ХААН банк харилцагчдадаа цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

2020 оны 10 сарын 21

Цар тахлын улмаас дэлхий даяар цахим гүйлгээ идэвхжсэнтэй холбогдуулан олон улс болон Монгол Улсын хэмжээнд санхүүгийн болон санхүүгийн бус цахим гэмт хэргийн тоо эрчимтэй нэмэгдэх болжээ. Үүнтэй холбогдуулан ХААН Банкнаас Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран гадаад төлбөр тооцоон дахь аливаа эрсдэлийг танин илрүүлэх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар харилцагчдадаа зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг өнгөрсөн мягмар гарагт ХААН театрт зохион байгууллаа.

Сургалтад ХААН Банкны харилцагч 130 гаруй байгууллагын төлөөлөл хамрагдсан бөгөөд банкны зүгээс гадаад төлбөр тооцоо хийхэд анхаарах зүйлс, гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээлэл зөвлөгөө, харилцагчийн мэдээлэл шинэчлэхтэй холбоотой хуулийн шаардлагын талаар танилцуулсан юм. Мөн энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд сэжигтэй гүйлгээг танин мэдэх, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд байгууллагуудад тогтмол хүргүүлэх нь зүйтэй хэмээн ХААН Банкны санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Хэдийгээр гадаад төлбөр тооцоон дахь луйврын шинжтэй гүйлгээ, энэ төрлийн цахим гэмт хэргийн тоо нэмэгдэж буй ч ХААН Банкны зүгээс аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, харилцагчдаа мэдлэг, мэдээллээр хангах, хамгаалах зорилгоор ийнхүү зөвлөгөө мэдээлэл өгч  сургалт, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж байна.

Top