АСУУДАЛ: Айл ажил, манайх ХАЛАМЖ зэхнэ

2020 оны 10 сарын 02

Халамж хавт­гайрлаа гэх шүүмжлэл олон жил тасарсангүй, үе үеийн төр, Засгийн газар ч халамжаас гар татсангүй. Хамгийн сүүлийн халамж гэвэл орон нутгийн сонгууль эхэлж буй энэ цагт нийслэлийн зорилтот бүлгийн 10 мянга орчим айлд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн явдал. Энэ ажлыг дүүргүүдийн халамжийн хэлтэс, Нийслэлийн халамжийн газар хамтран зохион байгуулахаар болжээ. Түүн дээр 2013 оноос хойш хэрэгжиж буй хүнсний талон хэмээх халамж бий. Түүнийг 44300 гаруй өрхийн 250 мянга илүү хүн хүртдэг ажээ.

Үнэхээр хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, тэжээх тэтгэх хүнгүй, олон жижиг хүүхэдтэй хүмүүст энэ үйлчилгээ хүрдэг бол сайн хэрэг. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэгчээр хороо, халамж хавиар танил талтай, тэр бүү хэл тухайн хороонд эрх барьж буй намын харьяалалтай зарим нэгэн тэдний дунд хавчуулагдан хүнсний талон хүртдэгийг хэлэх хүмүүс бий. Тэр хэрээр зайлшгүй авах ёстой иргэд сугарч хохирдог талаар бишгүй дуулддаг.

Дээрээс нь энэ халамжийг хүртэх иргэдийн жагсаалт буурах бүү хэл, жилээс жилд улам нэмэгддэг нь хүмүүсээ ядуурлаас гаргах ажил үр дүн муутай байгааг харуулна. Хүнсний талон, шахмал түлшнээс өөр бусад халамж ч зөндөө. Наад зах нь автобусанд хөнгөлөлтэй зорчигч үнэмлэхтэй залуу эрчүүд олон. Үүнээсээ ичих эрээлэх нүүр огт үгүй. Ерөөсөө л иргэдээ ажлын байраар хангаж чадахгүйгээс хойш халамж хүртээгээд амар сайхан жаргуулахын үүдийг төр, засгаас нээж өгч байгаагаас ялгаагүй.

Дэлхийн банкны судалгаагаар Монголын хүн амын 30 хувь ядуурлын түвшинд амьдардаг гэсэн дүн гарчээ. Шинэ зуун эхэлсэн 2000 онд яг энэ хувь, энэ тоон дээр Монголын ядуурлын түвшин байсан. Хорин жилийн турш дээшилсэнгүй, доошилсонгүй, байран дээрээ гацсан.

Халамж бас улс төрийн барьцаа болж буй нь ч нууц биш. “Манай намд саналаа өгч байж хүнсний талоноо аваарай” хэмээн иргэдийг саналаар нь барьцаалсан тохиолдол гарсан тухай өмнөх сонгуулийн үеэр сонсогдож байсан.

Тэгэхээр улстөрчдөд ажилгүй, анхиагүй, амьдрах чадвар тааруу ангаахайнууд хэрэгтэй байх нь. Онцын шалтгаангүй, ажлын чадвартай атлаа халамж хүртэгчид бол нэг төрлийн манкурт боол мэт. Ялгаатай нь жинхэнэ манкурт боол эзний төлөө эхээ ч алахаас үл буцан үхтэл зүтгэнэ. Халамжийн боол саналаа зараад ангайж тэжээлгэх хоолны үйрмэг олж хүртэнэ.Хоолоо дуусахаар дараагийн халамжаа нэхнэ. Тэд сар, сарын 20-доор хороо хавиараа эргэлдэж  “Өгсөн гурил, будаа чинь барагдаж байгаа шүү” гэж хээв нэг хэлж суудаг юм гэсэн.

Ийм орчинд өссөн хүүхдэд өсөж том болоод ажил хийж амьдралаа авч явах талаар ойлголт байхгүй. Аав ээж нь халамжлуулагч байсан учраас амьдралын өөр “хэв шинж”-ийг үл мэднэ. Ажил хийх гээд ч тэр айлд тийм уламжлал байхгүй учир ухааныг нь олж дийлэхгүй. Цалин голно, ажил хийхээсээ өмнө өгөх мөнгөний тоо сонирхоно. Бэлэн халамжтай, биеийн амрыг харж суугаа хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэнэ, архи дарс ууна, агсам согтуу тавина.

Хөдөө нэг суманд зах зээлийн нийгэмд шилжихийн босгон дээр болсон явдал гэнэ лээ. Хөгшин эхийнхээ тэтгэврээр амь зуудаг дөрөв таван харчууд байж. Нэгдэл нийгэм нь тарахын өмнөхөн мөнөөх хэдэд идэшний үхэр дөхүүлж өгч. Урьд ээж нь нэгдэлд чадах ядахаараа ажил хийж байсных нэг удаагийн халамж үзүүлж л дээ. Хагас сарын дараа нэгдлийнхэн эргэж очиход гэрийнх нь урдхан нохой, шувуу цугларсан харагдаж. Мань хэд үхрийн махаа ч олигтой шулсангүй, хавирга, нурууны ясыг хэлхээтэй чигээр нь, мөлжүүртэй нь чулуудчихсан, түүн дээр нь араатан, жигүүртэн найрлаж байсан нь тэр аж. Түүнээс хойш тэдэнд нутгийнхан нүүр өгөхөө больж, мөнөөх харчууд ганц тэжээгч нь болох ээжийгээ өөд болоход хот бараадахаар яваад сураг тасарсан гэдэг. Халамжаар өл залгуулаад байвал ийм л хүмүүс олон болно.

Манайх нэг иймэрхүү халамж зарлаж, хавтгайд нь амарчлах, бэлэнчлэхэд сургаж байхад айл хөрш улс орнууд залуустаа ажлын байр зэхэж сууна. Бэлэн загас өгөх бус, загас барих аргыг нь сурга гэдэг дээ.

Өмнөд хөрш БНХАУ-д ялангуяа цар тахлын энэ хүнд үед орлого тааруу, ядуу гэр бүлээс гаралтай төгсөх ангийн оюутан залууст ажлын байрыг нь зэхэх ажил өрнүүлж байна. Энэ 2020 онд л гэхэд 200 мянган ажлын байрыг хөрөнгө чинээ бага, ядуу амьдралтай иргэдийнхээ их, дээд сургууль төгсөж буй оюутан хүүхдүүдэд зориулан бэлтгэсэн талаараа хоёрхон хоногийн өмнө БНХАУ-ын Боловсролын яамнаас мэдээллээ. Тус яамнаас ажлын байр сурталчлах яармаг нээж, ажилтан шинээр авах тухай 280 мянган зарыг зорилтот бүлгийн залууст хүргэжээ. Ядуус олонтой 52 тооны тосгон, гацаа, сууринд харьяалагддаг төгсөгчдөд ажил олгох талаар нэн түрүүнд анхаарал тавьж байгаа ажээ. Мэргэжил дээшлүүлэх, төгссөн чиглэлээр нь ажил олдохгүй бол эрэлт ихтэй мэргэжилд хөрвүүлэн сургах зэрэг ажлыг ч Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хангамжийн яам, бусад газруудтай хамтран хийж буйгаа Боловсролын яамны төлөөлөл мэдэгджээ.

Ингэж манайх халамжаа нэмж байхад хөрш айл залуустаа ажлын байрыг нь зэхэж байна. Бусад улс орнууд ч цар тахлын үеэр иргэдээ ажилтай, албатай байлгах талаар чадах хэрээрээ зүтгэж буй.

Монголд ажлын байр нэмэх хэцүү гэж дарга нар хэлж мэднэ. Зүгээр л ЖДҮ-ийн сангийн мөнгийг нь өөрсдөө гулсуулалгүй зохих эздэд нь хүргээд, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлээд, зээлийн хүүг нь бууруулаад, дарамт шахалтыг нь хөнгөлөөд өгвөл иргэд өөрсдөө ажлын байраа босгоод л ирнэ. Ажилтай хүнд хүчирхийлэл үйлдэх, архи дарс эргүүлэх тийм бодол санаа, цаг, зав гарахгүй.

Манжийг яаж мөхөөлөө. Өнгө мөнгө, амттан үнэртэн, торго хоргой, үзэсгэлэнт эмс охидоор урхидаж, зүгээр хэвтүүлж цэнгүүлсээр байгаад төрөө залах ч чадваргүй болгож мөхөөж авсан.

Өнөөдөр Хятадын зүүн этгээдэд, төрөлх газар дээрээ манжууд бий л дээ. Гагцхүү ойр зуурын худалдаа наймаахан эрхлэхээс өөр гавих юмгүй хоцорсон.

Улс үндэстнийг мөхөөх зөөлөн хүчний бодлого бол зүгээр л халамж гэдгийг дээр доргүй санах цаг ирсэн. Ирэхээр барахгүй хожимдох тийш хандлаа.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top