Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил коронавирустэй холбоотойгоор нэмж удаашрах магадлал өндөр байгааг компанийн зүгээс мэдэгдлээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс гүний уурхайн барилгын ажил 16-30 сараар хойшилж, зардал нь 1.2-1.9 тэрбум ам.доллароор өсөх урьдчилсан тооцооллыг өнгөрсөн жилийн долоодугаар сард зарлаж байсан. Тэгвэл коронавируснээс сэргийлсэн хязгаарлалтууд хэр удаан үргэлжлэхээс шалтгаалан төслийн зардал, хуваарьт нөлөө үзүүлэх магадлалтай гэж “Оюу толгой” компани мэдэгдэв.
Төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж эзэмшиж буй “Эрдэнэс Оюу толгой” ХХК нь хэтэрсэн зардал бүрийн 34 хувьтай тэнцэх хэмжээний өрийг төлөх үүргийг 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу хүлээсэн байдаг.
Тус гэрээнд “Рио тинто” групп нь “Оюу толгой” ХХК-д стратегийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, менежментийн үйлчилгээний төлбөр авна. Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл шаардагдах хөрөнгийг 100 хувь гаргах бөгөөд Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох санхүүжилтэд LIBOR дээр нэмэх нь 6.5 хувиар хүү тооцно. Үндсэн болон хүүгийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-н ирээдүйн ногдол ашгаас суутгана. Төслийн санхүүжилт Хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх бол хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгохыг эрмэлзэнэ” гэж заасан байдаг юм.
Тэгэхээр коронавирустэй холбоотойгоор гүний уурхайн барилгын ажил удаашрах нь санхүүжилтийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь манай тухайд чухал асуудлуудын нэг.
“Оюу толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс мэдээлснээр гуравдугаар сард 1939 метр малталт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ахицтай үргэлжилсэн ч коронавируснээс сэргийлэн хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн мэргэжилтнүүдийг уурхайн талбарт авчрах, бараа бүтээгдэхүүн татан авахад асуудал тулгарчээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын явц саарсан гэж буй юм. “Оюу толгой”-н уурхайд ирэх ёстой гадаад мэргэжилтнүүд коронавируснээс болж хязгаарлалтад орсон нь гүний уурхайн өргөтгөл малталтыг 30 хувиар удаашрахад хүргэж буй аж. Мэргэжлийн ажилтнууд уурхайн талбарт ирж тохиргооны ажлыг хийх хүртэл өргүүрийг ашиглах хугацааг уртасгах зорилгоор өргүүрийн даац болон хурдыг сааруулсан. Уурхайн удирдлагууд нөхцөл байдал хяналтад байна гэж үзэж буй ч шаардлагатай байгаа мэргэжилтнүүд хоёрдугаар улирлын эцэс гэхэд уурхайд ирэх боломжгүй болбол энэ нь төслийн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлнө. Үйлчилгээний өргүүрээр хүн болон материал тээвэрлэх ажил хэвийн үргэлжилж байна. Уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, хоёрдугаар хагаст зардал, хуваарийн Нарийвчилсан үнэлгээг гаргах төсөөлөлтэйгөөр ажиллаж байна. Үүнд, олборлолтын эхний панел буюу “Панел 0”-ийн шинэчилсэн зураг төсөл дээр суурилж гаргах гүний уурхайн төслийн капитал зардал болон хуваарийн тооцоолол багтана гэсэн мэдээллийг өгч байна.
“Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийн тухайд хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс 2019 оны мөн улирлынхаас 23 хувиар буурчээ. Ангилан дараалалд оруулах болон бага агууламжтай овоолготой холих зэрэг ажиллагааны улмаас өмнөх оны мөн үеэс хүдэр дахь зэсийн дундаж агуулга 26 хувиар багассан аж. Коронавируснээс үүдэлтэй хязгаарлалтын оргил үед Хятад дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан тул хэрэглэгчид агуулахаас бүтээгдэхүүн татах явц удааширсан болон хил дээрх таталт буурсан нь нэгдүгээр улирлын борлуулалтад нөлөөлжээ.
Компанийн зүгээс өгч буй мэдээлэлд “Дэлхийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр 2020 оны нэгдүгээр улиралд тодорхой сорилтуудтай тулгарлаа. "КОВИД 19"-ийн улмаас нөхцөл байдал нэгдүгээр сард хүндэрч эхэлснээс хойш бид ажилтнууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн эн тэргүүнд тавин ажиллаж байна. Иймд бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ уурхайн цогцолбор болон Улаанбаатар хот дахь оффисуудад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь болон Ханбогд сумын орон нутгийн удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн бөгөөд тэдгээрийг чанд мөрдөж байна. Сорилтын хажуугаар ажилтнууд, уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдээ хамгаалахын зэрэгцээ бид бизнесийн үйл ажиллагаагаа таслахгүйн тулд чармайн ажиллаж байна. Хэдий тийм ч хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байгаа. Коронавируснээс үүдэлтэй ид хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийлээ. Энэ цаг үед баяжмалын тээвэрлэлтэд бэрхшээл тулгарч байгаа хэдий ч цаашид борлуулалтад учирч болзошгүй нөлөөллийг бууруулахаар Монголын болон Хятадын засгийн газруудтай хамтран ажиллаж байна” гэжээ.
Гэрээний өөрчлөлт юу болов
Тодотгоход, бүтэн аравны турш Монголчууд бидэнтэй хамт яваа халуун сэдвүүдийн нэг бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлт юм. Эдийн засагт том нөлөөтэй энэ төсөл урагшлахтай зэрэгцэн Монгол Улсын өр зузаарч буйг хаа хаанаа мэдэж байгаа. Үүц баялгийн эзэн Монголчууд төслөөс авч үлдэх бодит өгөөжөө нэмэгдүүлэх, нуруундаа үүрч дүүрсэн ачаагаа хөнгөлөх асуудлыг гэрээнд өөрчлөлт оруулахаас өөрөөр шийдвэрлэх боломж байхгүй. Тиймээс ч 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлахад, олон жилийн сэдэв шийдэл дагуулж мэдэх нь гэсэн хүлээлт нийгэмд үүссэн юм. УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу бол У.Хүрэлсүхийн удирдаж буй кабинет гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг өнгөрсөн гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх ёстой байв. Төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн. Гэсэн ч одоогоор хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлттэй холбоотой ахицтай зүйл харагдахгүй байна.
Нэг талаас, коронавирус гэсэн гэнэтийн эрсдэл үүсэж, дээр дооргүй үймж, урдах хойдохоо мартаж, санасан нөхцөл байдал байна л даа.
Ямар ч байсан төслийг санхүүжүүлж гаднаас орж ирж буй мөнгөний өсөлтийг бид анхаарахгүй, хайхрахгүй байх боломжгүй. Монголын Засгийн газар өрийг үндсэн төлбөр дээр хүү нэмж төлөх юм. Манай улсын гадаад өр 31 тэрбум ам.доллар шүргэж байгаа, одоогоор. Тэгвэл үүний арав гаруй тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн зардал юм. Сангийн сайд асан С.Баярцогт үүнийг тайлбарлахдаа “Хөрөнгө оруулалтын гэрээний 9.8 дахь заалтад хөрөнгө оруулалтын хэлбэрийг зааж өгсөн болохоос түүний эх үүсвэрийг зааж өгөөгүй” гэж байгаа юм. Тэгэхээр төслийг хэнээс ч хаанаас ч өрөөр санхүүжүүлэх боломжийг гэрээнд тусгасан гэсэн үг. 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авч байсан билээ. Төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг.
Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” хэмээн гэрээндээ тусгачихсан байгаа. Мөн уг хэлцлээр гүний уурхайн бүтээн байгуулалтад жил бүр зарцуулах тойм дүнг тогтоосон байдаг. Тэгэхээр далд уурхайн санхүүжилт хэдэн ч тэрбумаар нэмэгдэх боллоо гэсэн Монголын Засгийн газрын зүгээс ширүүн дуугарах боломж гэрээний хүрээнд лав байхгүй гэдгийг тодотгоход гэмгүй байх. Ер нь бол Оюутолгой төсөлтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх гарц нь хөрөнгө оруулалтын гэрээнд цагаа олсон, зөв өөрчлөлтийг хийх явдал юм. Төслийн менежментийн эрхийг барьж буй “Рио Тинто” хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийн асуудлаар Монголын Засгийн газартай эв эеийг баримтлан хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн байр суурийг уг нь илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Риог зайлуулж гэрээгээ цуцлая.Алдагдалтай гэрээгээр бид хөгжихгүй одоо болноо.
одоо ер нь больчихооч бөөн далим,шалтаг ,Оюу толгой л гэхээр дотор муухай оргиод байх юм
шал худлаа
yaasan ch taaruuhan orchuuldag yum be de mongol helee bas sain uzeldee nairuulga bol hetsuu yumaa