-Энэ онд гэр хорооллын 13 байршлын иргэд хашааныхаа газрыг орон сууцаар солих боломж бүрдэнэ-
Нийслэлд тулгамдаад буй хамгийн том гурван асуудал бол агаар, ус, хөрсний бохирдол. Эдгээрийг нэг мөр шийдэх цорын ганц гарц бол гэр хорооллыг дахин төлөвлөх юм. Өнөөдөр Улаанбаатар хотын 1.4 сая иргэний 60 орчим хувь нь гэр хороололд цэвэр ус, ариун цэвэр эрүүл ахуй, зам харилцаа, нийтийн тээвэр унаа зэрэг орчин үеийн анхан шатны дэд бүтцийн үйлчилгээ сул, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтэц дутмаг хүндхэн орчинд амьдардаг. Өнгөрсөн хорин жилд хотын хүн ам 70 хувь өсөж, улсын нийт хүн амын 50 орчим хувийг эзлэх болсон. Энэ хэрээр хотын засаг захиргаанд харьяалагдах газар нутгийн хэмжээ анх байснаасаа даруй 30 дахин нэмэгдсэн байна. Үүнд, дэд бүтцийн хөгжилгүй гэр хороолол зонхилсон. Харин хотын үе үеийн удирдлагууд үүнийг шийдвэрлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс гэр хороолол өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа юм. Ямар ч төлөвлөлтгүй өргөжсөн хотжилтын агаар, хөрсний бохирдол тэргүүтэй байгаль орчны асуудал эцэстээ монгол хүний эрүүл мэндийн гол дайсан болж хувирлаа.
Өвөлдөө ханиад томуу, хавар зуны харшлын өвчлөл бидний олонход илэрсэн ил зовлон. Цаашлаад ажилгүйдэл дагасан нийгмийн эмзэг байдал, замын түгж зэрэг тулгамдсан асуудал бодитойгоор нүүрлэж байна.
Гэвч эдгээр үнэнтэй нүүр тулсан нийслэлчүүд өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авсан талаар дурдахад ч ичмээр. Агаарын бохирдолтой “утаагүй” зуух, “шатдаггүй” түлшээр тэмцэх гэж оролдсон бол хөрсний бохирдлыг эсрэг хуруугаа ч хөдөлгөөгүй. Хөрсний бохирдол дагасан ундны усны бохирдол ходоод гэдэсний өвчлөлийг гааруулаад байгаа юм билээ. Олон зуун тэрбум төгрөг салхинд хийсгэсэн эдгээр арга хэмжээ нь үнэн хэрэгтээ далд ужиг шалтгаан бус үр дагавартай нь тэмцсэн явдал төдийхөн байж ирлээ. Тэгвэл хэдэн жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах хөтөлбөр бодит утгаараа үр дүнгээ өгсөн байдаг юм. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн гол онцлог нь иргэд хашааныхаа газрыг өгөөд, оронд нь тохирсон хэмжээтэй тохилог орон сууцтай болж эхэлсэн явдал. Улмаар агаарын бохирдол үйлдвэрлэгч яндангийн тоо цөөрч, хөрсний бохирдлын гол шалтгаан нүхэн жорлон булагдаж байгаа. Нөгөө талаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол оролцогч нь төсөл хэрэгжүүлэгч компаниуд буюу хувийн хэвшил учраас төрд ирэх санхүүгийн дарамтыг бууруулж байгаа. Төрөөс өнгөрсөн хугацаанд зөвхөн агаарын бохирдлын эсрэг ажилд 700 тэрбум төгрөгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан байх жишээтэй. Зарим тохиолдолд газраа орон сууцаар солих нь иргэдэд эдийн засгийн утгаараа ч дэмжлэг болж буй. Иргэдэд олгосон орон сууцны нэг ам.метрийн дундаж үнийг 1,722,494 төгрөгөөр тооцож ирсэн. Бүр өндөр үнээр тооцсон тохиолдлууд бий. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан Сүхбаатар дүүргийн X хорооны “Хангай” хотхонд орон сууц авсан иргэн 0.7 га талбайтай хашааныхаа газрыг тус бүр нь 40 гаруй ам.метр талтай хоёр байраар сольсон тохиолдол байгаа юм. Энэ мэтээр хашааныхаа газрыг чөлөөлснөөр 2010-2016 онд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлээд байгаа бөгөөд үүнээс 3516 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Төсөл хэрэгжүүлсэн компаниудын зүгээс 2014 онд 588, 2015 онд 1656, 2016 онд 638 айлын орон сууц ашиглалтад оруулсан тоо мэдээ байна.
Тэгвэл удаан хугацаанд тасалдаад байсан нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг энэ хавраас эрчимжүүлэхээр болжээ. Хотын захиргаанаас дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд 3086 айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Нийслэлийн ИТХ-аас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг тогтоож өгсөн. Төлөвлөлтийн баруун өмнөд бүс болох Нисэх, Яармаг орчимд хотын шинэ төвийг байгуулах юм. Үүний дагуу Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 98 дугаар тогтоолоор Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 416.5 га газрыг хамруулахаар тусгасан. Эхний ээлжид Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны 268 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “Яармаг” төслийн байршлыг тогтоож өгсөн байна. Төслийн хүрээнд 40.2 мянган иргэн амьдрах орон сууц, 7680 хүүхдийн сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт гээд нийт 13 байршилд дахин төлөвлөлт хийх аж. Одоогоор төсөл хэрэгжүүлэх компаниудыг сонгон шалгаруулах үйл явц өрнөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ зураг шигээ байгаасай.