Шинэ парламент Оюутолгойн гэрээнд салхи оруулах уу!

2020 оны 06 сарын 29

Шинэ парламент, шинэ Засгийн газрыг их ажил хүлээж байгаа. Улс төрөөс бас цар тахлаас хамаарсан эдийн засгийн хүндрэлийг хэрхэн яаж даван туулах вэ, төсвийн алдагдлаа хэрхэх вэ гэдэг асуудал номер нэгт бичигдэж таарна.  Дөч гаруй хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх ажлыг сая сонгогдсон 76 хийх ёстой.

Түүнчлэн хүлээлгийн өрөөнд олон жил болсон том сэдвүүдийн нэг болох Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг тодотгох хэрэгтэй. Монголчууд энэ том  төслөөс авч үлдэх бодит өгөөжөө нэмэгдүүлэх, нуруундаа үүрч дүүрсэн ачаагаа хөнгөлөх асуудлыг гэрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэсэн хүлээлт он он дамнаж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын  чуулганы  нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг баталсан. Уг тогтоолын дагуу Засгийн газар гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг өнгөрсөн  гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх ёстой байсан билээ. Төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн юм. Гэвч нэг талаас, коронавирус гэсэн гэнэтийн эрсдэл үүссэний сацуу сонгуулийн жил байсан нь голлон нөлөөлсөн гэхэд болно.

Энэ сарын 13-нд Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсэг Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, коронавирусний хөл хорио дэглэмээс шалтгаалж ирж чадахгүй гацсан гадаадын нарийн мэргэжилтнүүдийг авчрахад анхаарна гэдгээ мэдэгдсэн. Харин гэрээний өөрчлөлттэй холбоотой асуудлууд одоогоор нам жим байгаа.

Төслийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл" компани энэ оны эхний улирлын санхүүгийн мэдээллээ танилцуулахдаа Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад  1.3-1.8 тэрбум ам.доллар буюу дунджаар 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж шаардагдахаар байгааг тодотгосон. Далд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд  21-30 сар шаардлагатай гэсэн байсан. Түүнчлэн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчийн хувиар далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт татах асуудлаар “Рио Тинто”-той хэлэлцсэнээ  “Туркойз Хилл"-ийн гүйцэтгэх захирал Ульф Куелман мэдэгдсэн юм.

“Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж эзэмшиж буй “Эрдэнэс Оюу толгой”  ХХК нь хэтэрсэн зардал бүрийн 34 хувьтай тэнцэх хэмжээний өрийг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байдгийг сануулъя. Тодруулж хэлбэл, 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээг баталсан байдаг юм. Тусгасан асуудлуудыг харвал, “Рио тинто” групп нь “Оюу толгой” ХХК-д стратегийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, менежментийн үйлчилгээний төлбөр авна. Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл шаардагдах хөрөнгийг 100 хувь гаргах бөгөөд Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох санхүүжилтэд LIBOR дээр нэмэх нь 6.5 хувиар хүү тооцно. Үндсэн болон хүүгийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-н ирээдүйн ногдол ашгаас суутгана. Төслийн санхүүжилт Хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх бол хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгохыг эрмэлзэнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр төслийг санхүүжүүлж гаднаас орж ирж буй мөнгөний өсөлтийг бид анхаарахгүй, хайхрахгүй байх боломжгүй. Монголын Засгийн газар өрийг үндсэн төлбөр дээр хүү нэмж төлөх юм. Манай улсын гадаад өр 31 тэрбум ам.доллар шүргэж байгаа, одоогоор. Тэгвэл үүний арав гаруй тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн зардал юм. Сангийн сайд асан С.Баярцогт үүнийг тайлбарлахдаа “Хөрөнгө оруулалтын гэрээний 9.8 дахь заалтад хөрөнгө оруулалтын хэлбэрийг зааж өгсөн болохоос түүний эх үүсвэрийг зааж өгөөгүй” гэж байгаа юм. Тэгэхээр төслийг хэнээс ч  хаанаас ч өрөөр санхүүжүүлэх боломжийг гэрээнд тусгасан гэсэн үг.

2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авч байсан билээ. Төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг.Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” хэмээн гэрээндээ тусгачихсан байгаа. Тэгэхээр  далд уурхайн санхүүжилт хэдэн ч тэрбумаар нэмэгдэх боллоо гэсэн Монголын Засгийн газрын зүгээс ширүүн дуугарах боломж гэрээний хүрээнд байдаггүй. Ер нь бол Оюутолгой төсөлтэй холбоотой энэ мэт олон асуудлыг шийдвэрлэх гарц нь хөрөнгө оруулалтын гэрээнд цагаа олсон, зөв өөрчлөлтийг хийж, төслийг урагшлуулах явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top