“Business to Business” хэлэлцүүлэг хямралыг боломж болгохыг зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Бизнесээ оновчтой удирдах гарц шийдлийн талаар цогц зөвлөгөө өгдөг “Business to Business” цуврал сургалт, хэлэлцүүлгийг ХААН Банкны Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй хамтран зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Цар тахлаас үүдсэн хөл хорионы улмаас ЖДБЭ-дэд хямрал нүүрлээд буй энэ цаг үед энэхүү хэлэлцүүлэг болсон бөгөөд “Сорилтыг хамтын хүчээр” нэрийн дор онлайнаар зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Онлайн хэлэлцүүлэгт орон нутгийн 18 аймгаас ЖДБ эрхлэгч 240 хүн оролцсон бөгөөд “Содура консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл “Хямралын үеийн стратегийн менежмент”, “Лонг Терм Партнерс оф Монголиа” ХХК-ийн захирал Д.Баярсайхан “Хямралын үеийн санхүүгийн боломжууд”, “Брэндартэ” маркетингийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнгөнсар “Хорио-хожил-маркетинг” сэдвээр тус тус илтгэл тавьж, “Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг “Содура Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл “Хямралын үеийн стратегийн менежмент” илтгэлдээ “Цар тахлын үед гурван стратеги баримталж ажиллахыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зөвлөе. Юуны түрүүнд борлуулалтын сувгаа өргөтгөж онлайн худалдаанд шилжихэд анхаарах хэрэгтэй. Мөн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлаж бизнесээ өргөтгөж болно. Жишээлбэл, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн хувцас, маскны эрэлт их байна. Гуравдугаарт, ажилтнуудаа “зээлүүлж” болно. Өнөөдөр аялал жуулчлалын салбар хүнд байдалд ороод байгаа. Энэ салбарын компаниуд ажилтнуудаа цомхотгохын оронд бусад байгууллагатай хамтарч ажиллах замаар асуудлыг шийдэх гарц бий. Ингэж хямралыг боломж болгон ашиглах боломжтой” хэмээн зөвлөж байсан юм. Түүнчлэн тэрбээр аж ахуйн нэгжүүд бизнес төлөвлөлтөө өсөх тэмүүлэлтэйгээр хийдэг байсан бол хямралын үед тогтвортой байдалд анхаарахыг зөвлөж байв.

Үнэхээр энэ он гарсаар дэлхий нийтийг түгшээгээд буй “Ковид-19” цар тахлын улмаас бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим компани үйл ажиллагаагаа түр зогсоох, ажилтнуудаа цомхотгох, зардлаа бууруулах зэргээр харзнасан байдалтай байгаа билээ. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид цар тахлын улмаас үүсээд буй хямралд эмзэг байгаа юм. Энэ цаг үед цар тахлаас улбаатай хямралыг боломж болгоход чиглэсэн стратеги, хүний нөөц, маркетингийн зөвлөх үйлчилгээний хэлэлцүүлгийг ХААН Банк бусад байгууллагуудтай хамтран үнэ төлбөргүй зохион байгуулж байгаад талархаж буйгаа бизнес эрхлэгчид илэрхийлж байлаа.

* * *

800-гаад ААН-д бизнесээ хөгжүүлэх зөвлөгөө авахад нь дэмжлэг үзүүлжээ

“B2B” сургалт, хэлэлцүүлгийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Тус банк Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх жижиг, дунд бизнест нээлттэй ханддаг бөгөөд бизнесийн үр ашгаа дээшлүүлэхэд нь дэмжлэг болгож менежментийн зөвлөх үйлчилгээ авах зардлын 50-65 хувийг хөнгөлдөг юм. Энэ зардал нь Европын холбооноос гардаг аж. Энэ дагуу 2001 оноос хойш 800-аад ААН-д зөвлөх үйлчилгээ авахад нь тусалсан байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн тэргүүлэх менежер С.Байгалмаа энэ талаар мэдээлэл өгөхдөө “2006 онд Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болсноор энэ банк Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. ЕСБХБ хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зээл олгохын зэрэгцээ жижиг, дунд бизнест зориулсан зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг. Одоогийн байдлаар 100 гаруй компанид 1.7 тэрбум еврогийн зээл олгоод байна. Үүний 99 хувийг хувийн хэвшил эзэлдэг бол 40 хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн Улаанбаатар болон Эрдэнэт хотуудын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх болсон. Томоохон жишээ татахад, Дархан-Улаанбаатарын авто замын санхүүжүүлэгчээр манай банк орсон. Мөн хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтарч ажиллаж байгаа” хэмээсэн юм.

* * *

Т.ХУЛАН: ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН КОМПАНИУДЫН БОРЛУУЛАЛТ 25 ХУВИАР,
БҮТЭЭМЖ 40 ХУВИАР ӨССӨН

 

“B2B” сургалт, хэлэлцүүлгийн үеэр ХААН банкны Жижиг, дунд бизнес эрхлэгчдийгдэмжих төвийн захирал Т.Хулангаас дараах тодруулгыг авсан юм.

-ХААН Банкны Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв өнгөрсөн хугацаанд хэчнээн бизнес эрхлэгчийг дэмжиж ажилласан бэ?

-ХААН Банк 550 гаруй салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа банкны санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэдэг. Мөн бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг илүү хөгжүүлэх, сургах, чадавхжуулах замаар санхүүгийн бус үйлчилгээг давхар хүргэдэг. Манай Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв санхүүгийн бус үйлчилгээг үзүүлэхэд төвлөрч ажилладаг. 2019 оны дүнгээс харахад бид 1200 гаруй харилцагчид сургалт, зөвлөх, бизнесийг нь дэмжих, холбох үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Эдгээрийн нэг нь “B2B” уулзалт хэлэлцүүлэг буюу жижиг, дунд бизнесийг дэмжсэн, холбох арга хэмжээ юм. Харилцагчдаа менежментийн мэргэшсэн хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх компаниудтай холбож өгөх, цаашлаад зөвлөх үйлчилгээний төлбөрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох тэтгэлэгт хамруулдгаараа онцлог.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд менежментийн зөвлөгөө үзүүлсний үр дүн хэрхэн гарч байна вэ?

-Өмнө нь бид удирдлагуудыг чадавхижуулахад анхаарсан сургалтууд явуулж байсан бол 2018 оноос эхлэн компанийг сайжруулахад чиглэсэн ажлууд хийж ирсэн. Үр дүнгээс цухас дурдахад, “Хөгжлийн хөтөлбөр” сургалтыг гурван удаа зохион байгуулж, 30 гаруй ААН-ийг хамруулсан. Сургалтад хамрагдсан компаниудын нийт борлуулалт 25 хувиар, бүтээмж нь 40 хувиар өссөн нь бидний ажлын үр дүн гэж үзэж байна. Эдгээр компаниудын ашигт ажиллагаа, ажлын байрны тоо нэмэгдсэн зэрэг сайн үзүүлэлт гарсан. Мөн бид бие даасан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Нэг зөвлөх нэг компани дээр гурван сар ажилладаг юм. Бие даасан зөвлөх үйлчилгээнд хамрагдсан компаниудын борлуулалтын орлого дунджаар 40-60 хувиар нэмэгдсэн. Бүр хоёр дахин өссөн компани ч бий. 100 харилцагч үйлчлүүлэхээр ирдэг байсан бол бизнес модельдоо өөрчлөлт оруулснаар 300 харилцагчтай болно гэсэн үг. Тэгэхээр зөвлөх үйлчилгээ авснаар гурван жилийн дараа тулгарах асуудлыг өнөөдөр ойлгож, бусдаас түрүүнд хөгжих боломж олгодог юм.

-Энэ жилийн хувьд цар тахлын улмаас Жижиг, дунд бизнесүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Хямралын үед бид харилцагчдаа дэмжиж, сорилтыг даван туулахаар хамтарч ажилласан хэвээр байгаа. Ихэнх компанийн борлуулалтын орлого бууралттай гарсан байна. Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон компаниуд хямралын үеийг даван туулах чадвар өндөр болох нь харагдаж байна. Гэхдээ бүх компани боломжийг хайж, шинийг эрэлхийлж байгаа. Ялангуяа боловсролын байгууллагууд зөвхөн танхимын сургалтаас гадна онлайн контентуудыг бий болгох замаар борлуулалтынхаа орлогыг хадгалах оролдлого хийж эхэлсэн. Тэгэхээр хэцүү байна гэхээсээ илүүтэй боломж юу байна гэдгийг ойлгуулах нь бидний зөвлөх үйлчилгээний гол зорилго орших юм.

-Цар тахлын үед компаниудын зүгээс зөвлөх үйлчилгээ авах эрэлт нэмэгдэж байна уу?

-Монголд 10-аад жилийн өмнөөс зөвлөх үйлчилгээ хөгжиж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд хүмүүс илүү эрчимтэй сонирхож байна. Зөвлөх үйлчилгээг нэг удаа аваад үр дүнг нь хүртсэн компаниуд дараагийн удаад өөр чиглэлээр зөвлөх үйлчилгээ авдаг зөв соёл тогтсон гэж болно. Өмнөх сургалтад хамрагдсан “Мандах бүртгэл” их сургууль үргэлжлүүлэн гурван удаагийн сургалт авсан. Тэгэхээр байгууллагууд зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг ойлгодог болсон нь харагдаж байна. Бидний зүгээс харилцагчдаа Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, НҮБ-ын статустай зөвлөхүүдтэй холбож өгдөг. Мэдээж зөвлөх үйлчилгээ нь ажлын цар хүрээнээс хамаараад харилцан адилгүй үнэ хөлстэй байдаг. Харин ХААН Банк харилцагчдынхаа бизнесийн хөгжлийг дэмжих үүднээс менежментийн зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг юм.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.63.23.109) 2020 оны 07 сарын 03

Алиьаа хурал цуглаан элдэв цуглаанд хүүхнүүд л дүүрэн байдаг болж дээ.

0  |  0
Top