Н.Нэргүйбаатар: Монголын ард түмэн намайг чихээрээ илүү танина

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Тэрээр 1978-1980 онд Монгол кино үйлдвэрийн дэргэдэх жүжигчин бэлтгэх курс төгсөж, 1980-1993 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1993 оноос Монголын үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр олон жил ажилласан. Н.Нэргүйбаатар жүжигчин “Бид мартахгүй” киноны Жав, “Илүү сартай зун” киноны Дагва зэрэг дүрээр үзэгч олонд танигдсан ч дуу хоолой нь ард түмэнд илүү таниулсан хэмээн өөрөө ярьдаг юм. Монгол Улсын Гавьяат жүжигчин Насанбаярын Нэргүйбаатартай ярилцлаа


-Таныг их хожуу хэлд орсон гэж сонссон. Дуу оруулагч, өгүүлэхүйн их мастер хүн хожуу хэлд орсон гэхээр гайхмаар санагдаж байна л даа?

-Би Ховд аймгийн Буянт сумын уугуул хүн. Ээж маань хүндрэлтэй гээд хотод ирж төрсөн юм билээ. эхлээд сайн анзаараагүй гэсэн.

Гэтэл яг хэлд ордог насан дээрээ "үү, аа" гэхээс өөр юмгүй явсаар таван нас хүрсэн. Тэгээд “Насанбаярын ганц хүү хэлгүй төрж” гээд л ярьцгаасан байгаа юм. Харин нэг удаа манайх хөдөө ганц гэрээрээ, нэг тэмээ аргамжчихсан, тэр нь гадсаа тойроод л байж. Гэрийн хаяанд сууж байсан өнөө хэлгүй чинь гэнэтхэн л “Тэмээ алдуураад явчихлаа” гэж орилж дээ. Ээж тэгэхэд их гайхсан гэж байгаа. Манайд хүн ирж байгаа юм болов уу гэж хүртэл бодоод гараад ирсэн чинь өнөөх чинь “Тэмээ алдуураад явчихлаа” гээд хашгирч байсан юм гэнэ лээ. Ингэж л би хожуу хэлд орсон юм. Жаахан гацаа л байсан шиг байгаа юм. Тэр тэмээг битгий алдуураасай л гэж тэр үед дотроо их бодсон байх. Ингэж л өөрийнхөө бүх насаараа хоол олж идэж байгаа дуу хоолой минь гарч, хэлд орсон юм.

-Жүжигчиний амьдралыг сонгосон шалтгаан юу байв. Бас л нэлээд хожуу жүжигчин болсон бил үү?

-Багадаа кино их үзэх дуртай хүүхэд байсан. Буянт суманд Дорж гэж нэг өвгөн механикч кино гаргадаг байсан. Дорж гуайнхаа арга эвийг олж байгаад тэр үед гарсан бүх л киног үзэж дуусгасан. Ээжээсээ хэдэн төгрөг авна, түүнийгээ дандаа кинонд үрнэ. Бага насны минь мөрөөдөл бол кино жүжигчин болох байлаа. Кинонд тоглочихоор л мөнхөрчихөж байгаа юм байна гэж боддог байсан. Сургуульд ороод барбан нүддэг хөгжимчин хүүхэд болсон. Манай Ховдод “шүдгүй” Лхасүрэн гэж хөгжмийн багш байлаа. Тэр үед оршуулганд хөгжим үлээнэ гэж нэг юм байдаг байсан. Гашуудлын хөгжим үлээж, үлээж ирэхээр нөгөө айл маань хоол өгөөд л, хэдэн ёотон, амттан боож өгдөг. Олон оршуулганд явъя гэж боддоггүй ч гэсэн би мөн их дуртай явдаг байсан даа. Ингээд долдугаар анги төгсөөд Хүнсний техник мэргэжлийн сургуульд сурсан. Үүнийгээ төгсөөд 1970 онд Сэлэнгэ аймагт гурилын үйлдвэрт ажилд орсон. Тэнд байхад Оросоос баахан үлээвэр хөгжим орж ирээд, би хамгийн том бүрээг нь үлээдэг байлаа. Эрдэнэтийн төмөр замыг хүлээж авахад нь би бас тэнд хөгжимөө үлээж явлаа. Ингээд 1977 онд цэргээс халагдаад Хайрцагны үйлдвэрт ажиллаж байхдаа Кино үйлдвэрт ажилладаг найз дээрээ ирсэн чинь маш олон хүн шавчихсан байна. Яаж байгааг нь асуусан чинь жүжигчний түргэвчилсэн хоёр жилийн ангид элсэлт авч байгаа гэнэ. Бүртгүүлээгүй байж л багын далд мөрөөдөлдөө автаад тэнд шалгалт өгөхөөр яваад орчихсон. Сүүлд нь танихад Ж.Бунтар гуай, Д.Чимэд-Осор гуай, Д.Жигжид гуай гэсэн аваргууд шалгалт авч байсан. Нэг шүлэг уншаад, этюд хийх боллоо. Тэгэхээр нь хувцасаа тайлаад л гал унтрааж, тэр үед зурагтаар гардаг байсан “Муухай” Пүрэв гуайн нэг жүжгийг санаанд бууснаараа л тоглож орхисон. Ингэж жүжигчний мэргэжлээр суралцах 50 хүүхдийн нэгээр шалгарч байсан юм. Манай ангийн багш Улаанхүүгийн Осор гэж хүн байлаа. Тавин хүүхэд авсан ч нэгдүгээр курс төгсөхөд 25-ыг нь авч үлдээд, хоёрдугаар курс төгсөхөд би ганцаараа Кино үйлдвэрт орон тооны жүжигчин болсон.

-Зөв мэргэжлээ сонгож дээ гэсэн бодол, өөрөөрөө бахархах сэтгэл хэзээ төрсөн бэ?

-Ер нь бүрэн гүйцэт жүжигчин болно гэдэг бол худлаа юм шүү дээ. Намайг монголын ард түмэн нүдээрээ танихаас гадна чихээрээ илүүтэй танина гэж боддог. Яагаад гэхээр миний мэргэжил орчуулгын киноны жүжигчин. Дүрээс илүү дуу маань танигдсан учраас зөв мэргэжлээ сонгож дээ гэж боддог. Ялангуяа Монгол Улсын Гавьяат жүжигчин гэж цолоо аваад ямар ч байсан сонголт алдаагүй юм байна гэж бодсон шүү. Ард түмэн маань үнэлж байна, тэдэндээ олон орны кинонууд, зан заншил, соёл бүгдийг таниулахад хувь нэмэр оруулсан юм болов уу гэж өөрийгөө дүгнэж явдаг.

-Та чинь хэдийнээс анх кинонд дуу оруулж эхэлсэн юм бэ?

-Оюутан байхдаа ч гэсэн ганц хоёр кинод дуугарч байсан. Тэгээд бодвол 1978 оноос хойш л өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа.

-Одоо яг хаана харьяалагдаж байна вэ?

-Энэ тэнд уригдаж тоглоод л байж байна даа. Хамгийн сүүлд Энэтхэгийн “Бурхан Будда” гэж сайхан киног Үндэсний телевиз маань гаргаж, Т.Цэмпилмаа багштайгаа хамт уригдан очиж дуугарсан. Маш том үнэлгээ авсан, сэтгэл өндөр байгаа. Мөн Кино урлагийн дээд сургуульд дуу оруулагчийн багшаар ажиллаж байна. Хөгшрөөд нүдгүй, шүдгүй болж байгаа ч хойч үеэ гайгүйхэн бэлдчих санаатай л зүтгэж байна.

-Хойч үедээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Ер нь итгэл дүүрэн байдаг шүү. Би чинь Б.Дамчаа, Т.Цэмпилмаа гээд аваргуудын амнаас гарсан үг бүрийг сонсож явсан, азтай хүн. Тэднээсээ авч үлдсэн жаахан юмаа хүүхдүүдэд үлдээчих юмсан л гэж боддог юм. Эхний үед энэ хүүхдүүдийн дуу оруулж байгааг сонсохоор их хачин санагддаг байсан. Заримыг нь чадахгүй бол гадаад хэлээр нь гарга гээд л загнаж л байлаа. Аливаа хүн өөрийгөө болон мэргэжлээ хүндэлж байх ёстой. Тэрнээс биш өдөр өнгөрөөсөн байдлаар хандаж болохгүй.

-Та чамгүй олон кинонд дүрээ үлдээсэн. Өөрөө дүр бүтээх, хүний өмнөөс дуугарах хоёр хэр ялгаатай вэ. Аль нь илүү амар санагддаг вэ?

-Аль аль нь л хэцүү, амархан юм биш шүү дээ. Би эхлээд орчуулгын дуу хийж байхад өөрийнхөө хоолойноос айдаг, ичдэг байсан. Харин яваандаа засагдаад, өөрийн гэсэн арга барилаа олоод авчихдаг юм. Үүн шиг дүр бүтээхэд бас л нэг эвлэхгүй, үг нь ч болохгүй санагддаг байсан. Одоо л овоо зүгширч байх шиг байна. Үгнийхээ утгыг гаргаад хэлчихдэг, зөв буруу харчихдаг болсон байна. Дэлгэцийн уран бүтээлд одоо ч суралцсаар, загнуулсаар л явна. Тэгэхээр орчуулгын киноноос дэлгэцийн бүтээлд тоглох нь арай хэцүү юм болов уу гэж бодож байна. Дуу оруулах ч яахав 40 жил далайн эрэг сахилаа гэдэг шиг явсан юм болохоор болоод л байдаг юм. Гэвч хоёулаа л хэцүү ажил.

-Хүний дуу хоолой өөр, өөр байдаг. Тэгэхээр тухайн хүний хоолойн өнгөнд тааруулж киноныхоо дүрийг хуваарилдаг уу?

-Ардын жүжигчин Н.Дагийранз гуайгаар Цахиур Төмөрт дуу оруулуулсан. Тэр хүний дүр, дуу хоолойг манай хүн өөрийн мэргэжлийн онцлогоороо аваад явчихаж байгаа юм. Цахиур Төмөрийг бид ямар хүн байсныг мэдэхгүй ч Т.Сандуйжав, Н.Дагийранз гуай хоёрын амьдруулснаар л төсөөлдөг шүү дээ. Залуу байхад 2-3 хүний дүр надад өгчихөд яг л тэр хүмүүсийнх нь араншингаар өнгө, өнгөөр нь салгаад болоод байсан. Одоо бол өвгөнөөс өөр дүр оногдохоо ч байж дээ. Нэг удаа гурван өвгөний дүр надад оногдсон. Тэр гурвыгаа арай бүдүүн, жонгиносон нарийн, өөрийнхөө гээд гурван янзын хоолойгоор болоод байсан. Тэгсэн чинь сүүлдээ нөгөө гурван өвгөн чинь өмч хөрөнгөө булаацалдаж хэрэлдээд ёстой нэг хэцүү юм болж билээ.

-Та дэлгэцийн уран бүтээлд “Энэ л Н.Нэргүйбаатарыг тодорхойлно доо” гэсэн дүр бүтээсэн үү?

-Олон кинонд тоглож байсан л даа. Тэдгээр дотроос “Илүү сартай зун”-ы ээрүү Дагва л надтай нилээд дөхөм байх гэж боддог. Таван нас хүртлээ хэлд ороогүй болохоор ч тэр юм уу./инээв/

-Та эсрэг дүр бүтээсэн үү? Тийм дүр ховор санагдаад байх юм?

-Эсрэг дүр ч юу байхав дээ, япон офицерын дүрд хоёр удаа тоглосон юм. Бичээч хятадад бас нэг тоглосон. Эсрэг дүр л болж таарах байхдаа.

-Та хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав?

-“Том тоглоом” гээд хүүхдийн кинонд Цагаан өвгөний дүрд тоглолоо. Энэ бол цуврал, хүүхдэд ихээхэн сургамжтай кино юм. Хүүхдийн хүмүүжилд маш том нөлөө үзүүлэх зүйл бол кино. Яагаад гэхээр сонирхолоор нь дамжуулж хүүхдүүдийг хөтлөж байдаг. Монголд үлгэрийн, тэгээд сургамжтай хүүхдийн кино байсан ч юмуу, бүү мэд. Д.Болорцэцэг гэж найруулагч бүсгүйгээ их зоригтой, хүүхдэд хайртай хүн юм гэж бодоод байгаа. Яагаад гэхээр монголын ирээдүй бол үерхэл нөхөрлөлдөө үнэнч, аливаа юманд тууштай, тэсвэр тэвчээртэй болоход энэ кино нилээд түлхэц болох байх гэж ойшоож байгаа. Саяхан Өмнөговийн Хонгорын элс гэдэг газар очиж зураг авлаа. Найруулагч бүсгүй маань зүрх үхмээр бужигнасан их шуурган дунд л өдөржингөө зургаа авсан. Манай хүүхдүүд чинь кино үзэхээрээ кинон дундаа орчихдог шүү дээ. Найруулагч маань яг л тэр сэтгэхүйг олоод харсан байгаа юм. Хүүхдэд үнэнч бай, тэсвэр тэвчээртэй бай гэж загнах нэг ондоо. Харин энэ кино маань загнахгүйгээр кинон дундаа оруулаад өөрсдийг нь хөтлөөд явчихаж байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд их ухаарч, ойлгодог байна. Найруулагчийгаа нэг удаа цаашлуулаад “Наадахаа хурдхан авчихаач дээ” гэсэн чинь “Нэргүй ах аа нэгэнт ийм хол газар зориод ирчихсэн юм чинь үзүүлбэл үзүүлсэн шиг үзүүлэхээр юм авчихъя” гэж хэлсэн. Үнэхээр л нэг хүүхдүүдэд үзчихмээр кино хийе гэж зорьж яваа хүүхэд байгаа юм.

-УИХ-аар Киноны тухай хууль батлах тухай яригдаж байгаа даа?

-Төр засаг яг энэ хуулиа батлахдаа хүүхдийн кино гэдэг дээр нэг зүйл тусгаж өгөөд төр засгаасаа ивээн тэтгэж, ирээдүй хойчдоо нүүр бардам үлдээх хэдэн сайхан хүүхдийн кино хийх боломжийг гаргаж өгөөсэй гэж хүсэж байгаа. Бусад нь яахав, учраа олно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top