-Арилжааны банкны томоохон хувьцаа эзэмшигчид 2026 он гэхэд хувьцаагаа 20 хувь хүртэл бууруулна-
“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан” гэсэн хоёр жижиг банкйны санхүүгийн чадавхи муудсаныг төв банк баталгаажуулсан. Дээрх банкуудын эздэд хугацаат үүрэг өгсөн гэдгээ ч нуугаагүй. Хадгаламж эзэмшигчид нь хадгалуулсан мөнгөө олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсан “Чингис хаан” банкны эзэд өөрсдөө банкныхаа хамаг хөрөнгийг зээлээд авчихсан гэдэг мэдээлэл байгаа бол “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” мөн адил шалтгаанаар хүндрэлд орсон. Томоохон хувьцаа эзэмшигчид нь авсан зээлээ эргүүлж төлөөгүй учраас дээрх хоёр банкинд чанаргүй актив бөөгнөрсөн гэсэн үг. Улмаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон зээл олголтоо бүр мөсөн зогсоосноос харагддаг. Мөн төв байрнаасаа бусад салбаруудаа хаасан. Хэрвээ хөрөнгө оруулагчид нь заасан хугацаанд банкиа хүнд байдлаас гаргах хөрөнгөө нөхөж чадахгүй бол дараагийн шатны арга хэмжээ авах аж.
Өөрөөр хэлбэл, Монголбанк өөрийн эрх үүргийнхээ хүрээнд Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкны удирдлагыг авч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж таарна. Тэгэхээр төсвийн олон зуун тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн ч эзэн нь 40 сая төгрөгөөр торгуулиад өнгөрч буй “Капитал” банкны жишээ “Үндэсний хөрөнгө оруулалт”, “Чингис хаан” банкууд дээр давтагдахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй байгаа юм. Үүнийг төрийн мөнгөнд хяналт тавьдаг улсын ерөнхий аудиторын орлогч дарга О.Тэнгис аль наймдугаар сард сануулсан нь бий. “Капитал”-ын жишээг сануулахад, төрийн 29 байгууллагын 374.9 тэрбум төгрөг буюу татвар төлөгчдийн хөрөнгө уг банктай хамт дампуурсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 136.1 тэрбум, Нийгмийн даатгалын ерөнхий газар 104.1, Хөгжлийн банк 56.4, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 42.9, Сангийн яам 16.8, анагаахын сургууль 4.1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар 3.9, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 3.1, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 1.9, Татварын ерөнхий газар 1.5 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулаад байсан юм. Монголд нийтийн мөнгө эзэнгүй байдаг хойно. Төр одоо ч мөнгөө бүрэн төлүүлж чадаагүй байгаа.
Ийм шударга бус байдлыг халах агуулгатай хуулийн төсөл яг өнөөдөр УИХ гишүүдийн ширээн дээр байгаа. УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Банкны хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн гол заалт нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкин дахь эздийн оролцоог хумьж өгөх юм. Уг өөрчлөлтөөр арилжааны банкны хамгийн том хувьцаа эзэмшигч 2026 он гэхэд эзэмшлийн хувьцаагаа 20 хувь хүртэл бууруулна. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкны холбогдох этгээдтэй хийсэн ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлээс шалтгаалж банкны төлбөрийн чадвар алдагдаж татан буугдсан гэдгийг төсөл санаачлагчийн зүгээс онцолсон. Ялангуяа өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудад дийлэнх тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчийн оролцоо нөлөөлж, банкны хувьцааны өмчлөл ба хяналтын тэнцвэрт нэг этгээдэд хэт төвлөрч, тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байжээ. Тиймээс арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгож, нэг оролцогчийн хамгийн их эзэмшлийг ийн бууруулж өгч байгаа. Банкны эрх мэдлийн төвлөрлийг бууруулах энэ заалт 2023 оноос үе шаттай хэрэгжих учиртай. Гэвч зөвхөн энэ заалтаас шалтгаалан УИХ дээр хуулийн төсөл бүхэлдээ унах практик магадлал өндөр. Тэр нь УИХ-д банкны эзэдтэй ашиг сонирхол нэгтэй гишүүдийн эрх мэдлийн асуудал болж хувирна. Ийм зөрчил үүснэ гэж тооцвол хуулийн төсөл яаж ч дүрээ хувиргаж мэднэ. Ямартай ч санхүүгийн салбарт байгаа хамгийн том төвлөрлийг задлах ач холбогдолтой хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа нь сайн хэрэг.
Энэ талаас нь харвал арилжааны хөрөнгийн төвлөрөл өндөртэй манай санхүүгийн салбарт дээрх өөрчлөлт дархлаа болох сайн талтай. Тухайлбал, хамгийн сүүлд дампуурал зарласан “Капитал” банк хоёр хувьцаа эзэмшигтэй байсан бол өнөөдөр хүндрэл ороод буй “Чингис хаан” нэг хүний мэдлийнх байгаа юм. Нэг, хоёр хүн олон мянган хүний хуримтлалын хөрөнгийг дур зоргоороо зарж, эрсдэлд оруулж буй нь өөрөө манай санхүүгийн салбарын эрсдэл. Хэрэв системийн нөлөө бүхий “Худалдаа хөгжлийн банк”, ХААН, “Голомт” банкны эзэд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үр ашиггүй буруу зараад эхэлбэл, Монгол Улсын эдийн засгийг тэр чигт нь чирэх аюултай. Тиймээс банкуудыг системдээ ач холбогдолтой, ач холбогдолгүй гэх ойлголт бий. Системд томоохон байр суурь эзэлж буй банк хүндрэлд орвол нийт системээ араасаа дагуулах эрсдэлтэй. Жишээлбэл, системийн нийт хөрөнгийн 20 хувийг төвлөрүүлсэн банкинд хүндрэл үүсвэл, үлдсэн 80 хувьд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тиймээс системийн хувьд ач холбогдолтой томоохон банкуудыг ангилж, илүү өндөр хяналт тавьж үйл ажиллагааг нь хянах шаардлагатай болж байгаа юм. Энэ бол зөвхөн Монголд баримталж буй бодлого биш. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр үүссэн асуудлуудын нэг нь энэ. Тухайн үед ач холбогдолтой банкууд системдээ том хувь эзэлдэг, мөн нэг нь нөгөөгөөсөө маш их хамааралтай болчихсон байсан. Улмаар нэг банк нь хүндрэхэд системийн хэмжээний эрсдэл үүссэн. Энэ бол дэлхийн санхүүгийн хямралаас авсан том сургамж. Монголд түүнээс өмнө системийн ач холбогдолтой, ач холбогдол багатай банк гэх ойлголт байгаагүй аж. Монголбанкны тодорхойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтаж байна. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй. Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс банкуудыг дотор нь том-3, дунд-3 болон бусад банкууд гэж ангилан авч үзсэн байдаг. Таван их наяд төгрөгөөс дээш активтай бол том, 1-5 их наядын активтай бол дунд ангилалд оруулж байгаа. Нэг их наяд төгрөгөөс бага активтай банкуудыг системийн бус гэж үздэг. Одоогоор систем хамгийн их нөлөөтэй гурван том банкаар “Худалдаа хөгжил”, ХААН, “Голомт” тооцогдож байна. Тэгвэл 1-5 их наядын активтай буюу дунд ангилалд “Хас”, “Төрийн банк” “Улаанбаатар хотын банк”-ууд багтдаг бөгөөд “Чингис хаан”, “Капитрон”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Ариг”, “Богд”, “Кредит”, “Тээвэр хөгжлийн банк”-уудыг системийн бус банк гэж үзэж байгаа. Энэ ангиллаас үзвэл, аз болж өнөөдөр системийн бус банкууд л эздийнхээ уршгаар хүндрээд байна.
Мөн олон улсад хийсэн бүхий л судалгаагаар хувь эзэмшлийн төвлөрөл өндөр байх тусам банкны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Илүү их эрсдэлтэй стратеги, үйл ажиллагааг эрхлэх хандлагатай байдаг учраас санхүү төлбөрийн чадварын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг баталжээ.
Арилжааны банкуудын хувь эзэмшлийн бүтэц
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Арилжааны нэртэй хувийн хэдэн банкуудын өндөр хүүтэй мөнгө хүүлэлтийг бууруулахад банкны эздийн тоог 5 болгох өөрөөр хэлбэл нэг эзэн 20%-иас хэтрэхгүй байх энэ хууль том нөлөө үзүүлэхгүй. Харин тэдний хадгаламж ба зээлийн хүүнд Төрөөс ойрын 5 жилийн хугацаанд маш тодорхой зорилготой үе шаттай чангахан шиг зохицуулалт хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал тэр банкуудын яриад байдаг зах зээлийн хүүг зөв тогтооход ард түмэнд улсад эдийн засагт эерэг байдлаар хамгийн зөвөөр нөлөөлнө.