Монгол Улсын Зөвлөх инженер Д.Батбилэгтэй улсын цахилгаан эрчим хүчний өнөөгийн байдал, Тавантолгойн цахилгаан станцын төслийн ажлын талаар ярилцлаа.
-Зөвлөх инженер гэхээр яг юу хийдэг вэ гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ талаар яриагаа эхэлье?
-Зөвлөх инженер гэдэг чинь салбар, салбартаа л зөвлөнө. Жишээ нь эрчим хүчний салбарт зөвлөх инженер нь эрчим хүчний шугам сүлжээ, станц тэр дотроо дулааны шугам сүлжээ, цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээ, цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэл гээд байдаг. Миний үндсэн мэргэжил Дулааны цахилгаан станцын механик инженер буюу яг л дулаан, цахилгаан үйлдвэрлэлийн станцын мэргэжил байгаа юм. Зөвлөх инженерийн хувьд дулаан боловсруулах зуух, дулааны шугам сүлжээ тал дээр зөвлөхөөр ажилладаг. Би өөрөө энэ мэргэжлээрээ улсын байгууллагад тодорхой хэмжээнд ажилласан.
Мөн хувийн хэвшилд ч мэргэжлийн хүмүүстэй хамтраад барилгын салбарын амин сүнс болсон дулааны шугам сүлжээг барих, дулааны дотор талын дулаан халаах хэрэгслүүд дээр нь голчлон ажиллаж байлаа. Энэ тал дээр л хүмүүст зөвлөх үйлчилгээг өгнө гэсэн үг л дээ. Миний хувьд зөвлөх инженер болоод удалгүй улс орны эрчим хүчний үйлдвэрийн том төсөл болох “Тавантолгойн цахилгаан станцын төсөл”-ийн нэгжийн захирлаар томилогдсон. Үндсэндээ өнөөдөр манай улсын өмнө тулгамдаад байгаа эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн нэмэр болох Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах, техник эдийн засгийн үндэслэл, бусад бичиг баримт боловсруулах гээд олон чухал ажлыг удирдаж байсан. Энэ том төсөл анх Оюу толгой болон бусад томоохон уурхайн компаниудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой эхэлсэн.
-Уг төсөл хэрэгжих нь улсад хэр ашигтай вэ?
-Өнөөдөр монголын хэмжээнд байгаа эрчим хүчний хомсдлын тодорхой хэмжээг Тавантолгойн цахилгаан станц хангах ёстой. Улаанбаатараас Чойр, Чойроос Мандалговь, Мандалговиос Тавантолгой гээд эрчим хүчний систем татчихсан байгаа ч түүний нэвтрүүлэх чадвар харьцангуй хязгаарлагдмал. Хамгийн нэвтрүүлэх чадвар өндөртэй шугам бол Мандалговиос Тавантолгой хүртэлх 220 квт-ын шугам байгаа юм. Энэ шугам ер нь өнөөдөр ч гэсэн ачаалал багатай байна. “Тавантолгойн цахилгаан станц” мега төсөл хэрэгжихтэй холбоотойгоор Монгол Улсын хувьд өмнөд бүс рүү төвөөсөө цахилгаан эрчим хүч түгээх, өмнөд бүсээсээ төв рүү цахилгаан авах зорилгоор Мандалговь-Улаанбаатарын 330квт-ын шугамыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьсан. Энэ шугам маань өнөөдөртөө ашиглалт, ачаалал бага байгаа. Одоогийн байдлаар Оюутолгой компани 160-170 орчим сая доллараар БНХАУ-аас импортын цахилгаан эрчим хүч авдаг. Манай улс одоогоор Оюутолгойн зарим нэгхэн хэрэглээг л хангаж байна. Манай улсын нэг цагийн хэрэглээ 1000 гаруй мвт. Тиймээс дутагдаж байгаа эрчим хүчээ ОХУ-ын Галуут нуурын дулааны цахилгааны станцаас 220квт-ын өндөр хүчдэлийн шугамаар авдаг. Энэ нь одоо хамгийн дээд хязгаартаа хүрчихсэн, дахин нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй.
-Тэгэхээр цахилгааны эх үүсвэр шинээр барих хэрэгтэй гэсэн үг биз дээ?
-Ер нь цахилгааны шинэ эх үүсвэр барихаас өөр арга байхгүй. Гэхдээ цаашдаа суурьшлын бүсүүдэд нүүрсний цахилгаан станц аль болох барихгүй байх ёстой. Үүнийг дэлхий нийт ч гэсэн хориглож байна. Гэхдээ одоо төслийн хэмжээнд яригдаж байгаа олон ажлууд бий. Тэр дундаас ТЭЦ-4-ийн цахилгаан турбины хүчин чадлыг нэмэх хоёр төсөл бий. 80мвт-ын хоёр турбиныг 100мвт болгоод суурилах хүч чадал нь 100мвт, нөөц нь 108мвт болгочихвол ТЭЦ-4-ийн цахилгаан үйлдвэрлэл нэмэгдэнэ. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд хийсэн ТЭЦ-4-ийн хоёр турбин, шинээр хийх энэ ажлуудыг нэмэхээр дотооддоо эрчим хүч үйлдвэрлэл өснө. Өнгөрсөн 2016-2017 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэд 48мвт-ын цахилгаан станцын өргөтгөлийг барьсан. 12мвт-ын дөрвөн турбинтай, суурилагдсан хүчин чадал нь 48мвт байх энэ төслийг би удирдаж байлаа. Мөн Дарханы дулааны цахилгаан станцын турбиныг 50мвт-аар өргөтгөх ажил Германы хөнгөлөлттэй зээлээр баригдаад удахгүй ашиглалтад орох бол Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцыг бас 35мвт-аар өргөтгөж байгаа. Дорнодын дулааны цахилгаан станцыг өргөтгөж 51 мвт-аар нэмэгдүүлсэн. Дорнодын дулааны цахилгаан станц Тамсагийн нефт олборлох үйлдвэрт эрчим хүч нийлүүлж байгаа учраас сүүлийн үед өндөр үр өгөөжтэй ажиллаж байна. Ингээд ирэхээр Хятадаас импортоор авч байсан хэрэглээ багасаад Дорнод, Сүхбаатар аймгийг цахилгаанаар хангах боломжтой болно.
-Манай эрчим хүчний систем ер нь ямар байдаг юм бэ?
-Ер нь эрчим хүчний алс хэтийн ирээдүй бол эрчим хүчний нэгдсэн систем байгуулах ёстой. Манай нэгдсэн систем чинь ерөөсөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс Булган, Хархорин, Өвөрхангай, Баянхонгорыг эрчим хүчээр хангаад л болдог. Говь-Алтайн “Тайширын усан цахилгаан станц” зөвхөн тэр хавиа л хангадаг. Баруун аймгууд эрчим хүчээ Оросоос авдаг. Эрчим хүчний систем гэдэг бол нэг станц доголдлоо гэхэд өөр нэг нь нөхөж ажиллаж болдгоороо маш давуу талтай. Одоо манай төвийн эрчим хүчний систем хагас тойрог болсон. Тэгээд Тавантолгойн эрчим хүч баригдчихвал Оюутолгойгоор дамжаад Хятад, Оростойгоо хамтраад нэгдсэн системтэй болох боломжтой. Тавантолгойн 450мвт-ын цахилгаан станц баригдвал 300-г нь Оюутолгой руу өгөөд үлдэгдлийг нь өөр бусад уурхайнуудад нийлүүлэх, говийн аймгуудад өгөх боломжтой болно. Ингэж чадвал уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн зардал ч эрс буурна.
-Тавантолгойн цахилгаан станц хэдий хэр хугацаанд баригдах боломжтой вэ?
-Энэ станц үндсэндээ нэг тэрбум долларын хөрөнгөөр 3-4 жил баригдана гэж тооцоолж байгаа юм. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд эхлэх юм бол Монгол Улсад тодорхой хэмжээний ашиг өгч, зардлыг бууруулна. Ийм хэмжээний төсөл, хөрөнгө оруулалт 12-15 жилийн дотор өөрийгөө нөхөх боломжтой. Ер нь цахилгаан станцын тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 25 жил байдаг. Гэтэл манай станцууд 40 жил ажиллаж байна. Тоног төхөөрөмжүүд нь бүгд металлын ядаргаанд орсон. Өнөөдөр 48мвт-ын цахилгаан станц ашиглалтад орлоо гэхэд дээд цэгт нь хүртэл ажиллуулж болдоггүй. Дандаа дутуу ажиллуулах ёстой. Тэгэхгүй бол эд ангиудын эвдрэл, хорогдол нэмэгддэг. Тийм учраас одоо шат дараатай ТЭЦ-3, ТЭЦ-4, Дархан, Эрдэнэтийн станцуудынхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх ёстой. Харин Амгалангийн дулааны цахилгаан станцыг 50мвт-аар өргөтгөх, ТЭЦ-3 станцын нам даралтын зуухыг өргөтгөж өндөр хүчин чадалтай болгох ажлууд яригдаж байна. Энэ ажлын явцад ТЭЦ-3 өндөр даралтын зуухаараа үндсэн ажиллагаагаа зогсоохгүй байхаар зохицуулж байгаа юм билээ.
-Та Оюутолгой төслийн гэрээтэй холбоотой “100 хоногийн хугацаатай үүрэг даалгавар” өгсөн ажилтай холбоотой хүн. Энэ талаараа ярихгүй юу?
-Монгол Улсын Засгийн газар 2009 онд Тогтвортой байдлын гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 2013 оноос хойш монголд үйлдвэрлэсэн цахилгааныг Оюутолгой компани худалдаж авах ёстой. Гэтэл энэ заалтыг 2017 он хүртэл хойшлуулчихсан байсан. Тийм учраас тухайн үед Засгийн газраас Ц.Даваасүрэн сайдад үүрэг өгөөд бид хамтдаа хөрөнгө оруулагч талтай олон удаагийн уулзалт хийсэн. Тавантолгойн цахилгаан станцыг барих гаднын хөрөнгө оруулагчаар нь Японы Marubeni компани орсон байсан. Ингээд 2018 оны нэг сард хугацаатай үүрэг өгсөн. Гаднын хөрөнгө оруулагчдын ганц шаардаж байсан нөхцөл нь Оюутолгой компани Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч худалдаж авна гэсэн баталгаа гаргаж өг л гэдэг байсан. Харин Оюутолгой компани баталгаагаа өгч чадаагүй. Харин уулзалтууд хийснээр Рио Тинто компани нилээд нааштай хандаж эхэлсэн. Гэтэл Японы хөрөнгө оруулагч тал “Парисын гэрээ хэлэлцээр”-ийн дагуу бид нүүрсээр цахилгаан үйлдвэрлэдэг станцтай гэрээ байгуулж чадахгүй. Хөрөнгө оруулалтаас татгалзаж байна гэдгээ хэлсэн. Ингээд гаднын хөрөнгө оруулагч хайж эхэлтэл Солонгосын Эрчим хүчний агентлаг буюу эрчим хүчний компани оролцоё гэсэн санал тавьсан. Бид нар Сөүлд томоохон уулзалтууд хийж тохиролцоонд хүрсэн. Түүнчлэн барилга байгууламжийн ажлын явцад солонгосын компаниуд оролцох, банкууд нь зээл өгөх боломжтой ч болсон. Үндсэндээ бол Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа буюу 2026 он хүртэл “хөрөнгийн баталгаа өгье”, бид нар эрчим хүч үйлдвэрлээд дуусахад нь эрчим хүчийг нь худалдаж авъя гээд тохиролцоонд хүрээд явж байсан. Харамсалтай нь 2018 оны долоодугаар сард Засгийн газар өөрчлөгдсөний дараа энэ асуудал маш ойлгомжгүй байдалд шилжсэн. Тийм болохоор Солонгосын тал ойлгомжгүй байгаа учраас гээд татгалзах саналаа ирүүлсэн. Ер нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар хөрөнгөө оруулж, бүтээн байгуулалт хийгээд 25 жилийн дараа Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлэх дарааллаар энэ төсөл хэрэгжих гэж байсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Nom unshij chaddaggyi bogs ni zagtnaad baidag humuusiig medeh maaaash hyalbar. Nom setguulee shuugeen deeree burhan shig tahichihdag kkk ineedtei ch zurag uu da ain?\n
Уурхайд цахилгаан станц барь
Шинэ нисэх буудал, Энэ цахилгаан станц яг л Эгийн голын усан цахилгаан станц шиг сунжирсан хугацаа, нэмэлт хөрөнг оруулалт гэхчилэн саатссар. Одоо нүүрсээр ажилладаг цахилгаан станцид хөрөгө оруулдаг улс байх уу.Монгол улс ч бас л үүрэг амлалт авчихаад түүнийгээ 27 хувиар нэмж бууруулна / хүлэмжийн хийг/ гээд олон улсад үүрэг авчихсан. Учираа олохгүй уймарсан л юм болж байна. Ийм маягаар монголын эрчим хүчний салбар цаашид бүрэн гадны хараат л болох янзтай. Одоо харин мэргэжлийн хүн удирдлаа. Энэ залууг дэмжээд элдэв шахаа үзүүлэхгүй ажиллуулвал сэргэж магадгүй шүү.
АН БОЛ ХАРИН ХИЙЧИХДЭГ БАЙСАН ШҮҮ. МАН ЯРИАД Л БАЙНА ЯРИАД Л БАЙНА. НЭГ АЖИЛ ДЭЭР ХЭДЭН ЯНЗААР ТЭЗҮ ХИЙНЭ. ХҮРЭЛСҮХ ЁСТОЙ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ХҮН ЮМ БАЙНА