Утааг бууруулахын тулд ХУЛАНГАА ЦӨӨЛНӨ гэвэл зөвдөх нь

2020 оны 09 сарын 11

Утааны тухай ярьж байж юун хулангийн тоо цөөлөх болоод хадуурчихав гэж зарим хүн гайхаж мэднэ. Энэ тухай арай хожуу өгүүлье.

Ойрын өдрүүдэд Өвөрмонголын бага сургуулиудад монгол хэлний хичээлийг хязгаарлаж, хятад хэлийг нэгдүгээр ангиас нь үзүүлэх гэж байгааг эсэргүүцсэн үйл явдал өрнөж, бид ч хэр чадлаараа түүнийг дэмжиж буй. Энэ бол өмнөд хөршийн дотоод хэрэгт оролцсон хэрэг огтоосоо биш, харин бидний элэг, туурга нэгт монгол үндэстний хэл, соёл, худам монгол бичгийг хадгалан үлдэх тухай асуудлыг сөхөж байгаа юм.

Гал голомтоо сахин үлдсэн гурав сая гаруй монголчууд кирилл бичиг хэрэглэж бичдэг, уг бичгийн үсгийн дүрмээр ярьж бичдэг болсоор 80 шахам жил болох гэж байна. Харин өмнөд монголчууд худам бичгээ ашигласаар өнөөдрийг хүрсэн, өөрөөр хэлбэл уугуул монгол бичиг, соёлын гал голомтоо сахин суугаа элэг нэгтнүүд маань учир ийнхүү бид тэдний хэл бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг дэмжиж буй билээ. Монгол хэл, соёлынхоо төлөөх үндэс, хэл нэгтнүүдийнхээ тэмцлийг дэмжих нь тусгаар Монгол Улсын иргэдийн эрх, бас үүрэг ч мөн гэдэгт итгэнэ.

Ингэхэд бид худам монгол бичгээ хойш эвхэж тавьснаас гадна монгол хэлнийхээ дотоод дархлааг сахиж хамгаалж чадаж байгаа бил үү? Өдөр өдрөөр, алгуур алгуураар бидний хэл ярианд гулсан орж уусан монголжиж байгаа гадаад үгэнд унаган монгол үгээ эзлүүлсээр суугаагаа анзаарах сэхээ бий юү? Унаган монгол үг, яриа маань шарын шашны нөлөөгөөр төвөджиж, дээхнэ цагийн худалдаа, арилжааны далимаар хятаджиж, социализмын үед оросжиж, одоо англи, солонгос үгсийн холион бантан болсоор. Үүнийг үг хэл баяжиж, хөгжиж байна гэж үздэг хэсэг байдаг ч хэтэрвэл унаган монгол үгээ бөөн цөөнөөр нь гээж мартах аюултай. Шинжлэх ухаан, техник, технологийн нэр томъёог гадаадаар нэрлэх нь зөв боловч ахуй амьдралын энгийн үгсийг гадаадчилах нь монгол хэлийг дотроос нь “идэж”, унаган монгол үгийг мартагнуулах шалтгаан болно.

 

Хамгийн эхэнд дурдсан утаа, хулан хоёрын тухай яриандаа эргэж оръё. Хэдэн жилийн өмнө Монголын хэсэг сэтгүүлч өмнөд хөршид ажлаар очив. Нэг өдөр Бээжин хотын зураач урчууд бүтээлээ туурвидаг урлангаар зочиллоо. Өвөрмонгол орчуулагч бүсгүй энэ тэрийг сонирхуулж явснаа нэгэн баримлын талаар онцлон ярив. Хаана байгааг нь асуутал “Тэр хулангийн цаана цухуйж байна” гэв. Бид хайгаад хайгаад хулан олж харсангүй. Хулан хэмээх зэрлэг адууны баримал олж харах санаатай цаг барж буй нь тэр. “Хаана” гэж асуух тоолонд орчуулагч бүсгүй нэлээд дээгүүр заах юм. Бид хуланг олсонгүй ээ.

Анзаараад байхад бүсгүйн гар нэг янданг чиглээд байх шиг. “Яндангийн хаана хулан байна” гэтэл орчуулагч маань гомдож орхив. “Та нар биднийг хятад гэж гоочилж, бас биднийг монголоор ингэж тэгж ярьдаг гэж шоолдог атлаа өөрсдөө хятадаар яриад...” гэх нь тэр. Бид яаж хятадаар ярьснаа ойлгосонгүй, мэл гайхацгаалаа. Гэтэл яндангийн уугуул монгол нэршил нь хулан агаад өвөрлөгчид тэгж хэлсээр иржээ. Харин яндан нь ян тон гэх хятад үг болоод явчихлаа. Ёстой хэлэх үггүй гөлөлзөнө гэдэг болсон доо, бид. Түүнээс хойш орчуулагчийнхаа дэргэд үгээ хянадаг болцгоолоо.

 

Өмнөд хөрштэй хэдэн мянганаар хаяа залган сууж, олон талын харилцаатай байснаас үүдэн утга нэгт монгол үг байсаар атал хятад үг ихээр хавчуулсан байдаг.Ядахдаа л “Юндэн гө гө” гэж дуулна. Ге ге нь хятадаар ах л даа. “Бидний аялгуу” гэж 1956 оны монгол кинон дээр Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт дуучин Л.Цогзолмаа “Юндэн хүү” гэж дуулж байгааг анзаарсан л байх. Уг нь Юндэн хүү байж л дээ.

 

Цайны домбоо шинэ цагийн сав суулгаар солихдоо данх буюу тон ху гэдэг хятад үгээр нэрлэчихсэн. Байшинд суудаг болсноор гэгээвчээ цонх буюу чуан ху хэмээж, хүрээг нь жааз буюу жиаз гэчихсэн. Шүдний сойз /шуаз/, жууз тэрэг /жүөз/, наймаа /маймай/,  янз бүр /ян сө буюу өнгө бүр/, даашинз /да ченз/ гэдэг үгийг байнга хэрэглэнэ. Цэргийн гарамгай удирдагчийг жанжин /жан жүн/, үймээн самууныг дажин /да жян /, бөсийг даавуу /да бү/ гэнэ. Ногооны нэр байцай /цагаан ногоо/, чинцай /хөх ногоо/,  жууцай, шийгуа, мөөг /мө гү/ хоолны нэр бууз, банш, шарвин, мужаан буюу модны дархан, бу ши буюу биш гээд цааш хөвөрнө. Гоё зүйлийг “чамин” эд гэдэг нь дээр үед монгол жинчид Бээжин хотын Ча мэн буюу Өмнөд хаалганы захаас гоё ганган эд зүйл авчирдаг, түүнийгээ чамин гоё гэж хэлдэг байснаас үүссэн гэдэг.

 

Шашнаар дамжиж төвөд, санскрит  хэлээс орж ирсэн өлзий, дэмбэрэл, сансар, тив, бурам, хадаг,зул,  нян гээд бидний өдөр тутам хэрэглэдэг монгол хэлэнд уусан шингэсэн үгс орж иржээ. Түүнээс гадна хүрээ, хийд олноор төвлөрч байсан газруудад газар усны нэрийг төвөдөөр нэрлэдэг болсноор уугуул нэр нь мартагдсан гэдэг. Тухайлбал, түүхч О.Сүхбаатарын хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдын нутгаар явж байхад уул, усны нэрийг Хангалын гол гэх мэтээр төвөдчилж нэрлэснээс “Монголын нууц товчоо”-нд гардаг олон газрын монгол нэр мартагдсаныг дурдаж байсан билээ.

Социализмын үед орос үг ихээр нэвтэрч, клуб, контор, ботинк, стол, балкон, диван, пальто, дежур, аптек зэрэг олон үг амь бөхтэй “суусаар”.

Сүүлийн үед монгол хэл англижиж наад зах нь оффшор, менежер, продакшн, файл, бизнес, лизинг, оффис, холдинг зэрэг олон олон үг өдөр тутмын хэрэглээ боллоо. Аливаа хэлний үйл үг гадааджиж эхэлбэл аюул дагуулдаг гэдэг. Өмнөх нийгмийн үед Иди сюда, беги быстро, читать надо хэмээж байсан манайхан өдгөө cancel-дах, copy-дох, share-лэх, call me, go baby хэмээн ярьж сууна.

Ингэхээр монгол хүн бүр уугуул босоо монгол бичгээрээ бичиж сурахын зэрэгцээ, ахуйн наад захын хэрэглээний үгс, үйл үгсээ монголоороо хэлж, нэрлэж хойч үедээ үлдээх үүрэг хариуцлага ногдож байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(103.20.152.50) 2020 оны 09 сарын 12

Энэ бичигч маш зөв бичсэн байна ....Монгол хэл бүр сүйрч байна ...Наад зах нь зөв сайхан ” САЙН БАЙНА УУ ? ” мэндэлж чадахгүй ...” сайхан амарсан уу” юу байна” ямар сонинтой байна ” гэх мэт ...Мөн 2 үг хэлээд л ”байгаа” ”байгаа” ”байгаа” Мөн 2 үг хэлээд ” ёо ” ёо ” ёо ” Мөн 2 үг хэлээд л ” үхтлээ айлаа” үхтлээ атаархмаар ” гэ ” үхэл ” яриад л МАШ ИХ МУУ ,МУУ ЁРЫН ҮГ ИХ ХЭРЭГЛЭЖ ЯРИХ ЮМ ДАА....ҮҮНИЙГ Л ЗАСАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА....

0  |  0
Зочин(202.55.188.33) 2020 оны 09 сарын 12

Ганцхан хулан дээр очоод мадлуулаад байгаа бол тэр сэтгүүлчийн өөрийнх нь хэр хэмжээ тэр биз. Бага байхад Цасан хатан билүү Андерсоны үлгэр уншиж байхад ийм үг таарч л байсан. Гэлээ гээд ганц үгний төлөө уулан дээр бар ноцолдоход уяан дээр илжиг үргэдэг шиг тэвдэж давхих хэрэггүй. Ер нь монгол хэлийг сайн судлавал унаган үгийн сан тун ядмаг байж мэднэ. Тэр гадуурхаад байгаа олон үг чинь тэр чинээгээрээ соёл, технологийг тээж ирж манай хэлийг баяжуулсан гэсэн үг. Аль ч хэл ингэж л хөгждөг. Бид үйлдвэрлэгч ард түмэн байсан бол өөр. Бусдад үгийн хэрэглээгээ тулгаад байж байхсан.

1  |  0
Оркиуудыг дээш засны(192.82.75.76) 2020 оны 09 сарын 11

Энэ хэд барьсан бичгээ уншиж мэдэхгүй байгаа ш дээ .Уншиж чадахгүй юм чинь юун ч зөв бичих дүрэм мэдэхэв дээ. Бичиг үсгээ хадгалж авч явах гэх нь зөв ч ямар арга хэлвэрээр хадаглж явахаа ухаалгаар хандах хэрэгтэй. Хийрхэх хэрэггүй дунд сургуульд заах хээгтэй. Нэгэнт заагаад анхы суурийг нь тавиад өгчихсөн байхад тухайн хүн цааш нь гүнзгийрүүлж судлаад ажил амьдралдаа хэрэглэх нь нээлттэй байгаа ш дээ .Хуучин бичгээр нийтээр хэрэглээд яв гэж тулгах нь цахимжсан эрин үед учир дутагдал ,хор хөнөөл хэтийдэх биздээж

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 09 сарын 11

Уг нь энэ эхлэн бичигч цаашаагаа дахиад жаахан судалбал гаднаас орж ирж хэвшсэн үгнүүд нь өөрсдөө хэл соёлыг хөгжүүлж байдгийг мэдэх юм. Тэгвэл улс үндэстнээрээ туршилтанд орсноос ганц тэнэгийг сэхээрүүлчихвэл арай зардал багатай юм биш үү?

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 09 сарын 11

Одоо тэгээд нэгэнт хэрэглээд хэвшчихсэн эдгээр үгсийг орчуулж хэрэглэе гэж байгаамуу? Их л зовох байх даа. Зовох ч дүүрч. Нийгмээр дүүрэн маазрал болж, сэтгэлгээгээр асар хурдацтай хойшлох байх. Хулангаа цөөлье гэтэл амьтдаа буудаад унах ч магадгүй. Нийгмийн хөгжил ухардаггүй юм шүү дээ. Хүчээр ухраах гэвэл их л эмгэнэлтэй байдалд хүрэх байх даа. Яахав дээ зав байна, юунд ч яаж ч зарцуулсан ёо гэдэггүй төсвийн мөнгө байна. Туршаад л үзэхгүй юу даа. Тэнэг монгол туршуулж ямар ханах биш.

0  |  0
зочин(202.55.191.194) 2020 оны 09 сарын 12

доорх сэтгэгдэлийг эрлийз хүн бичсэн бололтой. Монгол хүн монгол хэл, соёлоо сурахгүйгээр амьдарч, аж төрнө гэж байхгүй ээ. монгол хэл, монгол соёлоо хадгалж, монгол ахуйгаараа амьдарч байж монгол улс оршин тогтноно. харь цус холилдсон улс үүнийг яаж мэдэхэв дээ, зайлуул,

2  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 12

Bi l huuhdee mongol bichig gesen balai yum buh nasaar ni surgaj huuhdiin tahiig hogoor hutgahgui,mongol surguulid orood bur mangar bolno,tegsen or heregtei odoo uyeteigee niilsen surgalttai surguuli haina,ter durtainuud ni huviaraa fuguilan ter uvur mongoldoo ochood surna 1 saraal boloo,uur surch medeh heregtei hicheeluud uchnuun bn

0  |  4
Top