Х.Жамбалмаа: Эм, хүнсний аюулгүй байдлыг хамт шийдэх шаардлагатай

2020 оны 11 сарын 03

Анагаах ухааны доктор, эрүүл ахуйч эмч Х.Жамбалмаатай хоол, хүнс, эмийн аюулгүй байдал, түүнд тавих хяналтын талаар ярилцлаа. Тэрээр Казахстан Улсын Хоол тэжээлийн академид “Цагаан идээний хөгц, мөөгөнцрийн бохирдол, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Х.Жамбалмаа нь ЭМЯ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагад ажиллаж байсан юм. Өдгөө Энэтхэг, Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн захирлаар ажиллаж байна


-Та их сонирхолтой сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Хөдөөний зарим хүн ааруул, бяслагны хөгц сайн гээд идэж байгаа харагддаг?

-Энэ тухай өнөөдөр бага ярьдаг болсон. Цагаан идээ маш их хөгцөрдөг. Хөгц, мөөгөнцөр өөрөөсөө хор ялгаруулдаг. Тэр хор нь хүний эрүүл мэндэд их сөрөг нөлөөтэй. Ялангуяа элэгний анхдагч өмөн үү үүсгэдэг. Элэгний В,С вирус гээд л ярьдаг. Гэтэл хоол хүнснээс шалтгаалсан элэгний цирроз, хавдар бас их байдаг. Хуучин цагт цагаан идээний хөгц сайн гэдэг байсан. Түүнийг болиулахын төлөө энэ сэдвээр судалгаа, шинжилгээ хийж, 1996 онд 28 насандаа Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Тэр үед Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба гэж Засгийн газрын тохируулагч агентлаг байсан. Тэнд эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга, орлогч дарга зэрэг ажил эрхэлж байсан.

-Ямар ажил эрхэлдэг агентлаг байв?

-Эрүүл ахуй гэдэгт хүнсний, хүүхдийн, орчны эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл ахуй мөн халдварт өвчний хяналтыг багтаасан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хяналт хийдэг агентлаг байсан юм. Сүүлд Мэргэжлийн хяналтын газар байгуулагдаж, бүх чиглэлийн хяналтыг нийлүүлсэн нүсэр байгууллага болсон. Юм нүсэр болоод ирэхээрээ ажил цалгарддаг. Энэ байгууллага үүргээ гүйцэтгэсэн. Одоо бол салбар салбарын яаманд мэргэжил, мэргэжлийнх нь хяналтыг шилжүүлээд, салбарын сайддаа зөвлөөд ажлаа хэрэгжүүлээд явах нь зөв гэж боддог. Одоо хяналт, тандалт гэхээсээ илүү байцаан шалгах процесс болоод байна л даа. Зөвхөн тодорхой нэг үйлчилгээ хуулийн заалтад нийцэж байна уу үгүй юу гэдгийг шалгаад байгаа нь өрөөсгөл асуудал болоод байна. Эрүүл мэндийн үзлэгт орсон уу, халуун, хүйтэн ус байна уу, ариун цэвэр хангалттай юу гээд л  хүснэгтээр хариулт аваад  бага, дунд, их эрсдэлтэй байна гэж тогтоочихдог. Хэрэв нэг удаа бага эрсдэлтэй гэж тогтоосон бол бараг дахиж хянуулахгүй. Гэтэл хоол хүнснээс хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөг үнэлж тандах, хүнсний аюулгүй байдлыг хүний эрүүл мэндтэй нь холбож үнэлгээ өгдөг нь эрүүл ахуйч эмч нар байдаг. Харамсалтай нь одоо хүнсний эрүүл ахуйн мэргэжлээр боловсон хүчин бэлдэхээ больсон. Гуравхан сая хүн амтай орны хувьд монгол хүний эрүүл мэндээс илүү чухал зүйл байхгүй. Гэтэл хүнээ өвчлүүлээд, өвдсөн хойно нь эмчлэхэд хамаг анхаарал төвлөрөөд байгаа нь өвчилсөн  шалтгааныг нь арилгахгүй, шинж тэмдгийг эмчлээд байгаатай агаар нэг юм.

-Хүнсний аюулгүй байдлын сэдэвтээ эргээд оръё. Та уулзмагц л эм, хоол хоёрын байр солигдлоо гэж хэлж байсан шүү дээ?

-Хүний биед гаднаас орж ирж байгаа зүйл бол хүнс, ус хоёр. Тэгээд агаар, орчны аюулгүй байдал маш чухал. Хүнснээс шалтгаалсан өвчлөл нийт өвчний 70 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс хоол, унд нэг ёсондоо эм байх учиртай. Эмийн хэрэглээ маш ноцтой болж. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэж батлахаар УИХ-аар хэлэлцэж байна. Яг энэ цаг үед эм, хүнсний аюулгүй байдлыг хамт шийдэх шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын сайд, дарга нар нэг үе өөр салбарын хүмүүс байлаа. Одоо мэргэжлийн хүнтэй болсонд баяртай байна. Шинэ сайд маань өөрөө  эмч хүн учраас эрүүл мэндийн салбарийн эмчилгээ, үйлчилгээний чанар, тусламж, хүртээмжид илүү анхаарал тавьж салбарын шинэчлэл хийхээр ажиллаж байна. Гэтэл Эрүүл мэндийн яам бол салбараа төдийгүй нийт иргэдийн эрүүл мэндийг дааж хариуцаж байх учиртай тул асуудалд өргөнөөр хандаж нэн түрүүнд нийгмийн эрүүл мэндийн салбартаа  анхаарал тавих хэрэгтэй юм.

Эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, шаардлага нь хаана байна гэвэл Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн асуудалд байгаа юм. Халдварт өвчин болох Ковид ямар их ноцтойгоор улс орны эдийн засагт нөлөөлж байгааг бид харж байна. Халдварт бус өвчнөөр манай улсын хүн амын хоёр сая  орчим нь буюу 60 хувь нь өвдсөн гээд манай салбарын статистик байгаа. Энэ хүмүүс бүгд л их бага хэмжээгээр янз бүрийн эм хэрэглэдэг. Үнэндээ эм, хүнсний аюулгүй байдал алдагдсан, эдгээрээс уламжлаад хавдар маш их өссөн. Бүгдээрээ мэдэж байгаа атлаа шийдэл гарахгүй байна. Энэ бүх байдлыг харахаар үнэхээр бачимдмаар санагддаг.

-Хүн амын бараг гуравны хоёр нь халдварт бус өвчтэй гэхээр ноцтой хэмжээнд хүрсэн байх нь ээ?

-Эрүүл мэндийн хөгжлийн төв гээд байгууллагын вебсайтад ороод хараарай, хамгийн эхэнд нь байгаа. Халдварт бус өвчинд зүрх судас, таргалалт, чихрийн шижин байж болно. Ийм нөхцөл байдалд энэ салбарыг авч явна гэдэг Эрүүл мэндийн сайд, дарга нарт ямар их хариуцлага ирж байгааг харуулна. Нийт хүн амаа бүгдийг нь  өвчлүүлэхээс сэргийлж, хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндэд анхаарч,  урьдчилан сэргийлэх ажил хийх нь хамгаас чухал. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндэд маш их мөнгө зарцуулах шаардлагатай нь харагдаж байгаа биз. Энд хоёр асуудал бий. Нэгд, хүнийг өвчлүүлэхгүй, эрүүл байлгах. Нөгөө нь нэгэнт өвчилсөн хүмүүсийг оношлох, эмчлэх, эдгэрүүлэх явдал. Хүний өвчлөх шалтгааныг арилгахгүй байж дан ганц эмчлэх талд анхаараад байхад үр дүн гарах уу. Бодоод үзээрэй. Урьдчилан сэргийлэхэд, өвчлүүлэхгүй байхад анхаарахгүй бол өвчлөл нэмэгдээд л байна.

-Бусад улс, орнуудын ямар жишиг  байна. Ямар журам байдаг бол?

-Дэлхийн ихэнх оронд Хүнс ба эмийн агентлаг гэж хамтдаа байдаг. Харин өвчин судлалын агентлаг нь тусдаа. Монголд ч Хүнс ба эмийн агентлаг байх ёстой. Манай ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байгаа, гэхдээ энэ чиглэлээр  судалгаа хийх мөнгө төгрөг нь дутагдалтай, олон улсын байгууллагуудаас л мөнгө ирвэл судалгаа хийдэг, өөрсдийн хэрэгцээ шаардлагаар хийдэг эрдэм шинжилгээний ажил гэж бараг байхгүйтэй ижил. Ямар ч нөхцөлд  тандалт, эрсдэлийн үнэлгээ чухал. Энэ үгүйгээс хяналт маань зүгээр л механик байцаан шалгах процесс болчихдог. Элэгний өвчлөл гэхэд архины хэрэглээ, хөгц, мөөгөнцрийн бохирдол, элдэв химийн бохирдол, гаднаас оруулж ирж байгаа импортын хүнсний аюулгүй байдал гээд олон асуудлаас шалтгаалдаг. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд тандалт, эрсдэлийн үнэлгээ, судалгаа шинжилгээ, хяналт шалгалт, хэрэглэгчдийн боловсрол гээд олон асуудлыг цогцоор шийдэх ёстой атал эдгээр нь салбар дундаа тарамдаад өнгөрдөг.

-Хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хүнсний  ямар жишээ байдаг вэ?

-Жишээ нь, хүүхдэд хэтэрхий их чихэрлэг зүйл өгөхөөр хэт идэвхтэй, хөөрүү болдог. Цусанд нь чихэр их орохоор тэр. Гэтэл манай импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүн дотор хэчнээн их чихэрлэг зүйл байна вэ. Жимс, ногоо идэх байтал чихрээр орлуулчихдаг. Дээр нь фруктоз, глюкоз гээд “хуурамч” чихэр маш их иддэг. Тэр нь чихрийн шижингийн шалтгаан мөн болдог.

Дэлгүүрт зөгийн балтай цайнууд байгаа. Хэрэг дээрээ зөгийн балны хиймэл үнэр, амт оруулсан зүйл. Шошгон дээр нь биччихсэн. Энэ бүтээгдэхүүнд тийм тийм зүйлийн амт, үнэр оруулсан, фруктоз, глюкоз, эрдэнэ шишийн сироп агуулсан, жинхэнэ зөгийн бал биш шүү гээд. Гэтэл үүнийг хүмүүс ойлгож, мэддэггүй. “Хямдхан зөгийн бал байна, ашгүй” гээд аваад уучихдаг. Энэ нь чихрийн шижингийн нэг гол хүчин зүйл болох жишээтэй. Нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутагдаж байгаагийнх. Хүнс тариалангийн талбай, малын бэлчээрээс үйлдвэрлэлээр орж, бүхэл бүтэн процесс дамжсаар хоолны ширээн дээр ирж байгаа. Тэр хооронд  бүх үе шатанд л хүнсний аюулгүй байдал хангагдах ёстой байдаг.

-Монгол хүний хоолны онцлогт эрүүл мэндэд нөлөөлөх шалтгаан байна уу?

-Чихрийн шижингийн гол шалтгааны нэг нь өөх, тостой мах. Тиймээс дэлхийн олон орны хүмүүс ургамлын гаралтай веган хүнс рүү орж байна. Энд  бас судалгаа хэрэгтэй. Манайхан бол монгол хүн юм чинь махаа идэх ёстой гээд байдаг. Гэтэл Монгол хүний ялангуяа эрэгтэйчүүдийн маань дундаж наслалт бусад улс оронтой харьцуулахад арав, хорин жилээр бага байгаа.

Малын махаар маш их антибиотик дамжиж байна. Хүүхдийн ханиад хэчнээн эм уугаад ч эдгэхгүй байна гэдэг. Идэж байгаа зүйл нь антибиотиктой учраас түүнд бие махбод дасаад өвчний нян, бактер тэсвэртэй болчихдог. Дөрвөн улиралтай, цаг агаар хатуу учраас монголчууд сэтгэцийн хувьд ч, бие бялдраараа ч маш их тэсвэртэй, дасан зохицох чадвартай. Гэхдээ цаг хугацааны явц тэр хүний амьдрах хугацааг хэр зэрэг богино болгож байгаа вэ. Амьдралын чанарыг хэр болгож байгааг үнэлж мэдэхгүй байна.

Ирээдүйн эрүүл мэндийн асуудлаа ч үнэлж ойлгохгүй байна. Ээж цус багадалттай байвал хүүхэд нь мөн тийм гардаг. Хүүхэд таван нас хүртлээ цус багадалттай байх юм бол оюун ухааны хөгжил дорой, IQ дутуу байна гээд олон улсад судалчихсан байна. Нэг ангийн 30 гаруй хүүхдийн тал нь л их, дээд сургуульд тэнцэж ордог биз дээ. Үлдсэн хүүхдүүд оюун ухаан муутайдаа биш.Ерөөсөө идэж ууж байгаа хоол ундны чанартай холбоотой байдаг. Удамшлаас гадна авч байгаа хоол тэжээлийн чанараас  болдог. Цус багадалттай яваад байсны балаг. Хоол, хүнсний асуудал ийм нарийн, тэгээд ирээдүйн боловсролтой монгол хүний тоо бас буурах нь байна шүү дээ.

Иодын дутагдал, цус багадалтыг шийдэхийн тулд Олон улсаас мөнгө гаргаж хөрөнгө оруулалт хийдэг  нь ийм учиртай.  Манай хүүхэд, залуусын оюуны потенциал 10, 20, 30 бүр 40, 50 жилийн дараа сайн байхын тулд өнөөдрийн хүүхдийн хоол тэжээл сайн байх ёстой. Өнөөдөр аманд хийсэн хоол хожмын эрүүл мэнд, үр удамд ингэж нөлөөлнө. Уул уурхайгаас орсон орлогоосоо иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд, эрүүл хоол хүнсэнд улсаас зарцуулах ёстой.

-Боловсруулсан хүнс аюултай гэдэг. Үүнээс яаж сэрэмжлэх вэ?

-Наана нь нэг зүйл хэлье. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ л гээд байгаа. Малаа хашаад, тэжээл тавьж өгөөд байх нь л дээ. Бэлчээрийн мал бол өөрөө өвс, ургамлаас сонгоод иддэг. Малаа тэжээдэг болсноор сонголтгүй болгоод зөвхөн  мал амаа хөдөлгөж мах, сүүний гарц нэмэгдэх  талыг нь бодоод байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөртөө эрчимжсэн мал аж ахуй манай хөгжлийн чиг хандлага мөн үү, биш үү. Хүнсний аюулгүй байдал дээр малын тэжээлийн аюулгүй байдал бас яригдана.

Нянгийн бохирдол малын биеэр ороод гараад ирэхээрээ бүр хүчтэй болдог. Жишээлбэл, хөгц мөөгөнцрийн хор афлатоксин В1 гэж бий. Он өнжсөн, хөгцөрсөн тэжээл идсэн малын мах, сүүгээр дамжаад  ирэхээрээ тэр афлатоксин В1 маань афлатоксин М1 хор болно. Тэр нь өмнөхөөсөө тав дахин илүү хортой гэх мэт их олон асуудал цаана нь байдаг учраас улс орнуудад органик хүнс, бэлчээрийн, “аз жаргалтай”,  тааваараа  байх мал аж ахуй руу хошуураад байгаа.

Таны асууусан боловсруулсан хүнсний асуудал үүнтэй агаар ижил, яагаад аюултай вэ гэхээр тухайн бүтээгдхүүний хадгалах чанар, амт, өнгө, үнэр  үзэмжийг сайжруулахын тулд янз бүрийн химийн бодис нэмдэг. Органик, натурал хүнстэй, КОВИД гараагүй улс орон гэвэл гаднынхан манайд сонирхож ирнэ биз дээ. Тэр талаараа хөгжсөн нь өнөөдөр илүү байж мэднэ.

АНУ-д гэхэд зарим мужид түргэн хоолны газрыг зөвшөөрдөггүй.  Манайхан болохоор түргэн хоолыг гоё юм, барууны соёл гэж хошуурдаг. Гаднынхан бол хямд түргэн хоолны газраар орлого багатай, эрүүл мэнддээ анхаардаггүй хүмүүс голдуу үйлчлүүлдэг байхад манайхан тансагт тооцоод байгаа нь буруу юм.

Натурал биш хүнс бүгдээрээ ижилхэн харагддаг. Жишээлэхэд, дэлгүүрт, бүх алим, улаан лооль бүгд ижилхэн хэлбэртэй, ижилхэн граммтай байвал тэр натурал биш. Гэтэл хүмүүсийн өөрийн гараар тарьсан ногоог хар. Том жижиг, улаан, ногоон, зарим нь хөгцөрсөн, өт идчихсэн байгаа. Хорхой шавж идсэн байна гэдэг чинь натураль байна гэсэн үг. Химийн бодис цацчихсан бол өт идэхгүй. Гаднаас оруулж ирсэн хүнсний ногоо, жимсийг заавал хальсалж идэх хэрэгтэй. Өргөст хэмхний хоёр үзүүрт хор илүү шингэсэн байдаг.

Дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг яаж үнэлдэг вэ гэхээр энэ хүнс хэдэн км зам туулж миний ширээн дээр ирсэн бэ гэдгээр хэмждэг болсон байна. Зай холдох тусмаа олон гар, олон газар дамжиж хүнс муудах, бохирдох эрсдэлтэй. Дэлхийд тогтворжуулагч бодисын гайхамшгийг хамгийн их үзүүлсэн хүнс бол Чокопай. Хэзээ ч задалсан шинээрээ хөвсийгөөд л байж байдаг. Гэтэл органик хоолыг хонуулахад л маргааш нь иснэ биз дээ. Энэ ялгааг л улс орнуудын Эм, хоол хүнсний хяналтын алба хэлэх ёстой юм. АНУ, БНСУ гээд өндөр хөгжсөн орнууд бүгд энэ асуудлыг хамтад нь авч үзсэн ийм агентлагтай байдаг.

-Хуванцар будаа байна гэж шуугиж байсан. Тийм зүйл байдаг уу?

-Хүнсийг хуурамчлах гэдэг зүйл их байна. Сүүлдээ бүр ил тод болсон. Загасны түрс байна. Харахад жинхэнэ түрс шиг. Хэрэг дээрээ цэлцэгнүүр шиг зүйлд амт, үнэр оруулаад түрс болгочихсон хямдхан, хуурамч хүнс. Маргарин, бяслаг байна. Эдгээр нь хүнсний хангамжийн асуудал шийдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийддэггүй. Харшил их боллоо. Органик биш юмыг хүний бие хүлээж авахгүй байгаагаас тэр.

-Хоол, хүнсний талаарх мэдлэг, боловсрол хувь хүн бүрд хэрэгтэй боллоо, тийм үү?

-Хүн бүр юу ам руугаа  хийж байгаагаа ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндээ хувь хүн өөрөө хариуцах нь зүйн хэрэг. Өөрийн болон үр хүүхдийн, ойр дотнын хайртай хүмүүсийн чинь эрүүл мэнд шүү дээ. Би өнөөдөр энэ чихэр, жигнэмэгийг идэх үү, эсвэл ногоо, жимс  авч идэх үү гэдэгтээ хариуцлагатай ханд. Гуанзанд хооллох уу, гэртээ хоол бэлтгээд авчирч идэх үү. Хүүхэд уйллаа гээд чипс, ундаа  авч өгөх үү. Эсвэл эрүүл хүнсийг сонгох уу,  Өрсөлдөөн, гоё сайхан зар сурталчилгааны их давалгаан дунд эрүүл хоолоо зөв сонгоод иддэг л байх хэрэгтэй.

Аймаг, сум, дүүрэг болгонд өөр, өөр өвчлөл зонхилж байна. Үүнийг Өвчин судлал, тандалт, хяналтын төвтэй болж байж судлах, сэргийлэх учиртай. Энэ талаар манайх хоцроод байгаа. Бодлого болгохгүй бол асуудал шийдэгдэхгүй. Хүнс хүрэлцээтэй байхаас  гадна аюулгүй байх учиртай.

-Сүүлийн үед хооллонгоо утсаа оролдож, сошиал үздэг буруу зуршил тогтлоо...

-Хүний хоол биед шим болох ёстой. Завсраар нь юм оролдоод байхаар шим болж чадахгүй. Эс шингэхийн онол гэж бас юм байна шүү. Шингээгүй байхад нь дээр дээрээс нь идвэл өвчин үүснэ.

-Манайх Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиа хэр мөрддөг юм бол?

-Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль 2012 онд гарсан, их сайн хууль болсон. Тухайн үед би УИХ-ын  ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Гэтэл саяхан ҮАБ Зөвлөлөөс хуулийн хэрэгжилтийг үнэлэхэд 50-60-хан хувьтай л гарсан байна. Ийм байхад хүнсний аюулгүй байдал хангагдах уу. Гадаад орнуудад бол хүнсний аюулгүй байдлыг хүнсний сүлжээндээ үе шат бүрд нь маш сайн хангадаг. Үүнээс гадна хүнсний аюулгүй байдлын боловсролын асуудлыг бид өнөөдөр гаргаж тавих ёстой. Тайлбарлаад өгвөл монголчууд бид  юмыг хурдан хүлээж авдаг ард түмэн. КОВИД-оос ямар сайн хамгаалж байна. Дэлхий нийт орших, эс оршихын дэнсэн дээр байхад бид дотооддоо алдаагүй байна.

1990-ээд онд гэхэд Монголд хятад архи ихээр орж ирж, хүмүүс асар олноороо хордож байсан жишээ бий. Тухайн үед бид эрүүл ахуйн хяналтын албанаас хятад архийг орууж ирэхийг хориглож чадсанаас гадна  манайхан хэрэглэхээ огт больсон, талхыг заавал  уут савлагаатай болгож байлаа. Асуудлыг ингэж шийдэж болдог. Үүнийг төрөөс зохицуулах ёстой юм.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Хүнсний аюулгүйн асуудлыг  улс, үндэсний аюулгүй байдлын асуудалд оруулдаг. Үе үеийн Ерөнхийлөгч нар үүнд анхаарал тавьж байсан. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан байдаг. Мэдээж Эрүүл мэндийн яам  дангаараа  хариуцаж амжихгүй. Олон салбар хамтран ажилладаг. Гэхдээ эрүүл мэндийн салбар нь хүнсний аюулгүй байдлын асуудлыг хариуцан манлайлж  явах ёстой юм. Энэ цаг үед Эмийн агентлаг байгуулна гэчихээд хүнсний аюулгүй байдлын асуудлыг орхигдуулаад байна.  Үүнд мэргэжлийн хүний хувьд маш их санаа зовж байна. Энэ мэргэжлээр төгссөн хүний хувьд би энэ үгийг хэлэхгүй юм бол үнэхээр харамсалтай байна. Энэ асуудал ингэж орхигдож огт болохгүй юм.

Хавдрын өвчлөл ихсээд, Хавдар судлалын эмнэлгийг гоё засаж өргөтгөх нэг хэрэг. Харин өвчний шалтгаан, сууриас нь сэргийлэх хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн асуудлаа нэгдүгээрт нь тавих ёстой.

Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба гэж өмнө нь байсан. Өнөөдөр тэр байхгүй. Эрүүл ахуйн хяналт  нь боловсролтойгоо хавсарга, өвчний хяналт тандалт нь болохоор эмнэлэгтэйгээ хавсарга яваад байгаа нь улс орны маань одоо болон ирээдүйн эрүүл мэндийн, эдийн засгийн, хөгжлийн бүх асуудалд маш их эрсдэл дагуулж байгааг олж харахгүй байна.  Эхний ээлжинд Хүнсний, эмийн, халдварт өвчний хяналтын алба зайлшгүй шаардлагатай. Шинэ УИХ, Засгийн газарт хүмүүс итгэл тавьж байгаа. Эрх зүйн зохицуулалттай эрхт төртэй улс байна, өөрчлөлт хийнэ гэж их найдаж байна.

Монгол хүний генийн санг алсдаа хамгаалахад нэн түрүүнд эм, хүнсний асуудлаа хамтад нь авч үзмээр байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.14) 2024 оны 04 сарын 26

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  1
Зочин(124.158.120.146) 2024 оны 04 сарын 26

Жамбалмаа эмч их зөв асуудлыг хөндсөн байна. Үнэхээр Хүнс, эм 2 -ыг хамтад нь нэг агентлаг байхаар зохион байгуулж шинээр яаралтай байгуулах шаардлага байгаа. тулгамдсан асуудал. Хавдар залуужаад л байгаа, Монголчууд ямар хоол хүнс хэрэглээд байна, дээр нь орчны бохирдол...Мэргэжлийн хяналтад мэргэжлийн бус баахан шахааны хүмүүс ажилладаг, нүсэр том, гэвч хийж байгаа ажлын үр нөлөө бага байгаа. Цэгцлэх хэрэгтэй байгаа шүү.

3  |  0
Top