“АГМ майнинг” ХХК малчдын өвөлжөөг булааж Алтан ууланд эзэн суухыг санаархаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 03

ТВ8 телевизээс бэлтгэн хүргэдэг “Экологийн цаг” нэвтрүүлгийн шинэ дугаарт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “АГМ майнинг” ХХК хууль зөрчин үйл ажиллагаа явуулж Торомхоны нүдний рашааныг ширгээж, Алтан уулын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, нутгийн иргэдийн өвөлжөөний газрыг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг асуудлыг онцолж хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр хөтлөн явуулсан бөгөөд иргэд, төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөлөл зочноор уригдан оролцсоныг бэлтгэн хүргэж байна.

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг дэвсгэрт Алтан уул гэж байдаг. Энэ домогт уулыг Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ майнинг” компани хууль зөрчин ухаж байгаа. Өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард “Экологийн цаг” нэвтрүүлгийн хамт олон газар дээр нь очиж ажилласан. Хууль бус үйлдлүүдийг нь холбогдох газруудаар шалгуулсан. Тухайн үеийн нөхцөл байдал одоо өөрчлөгдсөн үү. Таны хувьд “Монгол коммент” нэвтрүүлэгт хандахаас эхлээд нэлээд тэмцсэн шүү дээ?

-Гурвантэс сумын Гоёот багийн малчин Ц.Содоо: Гоёот багийн Алтан уул гэдэг газар төрж, өвөө эмээ дээрээ өссөн. 2011 онд арваннэгдүгээр ангиа төгссөнөөс хойш тасралтгүй малаа маллаж, аж ахуйгаа эрхэлж байна. Өвөө, эмээгийнхээ залгамж халааг авч байгаа болохоор нутаг ус, мал ахуй бүхэндээ эзэн байх хүсэл мөрөөдөлтэй явдаг. Нутаг усаа хайрлаж хамгаалахын төлөө өөрийн үзэл бодлоо илэрхийлж ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт захидал бичсэн. Цаашдаа ч малаа маллаж нутагтаа амьдрахыг хүсдэг. Тиймээс “АГМ майнинг” компанийн алтны уурхайн хариуцлагагүй үйлдлийн улмаас нутгийн маань нүдний рашаан ширгэж, ховор нандин болон эмийн ургамлуудтай хайрхануудыг маань сүйтгэж байгаад их харамсаж байна. Та бүхнийг сурвалжилж, олон нийтэд хүргэх үеэс нөхцөл байдал дээрдээгүй.

-“АГМ майнинг” компани Монгол Улсын хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж байгаль экологид сүйрэл авчраад зогссонгүй. Танай сумын зос гэж олон талын эмчилгээний үүрэгтэй улаан чулууг хүртэл ухаад сүйтгэсэн. Сая Торомхоны рашаан дээрээ очиж үзсэн үү?

-Рашаан ус ширгэсэн хэвээрээ байгаа. Ширгэсэн гол горхи, рашаан буцаад газрын гадарга дээрээ гарч ирээд урсах нь ховор тохиолддог байх. Маш сайн хамгаалалт, нөхөн сэргээлт хийж байж дахин сэргэх магадлалтай байж болох. Ялангуяа говийн нөхцөлд ширгэсэн гол горхи буцаж сэргэнэ гэдэг хэцүү.

-2019 онд малчин н.Мөнхнасанг “Өвөлжөөний газрыг нь тус компанийн лицензтэй давхцаж олгосон” гэдэг шалтгаанаар шүүхэд өгч, газрыг цуцлуулсан. Өөрөөр хэлбэл, тэр өвөлжөөндөө энэ лиценз олгогдохоос ч хамаагүй өмнө хэдэн үеэрээ амьдарч ирсэн иргэний газрыг “АГМ майнинг” компани өөрсдийнхөө өмч гэж үзэж байна. Энэ жил тус компаниас дахин найман малчны өвөлжөөг булаахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?

-Гурвантэс сумын Гоёот багийн малчин Т.Сугар: Би Алтан уулын урд үзүүр хэсгийн лицензэд хамаарах талбайд нь давхацсан гэх “Хажуу” гээд өвөлжөөтэй малчин хүн. Өөр хэд хэдэн өвөлжөө тус компанийн лицензтэй давхцалтай гээд “АГМ майнинг” компани биднийг шүүхэд өгсөн. Эхэндээ бид их гайхсан. Яагаад шүүхэд өгөв, ямар хэрэг хийв, яагаад ингэж их чирэгдэл учруулах болов гэж гайхаж, сэтгэлээр их унасан. Улс орон, төр засгийн зүгээс биднийг өвөлжөөтэй маань үлдээх арга хэмжээ авч өгөх нь үү гэж хүлээж, харуулдаж байгаа. Шүүх хурал олон удаа хойшилж, явдал суудалд ч хэцүү юм. Шүүх хуралд ирэхдээ хүүхдүүдээ дагуулж ирнэ, харах хүнгүй мал аж ахуйгаа орхино гээд асуудал мундахгүй.

-“АГМ майнинг” компанийн зүгээс та бүхэнд юу гэж хэлдэг вэ?

-Саяхнаас эхлээд эвлэрлийн гэрээ байгуулъя гэсэн санал тавиад байгаа. Ингэснээр тус компанийн зардлаар манайхыг нүүлгэж, өөр газарт хүргэж өгөөд манай газрыг ашигласныхаа дараа буцаад авчрах тухай ярьсан. Энэ бол бидний хувьд дэндүү утгагүй асуудал.

-Таны хувьд асуудал яаж тусч байна вэ?

-Гурвантэс сумын Гоёот багийн малчин Б.Өршөөлт: Алтан уул тойрсон “АГМ майнинг” компанийн лиценз маш том талбайг хамардаг. Олборлолт хийж малчдын бэлчээр, усыг сүйтгэж, говийн эмзэг эко системийг алдагдуулж, ургамал ургах нөхцөлгүй болгож эхэлсэн. Энэ үйл ажиллагааг нь хууль бусаар явагдаж байгааг мэдээд малчид бид шаардлага тавьдаг боловч сонсдоггүй. “Лицензийн талбай дээр давхцаж өвөлжиж байна. Компанийн үйл ажиллагаанд саад боллоо” гээд шүүхдэж, гомдол гаргасан. Бид нутгийнхаа сайхан байгалийг үгүй болгуулчихаад, нэмээд шүүхэд дуудагдаж, ажил төрөл, цаг хугацаа, амьдралаа ч алдаж явна. Уул усаа өвгөдөөс уламжилж ирсэн унаган төрх, байсан байдлаар нь үр хойчдоо уламжлуулж өгөхийг хүсдэг. Хариуцлагагүй уул уурхайнуудыг нэг тийш нь цэгцэлж өгөөч. Бидэн шиг асуудалтай малчид, иргэд олон бий. Засгийн газар, зохих яам, тамгийн газрууд энэ асуудлыг цэгцэлж өгөх байх гэж найдаж байна.

-Манай сурвалжлах баг хавар очихдоо таниас мэдээлэл авч байсан. Одоо байдал ямар байна. Нөхөн сэргээлт хийгдэж байна уу. Мөн шүүхийн маргааны асуудлаар мэдээлэл өгнө үү?

-Гурвантэс сумын Гоёот багийн малчин Т.Мягмарханд: “АГМ майнинг” компани гурван том талбайтай. Манайхны өвөлжөөгөөр одоохондоо ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Гэхдээ хайгуулын үйл ажиллагаа явагдаад 100 гаруй цооног өрөмдсөн. Өрөмдсөн цооногуудын тоогоор зам засаж тоос шороондоо дарагдсан. Бэлчээрт маш их хор хөнөөл учруулсан. Биднийг нутаг усандаа амьдарч байсны төлөө шүүхэд дуудаж, дахин дахин аймаг руу явах шаардлагатай болж байна. Би 10 жилийн дотор гарсан таван хүүхэдтэй. Хүүхдүүд маань нялх. Малаа маллахад гэрт бүл хүч муу байхад ингэж асуудал үүсгэж байна. Би хоёр ой гарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учраас анхаарал их шаардлагатай. Гэсэн хэдий ч нутаг усныхаа, өвөлжөөнийхөө төлөө явж байна.

-Эдгээр асуудал хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Энэ хугацаанд малчдыг өвөлжөөнөөс нь хөөж гаргаад өвөлжөөг нь ухах хүртэл асуудал даамжирчээ. “АГМ майнинг” компанийн лиценз анх яаж олгогдсон бэ?

-Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох: Манай Гурвантэс сум газар нутгаараа аймагтаа томоохонд тооцогдоно. Уул уурхайн салбарын хөгжлөөрөө ч тэргүүлнэ. Тиймээс их асуудалтай тулгарч байна. “АГМ майнинг” компанийн тусгай зөвшөөрөл бүр 1995 онд анх олгогдсон байгаа юм. Монголд лиценз дөнгөж олгогдож байх үетэй зэрэгцэж олгогдсон лиценз. Уурхай талаас нь яривал их урт түүхтэй болно. 1995 онд Өмнөговь аймгийн Сэврэй сумын гаралтай н.Сүхбаатар гэж залуу анх энэ лицензийг алт олборлох зорилгоор авч байжээ. Үүнээс хойш дорвитой үйл ажиллагаа явагдахгүй байснаа 1997, 1998 онд “АГМ майнинг” компанид шилжиж очоод 2018 он хүртэл 20 гаруй жилийг хайгуул хийсэн нэрээр өнгөрөөсөн. 2018 оноос ашиглалтын лицензүүдийн шийдвэр гарч, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Ашиглалтын анхны лиценз 2009 онд, дараа нь 2014, 2016 онд гээд гурван ашиглалтын лиценз олгогдсон. Нийт 15700 мянган метр квадрат талбайг хамарсан лицензтэй тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2018 онд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гарч, мэргэжлийн байгууллагуудаар батлагдаад олборлолт эхлээд удалгүй асуудал үүсч эхэлсэн.

-Та бүхэн асуудалд хэрхэн арга хэмжээ авч ирсэн бэ?

 “АГМ майнинг” компани тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахдаа хуурай аргаар олборлолт хийх лицензтэй байсан. Гэтэл үйл ажиллагаа эхлэнгүүтээ ус ашигласан. Говийн хуурай уур амьсгалд ховор нандин усыг шууд ашигласнаар анхнаасаа тухайн нутаг дэвсгэрийн иргэд, малчид, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын анхааралд өртөж, хууль хяналтын байгууллагад шилжиж, шалгагдах болсон. Тус компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг нь ээлж дараагийн баримтаар гарч байсан. Хуурай аргаар ТЭЗҮ батлагдсан байхад ус ашигласнаар хуулийн байгууллагад асуудал үүсэхэд ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээнд нь “Ус ашиглаж болох тухай” шинээр өөрчлөлт оруулсан байсан. Ингэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаас санал аваагүй. 2019 он эхлээд үйл ажиллагаа явж байхдаа дахин асуудал үүсгэж, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлуудаа дутуу хийж, зарим талбайд ТЭЗҮ батлагдаагүй, уулын ажлын төлөвлөгөө байхгүй үед олборлолт явуулж эхэлсэн. Энэ асуудлууд нь мэргэжлийн байгууллагууд, хяналт шалгалт хийсэн байгууллагууд, нутгийн иргэдийн шалгалт, мэдээллээр илэрч байгаа юм. Гурвантэс сумын малчид, төрийн албан хаагчид аль аль нь уурхайчин гэж явж болно. Яагаад гэвэл Гурвантэс сумын нутаг дэвсгэр дээр 1956 оноос эхэлж дунд голын давсны уурхай ажиллаж эхэлсэн. Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамгийн олноор ирдэг. Олон хүн уул уурхайн салбарт ажилладаг. Байгаль экологийн асуудал үргэлж хөндөгддөг. Тийм болохоор манай сумын иргэд уул уурхай, байгаль орчин, ашигт малтмалын чиглэлийн хууль тогтоомжийг сайн судалсан байдаг. Энэ утгаараа зөрчлүүдийг нутгийн иргэд хараад л ойлгодог. 2019 оны сүүлээс асуудлууд нэлээд хүндэрч, аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нэгдүгээрт, тус компани байгаль орчны төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтээ ямар хэмжээнд хийж байна гэдэг асуудлыг хянаж шалгаж, дүгнэлт гаргаж байсан. Ажлын хэсгийн хийсэн дүгнэлтээр тухайн компани 2019 онд олборлолт явуулахдаа байгаль орчны төлөвлөгөө хэрэгжүүлээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй, дөнгөж 50 хувьтай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээг өгсөн. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлтээ 50 хувьтай хэрэгжүүлсэн компани ажлаа муу хийсэн гэж дүгнэгдэнэ. Нөхөн сэргээлтийг 80 хувьд заавал хүргэх ёстой. Нэгэнт нөхөн сэргээлтийг хийгээгүй юм бол тухайн талбай дээр ямар хохирол учруулсан гэдэг асуудлыг Өмнөговь аймгийн Байгаль орчны газар, аймаг, орон нутгийн удирдлагуудтай ярилцаад үнэлгээ тогтоосон. “Мөнгөн марал” компаниар үнэлгээ хийлгэсэн. Эхний ээлжийн үнэлгээний дүнгээр тухайн газар дээр нийт 243 сая гаруй төгрөгийн хохирол тогтоогдож байна. Гэхдээ олборлох үйл ажиллагааг дэмждэг улс орны хувьд тухайн компанид хуулиар нөхөн сэргээлтээ хийх, хохирлыг барагдуулах боломж олгож, үүрэг өгсөн. Гэтэл 2020 дөрөвдүгээр сарын 1-нд ажлын хэсэг дахин газар дээр нь үнэлгээ хийхэд 62 хувьтай гэж үнэлсэн. Дахин нөхөн сэргээлт муу гэж үнэлэгдсэн. Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад хүрэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн олборлох зөвшөөрөл бүхий талбайгаасаа давуулж талбай ашигласан зөрчил нэмж илэрсэн. Тус компанийн лицензийг цуцлах ёстой эсэхийг шат дараалан судалж үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт хүргүүлсэн. БОАЖЯ-наас болон мэргэжлийн хяналтын байгууллага, бусад мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын хэсэг 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр Гурвантэс сумын нутагт байрлах Алтан уулын “АГМ майнинг” компанийн тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн удирдлага миний биеийг оролцуулан байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн зарим албан хаагчийн хамт тухайн талбай дээр улсаас томилогдсон ажлын хэсэг ажилласан. Тус ажлын хэсэг ч бас аймгаас гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг үнэн гэж үзсэн. Нөхөн сэргээлт муу хийгдсэн. Байгаль орчны төлөвлөгөө хэрэгжүүлээгүй, уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй талбай дээр олборлолт явуулсан байсан. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчсөн нь лицензийг цуцлах бүрэн үндэслэл гэж улсаас томилогдсон ажлын хэсэг дүгнэсэн. Үүнээс хойш лиценз цуцлах асуудал удаж байгаа нь сонгууль, цар тахал зэрэгтэй холбогдох байх.

-Одоо байдал ямар байна вэ?

-Ойрын үед энэ асуудлыг анхааралдаа аваасай гээд долоодугаар сарын 17-ны өдөр энэ материалуудаа хавсаргаад Байгаль орчин, аялал жуулчлалын шинээр томилогдсон Д.Сарангэрэл сайдад албан бичиг хүргүүлсэн. Энэ асуудлуудыг богино хугацаанд хууль тогтоомжийн дагуу шийдэж өгвөл Гурвантэс сумын иргэд, тэр дундаа Алтан уул орчимд ажиллаж амьдарч байгаа малчид иргэд, орон нутгийн удирдлагууд бидэнд ч том тус болно. Манай сумын малчдаас 10 гаруй хүнийг шүүхэд өгч, өвөлжөөг нь хүчингүй болгох гээд байгаа тохиолдол Монгол Улсад гарч байсан уу. Шүүхэд дуудагдсан айл өрх 13 байснаас хасагдаад найм болсон нь энэ.

-Орон нутгийн удирдлагуудад ямар асуудлаар хандсан бэ. Хариулт нь юу гэж ирдэг вэ?

-“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мишигсүрэн: Энэ оны дөрөвдүгээр сард Алтан уул дээр очиж ажилласны дараа Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай уулзаж, хүсэлт тавьсаны дараа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь шалгах ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлын хэсэг тавдугаар сарын 1-нд хуралдсан. Үүнээс хойш дахин хуралдаагүй. Тус хуралдаанд манай төрийн бус байгууллагын зүгээс зургаан саналыг хүргүүлсэн. Үүнээс онцолбол, “АГМ майнинг” компани шиг илт зөрчил гаргаж нутгийн иргэдийн эрх ашиг, амьдрах орчинг сүйтгэж байгаа нэр дурдсан компаниудын үйл ажиллагааг хамгийн эхэнд шалгаж үзээч гэсэн саналыг хүргүүлсэн. 2019 онд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан есөн компанийн 12 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тусгай зөвшөөрлийг цуцалсны дараах хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг шалгаач гэсэн саналыг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл бидний санал, албан бичгийн хариулт ирээгүй байна.

-“АГМ майнинг” компанийн эдийн засаг, байгаль экологид учруулсан хор хохирлын үнэлгээг дахин үнэлсэн үү?

-Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох: Цагдаагийн байгууллагаар хоёр удаа шалгуулж байгаа нь дандаа устай холбоотой асуудал. “АГМ майнинг” компани яг хаанаас яаж ус ашигласан тухайд цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Ерөнхийдөө Гурвантэс суманд долоо, найман уурхай ажилладаг. Тэдгээрээс нийгмийн хариуцлага, байгаль орчин, татвар хураамжийн тухайд асуудалтай компани нь ганц “АГМ майнинг” биш. Хууль бус үйлдэл гаргаж байгаа компаниудын үйл ажиллагааг хязгаарлах тухай аймгийн удирдлагуудад албан бичгээр хандсан. Харин өвөлжөөтэй холбоотой асуудлыг зөвхөн “АГМ майнинг” компани л гаргаж байна. Энэ асуудал дээр тууштай байр сууриа илэрхийлж, иргэд, малчдынхаа эрх ашгийг хамгаалж явна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д(121.118.5.9) 2020 оны 08 сарын 04

Гадаадынхнаар нутаг усаа ухуулдаг үйлдлийг зогсоомоор юмаа. Өнгөрсөн жилүүдэд зөндөө ухууллаа, Монголчуудын амьдрал дээрдсэнгүй, харин сэндийчсэн газар л нэмэгдэж байна. Төр засаг энэ асуудалд анхаарч ажиллахыг хүсье!!!!

2  |  1
Top