"Тахилт хайрхан транс" компани хууль зөрчсөн үйлдлүүдээрээ малчдыг туйлдуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

“Экологийн цаг” зорилтот төслийн хүрээнд ТВ8 телевизээс “Экологийн цаг” хэлэлцүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад Ханги-Мандалын зам буюу Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаар 470 км үргэлжлэх “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн нүүрс тээврийн авто замын асуудлыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр хөтлөн явуулсан бөгөөд иргэд, төрийн бус байгууллага, сум, орон нутгийн төлөөлөл зочноор уригдан оролцсоныг бэлтгэн хүргэж байна.


-2020 он гарснаас хойш Ханги-Мандалын авто зам барих асуудал иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн удирдлагууд, малчид, иргэдийн дунд нэлээд асуудал, маргааныг үүсгээд байна. Таныхаар ямар учраас ингээд маргаан үүсээд байгаа вэ?

-“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: “Тахилт хайрхан транс” ХХК концессын гэрээгээр барьж байгаа 470 км авто зам бол Тавантолгойн стратегийн ордоос олборлож байгаа нүүрсийг зах зээлд хүргэх зориулалттай зам. Хоёр аймгийн дөрвөн сумын 11 багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх маршруттай.

Замын зураг төслийг боловсруулах, барих, эзэмших эрх, цаашлаад Засгийн газарт хүлээлгэн өгөх тухай концессын гэрээ 2019 оны долоодугаар сарын 1-нд байгуулагдсан. Концессыг эзэмшигч “Тахилт хайрхан транс” компани 500 сая ам.долларыг өөрөөсөө гаргаж тус замыг барина. Монгол Улсын Засгийн газраас төсөв гаргахгүйгээр барина гэж байгаа. Гэхдээ тус замыг барихдаа Монгол Улсын Байгаль орчны тухай хууль болон Авто замын тухай хууль, Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг баримтлах үүргээс чөлөөлөгдөхгүй байх нөхцөлтэй гэрээ хийгдсэн. Гэтэл өнөөдөр тус компани нь нүүрс тээврийг явуулж хилийн Ханги авто замын боомтоор гаргаж байгаа. Энэ бүх үйл явц өрнөх хугацаанд тус компани Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж ирлээ. Тухайлбал, анх концессын гэрээ байгуулах үеэс л хууль зөрчиж эхэлсэн. Бидний судалснаар концессын гэрээг байгуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмаар, хуралдааны журмаар авч үзэх ёстой байтал шууд гэрээгээ байгуулсан мэдээлэл байна. Үндэсний хөгжлийн газар татан буугдсан учраас баттай мэдээллийг хаанаас авахаа хараахан тогтоогоогүй боловч тус компани концессын гэрээг аваад үйл ажиллагаа явуулахдаа Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сард гаргасан 234 дүгээр тогтоолыг мөрдөх үүрэгтэй. Энэ тогтоол нь хатуу хучилттай буюу тусгай зориулалттай авто замыг барьсаны дараа тээвэрлэлтээ хийх ёстой гэсэн утга бүхий байгаа юм. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд багийн иргэдээс зөвшөөрөл авч байж зураг төсөл хийгдэх ёстойг авч үзээгүй гээд процессын алдаа олон гарсан. Тиймээс уг авто замыг барих асуудал хоёр аймгийн дөрвөн сумын 11 багийн иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Замыг тавих нэрийдлээр олборлолт, тээвэрлэлтээ хийж байна. Ингэхдээ ямар нэг зөвшөөрөлгүй замаа тавиад эхэлсэн. Энэ байдлаас болоод Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль гээд олон хуулийг зөрчсөн асуудал хурцаар тавигдаж байгаа. Үүнийг зөвхөн нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд яриад байгаа юм биш холбогдох нутгийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн хяналтын газрууд нь, Ханбогд сумын төвд байрладаг Сум дундын прокурорын газраас хүртэл үйл ажиллагааг зогсоох тухай тодорхой шийдвэрүүдийг гаргасан байдаг. Монгол Улсын хууль болоод хүний эрх, төрийн байгууллагуудыг үл ойшоосон асуудал өрнөөд байна. “Страто” компанийн сургамж яг үүн дээр яригдаж байгаа. Монгол Улсад замын сүлжээний бодлого байхгүй гэдэг ч уг асуудлуудаас харагдана. “Тахилт хайрхан транс” компанийг Улсын бүртгэлийн санд хэрхэн бүртгэгдсэн байдлыг судлаад үзэхэд нэг хятад эзэнтэй. Тэр эзэн нь Жи овогтой Лингшинг гэх нэртэй. Монгол талаасаа Энхболд овогтой Оюутцэцэн гэдэг хүний компани байгаа юм. 2018 онд байгуулагдсан. Ерөөсөө Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замыг барьж байгуулаад, тээвэрлэлт хийх зориулалтаар шинээр байгуулагдсан компани гэж дүгнэж байгаа.

-Томоохон бүтээн байгуулалтын ажлуудын онцлог нь эдийн засгийн үр өгөөж гэж яригддаг. Үүнээс гадна байгаль экологийн нөлөөлөл, тухайн орон нутгийн ард иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг сайтар тооцож үзэх хэрэгтэй. “Тахилт хайрхан транс” компанийн бүтээн байгуулалтын ажлууд яаж явагдаж байгаа вэ?

-Цогтцэций сумын Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү: “Тахилт хайрхан транс” компани өнгөрсөн дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлсэн. 2019 онд замын хусалтын ажлыг эхлүүлэхдээ малчид, иргэдийн зүгээс нэлээд асуулттай тулгарч байсан. Энэ асуудлаар иргэдээс надад асуултууд их ирж байсан. Ямар учраас яадаг зам баригдаж байгааг асууна. Тухайн үед надад хэлчих тодорхой хариулт, мэдээлэл огт байгаагүй. Сумын Засаг дарга ч энэ асуултад тодорхой хариулт өгөөгүй. Учрыг олохоор мунгинах хооронд замын хусалтын ажил өнгөрсөн оны аравдугаар сардаа дууссан. Замын ажил явж байх үед нь очоод учрыг лавлаж асуухаар “Засгийн газрын шийдвэрээр бид үйл ажиллагаа явуулж байна. Сумын Засаг даргын түвшинд мэдээллээ хүргэсэн” гэсэн тайлбарыг өгдөг. Тус замын ажил манай сумын Сийрэст, Билгэх гээд хоёр багийг дамжиж явж байгаа. Гэтэл ажлыг эхлэхдээ малчдын санал хүсэлтийг аваагүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байхад үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн шаардлага тавихаар “Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа” гэсэн нөгөө л хариултаа өгдөг. Манай сум уул уурхайн нөлөөлөлд өртсөн. Мал аж ахуй эрхлэх боломжгүй болсон газар нутгууд элбэг байна. Ховор төрлийн ургамал, ан амьтад, эрдэс шимтэй хөрс уул уурхай зэргээс болж нүдэн дээр устаж үгүй болж байгаа. Их шанхын хэцээс хойш төмөр зам хүртэл 30 км-ийн зайтай байдаг. Тэр хэсэг Чойр чиглэлийн “Страто”-гийн зам гээд уул уурхайн нөлөөлөлд орж сүйдсэн. Мөн тус замаас урагш есөн км-ийн зайтай төмөр зам ороод ирсэн. Төмөр зам Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой. Улс эх орны хөгжилд ашиг тусаа өгнө гэсэн байдлаар манай сум, багийн малчид, иргэд дэмжиж хамтран ажиллаж байгаа. Гэтэл хажуугаар нь мөн 10 км орчмын зайтай газарт бэлчээрийг хэрчээд энэ Ханги-Мандал чиглэлийн зам ороод ирсэн. Тиймээс малчид иргэд тус авто замыг эсэргүүцэж байна. Манай сум энэ олон замын сүлжээнд өртөж байна. Байгаль орчин маань доройтсон нөхцөлд өмнөх төмөр зам, авто замууд хангалттай. Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замыг шаардлагагүй гэж иргэд үзэж байна.

-Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр бүхий л томоохон уурхай байрладаг. Харьцангуй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд байгаа хэдий ч эсрэгээрээ хууль зөрчих асуудлууд устахгүй хэвээр байна. Та энэ авто замын асуудлын тодорхой баримт, материалтай танилцаж судалсан уу?

-Судлалгүй яах вэ. Хамгийн ноцтой зөрчил алдаа гэвэл тухайн багийн нутаг дэвсгэр дээр ямар нэг төсөл хэрэгжихэд багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хууль зүйн заалт байдаг. Гэтэл нэг ч удаа хуралдаагүй, нэг ч иргэний саналыг сонсоогүй. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2020 оны нэгдүгээр сарын 6-нд “Мон экологи” гэж компани үйлдсэн бичгээ нэгдүгээр сарын 31-нд авчирч өгсөн. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд Ковид-19 цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан учраас багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах боломжгүй байсан. Энэ талаар албан бичгийг “Тахилт хайрхан транс” компанид хүргүүлсэн. Цар тахлаас өмнөх үе буюу 2019 оны аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэлх хугацаандаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэх бодол байсан бол тэр хугацаанд багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахад нээлттэй цаг үе байсан гэдгийг онцолж хэлье.

-Ханбогд сумын төлөөллөөс асууя. Ханги-Мандалын замын асуудал хэзээнээс яригдаж эхэлсэн бэ?

-Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Занабазар: 2017 оны наймдугаар сарын 17-нд аймгийн Засаг даргын орлогч н.Мөнхбаяраас санал авах тухай гэсэн утга бүхий албан тоотуудыг би авчирсан байгаа нь энэ. Тухайн үед Ханги-Мандалын замын маршрут Баян-Овоо-Ханбогд-Цогтцэций-Манлай гэсэн сумдын заагаар явж байсан. Энэ замыг хилийн зам гэж нутгийн иргэд нэрлэдэг. Тэр маршрутаар анх орж ирсэн. Тухайн үед би сумын Засаг даргын орлогч байхдаа Ханбогд сумын ЗДТГ-аас 2017 оны наймдугаар сарын 25-нд 02409 тоот албан бичгээр саналаа хүргүүлж байсан. Тус албан бичигт ялангуяа Ханбогд сум Оюутолгой, Тавантолгойг дагасан дэд бүтцийн дам нөлөөлөлд их өртөж байна. Мал аж ахуй эрхлэх боломж бололцоог хаагаад байна. Нэг талаас уул уурхайг шүтэж амьдарснаар төсөв уул уурхайгаас хараат байгаа учраас мал аж ахуйн салбарыг бодлогоор уул уурхайтай уялдуулж авч явах ёстой гэж үзсэн. Тиймээс Ханги-Мандалын замыг Ханбогд сумын нутгаар явуулах боломжгүй гэдэг тодорхой хариуг одоогоос гурван жилийн өмнө өгч байсан. “Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс нь мал аж ахуй тул бид дээрх замыг Ханбогд сумын нутаг дэвсгэрээр явуулахгүй” гэж албан тоот явуулсан. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйгаа бодсон шийдвэр, хоёрдугаарт, Ханбогд сумын нутагт Гашуунсухайт хилийн боомтоор жилд 20 орчим сая тонн тавантолгойн нүүрс гарч байна. Төмөр зам болон даацын замын ажил эрчимтэй явагдаж байна. Хилийн терминал буюу орц, гарцаа сайжруулахад дахин өөр чиглэлд нүүрсийг зөөвөрлөхөд өртөг зардал өсч байгаа учраас Гашуунсухайтын боомтоо түшиглэж тавантолгойн нүүрс гарах ёстой. Гашуунсухайт руу 220 км явж байсан бол Ханги-Мандал руу 470 км явна гэхээр хоёр дахин урт зам туулах болж байна. Зөвхөн тавантолгойн бүлэг ордын нүүрсийг тээвэрлэхийн тулд замыг дэд бүтцээр олон талаас нь хэрж байна. Өмнөговь аймгийн газар нутгийн тал хувийг аалзны тор шиг хэрчихлээ. Энэ нь малчдын ахуй амьдрал төдийгүй байгаль экологид асар их хохиролтой. Экологийн тэнцвэрт байдал, хөрсний асуудал, ан амьтад ховордсон, хулан, зээрийн бэлчээрийг талхалж, хязгаарлаж байна. Өнөөдөр биш ч ирээдүйд хор хохирол нь гарна. Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг Гашуунсухайтын боомтоо түшиглээд гаргахад хангалттай. Хөдөө аж ахуйн салбар ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, нүүдлийн уламжлалт соёлоо хөгжүүлж, малчдаа дэмжиж, бэлчээр, худаг усаа авч үлдэх ёстой. 2017 онд Ханбогд сумын Засаг даргын орлогчоос албан тоотыг хүргүүлэхээс гадна Засаг даргаас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд “Ханги-Мандалын авто замыг дэмжихгүй” гээд гурван сарын зайтай албан тоотыг хоёр удаа хүргэхэд, үр дүнд нь авто замын ажил түр зогссон. Удалгүй 2019 оны эхээр маршрутыг нь өөрчлөөд Оюутолгой-Ханги болгоод дахин зам тавина гэсэн. Оюутолгой Гашуунсухайтын боомтоор баяжмалаа тогтмол чирэгдэлгүй гаргаж чадахгүй байна гээд өөр гарцууд хайж эхэлсэн. Тавантолгой-Оюутолгой-Ханги гэсэн маршрут бас орж ирж байсан. Замын маршрутыг гурван удаа өөрчлөх асуудалд Өмнөговь аймгийн удирдлагууд нөлөөлж оролцсон гэж хардаж байгаа юм.

-Та иргэний хувьд нөхцөл байдал ямар байгааг хэлнэ үү?

-Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн иргэн малчин Ц.Гүндэгмаа: Тавантолгойгоос Ханги-Мандалын боомт хүртэлх 470 км замын 220 км нь манай сумаар дайран өнгөрч байгаа. Энэ зам дагуу 124 айл өрх байна. 248 өвөлжөө хаваржаа бууц байна. 62.7 мянган толгой мал, 300 гаруй хүн ам байдаг. Зам нь сумын төвөөс хоёр км-ийн зайтай өнгөрч байгаа. Харин сумын төвд 1000 орчим хүн ам амьдарч байгаа. Сумын нутаг дэвсгэр дээр зам барих зөвшөөрлийг сумын дарга иргэдээс ямар ч санал хүсэлт авалгүй шууд “Тахилт хайрхан транс” компанид олгосон байсан.

-Ханги мандалын замын асуудлаар ихээхэн тэмцэл өрнүүлсэн сумын нэг бол Цогтцэций. Уг тэмцлийн талаар иргэн хүний хувьд, мөн сумын ИТХ-ын төлөөлөгчийн хувьд таниас байр суурь сонсмоор байна?

-Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч С.Мөнх-Эрдэнэ: 2019 оны Цогтцэций сумын ИТХ-ын жилийн эцсийн хуралдаанаар Ханги-Мандалын замын асуудал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж ирсэн. Цогтцэций сум 27 төлөөлөгчтэй. Тэд бүгдээрээ энэ газрын асуудлыг шийдээгүй буюу батлаагүй. Гэтэл газрыг баталж олгоогүй байхад замаа тавьсан. Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй. Эхний үе шатуудыг шууд орхигдуулаад сүүлийн шат буюу зам барих асуудал руу орчихсон. Дээрээс нь трансыг Билгэх багийн яг төв дээр нь тогтоосон. Үүнийг яаж тогтоосон гэхээр иргэдээс асуугаагүй сумын Засаг дарга дур мэдэн ганцаараа транс тогтоосон. Үүнд, Билгэх багийн иргэд үнэхээр гомдолтой байна. Трансын маршрутаа цуцал гэсэн шаардах бичгийг тавдугаар сард биднийг өгөхөд “боломжгүй” гэсэн хариулт өгч байлаа.

-Аливаа төсөл хуулийн хүрээндээ тодорхой шат дараатайгаар явах ёстой. Гэтэл ингэж чадахгүй байгаа асуудалд таны саналыг сонсъё?

-“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: Эдийн засгийн үр ашигтай төслийг төрөөс батлах ёстой. Тэгэхээр “Тахилт хайрхан транс” компанийн авто зам эдийн засгийн үр ашиг байна уу гэдэг асуудлыг хөндөх хэрэгтэй. Энэ зам зөвхөн “Тахилт хайрхан транс” компанид зориулсан зам. Өөр компани энэ замаар нүүрс зөөхгүй, тээвэрлэхгүй. Энэ замын хажуугаар төмөр зам Засгийн газрын бодлогоор хэрэгжээд явж байгаатай зэрэгцээд тус компанид зориулсан нэг компанийн эрх ашгийн төлөө замыг тавьж байгаа нь хууль бус, шударга бус үйлдэл. “Үндсэн хуультай, эрх зүйт төртэй, ардчилсан орны хувьд үнэхээр увайгүй үйлдэл бол энэ” гэж иргэний нийгмийн зүгээс хэлмээр байна. Орон нутгийн иргэдийн амьдралд, амьжиргаанд, бизнест ашигтай боломжийг төслүүд олгох ёстой. Гэтэл Ханги-Мандалын замын хувьд эсрэгээрээ байгаа. Байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засаг гэдэг бол ногоон эдийн засаг байх ёстой. Хүний эрх, байгаль орчныг хохироосон, доройтуулсан хал ул мөр үлдээсэн төсөл эдийн засгийн үр өгөөжтэй байх боломжгүй. “Тахилт хайрхан транс” компанийн концессын гэрээний зураг төсөл нь гарсан байх ёстой. Үүнд, ТЭЗҮ бичигдэж, эдийн засгийн үр өгөөжийг нь бодитоор тооцох ёстой боловч энэ асуудал хаалттай, ТЭЗҮ батлагдсан эсэх тодорхойгүй байна. Эдийн засгийн ашиг гэдэг бол зөвхөн компанид ашигтай байхад чиглэгдэхгүй гэдэг нь тодорхой. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд Олон нийтийн оролцоог хангах журам гэж байдаг. Тус журамд зааснаар “Тахилт хайрхан транс” компани 11 багийн иргэдэд бүгдэд нь мэдээлэл өгсөн байх ёстой. Ямар замыг яаж тавих, ямар үр ашиг үзүүлэх, экологид үзүүлэх нөлөөллийг хэлсэн байх ёстой. Мэдээллээр хангасны дараа багийн иргэдийн нийтийн хурал зарлана. Багийн иргэдийн нийтийн хуралд тухайн багийн нийт малчин өрхийн 25 хувь нь буюу дөрвөн өрх тутмаас нэг хүн ирсэн тохиолдолд хурлыг бүрэн ирцтэй гэж үзнэ. Гэтэл нөхцөл байдал дээрээ сонгуулийн насанд хүрсэн хүн амын тоогоор авч үзэж багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулдаг. Хуулиараа өрхөөр авч үзэх ёстой. Энэ мэт хуулиа мөрдөөгүй. Хуулиа мөрдөөгүйн улмаас хариуцлага тооцдоггүй байдлаас болж асуудлууд үүсч байна. Энэ байдлыг засах ёстой. Аливаа төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнээс гадна нийгмийн нөлөөллийн үнэлгээг ч авч үзэх ёстой. Малчин өрхийн нийгмийн амьдралд сөрөг нөлөөтэй бол төслийг хэрэгжүүлж болохгүй. Тиймээс Ханги-Мандалын авто замын төсөл нь ганцхан компанийн эрх ашигт нийцэж байна. Тус замын өөрчлөгдсөн маршрутаас хамгийн сүүлийн 2019 оны 236 дугаар тогтоолоор батлагдсан маршрутаар Тавантолгой-Манлай-Хангийн зам гэж баталсан байдаг. Тус авто зам 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд тавигдсан байх концессын гэрээтэй. 30 жил ашиглаад, дараа нь Засгийн газарт өгнө гэж тусгагдсан нь бас асуудалтай л заалт.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.188) 2020 оны 08 сарын 01

Хайрхан хайрхан гээд л байдаг харлаж чадахгүй монгол байхгүй л баймаар

0  |  0
Top