НҮБ-ын Ассамблейн чуулган дээр ПУТИН ЮУНД АНХААРАВ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Жил бүрийн намар уламжлал болон зохион байгуулагддаг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган цар тахлын улмаас энэ жил өвөрмөц байдлаар, цахим хэлбэрээр явагдаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотноо “Бидний хүсэж буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр эхэлсэн юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилнэ. Ерөнхий санал шүүмжлэлд нийт 122 улсын төрийн тэргүүн, 54 улсын Засгийн газрын тэргүүн, 18 улсын Гадаад хэргийн сайд нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75-р чуулганд цахим хэлбэрээр оролцон илтгэл тавилаа.

Тэрээр коронавируст цар тахлын талаар, дэлхийн худалдааны хориг арга хэмжээг цуцлах, сансрын орон зайд зэвсэглэл байршуулахыг зайлшгүй хориглох шаардлага, мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрхийг хадгалах зэрэг асуудлаар голчлон ярьжээ.

 

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ДЭХ ХОРИГ ТАВИХ ЭРХ

 

"Общее будущее общими силами" (Нэгдмэл ирээдүйг нэгдсэн хүчээр) хэмээх бичиг бүхий дэлгэцийн өмнө зогсонгоо Путин Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болон НҮБ байгуулагдсан хэмээх “Бие биетэйгээ үүрд холбогдох” хоёр чухал үйл явдлын 75 жилийн ойг энэ онд тэмдэглэх талаар сануулан, илтгэлээ эхэлсэн байна. Тэрээр НҮБ энхийг сахиулах өөрийн гол үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буйг дурдаад, олон улсын ямар ч байгууллага “Хөшүүн байх ёсгүй”, харин “Өдрөөс өдөрт улам нийлмэл, олон талт, олон хэмжээст болж буй орчин үеийн ертөнцийн бодит байдалд зохицох” ёстой хэмээн дурджээ. Дараа нь тэр НҮБ-ын гол бүтэц болох Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн тухай ярихдаа түүний байнгын гишүүд хориг тавих эрхээ зайлшгүй хадгалах ёстойг онцлон тэмдэглэсэн байна.

“Байнгын гишүүдийн хориг тавих эрхийг хадгалахгүйгээр хангах боломжгүй даяаршлын удирдлагын нэгэн чухал салбарын хувьд Аюулгүйн Зөвлөл бүхий л улс орнуудын эрх ашиг, тэдний байр суурийн олон ургальч байдлыг тооцоолон, хамгийн өргөн хүрээт зөвшилцлийн зарчим дээр тулгуурлаж хөгжөөсэй гэх хүсэл эрмэлзэлд бидний хэлэлцүүлгийн гол санаа оршиж байна” хэмээн өгүүлээд, “түүхийн сургамжийг мартах нь алсын хараагүй, маш хариуцлагагүй үйлдэл” гэж цохон онцолсон аж.

 

Хориг арга хэмжээнээс татгалзах

“Хөл хорионы дэглэм, хилийн хориг, олон янзын хүндхэн асуудлууд бараг дэлхийн бүхий л улс орнуудын иргэдийн хувьд өнөөгийн бодит нөхцөл байдал болоод байна. Цар тахалтай холбоотойгоор үүссэн нийгэм-эдийн засгийн цочролуудын хамрах хүрээ болон түүнээс гарах үр дагавруудыг бүрэн хэмжээнд үнэлж дүгнэх явдал шинжээчдийн өмнө тулгараад байгаа. Гэвч дэлхийн эдийн засгийг сэргээн босгоход маш урт удаан хугацаа шаардлагатай болох нь одоо илт харагдаж байна” хэмээн Путин өнөөгийн нөхцөл байдлыг дүрслэн өгүүлжээ.

Үүний тулд шинэ, стандарт бус шийдвэрүүдийг гаргах, жишээ нь, Оросын санал болгоод буй “анхан шатны нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, хүнс, эмийн хэрэгсэл, цар тахалтай тэмцэхэд чухал шаардлагатай хамгаалах хэрэгслүүдийг худалдааны дайн болон хориг арга хэмжээнээс чөлөөлөх” ногоон хонгилыг бий болгох явдал шаардагдаж буйг цохон тэмдэглэсэн байна. Цар тахлын үед янз бүрийн орны ард иргэд харилцан туслалцах, хамтын дэмжлэгийн үлгэр жишээг үзүүлж байгаа хэдий ч улс хоорондын, албан ёсны түвшинд зарим үед хүмүүнлэг байдлын илэрхийлэл хомсдож буй талаар Путин өгүүлсэн боловч чухам ямар тохиолдлууд гарсныг тодорхой тайлбарлаагүй аж.

 

ОРОСЫН ВАКЦИН

 

Цар тахлын тухай ярих үедээ коронавирусээс хамгаалах оросын "Спутник V" вакцин дээр тусгайлан анхаарч, тайлбар хийсэн байна. “Бүхий л улс орнууд болон олон улсын байгууллагуудтай бид өөрсдийн туршлагаа хуваалцаж, аюулгүй, найдвартай, үр дүнтэй байдлаа баталсан орос вакциныг бусад орнуудад нийлүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн Путин мэдэгджээ. Оросын тал НҮБ-ын ажилтнуудаас хүлээн авсан уриалгын дагуу тэдэнд туслахад бэлэн байгаагаа илэрхийлээд “Орос улс НҮБ-ын ажилтнуудад шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж, тус байгууллагын бүхий л салбарын ажилтнуудад сайн дурын вакцинжуулалтыг  үнэ төлбөргүй хүргэхэд бэлэн байна” гэж тэрээр амласан аж.

 

Зэвсэглэлд тавих хяналт

Цааш нь Путин хүрээлэн буй орчныг хамгаалах болон цаг уурын өөрчлөлттэй холбоотой үүсээд буй асуудлуудад анхаарлаа хандуулан яриад, дараа нь зэвсэглэлд тавих хяналтын сэдэвт шилжсэн аж.

Орос болон АНУ-ын хоорондох стратегийн дайралтын зэвсэглэл (СНВ-III)-ийн тухай хэлэлцээр хоёрдугаар сард хугацаа нь дуусахыг сануулаад, “шинэ пуужингийн системийг байршуулах талаар харилцан тэвчихийг” уриалжээ. Түүнээс гадна, сансрын орон зайд зэвсэглэл байршуулах, сансар дахь объектуудын эсрэг хэрэглэхийг хориглох талаар дэлхийн тэргүүлэх сансар судлалын гүрнүүдийн оролцоотойгоор зөвшилцөл байгуулах тухай санаачлагыг Орос улс дэвшүүлж буйг Путин онцлон дурдсан байна. Тэрээр цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа “их тавын” чуулга уулзалт зохион байгуулна гэдгээ амлаад, “Даян дэлхийн бүх хүмүүст энхтайван, элбэг хангалуун амьдралыг хүсэн ерөөе” гэсэн үгээр өөрийн илтгэлээ өндөрлөжээ.

 

ТЭГВЭЛ ТРАМП ЮУ ЯРЬСАН БЭ?

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад удирдагчдын адилаар коронавируст цар тахлаас яриагаа эхэлсэн байна. “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болон НҮБ байгуулагдсанаас хойш 75 жилийн дараа бид үл үзэгдэгч дайсан-хятад вирусын эсрэг дахин хамтын хүчээр тэмцэхээр боллоо” хэмээн тэрээр өгүүлжээ. Америк орон Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших томоохон гарз хохирлыг амсаад байгаа хэдий ч вирусыг хяналтад авч чадсан гэдгээ Трамп цохон дурджээ. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш тус улс дахь коронавирусээр нас баралтын түвшинг 85 хувь бууруулж чадсан бөгөөд ойрын хугацаанд АНУ-д Ковидоос сэргийлэх вакцин тараагдана гэж мэдэгдээд, “Бид вакцинаа түгээснээр аюулт вирусыг ялж, гэрэлт ирээдүйг хамтдаа харах болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч өгүүлсэн байна.

Тэрээр вирусыг тараасан гол буруутан буюу Хятад улсыг АНУ болон НҮБ-ын зүгээс шийтгэх ёстой гэж хатуухан мэдэгджээ. Цар тахлын оргил үед Хятад улс дотоодын бүхий л нислэгүүдээ хориглосон атлаа олон улсын рейсүүдийг сул тавьснаар дэлхий дахинд вирусыг тарааж, тус улсын эрх баригчдын зүгээс ДЭМБ-ыг төөрөгдөлд оруулсан гэж Америкийн удирдагч буруутгасан аж.

“Хятадын Засгийн газар болон ДЭМБ тухайн үед нөхцөл байдлыг хянаж байхдаа вирус хүнээс хүнд халддаг талаар ямар ч нотолгоо байхгүй, шинж тэмдэггүй хүмүүс өвчин тараахгүй байгаа хэмээн хуурамч мэдэгдэл хийж байсан” хэмээн Трамп видео илтгэлдээ өгүүлжээ. Ердөө долоон минут үргэлжилсэн илтгэлийнхээ төгсгөлд тэрээр өөрийн ололт амжилтын талаар онцлон дурдсан байна. Түүнийг төрийн эрх барьсан өнгөрөгч  хугацаанд АНУ “дэлхийд хүчирхэг эдийн засгийг бий болгон, шилдэг армийг бүтээж чадсан” гэжээ. Мөн олон улсын тавцан дээр түүний байгуулсан гол гавъяагаар хүний наймааг зогсоох зорилгоор Төв Америкийн орнуудтай харилцаагаа сайжруулсан, “Исламын улс” террорист байгууллагын удирдагч Абу Бакра аль-Багдадиг хөнөөсөн, Сербийг Косовотой эвлэрүүлсэн, Америк цэргүүдийг Афганистанаас гаргасан зэргийг дурдсан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top