Шинжлэх ухааны академи ерөнхийлөгчөө сонгоод удаагүй байна. Одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өрсөлдөгчгүйгээр дахин дөрвөн жил Монголын шинжлэх ухааны цулбуурыг атгахаар болов. Гэвч бидний өгүүлэх сэдэв Шинжлэх ухааны академийг хэн удирдах тухай биш. Арай өөр, арай алсыг харах учраас ерөнхийлөгчийн тухай сэдвийг ингээд орхие.
Шинэ цагийн энэ эринд, хүний нийгэм чухам яаж хөгждөг вэ. Хөгжүүлэхийн тулд намууд яаж “тоглодог” вэ. Бодол чухал уу эсвэл бодлого чухал уу. Бодол эсвэл бодлого ярихад шинжлэх ухаан хэрэгтэй юу. Энэ олон асуултын хариу одоо л хариултаа олж эхэлж байна. Ардчилсан нийгэмд хуучин хүрэмтэйгээ алхан орсон Монгол Улс одоо л шинжлэх ухаан гэдэг хэрэгтэй эд юм гэж ухаарч байгаа нь энэ. Арай хожуу биш гэж бодож болох ч хожимдоогүй байхдаа ухаарсан нь их юм гэж сэтгэлээ торгоож ч болно.
Ш..., Ш..., ШИНЖЛЭХ УХААН
Судар бичгийн хүрээлэнгээс үүдсэн Шинжлэх ухааны академийн түүх Google-ын хайлтын системд байгаа учраас түүх нуршиж залхаахаа азная. Одоо бидний өгүүлэх түүх бол сүүлийн 30 жилийн л түүх. Монгол Улс Зөвлөлтийн хаяаг бараадаж байхдаа бүх зүйлийг хуулсан нь шинжлэх ухааны салбарт ч нүдээ олжээ. Тийм ч учраас манай Шинжлэх ухааны академийн бүтэц, бүрэлдэхүүн, байр байдал нь Зөвлөлтийг хуулсан нь нүцгэн боловч үнэн. Гэвч Зөвлөлтийн тэр их систем задран унасны дараа шинжлэх ухааны академи, ерөөс шинжлэх ухаан гэх ойлголт мартагдсан нь мөн л арчиж болохгүй үнэн.
Улс ардын аж ахуйд технологийг нэвтрүүлнэ гэх лоозонг хаяа дэрлэсэн Оросод гарсан болохоор манайд ч мөн адил энэ нь нэвтэрчээ. Тиймээс технологиор гийгүүлж сүйд болдоггүй юм аа гэхэд судалгааны ажлын чанар, чадамж доор оролгүй энерциэ хадгалсаар шинэ мянгантай золгосон юм.
Нийгмээ алгасчихаад алгассан нийгэм рүү буцаад зүглэж байсан тэр цаг үед төрийн бодлого гээчээс шинжлэх ухаан гэх зүйл алсран холдсоор байлаа. Алсран алсарсаар шинжлэх ухааны салбарт зарцуулах төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд ч хүрэхгүй болов. Шинжлэх ухааны салбарыг буурал толгойтой өвгөжөөр хүмүүсийн хийдэг ажил гэх ойлголт нийгэмд гол болсоор иржээ. Сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтийг дурдахад 30 тэрбум төгрөгт ойртоогүй. Шинжлэх ухааны салбарт 2017 онд 13.7 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2020 оны есдүгээр сарын байдлаар 23.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Их наядаар нь бүтээн байгуулалт, сонгуулийн зардал ярьдаг манай улсад энэ тоо бол маш чамлалттай тоо.
Тоо ярихаас өмнө бас нэг зүйлийг мартахгүй орхиж болохгүй. Бүх зүйлийг хуулийн хүрээнд оруулж байж тухайн салбар хөгждөг байтал манай улс 2017 он хүртэл шинжлэх ухаанаа тоодоогүй буруу жишиг тогтсон байжээ. Ингэж явсаар 2017 оны гуравдугаар сарын 29-ний Засгийн газрын 107 дугаар тогтоолоор сая нэг юм Шинжлэх ухааны академи сая нэг юм төсвийн төвлөрүүлэн захирач болсон байна. Товчхондоо төсөв, мөнгөө өөрсдөө шийддэг мэдэлтэй болсон гэсэн үг. Төсөв мөнгөө өөрсдөө мэддэг болсон энэ он цаг өөр нэгэн чухал үйл явдалтай давхацдаг. Энэ онд “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газраас шинэчлэн баталжээ. Өмнө нь байсан ч зөвхөн лоозон төдий, сонгууль бүрийн өмнө улаан, цэнхэр аль нэг нам нь санадаг, мөрийн хөтөлбөртөө бэлгэдлийн шинж чанартай багтаадаг зүйл төдий байлаа. Улмаар дараа жил нь буюу 2018 онд Шинжлэх ухааны академийн дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг баталж шинжлэх ухааны академи зүгээ олох замдаа орсон юм.
Хандах зүг тогтсон уу...
Энэ асуултын хариултыг олоход тун бэрхтэй. Бодлогын баримт бичгүүд батлагдаад төрөөс шинжлэх ухааны академид олгох төсөв нэмэгдсэн мэт харагдаж байж болох. Гэхдээ бид нэг зүйлийг өнөөг хүртэл ойлгоогүй байх шиг. Төр бүх зүйлийг зохицуулагч биш гэдгээ ойлгохгүй байгаа нь шинжлэх ухаан нь зүгээ олоход тулгарч буй хамгийн том саад юм. Хүрмээ тайлж амжаагүй байгаа өмнөх нийгэмд бол шинжлэх ухаан, аж үйлдвэр /компани/ салбар тусдаа байлаа. Тусдаа хөгжихөөс ч өөр арга тухайн үеийн нийгэмд байгаагүй. Гэтэл биднээс өндөрт гарчихсан, илүү мөнгө олчихсон, дэлхийн том тоглогч болчихсон улсууд шинжлэх ухаан үйлдвэрийг нэг зүйл мэтээр ойлгох болжээ. Арай энгийнээр тайлбарлая л даа. Та бидний амьдралын нэг хэсэг болсон фейсбүүк үүний тод жишээ. Өдрийн ихэнхийг энэ орчинд өнгөрөөдөг, улс төр, нийгэм нь ч үүнийгээ дагаж хөдөлдөг болсныг та анзаарсан л байх. Технологийн шийдлүүд нь ч өдөр ирэх бүр боловсронгуй болсоор байна. Энэ бол зүгээр л нэг сошиал хуудас төдий бус АНУ-ыг хөдөлгөгч гол хүчнүүдийн нэг болжээ. Технологийн салбар, технологийн ололт амжилт АНУ-ын хөгжлийг ийнхүү удирдан чиглүүлж байгаа хэрэг. Хэрэв та анзаарсан бол хоёр жилийн өмнө захирал Зукерберг конгрессын сонсголд оров доо. Конгресс нь технологио гол гэж үзэж байгаа учраас түүнийг урьсан хэрэг.
Зөвхөн АНУ л ийм байгаа хэрэг биш. Технологийн шинэ ололтыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн компаниудыг татвараас хөнгөлдөг, зарим төрлийн урамшуулал олгодог хөшүүрэгтэй байж гэмээж нь Энэтхэг, Япон, Тайланд, Өмнөд Солонгос биднээс илүү хөгжилтэй байгаа юм. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл гэдэг бол нэг зоосны хоёр тал болсон учраас шинжлэх ухааны салбар, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд тухайн улсуудын бодлого чиглэгддэг аж. Нэг ёсондоо улс төрийн тавцанд аль нам гарахаас үл хамаараад бодлого ерөөс үйлдвэрээ, цаашлаад шинжлэх ухаанаа дэмжихэд чиглэнэ гэсэн үг. Тиймээс хувь улстөрчийн бодол гэхээс илүү ул суурьтай судалсан, мэдсэн зүйлээ бодлого болгодог нь өндөр хөгжилтэй улс орны намуудын голлох үзүүлэлтийн нэг байдаг.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Шинжлэх ухааны академи гэрээт ажил, төслийн орлогоос 19.3 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ бол маш чамлалттай тоо. Цаашид энэ төрлийн оорлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Төрөөс ч үүнийг дэмжиж улс, орон нутагт хэрэгжүүлдэг төсөлд Шинжлэх ухааны академийг татан оролцуулдаг, санхүүжилтийг нь хангалттай өгдөг байх ёстой. Энэ хүрээнд сэтгэл сэргээх зарим нэг зүйл байна аа. Монгол Улсын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хуримтлагдсан лагийг Шинжлэх ухааны академийн санаагаар 2018-2021 он хүртэл гурван жилийн хугацаанд 489 сая төгрөгөөр хийхээр гэрээ байгуулсан байна. Үүнээс гадна долоон өөр төрлийн судалгааны гэрээг ч мөн байгуулжээ. Шинжлэх ухааны академи судалгааны бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл ч журмын дагуу бүрдэж улмаар хэд, хэдэн инновацийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэхээр зэхэж байна.
Насны шилжилт
Шинжлэх ухаан гэдэг бол өвгөжөөр хүмүүсийн хийдэг ажил гэсэн хэлтгий ойлголт бий болоод 30 илүү жилийн нүүр үзжээ. Эрдэмтэн, академичийн зүс царайг харвал дийлэнх нь настай хүмүүс байдаг учраас ингэж ойлгодог байж ч мэднэ. Шинжлэх ухааны академийн Их чуулган дээр авууштай санал дэвшүүлсэн нь академич Д.Амарсайханы дэвшүүлсэн санал байлаа. Тэрээр академич болон эрдэмтэн судлаачдын насыг 45 нас хүртэл залуужуулах шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв. Гэхдээ түүний саналыг ил дэмжих нэг ч академич энэ чуулганд байгаагүй гэдгийг санахад илүүдэхгүй. Өнөө цагийн нийгмийн нөхцөл, технологийн хурдыг харсан ч залуучууд шинжлэх ухааны үйл хэрэгт оролцдог байх ёстой. Тэдний санал санаачилгаар шинжлэх ухааны салбар урагшилдаг байх учиртайг учир мэдэх хүмүүс хэлж байна. Магадгүй монгол эрдэмтдийн шинжлэх ухааны бүтээл эдийн засгийн эргэлтэд ордоггүйн цаад шалтгаан нь ч энэ байж болох юм.
“Салбар бүр дээр доктор хамгаалдаг асуудлыг болиулснаар залуу эрдэмтэн, академичийн тоог нэмэгдүүлж болох талтай. Түүнчлэн судлаач профессор гэдэг статусыг бий болгосноор залуу эрдэмтэд бий болох нөхцөл бүрдэж болох юм” гэж академич Д.Амарсайхан ярьж байна.
Аливаа улс орны шинжлэх ухааны байгууллагын гишүүдийг харахад ихэвчлэн настай хүмүүс байдаг. Гэхдээ тэнд нэг зүйл байгааг анзаарах хэрэгтэй. Учир нь академийн гишүүнчлэл залуу эсвэл хөгшин байхаас үл хамаараад тухайн эрдэмтний бүтээл зах зээлд нэвтэрч байгаа учраас академийн гишүүнчлэл рүү залуу гишүүд хошуурдаггүй ч байж болох юм.
Насны шилжилтийг дагаад бас нэгэн зүйл гарч ирдэг нь хүний нөөцийн асуудал аж. Ахмад үеийн халааг залгах залуу эрдэмтдээ дэмжих үүднээс нэг хэсэг олгохоо зогсоогоод байсан залуу эрдэмтдэд шагнал олгож, алдаршуулдаг болсоор гурван жилийн нүүр үзээд байна. Түүнчлэн академийн зардлаар өөр улсад туршлага судлуулдаг аж. Мартаж болохгүй бас нэг асуудал байгаа нь гадаадад суралцан, ажиллаж буй монгол эрдэмтдийг хэрхэх вэ гэдэг асуудал. Үнэн хэрэгтээ гадаад байгаа эрдэмтдээ мартчихсан учраас гадаадад бий болсон шинжлэх ухааны бүтээлч санаачилга Монгол Улсад нэвтрэхгүй байгаа гэж дүгнэж болохоор байна.
Ямар ч байсан Монгол Улс нэг үеэ бодвол шинжлэх ухаанаа “тоодог” болсон. Гэхдээ тоож байна гээд орхих биш улс орны бодлогод тусгадаг болсон цагт Монгол Улс зорьж тэмүүлээд буй хөгжилдөө хүрэх билээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
huuramch material burduulj akademich bolson Chuluun peedger suuj baih chin. buh yum n delhiin hogjloos urvuu uls shuu. busad orond ingesen tohioldold tsol zergiig n huraaj avsan tsaling n butsaaj toluuleh baisan daa.
Сэтгүүлч маань шинжлэх ухааны тогтолцоогоо зөвхөн ШУА-аар л ойлгодог юм аа даа. Ингэж сэтгэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлэх асуудал явахгүй л дээ.
Akademich gesen nertei ene hymyys uls oron delhii dahind yamar neelt hiigeed Hasan tursh akademich nereer undur calin avch yavdag bainaa.ard tymnii hurungu shyydee.