Даяаршлын шуурга, цаг үеийн хөгжил гэдэг юуг ч үл өршөөн довтолгож явна. Дэлхий нэгэн туган дор нэгдэхдээ тулчихсан энэ цагт олон улсын боловсролыг зөөвөрлөн ирсэн залуус ч олон болжээ. Тэр тусмаа цахим хэрэглээ өргөн хөгжсөн энэ цагт хойш чангаах хүсэл хэнд төрөх билээ. Үүгээрээ хүн төрөлхтний хөгжлийг ч үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү ийм л хөгжингүй гэж болох саарал үед бид найм дахь удаагийнхаа сонгуулийг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр найман настай балчраас 80 настай буурал хүртэл цахим хэрэглэгч болсон гэж болохоор харагдаж байгаа ч нөхцөл байдал өөр байна
Тиймдээ ч нэр дэвшигчид маань цахимд хандсан сонгууль хийх төлөвлөгөөг аль аль талдаа зурсан бололтой. Өөрөөр хэлбэл цахим давлагаанд найдсан нэр дэвшигчид дуу хадаан уухайлж байна гэсэн үг. Болсон болоогүй малын бэлчээр, тариан талбай, хүнс, өргөн хэрэглээний барааны зах дээрээс бодитоор реклам сурталчилгаа хийдэг байсан цаг ч ард хоцрох хандлага бий боллоо. Цахим орчинд засвар орсон зураг, хоосон онол, эх орон, эх нутаг гэсэн гоё ганган үг л сонгогч олны сонголт болж магадгүй үе айлчилж байна. Шинэ тутам нэр дэвшигчид, олны танил бус нөхдөд бол өөр найдах ч зүйл үгүй. Тэдэнд танил орон зай ч алга, хийсэн бүтээсэн зүйлээр нь нэрлэх ч арга алга.
Найдаж байгаа зүйл нь цахим статистик бололтой. Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсад 2019 оны байдлаар 5.450.61 хэрэглэгч байгааг статистикаар гаргажээ. Ийм хэмжээний цахим хэрэглэгч байхад шинээр нэр дэвшигчид өндөр статистикт налж л таарна. Гэхдээ бодит амьдрал статистик хоёр газар тэнгэр шиг зөрөөтэй байгааг ч судлан гаргасан нь бий. Магадгүй 20, 30 хаяг өөр өөр нэрээр эзэмшдэг хүн олон байгааг ойлгох хэрэгтэй.
Зөвхөн нэг аймгийн Засаг даргыг унагаах гэж 100 хаяг нээдэг, Засгийн газрыг унагаах гэж хэдэн зуугаар нь хаяг нээгээд хэдэн арван хүн өдөр шөнөгүй нүдэж байна. Нэг талдаа цахим хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт энэ маягаар өсөж байгаагаас үүнд идэвхийлэн оролцдог хүн тийм ч олон биш. Яг үнэндээ цахим хэрэглээний үзүүлэлтийг өсгөх ажиллагаа нь улс төрийн зүгээс үе үе өрнөдөг. Салбарын сайдаас эхлээд газар, агентлагийн дарга нарыг унагаах, албан тушаал горилогчдын зохион байгуулалттай дайралт гээд юу эс мундах билээ. Таван сая гаруй хэрэглэгч ингэж л үүссэн. Цахим хэрэглэгчийг ангилж үзэхэд гэртээ хүүхдээ асарч суугаа, худалдааны төвүүд дээр наймаа эрхлэгчид дийлэнх хувийг эзэлдэг аж. Төрийн болон хувийн хэвшилд ажиллагсад цахим хэрэглэгч мөн боловч албан шаардлага, ажил хэргийн шугамаар гээд арай өөр өнцгөөс ханддаг төдийгүй, мэдээллийн орон зайд ангилал хийж чаддаг гэдгийг судалгаагаар гаргажээ.
Ийм л орон зайд өөрийгөө тодруулж, нэрээ дэвшүүлэх гэсэн мөчид санаархал давлагаалж байна. Цахим хэрэглэгчдийн тоо нэг жилийн дотор нэг саяар өсөж байгаа нь улс төрийн талбарт цахим дайралт хийх нь ихэсжээ л гэсэн үг. Сүүлийн үеэс аваад үзэхэд 2013 онд гэхэд л 762 мянга байсан бол 2014 онд нэг сая 862 мянга, 2015 онд хоёр сая 430 мянга, 2016 оны сонгуульд ороход хоёр сая 872 мянга болж өссөн байна. Ингээд 2017 онд гурван сая 587 мянга, 2018 онд дөрвөн сая 295 мянгаар өсөж, 2019 онд энэ тоо таван саяын босго давжээ. Өдгөө 2020 оны төгсгөл хүргэлгүй албажуулж харах юм бол даруй нэг саяар өссөн нь дамжиггүй. Энэ цаг дор сонгууль угтсан цахим хаягууд олон зуугаараа нэмэгдэж байгаа нь нүдэн дээр илт. Албан ёсны нэр хаяггүй, эзэн биегүй, зөвхөн нэгийг харлуулж нөгөөг гэрэлтүүлэх цахим хаягууд бий болсоор байна.
Гэтэл нэр дэвшигчид маань улс төрийн зорилго бүхий, сонгуульд зориулсан цахимд хэт найдах хэрэггүй л болов уу. Тэгээд ч таван сая цахим хаягийн 40 орчим хувь нь өөр өөрийн зорилго дор бий болсон зүйл учраас танд үйлчлэхгүй. Тэгвэл 20 гаруй хувь нь цахим хаяг нээгээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй, бараг хэрэглэдэггүй. Үлдсэн 20 хувь нь өөрийн гэсэн үзэл бодолтой, цахим бүү хэл мэдээллийг ялгаад дүгнэчих хүмүүс бий. Тунаж үлдэж буй 20 орчим хувь нь цахим хэрэглээний хаяг, албан ёсны бүртгэлтэй ч түүндээ огт итгэдэггүй, ёс төдий хэрэглээнд л авч үздэг байна.
Нэр дэвшигч таны сонгуульд зориулан нээсэн 20 цахим хаяг байж болох ч тэр нь тухайн хүрээндээ л алаг цоогтой очдог. Тэр тусмаа хөдөө орон нутагт бол цахим хэрэглээ өндөр болсон гээд байгаа болохоос бус цөөн тооны хүмүүст цахим ертөнц хамаарна. Өнөөдөр захын нэг малчин сонирхоод хүүхэд залуусаар албан ёсны цахим хаяг нээлгэж байгаа ч түүнийгээ ашигладаггүй, цахим хэрэглэгчийн тоонд ороод явдаг. Жишиж хэлбэл, үүрэн телефоны дөрвөн оператор байдаг ч бүгд л нэг сая давсан хэрэгчийн тоо хэлдэг ч үнэн хэрэгтээ хэдэн хувь нь эзэн биегүй байдгийг таах аргагүй.
Хөдөө орон нутгийг бүсчилж харвал төвийн бүсэд хамгийн олон буюу 457 мянган хэрэглэгч байгаа бол зүүн бүсэд 165 мянган хэрэглэгч байна. Аймгуудаас гэвэл Өмнөговь аймагт хамгийн олон буюу 103 мянган цахим хэрэглэгч байгаа бол Говьсүмбэр аймагт хамгийн бага 18 мянган цахим хэрэглэгч бий. Энэ бол өнгөрсөн оны статистик бөгөөд 30 гаруй хувь нь ашигладаггүй хаяг гэдгийг ч албан бус судалгаагаар гаргажээ. Гэтэл ийм л орон зайд хөнгөн улс төр хийж, сонгуульд нэрээ дэвшүүлэх гэсэн урт дараалал нь эцэстээ юунд хүргэх вэ гэдэг асуудал ч зүй ёсоор тулгарч таарна.
Тэгвэл улс төрийн хуучин кадрууд бол сонгогчид чухам юунд итгэдэг вэ гэдгийг сайтар мэдэх учир тал талд ажиллагаа явуулж байгаа нь харагдана. Тодотгож хэлбэл, тэд орон нутагт төдийгүй Улаанбаатарт ч сонгогч бүхэн эргүүлж тойруулж харж байх учиртай хэвлэмэл материал, болж өгвөл тэдэнд таалагдсан агуулга бүхий зүйлээр тэдний саналд хүрэхийг хичээж байна. Мэдээжийн хэрэг цахим хэрэглээ өргөн болсон энэ цагт түүнийг орхихгүй. Гэхдээ үүнд 50 хувийн ч найдлага тавихгүй байна. Арга ч үгүй цахим бол урсаад өнгөрөх нэг л агшин. Баянхонгор аймагт нэрээ дэвшүүлж байгаа хэн ч танихгүй нэг эмэгтэйг бол зүсэлж амжихгүй агшин. Хэд дахин цацагдлаа ч уншигдаж, ойлгогдож амжихгүй богино зайны хөөс учраас сонгогчид ч цахимд бус гарт баригдаж, ой тойнд буух зүйлдээ итгэж таарна.
Үнэнийг хэлэхэд цахимд тавьж зурагтай пост нь дандаа хуулбар, энд тэндхийн эрдэмтэн мэргэдийн үгнээс даялуулан хулгайлсан, эрх баригчдаа хараан зүхэж сонгогчдод таалагдах гэсэн давлагаа явж байна. Ийм цаг дор ёстой л “Таньдаг чөтгөр” дээр болж таарна. Ийн танигдах гэж ядаж байхад өөрсдийгөө олны танил зөв хүн гэж ойлгосон аялагч, нэвтрүүлгийн хөтлөгч, үндэсний бөхийн цолтон, иргэний хөдөлгөөний нөхөд цахим орчинд л зүтгэж байна. Нэр дэвшигч та чухам юуны төлөө, яах гэж УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа вэ гэхэд хэдэн афоризм, гоё ганган зураг л харуулахдаа тулжээ. Сонгогч олон гэдэг таны дэвшүүлсэн санаа, таны боловсрол, ажил мэргэжлийн туршлагаас эхлээд олон зүйлийг нэг удаа үзэгдээд өнгөрөх засвартай ганган зураг бүхий цахим пост бус гарт баригдах зүйлээс бодож тунгааж, сонгох учиртайг та нар мартсан ч ард түмэн мартахгүй ээ.
Үүнийг дурдахын шалтгаан нь сонгогч олныг цахимын пост даган шуурна гэсэн мөчид бодол нэр дэвшигчдэд байна. Нөгөө талаар Монгол Төрийн эрх барих дээд байгууллагад орох эсэх сонгууль болж байхад маш их дорд үзэж байгаа зэрэг хандлага байна. Монгол Улсын төрийг цахимаар шалгаруулаад бүрдүүлчихнэ чинээ санаж яваа нь дэндүү харамсалтай. Монгол түмний ой санамж, төрийн санах ой тийм ч дорд ороогүй гэдгийг дуулгах хэрэгтэй байх. Тэгэхээр цахимд найдсан нэр дэвшигчид бол “Дашийн шог” болно.
Сэтгэгдэл ( 3 )
Цахим байхгуй бол сонгууль байхгуй танай мангар бацаан мандахбаяр сураггуй болно биз аан
ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮМҮҮС НЭР ДЭВШИХИЙГ МОНГОЛЫН ШҮҮХ ЗОГСООЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ, СОНГОГЧИД ТЭДНИЙ ЭСРЭГ САНАЛ ӨГЧ, СОНГОГЧДЫГ БАСАМЖЛАН, ДОРОМЖИЛЖ БУЙ ТЭР ҮЙЛДЭЛД НЬ ХАТУУ ХАРИУ БАРЬЖ ЧАДНА.. СОНГОГЧИД ИЙМ ЗАМААР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДНА. ӨӨРӨӨР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ…
5 сая хүнээ бүсчлээд хуваахаар яасан бага болох юм дээ. \nЖоохон баримттай тоо харж бичвэл яадаг юм?\n