Энэ онд төсвийн алдагдал түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдэхээр байгаа нь хувийн хэвшлийнхэн болон эдийн засагч, судлаачдын санааг зовоож буй. МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр төсвийн алдагдлыг бууруулан, үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийг эрэлхийлсэн юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил бүр танхим төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлдэг. УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй, хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдал төлөвлөсөн гэж тодорхой саналуудыг хүргүүлсэн. Хувийн хэвшлийнхний санал зөвлөмж, анхааруулгыг үл ойшоон шийдвэр гаргадаг явдал энэ удаад ч давтагдлаа.
УИХ-ын сонгуультай жилүүдэд төсвийн алдагдал огцом өсдөг байдал бий болсон. Төсвийн урсгал зардал 2019 онд 8.2 их наяд төгрөг байсан бол 2020 онд 11.2 их наяд төгрөг болж, 36.5 хувиар огцом өссөн. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн уналт тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна. Ирэх онуудад төлөгдөх томоохон дүнтэй зээлийн төлбөрүүдээс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дарамт нэмэгдэх бодит эрсдэлд бий болоод байгаа. Монгол Улсын нийт гадаад өр 30.8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Улмаар төсөвт ирэх өрийн дарамт хоёр дахин нэмэгдэнэ. Ялангуяа цар тахлын үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх шаардлагатай" гэдгийг тодотгосон.
Энэ үеэр Ж.Дэлгэрсайхан “Инститицын өнөөгийн байдал, төсөвт үзүүлэх нөлөө, үр дагавар” илтгэлдээ “Монгол Улсын хөгжлийн бодлого нь нэгдсэн байдлаар шийдвэрлэгдэж чадахгүй байгаа учраас төсөв болон бусад асуудлууд тархай бутархай, шийдвэрлэж чаддаггүй. Сангийн яам сүүлийн 10 жилд төсвийг бооно гэж ярьдаг болсон. Төсвөө боож аваачаад УИХ-д өгчихнө. УИХ боосон төсөв дээр нь нэлээн ажиллана. Төсөв нэгдсэн бодлогогүйгээр улс төрийн нөлөөлөл дор явж байна. Сүүлийн жилүүдэд улсын төсвийг захирах чиг баримжаа намуудын мөрийн хөтөлбөрийн дагуу явж байгаа. Намуудын мөрийн хөтөлбөр гэдэг нь сонгуульд ялалт байгуулахын тулд л боловсруулдаг бичиг баримт. Иймээс улсын төсөв улс төрийн нам, бүлэглэл, тодорхой байгууллагуудын нөлөөлөлд байна. Төсөвт нөлөөлөөд байгаа арга зам, сувгуудыг олж харах хэрэгтэй. Хуулийг дур зоргоороо өөрчилдөг байдлаа эргэн харах хэрэгтэй. Төсвийг төлөвлөх явцад, бүх шатанд улс төрийн нөлөөлөл байна. Төсвийг дагаж нийгэм, эдийн засгийн үр дагавар гарах ёстой. Төсөв макро эдийн засгийн үүрэгтэй. Монгол Улсын эдийн засагт макро эдийн засгийн зорилго байхгүй. Төсвийн зорилго тодорхойгүй, улстөрчид нь дур зоргоороо өөрчилдөг” хэмээн төсвийн алдагдлын шалтгааныг тодорхойлсон юм.
Тэгвэл эдийн засагч Н.Энхбаяр Монгол Улсын эдийн засаг “Голланд өвчин”-д нэрвэгдэхэд ойрхон байгааг сануулсан юм. Тэрбээр “Голланд өвчин, КОВИД-19 нөхцөл дэх төсвийн бодлого төлөвлөлтийн зарим асуудал” сэдэвт илтгэлдээ “2020 оны төсөвт уул уурхайгаас олох орлогыг хэт өндрөөр төсөөлсөн. 42 сая тонн нүүрс экспортлох буюу 3.2 их наяд төгрөг олно гэж цаасан дээр өндөр төсөөлөл тавьсан ч бодит байдал дээр хоёрхон боомтоор нүүрсээ гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сая тонн нүүрс экспортолсон. Цар тахлын тухай хуулийг өнгөрөгч тавдугаар сард батлахдаа батлагдсан жилийн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар зохицуулалт хийж болно гэсэн заалт оруулсан нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Сүүлийн 13 жил түүхий эдийн хамааралтай төсөв өргөн барьсан. Энэ бол туршлага суухад хангалттай хугацаа. Зах зээлд байнга үнийн савалгаатай байдаг нүүрс, зэс дээр тулгуурлаж төсвөө боловсруулдаг учраас Монгол Улсын эдийн засаг тогтворгүй байдгийн гол шалтгаан. Гаднын байгууллагуудын тайланд “Манай улсын эдийн засгийг түүхий эдийн үнээс хэт хамааралтай “Голланд өвчин”-д нэрвэгдэхэд ойрхон байгааг анхааруулж, төсвийн зарлага болон менежментийн шинэ удирдлага хэрэгтэй” гэж зөвлөсөн. Тогтворжуулалтын сангийн орлогыг төрөөс хараат байлгаж, олон улсад гаргаж хадгалах хэрэгтэй” гэдэг саналыг дэвшүүлж байлаа.
Эдийн засагч Б.Дөлгөөн “Нэн шаардлагатай хөрөнгө оруулалт ба төсвийн тодотгол” сэдэвт илтгэлдээ "Өнөөдөр 98 мянган иргэн орон сууцны найман хувийн зээлтэй. Тэдний зээлийн үлдэгдэл 4.7 их наяд төгрөг. Энэ жилийн төсвийн алдагдал 100 мянган өрхийг орон сууцжуулахтай тэнцэхүйц хэмжээтэй. Энэ оны төсвийн хуваарийг харахад нийт 2.1 их наяд төгрөгийн алдагдлын 90 хувийг эхний зургаан сард оруулсан. Төсвийн гүйцэтгэлийг харвал дээрх алдагдал 2.2 их наяд төгрөг болсон. Энэ мөнгөөр 50 мянган өрхийг орон сууцаар хангах боломжтой байх байлаа. Орлого талаасаа үүссэн алдагдлын 60 хувь нь магадгүй цар тахалтай шууд холбоотой байхыг үгүйсгэхгүй. 2020 оны төсвийг төсөөлөхдөө анхнаасаа орлого талаа тооцоолохдоо татварын орлогыг 22 хувиар өснө гэж хэт өөдрөг төсөөлсөн нь өнөөгийн орлогын бууралтын 40 хувийг эзэлнэ” хэмээн шүүмжилсэн бол Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай “Төсвийн алдагдал дэлхий даяар өсөж байна. Монгол Улсын хувьд бүс нутгаар нь аваад үзвэл 10 хувийн алдагдалтай байгаа нь бусад улстай харьцуулахад харьцангуй өндөр” гэсэн юм. Харин хувийн хэвшлийг төлөөлөлж хэлэлцүүлэгт оролцсон "Ард лайф" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, "КОВИД-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг хөрөнгийн зах ээлийг хөгжүүлж байж, эрсдэл багатай даван туулна. Түүнчлэн 2030 онд зарцуулалт нь эхлэх Ирээдүйн өв санг хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулахгүй бол үнэ цэнэ нь буурах болно” гэдгийг сануулж байлаа. Мөн "Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул “Улсын батлагдсан төсвийн ихэнх хувь хэмжээг хувийн хэвшил бүрдүүлдэг хэдий ч зарцуулалтын өгөөж, үр дүн нь бидэнд огт хүртээмжгүй байдаг. Нүдэнд харагдах байшин барилгаа л хөрөнгө оруулалт гэж үздэг. 1000 гаруй хүнтэй суманд том Соёлын ордон барих зэргээр үр ашиггүй бүтээн байгуулалт их байна” гэлээ.
Ийнхүү хэлэлцүүлэгт оролцсон талууд улсын төсвийг уул уурхайн болон улс төрөөс хэт хамааралтай баталж ирсэн өндөр алдагдалтай хүлээх үндсэн шалтгаан болж буйг хэлсэн. Энэ нь зарлага талдаа хэт үрэлгэн төсөв батлахад хүргэдэг гэдгийг санууллаа.
Д.ДОРЖ
Сэтгэгдэл ( 1 )
Казакстан улс ойрын 4 жилд төсвийн байгууллагуудын орон тоог 25 хувиар багасгана гэж байна. Манайд энэ бодлогыг явуулах хэрэгтэй.