удирдлагууддаа баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье” хэмээсэн юм.
Байгаль орчин, хүний эрхийг хамгаалах, орон нутгийн засаглалын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлэхдээ “Говийн иргэд, малчид, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын хамтарсан тэмцэл “Страто” ХХК-ийн үүсгэсэн шороон замын тээврийг зогсоолоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон шийдвэр гарчээ. Ингэснээр Их газрын чулуу, Загийн усны хоолой, Уул хадаргана аврагдлаа. Харин экологийн нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн үүргээс “Страто” ХХК чөлөөлөгдөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Эцэст нь тодотгоход, аливаа бизнес эрхлэхдээ хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг үл огоорсон бол төр төмөр нүүрээ харуулах ёстой гэдгийг “Өглөөний сонин”, Zindaa.mn сайтын “Экологийн цаг” булан баримтад тулгуурлан, сануулан нийтэлж байсан.
Ер нь төр засгийн байгууллагууд алдаж гаргасан шийдвэрээ засаж залруулахын тулд биш маргаашаа харсан, зөв тооцоо судалгаанд тулгуурласан, хууль ёсны шийдвэр гаргахад анхаарч ажиллах ёстойг сануулахад илүүдэхгүй байх. Ялангуяа байгаль орчинтой холбоотой алдаж гаргасан шийдвэрүүдийг эргэн харж, залруулах хүртэлх хугацаанд үнэ мөнгөөр тооцохын аргагүй нөхцөл байдал нутаг оронд үүсэж байдаг. Тиймээс төрийн шийдвэр цаашид мэргэн байх болтугай гэж хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
Хуж