Улсын прокурорын ерөнхий газраас өчигдөр олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 55322 гомдол мэдээлэлд прокуророос хяналт тавьсан байна. Харин энэ хугацаанд авлига, албан тушаалын хэрэг 10 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг 55 хувиар, хүн худалдаалах хэрэг 35 хувиар, мөнгө угаах хэрэг 11 хувиар, эрүү шүүлт тулгах хэрэг 5.8 хувиар тус, тус өссөн тоон мэдээлэл гарчээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 13 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 15 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 22 хувиар буурсан гэнэ. НПГ-аас гуравдугаар улирлын байдлаар 570 хэрэгт хяналт тавьж, 273-ыг нь яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлжээ. Хурлын үеэр НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.
“ЖИ ТАЙМ”-ЫН ХЭРЭГ БУЮУ Э.ОЮУНЧИМЭГТ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООСОН
“Жи Тайм” сүлжээний гэгдэх Э.Оюунчимэгт холбогдох хэрэгт 11.386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг эргэн төлүүлэх шүүхийн шийдвэр долдугаар сарын 20-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас зургаан тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Г.СОЛТАН, Д.ДАМБА-ОЧИР, Б.УНДАРМАА НАРТ ЯЛ ОНООВ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглан их хэмжээний зээл авсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтанд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ялыг оноосон.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ж.ЭРДЭНЭБАТ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН
Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. Дээрх хүмүүсээс Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар давж заалдсан бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын Тусгай зөвшөөрөл хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан үйлдэлтэй 26 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэвлэлийн хурлын дараагаар Ц.Насанбат прокурор сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа хэвээрээ юу?
-Эрэн сурвалжлах ажиллагааг Мөрдөх байгууллагууд гүйцэтгэдэг. Уг ажлынхаа хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөрдөх байгууллагаас Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэмж өөр гишүүдийг шалгаж байгаа юу?
-УИХ-ын зарим гишүүдтэй холбоотой хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн. Цаана нь шалгаж байгаа хэргүүд бий.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэг зохион байгуулсан гэх үндэслэлээр монгол хүмүүс холбогдоод байсан. Гэтэл шүүгдэгч дунд тухайн хүний нэр байгаагүй. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Зөвхөн Хятадын 15 иргэнтэй холбоотой нэг хэрэг, зургаан хүнтэй нэг хэрэг хоёр дүүргийн шүүхэд шилжсэн. Гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал товлогдсон. Өмнө нь хэд, хэдэн удаа шүүх хуралдаан хойшилсон. Монгол хүн байгаа, байхгүй гэдэг талаар тодорхой хариулт өгөх боломжгүй.
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороо шалгаад прокурорт шилжүүлсэн. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг тус хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл өгч болох уу?
-Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Сайхан билгийг хөрөнгийг хурааж улсын орлого болгооч хятад шиг буудаж ал
tsaad sergelen tolgoi n ali uje uchiraa olood amerikuudiig tarhidsan bga.hulgailah uu.tanil technology.Saihanbileg saihan hamgaalagdsan bhaa odii boltol
37 он
Битгий шаа. Хэзээ л та нар авчирч байлаа.
Сайханбалагийг авчрах тэгээд шүүх гэнээ . Сэрчих түшмэл ээ, худлаа ярих моодноос гарчаагүй бил үү