Т.Дулмаа: Сурах бичиг сайн байвал багшдаа ч, сурагчдаа ч бэрхшээлгүй

2020 оны 11 сарын 10

Өнөөдөр дунд сургуулийн сурах бичгийн чанар, өгөөж, агуулгын талаар багагүй шүүмж, маргаан өрнөдөг болов. ЕБДуС-ийн сурах бичиг зохиоход тавьж байсан шаардлага, стандарт, өнөөгийн сурах бичгийн агуулга, чанарын талаар Монгол Улсын Гавьяат багш Т.Дулмаатай ярилцав.

Тэрээр нийслэлийн 33 дугаар сургуулиас гараагаа эхэлж, лаборатори нэгдүгээр дунд сургуульд 40 гаруй жил, тухайн үеийн Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд таван жил багшилж, Монгол даяар дунд сургуулийн орос хэлний сургалтад  25 жил ашигласан “Радуга” сурах бичгийн зохиогчоор ажилласан сурган хүмүүжүүлэгч юм. Т.Дулмаа багш өнөөдөр ч ач, жичээ сурган хүмүүжүүлж, өдөр бүр тэднийгээ сургуульд нь хүргэн өгч, сурах бичигтэй нөхөрлөсөөр  явна. Бидний яриа төрөлх нэгдүгээр дунд сургуулийнх нь бага ангийн танхимд, хүүхэд багачуудын шуугиан дунд өрнөлөө.  

-Та олон жил дунд сургуульд багшилсны зэрэгцээ Монгол даяар таны  оролцож зохиосон “Радуга” цуврал номыг сургалтад хэрэглэж, олон мянган сурагч түүгээр дамжуулж орос хэлтэй танилцсан. Сурах бичиг зохиоход тавигддаг гол шаардлага юу вэ?

-ЕБДуС-ийн сурах бичиг гэдэг бол нэгдүгээрт багш, хоёрдугаарт, сурч байгаа сурагчдын гол гарын авлага болдог зүйл. Энэ гарын авлагыг маш нямбай, нухацтай хийхгүй бол сурагчийн олох мэдлэг, түүнийгээ бататгах, шинэ зүйл сурахад муу сурах бичиг сайнаар нөлөөлөхгүй. Үүнийг ямар жишээн дээр хэлж байна вэ гэвэл 1980-2005 он хүртэл буюу орос хэлийг нэлээд түлхүү үзэж байх үед дунд сургуулийн сургалтад хэрэглэсэн “Радуга” сурах бичгийг зохиосон туршлага дээрээ тулгуурлаж ярьж байгаа юм.

-Ямар үе шаттайгаар сурах бичгээ зохиож байв?

-Энэ сурах бичгийг бүхэл бүтэн баг оролцож бүтээсэн. Тухайн үед сурах бичгийн сэдэв нэг бүрийг хэд хэдэн шатаар дамжуулж, олон багш, мэргэжилтнүүд санаагаа хэлж боловсруулдаг байсан юм. Дээд сургууль, ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нараас зохиогчдыг сонгосны дараа эхлээд тухайн багш сурах бичигт зориулан сэдвээ бэлтгэдэг байлаа. Жишээ нь, би долоодугаар ангийн сурах бичгийг УБДС-ийн Бямба­тогтох багштай хам­тарч, 50 хичээлээ хувааж авч зохиосон. Хоёр багш дараа нь өөр өөрийн сэдвээ харилцан солилцож үзнэ. Дунд сургууль, дээд сургуулийн багш харилцан бие биеэ нөхөж байгаа юм. Тэр бэлтгэсэн сэдвийг орос хэлний мэргэжлийн багш нар нэгэн зэрэг тухайн ангид нь зааж үзнэ. Сурах бичиг гарахаас өмнө шүү дээ. Манай нэгдүгээр сургууль энэ мэргэжлийн зургаан багштай гэхэд бүгдээрээ тэр сэдвээр долоодугаар ангид хичээл зааж үзнэ гэсэн үг. Багш бүр өөр өөрийн арга барилаар заана аа даа. Сэдвийн агуулга тухайн анги, насны хүүхдэд тохирч байна уу, үгүй юү гэдгийг туршиж байгаа юм. Түүний дараа багш нар бүгдээрээ сууж байгаад “Энэ хичээлийн сэдэв ямар болов. Юу нь сурагчдад хүнд байв, юу нь хөнгөн болов, юу илүүдэв. Ямар сэдэв нь таалагдав, хүүхэд яаж хүлээж авав” гэдгийг ярилцана. Багш бүрээс янз янзын санал гарна. “Энэ ийм насны хүүхдэд яг таарч байна. Энэ  сэдэв хүүхдийн сонирхол татсан байна. Энэ нь жаахан сонирхолгүй болжээ. Хичээлийн цаг дотроо сэдэв багтсан уу. Юу илүүдэв. Юу нь хүүхдэд хүнд байв” гэдгийг шүүж ярилцана. Тэр дагуу зохиогч багш засвар хийнэ. Түүний дараа Сурганы хүрээлэнгийн мэргэжилтэн багшийг урьж тэр сэдвээр явуулах хичээлдээ суулгаж зөвлөгөө авна. Зөвлөх багш нар саналаа хэлнэ. Хэл зүй, авиа зүй, арга зүйн талаас нь зөвлөнө. Энэ бүхнийг сэдэвтээ тусгасны дараа өөр бусад сургуулийн долоодугаар ангийн багш нарыг хичээлдээ суул­гаж нөгөө сэдвээрээ зааж саналыг нь сонсоно. Орос хэлний сурах бичиг учраас Москвагаас эрдэм шинжилгээний удирдагч багш нар ирж бас тухайн сэдвийг шүүнэ, үзнэ, харна, зөвлөнө. Нэг сурах бичгийн нэг л сэд­вийг батлуулахын тулд ийм үе шатуудыг дамждаг бай­сан. Гурван монгол багш, эрдэм шинжилгээний ажлын удирдагч гурван орос багш сурах бичгүүд дээр хам­тарсан. Зөвлөх багш байсны хувьд би хөдөө айм­­гуу­даар их явж үзүүлэх хичээл заасан маань хэрэг болсон.

-Сурах бичиг дангаараа биш, тухайн хичээлээр унших бичиг гэж гардаг байсныг санаж байна. Түүх, ургамал судлал, амьтан судлал, уран зохиол гээд хичээлүүд бүгд дагалдах унших бичигтэй, бүгд их сонирхолтой байсан...

-“Радуга” сурах бичгийн гол онцлог бол тус бүрдээ дөрвөн номоос бүрдсэн иж бүрэн сурах бичиг юм шүү дээ. Эхнийх нь сурагчид зориулсан сурах бичиг. Сэдэв бүр нь тухайн 40-45 минут дотор хичээл явуулах аргачлал болдог. Үүн дотроо хичээл бүрд хэл зүйн тайлбар байна. Жишиж харьцуулах, цээжилж тогтоох материал байна. Дасгалууд, толь ашиглан унших сэдэв, үг бүтээх дасгал багтана. Зураг дээр ажиллах, хошин шог яриа уншиж, ярих гээд энэ бүхнийг хичээлийн сэдэвтэйгээ холбож өгсөн байна. Энэ бол хичээлийн нэг цаг дотор багшаас сурагчид өгөх материал.

Хоёр дахь нь багшид зориулсан ном. Ямар үг зүй, авиа зүй, өгүүлбэр зүйн бүтэц тухайн хичээлд оров, ямар загвараар заах вэ, ямар жишээн дээр ажиллах вэ гэдгийг сэдэв бүрээр багшид тайлбарлаж өгсөн зөвлөмж, гарын авлага болох ном. Залуу багш нарт маш их хэрэг­тэй, ахмад багш нар бол өөрс­дийнхөөрөө баяжуулаад заагаад явах тийм ном болсон.

Гурав дахь нь хальсны бичлэг буюу аудио хичээл. Харилцан ярианы сонсох хичээлээр сурагчдын хэл, яриаг зүгшрүүлж үгийг баяжуулах үүрэгтэй.

Дөрөв дэх нь Ажлын дэвтэр. Энэ нь ангид үзсэн хичээлээ бататгаад ажиллах, нөхөж бичих тестүүдтэй. Яриа нөхөх дасгалуудтай. Үүнээс гадна энэ номууд дотор монгол-орос, орос-монгол толь бичиг хадаж өгсөн. Иж бүрэн цогц сурах бичиг болсон гэдгийн учир нь энэ. Орж байгаа сэдвүүдийг Монголынхоо ололт амжилт, гайхамшигт хүмүүс, байгаль, уул ус, цаг ууртай холбож, давхар танин мэдэхүйг нь тэлэхийг зорьдог байлаа. Тухайлбал, Ёл хад гэхэд хаана байдаг, ямар амьтад байдаг гэх зэргээр үзүүлж, түүн дээрээ үг яриагаа хөгжүүлэх дасгалууд хийх жишээтэй.

-Одоо сурах бичгүүдийг ойр ойр­хон солих болж. Тэр хэрээр агуулга өөрч­лөгдөнө, сургалтад нөлөөлнө, шинэ гарсан сурах бичиг олох гэж эцэг эх ч зүдэрнэ. Сургууль тэр бүр хангаад байж чадахгүй. Харин өмнө нь сурах бичиг урт хугацаанд хэрэглэгдэж, ах, эгчээс дүүд гэх зэргээр шилждэг байсан. Чанартай сурах бичиг гаргаж байсных уу?

-Тийм, Боловсролын яам, Сурганы хүрээлэнгээс маш их анхаарч, аль болох урт хугацаанд хэрэглэх агуул­гатай сурах бичиг гаргахыг зорьдог байсан. “Радуга” сурах бичиг маань гэхэд гурван удаа дахин хэвлэгдэж, 25 жил хэрэглэгдлээ.

-Юунаас болж өнөөгийн зарим сурах бичиг тухайн насны хүүхдэд хүнддэх болов?

-Аль ч хичээлийн сурах бичиг байсан тухайн насны хүүхдийн онцлогт тохируулж яаж тайлбарлах вэ гэдэгт их анхаарах хэрэгтэй. Би одоо ч ач, жич нарынхаа хичээлтэй өдөр болгон ноцолдож суугаа хүн шүү дээ. Орчин үеийн сурах бичгүүдийг харахад системчилсэн зүйл тааруу болж. Загвар байхгүй. Гурвалжны талбайг яаж олох вэ гээд нэг бодлого байна. Түүнийг сурах бичигт багш заавал жишээгээр баталж оруулах ёстой. Дүрэм нь байлаа ч бодох аргачлал, жишээгүй болохоор хүүхэд хичээлээ бататгаж чадахгүй ядрах, түүнээсээ болоод сурах идэвх буурах зэрэг сөрөг талтай. Хүүхдэд заавал загварчилсан, үлгэрчилсэн жишээнүүд хэрэгтэй. Сурах бичгийг сонгон шал­гаруу­лалтад тэнцсэн баг гэсэн хоёр гурван мэргэжлийн багш сууж байгаад, “Би ингэж бодож байна, тэгж бодож байна” гэх маягаар өөрийн санаагаар бичих юм уу, хүүхэд залхаасан хүнд сэдэв, эсвэл мэдээжийн хөнгөн сэдэв оруулж хийх гээд байдаг болсон юм уу даа. Өгүүлбэрүүд нь урт, хүнд байна. Мэргэжлийн олон хүн оролцуулж, туршиж үзэж байж ном хиймээр санагддаг. Бид бол бүтэн жилийн өмнөөс Сурганы хүрээ­лэнгийн дэргэд сууж бэлтгэлээ базааж, хөтөл­бөрөө гаргаж байж сурах бичгийн ажилдаа ордог байсан. Хуучин чанартай сурах бичигтэй байх үед хот, хөдөөгийн сургууль төгсөгчдийн хооронд мэдлэгийн ялгаа тийм их гардаггүй байж. Одоо бол хот хөдөө бүү хэл, хотын захын сургуулиудад ч ялгаа харагддаг болсон. Орчин үед ном бичиж байгаа багш нар ном бичихээсээ 5-6 сарын өмнө бэлтгэлээ базааж, даа­сан ангидаа туршиж үзэж, бусад багш нартай саналаа  хуваалцаж байж ажилдаа ормоор санагддаг. Олонтой хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ.

Заримдаа хүүхэд бүү хэл, том хүн ойлгоход хүнд өгүүлбэртэй бодлогууд таарах юм. IQ хөгжүүлэх гэж байгаа нь энэ гээд учрыг нь олоход төвөгтэй зүйлс ч оруулсан байх юм. Түүнийг системтэй өгч байж л хүүхэд ойлгоно шүү дээ. Зохиогч багш өөрийн үзэмжээр оруулж таарахгүй. Сурах бичиг  сайн байвал багшдаа ч, сурагчдаа ч уг нь бэрхшээлгүй л дээ. Сурах бичгийг чанартай системтэй, хүүхдийн анхаарал татсан, сонирхолтой, өнгөлөг хийж өгвөл хүүхэд хичээлээ өөрийн болгож чадна даа. Хөтөлбөртөө захирагдаад, заах сэдэвтээ баригдаад чангалаад байхаар оюун ухаан сайтай хүүхдүүд хүлээгээд авдаг, тааруу нь хоцроод чирэгдээд явчихдаг талтай. Бид бас хүүхдийг харилцан яриа, тоглоомын аргаар сургах хөөрхөн ном бэлтгэж байсан ч цагийн байдлаас шалтгаалаад цаашаа яваагүй л дээ.

-Таны тоглоомын аргаар сургах арга Намын дээд сургуульд багшлах үед тань хэрэг болсон биз дээ. Дээд сургууль төгсөөд дипломын дараах сургалтад ирсэн хүмүүсийг оросоор лекц бичүүлж сургах гэж тийм арга хэрэглэдэг байсан?

-Надад маш их хэрэг болсон. Эрчимжүүлсэн сургалтаар гурван сарын дотор лекц бичдэг болгож гаргаж байсан. Дунд сургуу­лийн сурагчидтай ажиллаж байгаад насанд хүрсэн хүмүүс­­тэй ажиллахад заах арга бас маш өөр юм билээ. Гэхдээ эрчимжүүлсэн сургалтаар насанд хүрэгч­дийг сургахад миний тэр бичиж байсан ном тусаа өгсөн.

-Кембрижийн арга гэдгийг та сонирхов уу?

-Хүүхдийг аль болох чөлөөтэй байлгаж, чөлөөтэй сэтгүүлж сургах хөтөлбөр юм билээ. Манайхан шиг ширээний ард номхон суул­га­чихаад багш төвтэй байд­лаар сургах биш, чөлөөтэй харилцан ярилцаж, гарч орж, тоглоомын маягаар тайлбарлаад өгөх тийм маягийн сургалт юм билээ. Манайх шиг нэг ангид 50-60 хүүхэд хичээллүүлж байгаа, анги танхим хүрэлцээ муутай нөхцөлд хэцүү л юм шиг санагдсан.

-Хичээлээс гадуур ун­ших зарим ном дотор хүүх­дэд үзүүлэх бүү хэл, насанд хүрсэн хүн халга­маар зүйл тааралдах юм аа?

-Юм болгон дээр хамаа намаагүй зүйл оруулж таарахгүй шүү дээ. Хүүхдэд танин мэдэх, эх орноо, байгаль дэлхийгээ таних, эцэг эх, сургууль, эх орноо хайрлах гэдэг юу болохыг тайлбарласан зүйлс хэрэгтэй. Ахмадуудаа, багш нараа яаж хүндэтгэх учиртай юм гэдгийг суулгаж өгөх учиртай. Монгол сайхан зүйр цэцэн үгс, хэлц үгс байсаар байхад хачин зүйлс оруулсан харагдах л юм. Залуу багш, сурган хүмүүжүүлэгч, сурах бичиг зохиогчид минь үүн дээр анхаараарай. Яагаад зарим зүйлийг монголчууд хориглодог байсан юм. Түү­ний учрыг хэлж өг. Ой модонд явахдаа юуг анхаарах, аянга цахилгаан буухаас яаж өөрийгөө хамгаалах, төөрвөл зүгээ хэрхэн олох, амьтан, ургамлыг хайрлах зэргийг зааж сурга. Хүүхдэд үлдэх, ёс зүй суулгах зүйлс манай Монгол ёс уламжлалд, үлгэр, домог, магтаал, өгүүллүүдэд зөндөө байна шүү дээ. Нөгөө талаар гэрийн даалгавар маш их өгдөг болж. Ингэж хэт их ядраахаар хүүхдийн эрүүл мэн­дэд хортойгоос гадна халшрамтгай, хичээлдээ дургүй болно. Сүүлдээ идэвх­гүй, сонирхолгүй болно. Урам зориг нь мохно. Иймэрхүү зүйл бас хараг­дах юм. Насанд нь таарсан, үзсэнээ бататгах, урам төрүүлэх даалгавар хэрэгтэй дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(59.153.115.40) 2020 оны 11 сарын 10

ter veiin surah bichig sain shvv,,odooch bvr hog bolson b,aleedee,bagshdaa bayarlalaa

0  |  0
Top