[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Нэгдүгээр ангийн хөөрхөнүүдтэйгээ хэрхэн ойлголцох вэ!

2020 оны 09 сарын 03

Шинэхэн сурагч болсон нэгдүгээр ангийн хүүхдүүдтэйгээ хэрхэн зөв харьцах ёстой вэ? Тэдэнтэй ойлголцож, гэрийн даалгаврыг нь хийлгэх арга болон нэгдүгээр ангийн бяцхануудын сэтгэлзүй ямар байдаг талаар дараах зөвлөгөөг танд хүргэе.


Тэд ямар байдаг вэ?
 

 

  • Сургуульд орно гэдэг хүүхдийн тань хувьд сонирхолтой боловч том асуудал юм. Тэдэнд олон асуудал тулгарна. Амьдралд нь том өөрчлөлт гарна. Өөрийгөө бүхний хайранд, анхаарлын төвд байдаг гэж үздэг тэд яг ийм сэтгэлгээтэй олон хүүхэдтэй нэг ангид орно. Гэр бүлийн хүрээнд үнэлэгдэж байсан хүүхэд огт өөр орчинд өөрөөсөө илүү авьяас чадвартай хүүхдүүдийн байгаа байдлыг хараад гайхаж бишүүрхэнэ.
     
  • Хүүхэд бусдыгаа харж өөртэйгөө харьцуулдаг энэ үед нь хооронд нь өрсөлдүүлж харьцуулалт хийж болохгүй. Бусад хүүхдүүдтэй харьцуулснаар хүүхдийн тань сэтгэхүйд цочрол үүсэж ч мэдэх юм.
     
  • Зургаан настнууд асар сониуч, шинийг сурч мэдэх тэмүүлэлтэй, хөдөлгөөнтэй байдаг. Энэ бол хувь хүний төлөвшил, хөгжлийн хамгийн чухал үе юм. Ирээдүйд ямар хүн болох, төлөвшил хүмүүжлийн 70-80 хувь нь энэ насанд үүсдэг гэж сэтгэл судлаачид үздэг.


Хэрхэн харьцах вэ?
 

 

  • Зургаан настнуудыг маш сайн ойлгож, ярилцаж, сайн найз нь байх хэрэгтэй. Хичээл номоо хий гэж үглэн, хөндлөнгөөс харьцаж огт болохгүй.
     
  • Хүүхдийнхээ суралцах арга барилыг ол. Энэ нь түүний цаашид амжилттай суралцахын үндэс болно. Нэгдүгээр ангийн хөөрхөнүүдтэйгээ тулж харьц.
     
  • Хүүхдийнхээ сонирхлыг татах, хөгжөөнтэй болгох, тоглоомын аргыг ашиглах нь зөв аж. Хүүхэд аливаа зүйлийг сурч байх үедээ тоглох, тоглохдоо суралцах нь маш үр дүнтэй байдаг.
     
  • Та хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх дээр л анхаарч, бусад зүйлийг нь анзаарахгүй байж болохгүй. Түүний сэтгэлзүй адармаатай байгаа энэ үед нь маш сайн ойлгож, ярилцаж, хүлээж авах хэрэгтэй. Бусад хүүхэд өөрөөс нь ялгаатай, давуу, сул талтай, өвөрмөц онцлогтой гэдгийг эерэгээр тайлбарла. Өөрийнх нь давуу талыг сайн дэмж.
     

Даалгаврыг нь хэрхэн хийлгэх вэ?
 

 

  • Том хүний анхаарлын төвлөрөлт 15-хан минут байдаг. Хүүхэд, ялангуяа зургаан настны анхаарал төвлөрөлт ердөө хэдхэн секунд. Хүүхэд тань 15-30 секунд орчим л төвлөрнө. Иймээс даалгавраар шахаж, дүн, онооны үнэлгээгээр уралдуулах нь маш буруу юм. Сүүлийн үед хүүхдийн дүнг олны дунд зарлахаа больсон нь тун сайшаалтай.
     
  • Хичээлийг нь хийлгэх явцдаа загнаж огт болохгүй. Урам өг. Ингэснээр хүүхэд өөртөө илүү итгэлтэй, цаашид суралцах чин хүсэл эрмэлзэлтэй болдог. Жижигхэн амжилт дээр нь ч магт, үнэл. Даалгавраа талыг нь хийгээд орхисон ч зэмлэж, голж болохгүй.
     
  • Даалгавраа хийж байхдаа гаргасан үйлдлийг нь бусдад ховлох, өөр хүүхэдтэй харьцуулах, багшийг нь дэргэд нь муулах зэргийг огт гаргаж болохгүй.
     
  • Уурлаж хашгичин, гар хүрч огт болохгүй. Хүүхдэдээ түүнийг голж байгаа мэт мэдрэмж төрүүлж болохгүй. Энэ нь түүнд өөрийгөө голох комплексыг суулгаж, ирээдүйд хувь хүн болж төлөвшихөд нь маш муугаар нөлөөлнө.
     
  • Та хүүхдээ удаан суулгах, их юм бичүүлэх, нэг даалгаврыг дахин, дахин хийлгэх гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь тэдний сонирхлыг бууруулж, залхаана. Үүнээс болж хүүхэд тань стрессдэж, үгэнд тань орохгүй, хичээлээ хийхгүй, залхуурч, даалгавар хийхээс зугтдаг болно.
     
  • Хүүхдийнхээ өмнөөс даалгаврыг нь хийж огт болохгүй. Түүний дэргэд багш, сургуулийг нь даалгавар өгсөнд буруутгах нь буруу юм. Түүнийг хаацайлж, хариуцлагагүй байдлыг зааж өгч болохгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөөрхөн (202.179.26.56) 2020 оны 09 сарын 03

Тоглуулангаа сургах нь маш зөв сургалт. Зөөлөн ивээс үгнүүд хэрэглэж тэдэнд хэлбэл маш сайн хүлээж авдаг.

0  |  0
Top