Киодо: Японд гацсан монгол тамирчид өөдрөг байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Өдгөө нэг жилээр хойшлогдоод байгаа Токиогийн Паралимпын бэлтгэл хангахаар өнгөрсөн хоёрдугаар сард Япон улсад ирсэн Монголын паралимпын баг тамирчид эх орондоо буцах боломжгүй болсон ч нөхцөл байдлыг ашиглан Шизүока мужийн Язү хотод бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна.

“Монголдоо хэзээ буцах нь тодорхойгүй байгаа учраас би бэлтгэлдээ илүү анхаарч байна” гэж бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Эрдэнэчимэгийн Өнөрмаа “Киодо Ньюс” агентлагийн сурвалжлагчид ярьжээ. “Хэдийгээр гэрээ санаж байгаа ч Японд байгаа цаг үеийг бүрэн ашиглаж, өөдрөг байна” гэж тэрбээр өгүүлжээ. Удаан хугацаанд гадагшаа явж байгаагүй Өнөрмаа гэр бүлийнхэнтэйгээ өдөр болгон утсаар ярьдаг гэнэ.

Менежер Бямбажавын Энхбаатар, дөрвөн тамирчин, дасгалжуулагчийн хамтаар энэ оны хоёрдугаар сарын 14-өөс гуравдугаар сарын 11-ний хооронд Язү хотод бэлтгэлээ хангаад Дубайд болох Паралимпын эрх авах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байжээ. Гэвч цар тахлын улмаас тэмцээнийг цуцалснаас гадна Японд суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдээлснээр Монгол Улс олон улсын бүх нислэгээ тавдугаар сарын 1 хүртэл түр зогсоогоод байна. Гуравдугаар сарын 24-нд Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулсан тухай зарласан билээ. Паралимпын анхны гараагаа Токио хотоос эхлэхээр зорьсон Бямба-Очирын Гармаабазар энэ мэдээг цочирдон хүлээн авчээ. Одоо тэрбээр Монголын багийг өөрийн зардлаар зочилж буй Язү хотын итгэлийг хариулахын тулд ирэх жил хүртэл бэлтгэлээ сайтар базааж байна.

Өмнөд Судан зэрэг гаднын тамирчид мөн Монголын тамирчидтай адил нөхцөл байдалд ороод байгаа ба тэд бүгд бэлтгэлээ үргэлжлүүлэн, зочид буудалд байрлаж байна. Цар тахлын нөхцөл байдал хэрхэн эргэх нь тодорхойгүй байгаа тул Язү хот тамирчдын байрлах зочид буудлыг тавдугаар сарын сүүл хүртэл захиалсан бөгөөд шаардлагатай тохиолдолд зургаадугаар сар хүртэл сунгах аж.

Зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулах бүх орчин энд бүрдсэн тухай 800, 1500 метрийн гүйлтийн тамирчин Гармаабазар ярьжээ. Тэрбээр Язү хотод талархал илэрхийлж, өдөр бүр бэлтгэл хийж, хичээл чармайлт гаргаж байна. Монгол хүйтэн улиралтай тул тавдугаар сар хүртэл задгай талбайд бэлтгэл хийх бараг боломжгүй. Язү хот тамирчдад амжилтаа ахиулах илүү боломж олгож байна гэж тэрбээр ярьжээ.

Гаднын тамирчдын талаар сонссон хотын оршин суугчид тэдэнд гараар зурсан зураг бэлэглэн, зарим нь үндэсний хоолоор дайлсан аж. Өдөр бүр ирж, тэднийг дэмжих хүний тоо нэмэгдэж байна гэж хотын захиргааны төлөөлөгч Сатоши Онода өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өөдрөг байгаарай(64.119.26.148) 2020 оны 05 сарын 02

Та нартаа амжилт хүсэе ээ! Япончуудад баярлалаа.

1  |  0
БИ(202.9.46.11) 2020 оны 05 сарын 01

ТА ХЭД МИНЬ БЭЛТГЭЛЭЭ САЙН БАЗААГАД ЭРҮҮЛ БАЙНА ШҮҮ ТЭГВЭЛ ОЛИМПЫН МЕДАЛЬ ОЙРХОН БАЙНА

0  |  0
Зочин(202.9.46.35) 2020 оны 05 сарын 01

Язу хотын иргэд ямар сайхан сэтгэлтэй юм бэ тамирчдыг маань дэмжээд баярлалаа та нартаа

0  |  0
zo(49.97.97.142) 2020 оны 05 сарын 01

ene uls.g irj avdgui yum bda hunii nutagt t uvug bolood etheg eh ur huu hdruuge yavdgui yum bhda

0  |  0
Top