Монголын анхны тогтмол хэвлэл, үндэсний өдөр тутмын сонин “Монголын Үнэн” сонин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан “Үнэн сонин ба чөлөөт сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. “Монголын үнэн” сонин, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус хурлыг нээж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн юм. Тэрбээр “Монголын үнэн” сонин нь анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн тогтмол хэвлэлийн өнгө аясыг шингээж Монгол Улсын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжлийн түүчээ болж, түүхийн бүхий л цаг үеүдэд уншигчдаа соён гэгээрүүлэх, зохион байгуулах, эв хүчийг нэгтгэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн” гэдгийн онцолсон юм. Мөн XX зууны эхэнд монголчуудын тусгаар тогтнол эрх чөлөөнд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэх уриа дуудлага нь болсон нь Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын үнэн” сонины түүхийн эгзэгтэй цаг үед гүйцэтгэсэн түүхэн үүрэг юм” хэмээлээ.
Өнөөдөр 14:00 цаг хүртэл үргэлжлэх тус эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн, доктор, дэд профессор Д.Батмөнх, TV9 телевизийн захирал доктор, профессор Т.Баасансүрэн, доктор, профессор Б.Даш-Ёндон, МУИС-ын Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Л.Норовсүрэн, доктор, профессор Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, доктор Ц.Мөнхцэцэг, нар оролцож илтгэл тавьж байна. Тодруулбал,
Эдүгээгээс 100 жилийн тэртээ 1920 оны 11-р сарын 10-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотноо “Монголын үнэн” сонины анхны дугаар 3000 хувиар хэвлэгдэн гарч байжээ.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид Эрхүү хот дахь Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тусламж оролцоог түшиглэн хилийн чанадад намын анхны хувьсгалт нууц сонин “Монголын үнэн”-г санаачлан гаргаж 1921 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт зургаан дугаар хэвлэн тараасан байна. “Монголын үнэн” сонины хамгийн анхны уншигчид нь Ардын хувьсгалын партизан цэргүүд байв.Тэд сониныг уншаад зогсоогүй түүнийг олон нийтийн дунд идэвхтэй сурталчлагч, түгээн тараагч, бие төлөөлөгч болж байжээ.
“Монголын үнэн” сонин нь Монгол Ардын нам болон Засгийн газрын анхны төв хэвлэл бөгөөд тодорхой хугацаанд “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг нэрээр хэвлэгдэн гарч байсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан түүх түүхээ хамгаалцгаая Монголчуудаа.