ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлгийн эзэд тодорлоо

2020 оны 09 сарын 24

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг бол яах аргагүй “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” байдаг билээ. 2020-2021 оны хичээлийн жилд 1-р курсэд элсэн суралцаж буй шинэхэн оюутнуудын дунд зарлагдсан тус тэтгэлэгт хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оюутнуудаа тодруулаад байна.

Оюутан сурагчдын дунд хэдийнэ танил болсон “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2007 оноос эхлэн орон даяар, нээлттэй зарлаж буй. Энэ жилийн хувьд Монгол орны 21 аймаг болон нийслэлийн бүх дүүргээс нийт 700 гаруй шинэ оюутнууд материалаа ирүүлэн идэвхтэй оролцсон бөгөөд ЕБС-д суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, нийгмийн идэвх, эссэ бичлэг зэрэг голлох үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалтаа явуулсан юм. Хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн шинэ оюутнуудын материалын сонгон шалгаруулалтыг ХААН Банкны төлөөлөл, боловсролын байгууллагын хөндлөнгийн шүүгчдийн баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод 2 үе шаттайгаар явуулсны үр дүнд 2020-2021 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг хүртэх шилдэг 60 оюутныг тодрууллаа.

Ийнхүү ХААН Банк өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийт 1,800 гаруй оюутан сурагчдад 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Эрдэм мэдлэгийг эрхэмлэн, залуусын боловсролыг тууштай дэмжигч ХААН Банк Сан сурлагаараа манлайлан, идэвх оролцоогоор тэргүүлэгч шилдэг залууст тэтгэлэг олгож, тэдний цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлэлийг нь дэмжин, оюуны их хөрөнгө оруулалт хийлээ.

2020-2021 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан үе тэнгийн залуусаа манлайлагч, өсөх ирээдүйтэй шилдэг 60 оюутны нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Top