ТВ8 телевизийн "Ярилцах цаг" нэвтрүүлэгт Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан уригдан ярилцсаныг хөрвүүлэн хүргэж байна.
-Баян-Өлгий аймгаар сонин сайхан юу байна. Өвөлжилт Хөвсгөлөөс эхлээд олон аймагт хүнд байлаа шүү дээ?
-Ноднин зун манай нутагт ногоо цагаа сайхан гарсан. Өнгөрсөн өвөл ч мөн цас бага унаж, өнтэй сайхан өвөлжлөө. Дэлхий даяар коронавируст цар тахал тархаад байна. Манай улсын Онцгой комисс улмаар аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зарим ажлууд хойш тавигдаж байгаа. Хурал цуглаан, төлөвлөгдсөн ажлууд жаахан хойшилснийг эс тооцвол Баян-Өлгий аймгийн иргэд амгалан сайхан хаваржиж байна даа.
-Орон нутагт мал төллөлт дууссан уу?
-Таван толгой мал маань бүгдээрээ төллөөд дуусаж байна. 95 хувь орчимтой төллөсөн. Одоо ерөнхийдөө цөөн адуу, үхэр үлдэж байгаа. Ямаа, хонь бол 100 хувь төллөсөн байгаа. Өвөл өнтэй байсан болохоор эндэгдэл гараагүй, 100 хувь төлөө бойжуулж авсан гэдгийг хэлье.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд та аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллалаа. Танай аймагт хийгдсэн ажил хийгээд тулгамдсан асуудал юу байв?
-Сонгууль маань дөрвөн жилийн мөчлөгтэй шүү дээ. Энэ жил дахиад хариуцлагатай сонгууль хийх жил таарч байна. Дөрвөн жилийн өмнө буюу 2016 оны долоодугаар сарын 19-нд миний бие аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Дараагаар нь аймгийн Засаг даргыг сонгоод Ерөнхий сайд батламжилсан. Ингээд Баян-Өлгий аймагт дөрвөн жил хийх ёстой тулгамдсан, асуудал нь шийдэгдэхгүй явж буй асуудлуудыг нэг нэгээр нь гаргаж ирсэн. Энэ бол Засаг даргын маань дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр байх ёстой.
Гурван дэд бүлэг 33 толгой бүлэгтэй нийт 464 зүйл бүхий зузаан бодлогын баримт бичгийг бид аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаараа баталсан. Энэ баримт бичгийг зүйл бүрээр нь ярих юм бол нэлээд урт хугацаа зарцуулна. Гэхдээ ИТХ гэдэг бол нутгийн өөрөө удирдах байгууллагын тархи нь гэсэн үг шүү дээ. Манай Баян-Өлгий аймагт маань 12 сум, аймгийн төвийн 13 баг тэгээд 39 төлөөлөгч дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогддог. Тэр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчид маань Баян-Өлгий аймагт шийдэгдэх ёстой буюу өмнө нь шийдэх байсан, шийдэл олохгүй байгаа зарим нэг асуудлуудыг бид дайж явах ёстой. Мөрийн хөтөлбөрт нам болгон л өөрсдийн хийхийг хүссэн ажлын эрмэлзлийг, шаардлагатай ажлуудыг тавьдаг шүү дээ. Түүний дагуу Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Тэр ажлын хэсгийг нь би өөрөө ахалж ажилласан юм.
-10 ажлаа тодруулахгүй юу?
-Энд ярихад бид Баян-Өлгий аймагт тулгамдсан 10 асуудлыг шийдье, урагшлуулъя гэсэн асуудал жишээлбэл гарсан. Эхнээс нь ярихаас өмнө дурдахад дөнгөж сонгууль дуусаад тухайн үед МАН олонх болж байхад Өлгийн төвд үер бууж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхэд тавхан настай хүүхэд амь насаа алдсан, нурж эвдэрсэн байгууламж гээд 17 тэрбум төгрөгийн хохирол учирсан асуудал байсан. Тиймээс жишээлбэл, арван тулгамдсан асуудлын нэг нь бол үеийн далан. Өнөөдөр Баян-Өлгий аймаг байгуулагдаад 80 жил болж байгаа. 80 жил болоход энэ суурьшлийн газарт үерийн далан байгаагүй. Үе үеийн дарга нар үүнийг анхаараагүй байсан. Гэтэл жил ирэх тусам төвлөрөл бий болж байна. Та бүхэн мэдэж байгаа Улаанбаатарт төвлөрөл нэмэгдэж байгаатай л адил. Малчин айлууд сумаасаа аймгийнхаа төвд ирж байгаа. Аймгийн төв Өлгий сум маань 45 мянган ард иргэдтэй, хуучин долоон багтай байсан бол одоо 13 багтай болж төвлөрөл нэмэгдсэн. Ийм хот суурин газар үеийн далангүй байна гэдэг чинь асуудал шүү дээ. Дараа нь 2017 он, 2018 онд дахиад үер болсон. Үүнтэй холбоотой бид 31 тэрбум төгрөгийн өртөг бүхий 27 км үерийн далангийн ажлыг хөдөлгөсөн. Одоо ажил нь явагдаж байгаа.
Эрүүл мэндийн салбарт гэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг 150 ортой, жил бүр засвар үйлчилгээ хийдэг байдалтай байлаа. Үүнийг төрийн чихэнд хүргэж У.Хүрэлсүх Ерөнхий сайд маань Баян-Өлгий аймагт ажиллахдаа амласан ёсоор найман давхар, 100 ор бүхий орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгийн барилгын ажил явагдаж байна. Түүний өмнө М.Энхболд дарга УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймагт ирж 50 ор бүхий хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдсэн. Боловсролын тухайд ч сүүлийн 21 жилд манай аймгийн хүүхдүүд 21 дүгээр байранд байлаа. Энэ тал дээр ч анхаарч ажиллалаа.
-Тухайлбал?
-Боловсролын салбар дээр аймгийн ИТХ-аас хоёр том хөтөлбөр баталсан. Хүүхдүүдээ урамшуулах асуудал байна. Жишээлбэл, Элсэлтийн ерөнхий шалгалтад 700-гаас дээш оноо авсан хүүхдийн оюутны эхний жилийн дотуур байрны төлбөрийг нь аймгаас урамшуулал байна. Энэ тодорхой хэмжээгээр эцэг, эхэд нь хөнгөлөлт болно шүү дээ. Түүнчлэн ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан хүүхдүүдийг бэлтгэсэн багшийг урамшуулсан. 10 хүүхдийг 700-гаас дээш оноо авхуулсан гэдэг ч юм уу. Ингэснээр манай ерөнхий боловсролын сурагчдын чанар 21 дүгээр байрнаас гурван функтээр урагшилж 18 дугаар байранд орсон. Ажил авч байхад Баян-Өлгий аймгийн нийт цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 63 хувьтай байсан. Өнөөдөр 87 хувьтай болсон байна. Энэ дөрвөн жилд манай аймагт 20 цэцэрлэг, есөн сургууль, зургаан дотуур байр шинээр баригдлаа шүү дээ. Цаашид ч гэсэн нэмж барих ёстой. Өнөөдөр ямар ч байсан Баян-Өлгий аймагт маань боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийсэн.
-Цаашид ямар асуудалд анхаарч ажиллах вэ?
-Цаашид бид юунд анхаарах ёстой вэ гэхээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарыг сүүлийн үеийн өндөр технологийн тоног төхөөрөмж дээр ажиллах боломжоор хангах мөн микро орчинд хагалгаа хийх эмч, сувилагч нарыг бэлтгэх ёстой. Ийм хүндээ хандсан ажлуудыг урагшлуулах хэрэгтэй. Багш нар маань өнөөдөр хүүхдүүдээ илүү боловсруулахын тулд нийгэмдээ илүү бэлтгэгдэх ёстой гэдэг дээр ч зохион байгуулах ажил бий. Өнөөдөр ямар ч байсан савыг нь бэлдчихлээ шүү дээ. Одоо саалийг нь бэлдэх асуудал байна гэж хардаг. Дараагийн тулгамдсан асуудал бол Баян-Өлгий бол улсынхаа баруун хязгаарт Улаанбаатар хотоос хамгийн алслагдсан аймаг. Дэд бүтэц муутай байсан. Намайг наашаа ирж явахад ямар ч байсан Говь-Алтай аймгаас наашаа 90 км шороон замаас бусад нь сайхан асфальтан зам болчихсон байна. Манай Н4 гээд Ховд-Баян-Өлгийн босоо тэнхлэгийн зам бол Монголд өөр байхгүй тийм сайн зам болоод саяхан ашиглалтад орчихлоо. Дэд бүтцийн асуудлыг ингээд шийдээд явж байгаа. Аймгийн төвд 20 км асфальтан зам байсан. Энэ жил 40 км болж байгаа. Гурван жилд бид 16 км асфальтан замыг тавьчихсан. Өнөө жил 4.3 км автозамын тендер зарлаад явж байна.
Дээр нь гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн замын асуудал байна. Орчин цагт хүмүүс урт удаан наслахыг л хүсэж байна. Тэгэхийн тулд наад зах нь спортоор хичээллэх хэрэгтэй гэдэг үүднээс бид зам тавьсан. Сумаас шилжиж ирсэн айл захын хороололд амьдардаг. Ингэхээр тухайн айлын хүүхэд нь сургуульдаа явахад өглөө, оройдоо гэрэлтүүлгийн асуудал байна. Нохой ихтэй. Тэр хүүхдүүд маань аюулгүй, гэрэл гэгээтэй замаар сургууль, цэцэрлэгтээ явдаг тийм боломжийг бүрдүүлсэн. Дээр нь хот төлөвлөлтийн асуудал байна. Дагз шавран байшинтай, шавран хашаатай байх биш. Бүхэл бүтэн Монгол Улсын нүүр царай болсон нэг аймаг нь гадна, дотоодоос хүмүүс ирэхэд, та бүхэн мэднэ Баян-Өлгий аймаг хоёр улстай хил залгадаг. Тэрнээс гадна Казахстан улсаас маш олон зочид төлөөлөгч ирдэг. Тийм болохоор Баян-Өлгий аймгийнхаа иргэдийн орчин нөхцөлд анхаарч байгаа. Тэрнээс гадна аймгийн маань ард иргэд аз жаргалтай, ажил, орлоготой амьдрах ёстой. Энэ бол үе үеийн бүх дарга нарын бодож явсан бодол. Ямар ч хүн итгэл хүлээж албан тушаалд очсон бол хүмүүсийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх ёстой шүү дээ. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгийн иргэд маань урт удаан наслаасай, эрүүл байгаасай, хүүхдүүд сайн сурч боловсроосой, өөрсдөө орлоготой байгаасай гэдэгт анхаарч ажиллаж байгаа. Улаанбаатар хотоос алслагдсан, хоёр улс, хоёр аймагтай хиллэдэг, казах, дөрвөд, урианхай, тува гээд олон ястан амьдардаг цогц сонин аймаг шүү дээ, манайх. Энэ аймгийг бид цаашид яаж хөгжүүлэх вэ. Тэгэхээр цаашид аялал жуулчлалын аймаг байх ёстой.
-Үнэхээр үзэсгэлэнтэй газар нутаг л даа?
-Алтайн уулаа бид түшиж амьдарч байгаа. Шиньжиан Уйгурын Алтай аймаг аялал жуулчлалын бүс болчихсон, Оросын хамгийн том аялал жуулчлалын бүс нь манай хилийн цаана байж байна. Казахстан улсын аялал жуулчлалын хамгийн том бүс нь бас л Өвөр Алтайд байгаад байдаг. Тэгэхээр Алтайн уулаа түшиж, харж, дээдэлж амьдарч байгаа бид аялал жуулчлалын бүс аймаг болох ёстой гэж би боддог. Энэ жил яахав коронавирусээс болоод бүх юм хойшлогдчихлоо л доо. Бид ажлаа авч байхад “Бүргэдийн баяр”-т 250 жуулчин ирдэг байсан. Ноднин намар энэ баярт маань 2000 жуулчин ирсэн. Дөрвөн жилийн өмнө 240 зочид буудлын ор байсан бол одоо 1200 хүрч байгаа. Өнөөдөр ямар ч байсан 33 кэмп, 28 аялал жуулчлалын бааз, шинээр ресторан, зочид буудлууд бий болж байгаа. Тэгэхээр асфальтан замтай болчихлоо. Одоо онгоцныхоо асуудлыг шийдээд Алтай Таван богд хүрэх замаа аятайхан болгочихвол дотоод, гадаадын аялал жуулчлалыг татах асуудал бүрэн шийдэгдэж байна. Харамсалтай нь, үүн дээр төрийн бодлого хэрэгтэй. МАН үүнийг дэмжиж шийдэх ёстой гэж би хардаг.
Баян-Өлгий аймагт маань 8800 гаруй малчин өрх байгаа. Энэ бол аймгийн өрхийн 30 гаруй хувь юм. Манай аймгийг та бүхэн мэднэ шүү дээ. Уулаар хүрээлэгдсэн болохоор хадлангийн асуудал маш хүнд байдаг. Тэгэхээр хадлан хаших, малчдын малыг эрчимжүүлэх, малыг чанартай болгох асуудлыг анхаарсан. Өнөөдөр Баян-Өлгий аймагт махны жижиг, том найман үйлдвэр бий болсон. Малчдын хадгаламж сүүлийн хоёроос гурван жилд 30-аад тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол Монгол төрийн маань хийсэн зөв зүйтэй ажлын нэг яалт ч үгүй мөн. Дөрвөн жил өнгөрсөн хойно тулгамдсан арван асуудлаа эргээд харахад үнэхээр анхаарах нэг зүйл бол ажилгүйдэл. Судалгаанаас харахад өнгөрсөн 80 жилд Баян-Өлгий аймгийнхан гурван удаа ажилгүйдэл бий болж байсан. 1960-1970-аад оны үед бас ажилгүйдэл бий болоход Монгол төр бодлогоороо Налайх, Шарын гол, Дадал, Хүдэр, Эрдэнэт, Дархан гээд нүүлгээд ажилгүйдлийг багасгаж байсан. 1990 оны үед нийгэм өөрчлөгдөж байхад бас л ажилгүйдэл бий болсон. Тэгэхэд хөдөлмөрийн гэрээгээр 17 мянган хөдөлмөрийн насны казах хүнийг Казахстан руу хөдөлмөрийн гэрээгээр гаргаж байлаа. Дахиад 30 жил болоход өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган дипломтой, дипломгүй хөдөлмөрийн насны 18-45 насны залуучууд ажилгүй байна. Баян-Өлгий аймагт 25 мянган өрх байна гэхэд өрх болгонд нэг ажилгүй хүн байна гэсэн үг. Энэ бол хамгийн том тулгамдсан асуудал. Энэ асуудлыг багасгах хамгийн том зүйл бол Баян-Өлгий аймаг аялал жуулчлалын бүс байх ёстой. Хоёрдугаарт, Асгатын мөнгөний уурхайг ашиглалтад оруулах ёстой. Энэ бол дэлхийд эхний тавд орох том уурхай шүү дээ. Үүнийг улс ашиглах учиртай. Харамсалтай нь, коронавирустай холбоотой хойшлогдож байгаа. Энэ хөдлөх юм бол ажилгүйдэл бага хэмжээгээр буурна. Гэхдээ хэд хэдэн үйлдвэр бариад ч ажилгүйдэл бууруулахгүй юм байна гэдгийг хараад байгаа. Хөгжлийг урагшлуулж, хүний хөрвөх чадварыг бий болгож, хүүхдүүдийн боловсролыг анхаарч байж ажилгүйдэл арилах ёстой юм. Энэ бол ганц миний бодол биш, өнөөдөр Баян-Өлгий аймгийг удирдаж байгаа улсууд хоорондоо ярилцахад эцсийн эцэст хүнээ хөгжүүлж, хөрвөх чадварыг бий болгож байж Баян-Өлгий аймгийн ажилгүй байгаа 20 мянган хүнийг ажилтай болгох юм байна. Үүнийг шийдэж чадвал урдаа байгаа арван асуудлыг шийдэж чадна.
"ЯРИЛЦАХ ЦАГ" НЭВТРҮҮЛЭГ - БҮРЭН ЭХЭЭРЭЭ
Сэтгэгдэл ( 5 )
Баян өлгийг яаралтай аялал жуулчлалын 4 дэх бүс болгож онгоцны буудлыг өргөтгөх хэрэгтэй ш дээ. тэгж байж аялал жуулчлал хөгжинө. БӨ д аялал жуулчлалыг хувийн хэвшил хувь хүмүүс хөдөлмөрч иргэд байгууллага аж ахуйн нэгж авч яваа. төр засаг аймаг орон нутгаас авч байгаа арга хэмжээ нэг ч алга. БӨ г Монгол улсыг дэлхийн бүргэдчин охин Н.Айшолпан сурталчилж аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууулж Байгаль орчин,аялал жуулчлалын яамны олон тэрбумаар хийж чадаагүй ажлыг хийж байна
зАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ АЯЛАЛ ЖУУЛЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТУСГГАСАН .ГЭТЭЛ ТӨР ЗАСАГ ЗАСГИЙН ГАЗАР МАН ЯАГААЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД СААД БОЛООД БАЙНА. БӨ Д АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖВӨЛ ИРГЭД НЬ АЖИЛ ОРЛОГТОЙ БОЛЖ АМЬДРАЛ АХУЙН НЬ ДЭЭШИЛНЭ. ТӨР ЗАСАГ АРД ИРГЭДЭЭ АЖИЛ ОРЛОГОТОЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ӨӨР ӨӨРСДИЙНХӨӨ АМЬДАРЛЫГ АВААД ЯВЪЯ ГЭХЭД СААД БОЛЖ БАЙГАА НЬ СОНИН ЮМ. ЗАСГИЙН ГАЗРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭСЭН ХӨТӨЛБАӨР НЬ ЧИХРИЙН ЦААС БИШ БАЙХ АА. ШИНЭЭР СОНГОГДОХ ГЭЖ БАЙГАА НӨХДҮҮД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРААСАЙ.\n
4 жил юугаа хийсэн вэ Аймгийн ард иргэдийн амьдралыг сайжруулах тал дээр.Хамар доор чинь олон хууль бус томилгоо, тендер явагдалаа
Demjij bna
Aimgiin nogoon baivuulamjiin talaar neg sh ug alga