Тэнгэрийн хэвлийгээс бороо шивэрч манан буусан намрын дунд сарын өдрүүдэд хөдөө нутагт айраг хөхүүртээ шуугиж, адуу мал зэлэн дээрээ өнжиж, айлын бүсгүй зүсээ тольдон, аагтай эрс морьтой давхилдан байгаа даа. Морьдын туурайнд хагдарч амжаагүй өвс ногоо бутарч, хачин гэгэлгэн аяз нэг айлсаж, нэг алсарч сонсогдоо доо. Намрын дунд сарын шинийн 17-ны хуримын зар хотноос хотонд, айлаас айлд түгэхдээ хачин гэгэлгэн аялгууг энгэрт задалнам.
Хэн нэгний халуун зүрхэнд өнчин навч унагаж, хэн нэгний догдлуун сэтгэлд гашуун нулимс дуслуулж энэ зар хүрээ дээ. Хүрэхдээ “Хүрэн толгойн сүүдэр”-ийг хүрэн зүрхэнд хүүшлүүлж, хуурын хаан аялгууг чивчиртэл уянгалнам. “Аргагүй амраг”-ийн аалийг алаг зүрхэнд зурж, аргадах, учирлахын завсарт шанзны эмзэг чавхдасыг шандууртал эгшиглэнэм.
Газрын хээлнээс түм буман цэцэгс, сая живаа чулуудын зүрх хайр асгарсан халуун алганд хөлрөнхөн байснаа санан санаашрахдаа, манан будан дунд тунинхан нуугднам. Энэ л үүлс хөшиглөсөн будант өдрүүд хурдан дуусаж нар гарвал цэцэгс бүхнийг энхрийлэн тэвэрч, чулуу бүхнийг илбэнхэн атгах сан.
Сэтгэгдэл ( 0 )