Дэлхийн хуримтлалын өдрийг ХААН Банк бяцхан харилцагчидтайгаа тэмдэглэн өнгөрүүллээ

2020 оны 11 сарын 02

Дэлхийн өнцөг булан бүрд хуримтлалын ашиг тус, нийгмийн хэрэгцээг сануулах зорилго бүхий “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тэмдэглэж ирсээр 96 жилийн нүүрийг үзжээ. Манай улс энэхүү санаачилгад дөрвөн жилийн өмнөөс нэгдсэн бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор өнгөрсөн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ.

Хуримтлалын өдрийн нэгдсэн арга хэмжээ “Блю Скай” цамхагт зохион байгуулагдаж, хүүхдэдээ хуримтлалыг хэвшил болгох, хуримтлуулахын ач холбогдол болон хялбар арга замууд, санхүүгийн сахилга бат зэрэг олон сэдвээр зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Энэ жилийн Дэлхийн хуримтлалын өдрийн арга хэмжээний үеэр эцэг эхийн хамтаар хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд ХААН Банкны зүгээс саяхан зах зээлд танилцуулсан  “TEEN” багц үйлчилгээгээ танилцуулж, хадгаламж нээлгэсэн эхний 50 хүүхдийг ирээдүйн санхүүгийн боловсролд нь хувь нэмэр оруулах сонирхолтой гарын бэлгээр урамшууллаа.

Хуримтлал үүсгэх нь зөвхөн мөнгөө хадгалахаас гадна санхүүгийн зөв дадалд суралцах, хувийн болон өрхийн санхүүгээ цэгцтэй төлөвлөх бусад олон чадварт суралцах эх үндэс болдог. ХААН Банк өнгөрсөн хугацаанд иргэд олон нийт, харилцагчдадаа санхүүгийн боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх зорилгын хүрээнд хүүхдэд зориулсан “Ирээдүй”, насанд хүрэгчдэд зориулсан “Санхүүгийн манлайлал” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлснээс гадна нийслэл болон орон нутгийн 5000 гаруй хүүхдэд сургалт зохион байгуулаад буй. Энэ жилийн хувьд Дархан, Эрдэнэт хот болон Сүхбаатар аймагт “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг зохион байгуулж, 500 орчим хүүхдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн 18 хүртэлх насны хүүхдэд зориулсан “Боловсрол – Хүүхдийн ирээдүй хадгаламж” болон хуримтлалын үйлчилгээ, TEEN багцыг санал болгож буй билээ. Мөнгөн хуримтлалтай болоход туслах зорилготой Хуримтлалын үйлчилгээ нь өөрийн данснаасаа хуримтлал үүсгэж буй данс руугаа тогтмол хугацаанд, тогтмол дүнгээр хураамжгүй шилжүүлэг хийх боломж олгодог үйлчилгээ юм.

Хуримтлуулах хялбархан!

Top