“Цагаан дэл Уул-өлзий” боомт байгуулахыг орон нутгийн иргэд эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Уул уурхайн хэт төвлөрлийн сөрөг нөлөө, цөлжилт, бэлчээрийн доройтол, гамшгийг нүдээр харж, биеэр мэдэрч суугаа өмнөговьчуудын хувьд дахиад гурав дахь боомт буюу “Цагаан дэл уул-Өлзий” боомт барихыг эсэргүүцэж байна. Аялал жуулчлал нэрийн дор анх яриа хэлцлээ эхлүүлсэн уг боомтыг нээх сургаар нүүрс тээвэрлэлтийн зам барих төлөвлөгөөнийх нь дагуу хятад голдуу эзэнтэй уул уурхайн компаниуд идэвхжиж эхэлсэн байна. Иймд “Цагаан дэл уул-Өлзий” боомтын гэрээг цуцалж, шударга ёсны алхаа дахин нэг цохихыг нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгуул­лагууд хүсэж байгаа юм. Энэ талаар ТВ8 телевиз “Экологийн цаг” нэвтрүүлгээрээ хөндсөнийг тоймлон хүргэж байна. Одоогоос 14 жилийн өмнө буюу 2006 оноос Хятадын талын бизнес эрхлэгчдийн санаачилгаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уул хэмээх газарт шинээр хилийн боомт нээх асуудлыг ярьж эхэлжээ. Хятадын талын санаачилгыг Монголын зарим компани, улстөрч дэмжиж хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг солонгоруулах гэсэн гоё үгсээр шинэ боомт нээх санаачилгыг ухуулан сурталчилж эхэлсэн байна. 2006-2009 оны хооронд орон нутгийн иргэд ч аялал жуулчлал хэмээх нэрэнд хууртаж дэмжих хандлага зонхилж байжээ. Гэвч удалгүй шинэ боомт нээхийг санаархагчдын далд санаа ил болсон аж. Тэд аялал жуулчлал нэрийн дор Хятад улс руу нүүрс экспортлох шинэ гарц хайж байсан нь тодорхой болсон байна. 2006 оноос яригдаж эхэлсэн боомт байгуулах үйл ажиллагаа 2009, 2010 онд улам идэвхжиж хятадууд Монголын улстөрчид тэр дундаа УИХ-ын гишүүд, сайд дарга нартай удаа дараагийн уулзалт хийж "Цагаан дэл уул-Өлзий" боомтыг нээх тохиролцоонд хүрч чаджээ. Анх аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийдлээр боомт байгуулж 240 км зам тавина гэж байсан Хятадын тал өнөөх зам дээгүүрээ нүүрс тээвэрлэх асуудлыг тэр үеэс ярьж эхэлсэн байна. Ингэхдээ манай улсад тавьсан зардлаа нөхөж чадахгүй гэсэн эдийн засгийн тооцоо гарсан учраас аялал жуулчлалыг нүүрсний тээвэртэй хослуулъя гэдэг тайлбарыг Хятадын талаас хийсэн байна. Энэ талаар хэн ямар байр суурь илэрхийлж байсныг товчлон танилцуулъя.

2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон  “Тост, Тосон бумба” орон нутгийн хэлэлцүүлгийн үеэр судлаач Х.Түмэндэлгэр “Цагаан дэл уул-Өлзий” боомтын асуудлыг анх удаа олон нийтэд дэлгэж, асуудал дэвшүүлжээ. Тэрбээр “2006 оноос хойш энэ боомтын тухай яригдсан. 2009 онд хятадууд эзгүй тал дээр Өлзий гэж боомтыг байгуулчихсан байсан. Гэтэл тэнд биологийн чухал зүйлүүдийн амьдрах орчин байдаг. Хамгаалах ёстой ийм газарт бид тэгж хандаж болохгүй байгаа юм” гэж байв. Мөн 2019 оны наймдугаар сарын 9-нд Төрийн ордны Иргэний танхимд болсон “Тост, Тосон бумба” орон нутгийн хэлэлцүүлгийн үеэр судлаач Х.Түмэндэлгэр “Цагаан дэл уул-Өлзий боомтын талаар гаргасан алдаагаа залруулахыг төр, засагт уриалж байна. Үүнийг монголчууд анхаарах ёстой. Засгийн газар, УИХ Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаан дэл, Хятадын Өлзий боомт дээр боомт нээхээр тохирчихсон байна. Цаана нь ашиглалтын лицензээ авчихсан арван хэдэн уул уурхайн компани хүлээгээд байж байгаа. Ийм зүйлийг зогсоохыг та бүхнээс уриалж байна” гэж байжээ. Тэгвэл 2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд Төрийн ордон “Байгаль эх хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулганы үеэр “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр “Хамгийн нэгдүгээр асуудал бол Цагаан дэл-Өлзий боомтын асуудлыг нээж болохгүй. Үүнийг хангалттай тайлбарлалаа. Энэ асуудлыг олон нийтэд, төрд ойлгуулж асуудлыг шийдэхийн тулд Тост, Тосон бумбын тэмцлээс ч илүүгээр тэмцэх болно гэдгийг хэлье” гэжээ.

2020 оны хоёрдугаар сарын 15-нд ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгээр эрдэмтэн, судлаач Х.Түмэндэлгэр “Засаг даргын Тамгын газрынхан мөн манай байгаль орчны байгууллага, аялал жуулчлалын салбарынхан нийлээд 2006 онд зүүн талын Гашуунсухайтаар гараад Хятадын Альшаа мужийнхантай уулзсан. Ингээд явж байхад тэнд анх н.Хасбаатар гэж өвөрмонгол хүн бидэнтэй уулзаж байсан. Нэлээд нас тогтсон, тохитой хүн байсан л даа. Тэгээд тэр хүн “Ерөөсөө хэдүүлээ Өмнөговийн урдаас 200 гаруй км-т шууд засмал зам тавья. Үүнийгээ аялал жуулчлалын боомт болгоё” гэсэн. Тухайн үед манай аялал жуулчлалын салбарынхан их дэмжсэн юм. 2009 онд дахиад бид аймгийн удирдлагуудтай баруун талаар яваад бид юу мэдсэн гэхээр Хятадын хил дээр тулгаад маш том боомтын барилга барьчихсан байсан. Засмал зам тавиад, төмөр замаа холбочихсон, өндөр хүчдэлээ татчихсан байсан” гэсэн байна.

2020 оны хоёрдугаар сарын 12-нд болсон “Экологийн цаг” нэвтрүүлгээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Тэрнээс хойш ямар нэгэн бичиг байхгүй явж байгаад 2010 оноос идэвхжиж эхэлсэн байгаа юм. 2010 онд бол аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Түвшинбаяраас гурван удаа энэ ӨМӨЗО-ы Альшаа аймгийн удирдлага аймгийн даргад хоёр удаа, хошууны засгийн ордонд нэг удаа гээд гурван удаа урилга явуулсан байдаг. 2011 онд аймгийн Засаг дарга Б.Бадраагаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрхзүйн газрын дарга н.Баттөмөрт хилийн боомтын тухай хүсэлт явуулсан байдаг. Ингээд 2014 оны хоёрдугаар сарын 21-нд Засгийн газрын 46 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор бол “Альшаа аймгийн зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн Цагаан дэл уул-Өлзий байнгын ажиллагаатай авто замын боомт шинээр байгуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн байдаг. Тэгэхээр үүнд зөвхөн зорчигч биш ачаа тээврийн гээд орчихож байна шүү дээ” хэмээж байжээ. Харин 2020 оны хоёрдугаар сарын 5-ны “Экологийн цаг” нэвтрүүлгээр Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа “Тэр бол эхний удаа уулзахдаа аялал жуулчлалын чиглэлээр боомт байгуулъя. Өлзийт-Цагаан дэл уулын боомтоос Даланзадгад хүртэл 240 км хатуу хучилттай зам барья. Ингээд аялал жуулчлалын боомт болгоё гэсэн ийм юм яригдаад бид өөрсдийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд хамтын ажиллагааныхаа санамж бичигт тусгаад явж байя гэсэн. Тэр үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой шийдвэр бол гарсан. Гэхдээ хэрэгжээгүй. Өмнө нь нээгдсэн боомтуудын үр уршгаар газрууд үнэхээр хэцүү болсон. Тэгэхээр зөвшөөрөх аргагүй” юм гэсэн байна.

2020 оны хоёрдугаар сарын 12-ны “Экологийн цаг” нэвтрүүлгийн үеэр “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр “Иргэд замыг эсэргүүцээд байгаа асуудал биш. Иргэд бол боомтыг эсэргүүцэж байгаа юм. Яагаад гэвэл боомт нээгдэж зам тавигдсанаар энд нийтдээ энэ замын дагуу таван сумын нутаг дэвсгэрээс энэ зам руу ойрхоныг тооцож үзэх юм бол 78 ашигт малтмалын лиценз байна. Тэндээс 39 нь ашиглалтын лиценз байна” гэж байжээ. Мөн тэрбээр 2019 оны аравдугаар сарын 21-нд Өмнөговь аймагт болсон “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг дээр “Хятадууд Цагаан дэл уулын боомт дээр маш том лоббиг сүүлийн долоо найман жил хийлээ. Энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн ажил ерөөсөө биш. Юугаар нотлогдож байна гэхээр энэ шинэ тавьсан замынх нь шугамаар нотлогдож байна. Ер нь аялал жуулчлал хөгжүүлэх гэж байгаа юм бол яагаад гол түүхэн дурсгалт газар, сумын төвүүдийг дайруулахгүй байгаа юм. Тэр баруун Нарангийн уурхайг үзэх гэж дэлхийн жуулчид ирэх юм уу. Бид үүн дээр маш тодорхой саналтай байгаа. Одоо байгаа хоёр боомтоо эхлээд боомт шиг болгоё. Цагаан хадыг бүгдээрээ харж байна. Хамаг л муу муухай юм болдог. Цагаан хадаа хөгжүүлж чадаагүй байж шинэ боомт нээгээд бид их сайхан болчихно гэж худлаа ярьж байгаа юм. Хоёр дахь Цагаан хад нээгдэх гэж байна. Үүнийг хатуу ойлгоцгооё. Үүний эсрэг хатуу тэмцэхгүй бол бид оройтсон байх болно шүү. Хятадууд хилийн цаана хөрөнгө оруулаа л биз. Өөрсдийнх нь асуудал. Бид нутгаа мэдье” гэж байжээ. Мөн тэр өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболд “Төр гаргасан шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна. Энэ нутаг орон, малчдын амьдрах аятай тухтай орчныг бий болгохын тулд шийдвэрээ эргэж харах байх” хэмээжээ. Нутгийн иргэдийн төлөөллөөс ч олон хүн Цагаан дэл-Өлзий боомтын ажлыг эхлүүлж болохгүй тухай удаа дараа үг хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuv (202.55.191.194) 2020 оны 05 сарын 14

eh oronoo boddogui yana daa haah heregtei\n\n\n\n\n

0  |  0
Зочин(64.119.23.240) 2020 оны 05 сарын 14

Хоёр улсын ЗГын гэрээгээр хийгдэж буй ажил Мандахбаяр сумлаад амжилт олохгүйлдээ ...

0  |  0
Top