Жо Байден ба Монгол

2020 оны 11 сарын 13

АНУ-д манай анхны Ерөнхийлөгчийн чацуутан төр тэргүүлнэ

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден энэ 11 дүгээр сарын 7-ны өдрөөс “Сонгогдсон Ерөнхийлөгч” боллоо. Наана нь ямар нэг маргаан эс гарвал 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Нэгдсэн Улсын 46 дахь Ерөнхийлөгч тангаргаа өргөнө. Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөн ялсан Жо Байден АНУ-ын хувьд хамгийн ахмад настайдаа Төрийн тэргүүн болж буйгаараа онцлог бөгөөд 1942 онд төрсөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нарын чацуутан. 

Жо Байден дэд Ерөнхийлөгчдөө сенатор, хуульч Камала Харрисын нэрийг дэвшүүлэв. Калифорни мужийн сенатор 55 настай Харрис нь Америкийн түүхэнд дэд Ерөнхийлөгчийн суудалд суух анхны Ази-Африк гаралтай эмэгтэй боллоо. Түүний ээж энэтхэг, аав ямайк гаралтай. Үүнээс үүдэж Энэтхэгийн зарим хотод бага хэмжээний баяр ёслол ч болжээ. Харин манай Монголд бол Камала Харрис  “Ач, зээгээ хараад, аяга цайгаа эргүүлээд гэртээ суу” гэж загнуулах насны эмэгтэй.

Монгол, америкчуудын сэтгэлгээний ялгаа, монголчуудын улс төрийн карьер ид насандаа дуусдаг зэрэг нь эндээс харагдана.

Монголд бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 50 нас хүрч байж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх нээгдэж, зургаан жилээр хоёр удаа сонгогдох боломж олгоод, түүнээс хойш  улс төрөөс бүрмөсөн зодог тайлуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, 62 хүрээд “даяанч” болно гэсэн үг. 60-аас дээш настай хүн Ерөнхийлөгчийн болоод бусад сонгуульд нэр дэвшиж болох ч сонгогдох магадлал бага.

Өмнөд хөршид бол 60 настай улстөрчийг “залуу кадр” хэмээдэг. Манайд яагаад нас ахисан улстөрчид муу нэртэй болсон бэ гэвэл идэх уух хуулийн цоорхой ихтэйн дээр “Өсөх насны өлөн өтлөх насанд ч арилдаггүй” /Титэм үгээс/ нэг муу гэм салдаггүй. Уг нь авах, идэх хомхой сэтгэлээсээ салж чадвал Жо Байден шиг биш гэхэд 70 руу ойртож яваа В.Путин, Ши Жиньпин нар шиг байж болох. Тэдэнтэй харьцуулахад манай экс болоод өнөөгийн Ерөнхийлөгч нар “идэрхэн харчууд” юм л даа...

 

АНУ-ын Ерөнхийлөгч нар Монголыг дурддаг “ёс”

 

Сонгуульд орохдоо Монголыг дурддаг “ёс” лав л Америкийн сүүлийн хоёр Ерөнхийлөгч дээр харагдлаа.

Дональд Трамп дөрвөн жилийн өмнө  сонгуульд өрсөлдөж байхдаа “FoxNews”-ын ярилцлагад орж, Мексикийн хил дээр хана барих төлөвлөгөөгөө Хятадын Цагаан хэрэмтэй харьцуулж байв. Дональд Трамп “Мексикийн залгаа хил дээр Хятадын Цагаан хэрэмтэй харьцуулахад арай жижиг хана барина. Хятадын Цагаан хэрмийг хүсээгүй хүмүүсийг оруулахгүй, цагаачдыг нэвтрүүлэхгүй гэсэн зорилгоор барьсан. Монгол чинь Азийн Мексик шүү дээ” хэмээн хадуурсан талтай.

Тэгвэл сая Жо Байден “Democratic Debates” мэтгэлцээний үеэр БНХАУ, Америкийн харилцааны сэдвийг хөндөхдөө “Хятад улс Монголын бохир нүүрсийг дэлхий даяар тарааж байна.

Хятадын “Нэг бүс-Нэг зам бодлого” бол Монголын бохир нүүрсийг дэлхий даяар тараах төдий зүйл юм” хэмээв.

Уг нь Жо Байден цаагуураа Парисын уур амьсгалын гэрээнээс албан ёсоор гарахаа зарласан Цагаан ордны одоогийн  бодлогыг буруутгаж, хэрэв сонгогдвол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогод АНУ-ыг буцаан нэгтгэнэ гэдгээ илэрхийлэх гэсэн ч хэл халтирчээ.

 

Сур сонирхож, үндэсний бөхийн маягаар өрж, морьтой болсон Жо Байден

 

Б.Обамаг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед Жо Байден дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Энэ үеэрээ тэрээр Монголд айл­чилж, бэсрэг наадам сонирхож, Улсын арслан н.Ганхуягийн өөдөөс өрж зогсож, нум эвшээлгэн сум тавьж, эрийн гурван наадамд шимтэж үзсэн их эр. Бас Монголын төр, засгаас өндөр дээд зочиндоо бэлэг болгон өгсөн моринд “Селтик” гэдэг нэр хайрлаад буцсан эрхэм.

Жо Байденыг 2011 оны найм­дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэг­доржийн урилгаар айлчлан ирэхэд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд угтан авч, Монгол оронтой танилцуулах ажлыг гардан хариуцаж байв.

Тэрээр айлчлалынхаа үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Монголд хийсэн миний болон АНУ-ын бусад төлөөлөгчдийн айлчлал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай Цагаан ордонд хийсэн уулзалт зэрэг нь газар зүйн байрлалаас үл хамааран манай хоёр улс нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлстэйг харуулж байгаа юм. АНУ-ын компаниуд Монголын эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, хөгжилд хөтөлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Би манай хоёр орны ирээдүйн болон ойрын жилүүдийн хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэж байв. Нэгэнт ноён Байден Ерөнхийлөгч болж буй тул өмнө хэлсэн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө хичээх биз ээ.

 

АНУ-ын хоёр Ерөнхийлөгч, хоёр дэд Ерөнхийлөгч Монголд хөл тавьжээ

 

Монгол Улс, АНУ-ын хооронд1987 онд дипломат харил­цаа тогтоож,  2019 онд Цагаан ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга, Дональд Трамп нар Хоёр талын Стратегийн түншлэлийн харилцааг баталсан билээ. Энэ бол Жо Байдены хоёр талын харилцаанд барьж ажиллах хамгийн сүүлийн үеийн гол баримт бичиг.

Хэдийгээр дэлхийн бөмбөрцгийн эсрэг хоёр бөөрөнд оршдог ч Монгол, Америкийн харилцаа холоос улбаатай. Нэгэн зуунаас ч алс тэртээ үед Америкийн “The Mongolian                    Trading Company”, “Anderson and Meyers Co Ltd”, Англи-Америкийн хамтарсан “British-American Tobacco Company” тэргүүтэй аж ахуйн нэгж Монголд байрлаж, Нийслэл хүрээнд ажиллаж байсныг  өдгөө “Американ дэнж” хэмээх нэр нь нотлон үлдсэн билээ.

Бас АНУ-ын хоёр Ерөнхийлөгч, хоёр дэд Ерөнхийлөгч Монголд хөл тавьжээ. Ерөнхийлөгч Ж.Буш 2005 онд, Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден 2011 онд айлчилсныг бид мэдэж байгаа.

Харин нөгөө хоёр нь хэн гээч?

Уул уурхайн инженер Херберт Гувер хэмээх эрхэм 1899 онд  алтны орд хайж Монголоор хэсэг хэрэн бэдэрчээ. Алтны нөөцийн хайгуул хийж явахдаа Нийслэл Хүрээнд ирж VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан тухайгаа дурдатгал номдоо бичсэн нь бий. Хожим 30 жилийн дараа 1929 онд  Херберт Гувер АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч болсон түүхтэй ажээ.

Монголд ирсэн нөгөө Дэд Ерөнхийлөгчийн тухайд гэвэл АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри Уэллс 1944 оны зун, дэлхийн II дайны галын дундуур Аляск, Сибирь,Ташкент, Шинжаан, Хятадаар дамжсаар Монголд айлчлав. Монголын нөхцөл байдал, ард иргэдийн аж байдал, шашин шүтэх эрх чөлөө бий эсэхийг тандаж ирсэн нь тэр. Үүргээ ч биелүүлж чадсан бололтой байдаг. Гагцхүү нэг хөгжилтэй зүйл тохиолдсон нь дэд ерөнхийлөгчийн бараа бологсод гэрийн хананд өлгөсөн хөхүүртэй айраг шуугихад “Тагнах чагнах төхөөрөмж суулгажээ” хэмээн эмээж хоноод, маргааш учрыг нь олж, америк зочид ихэд хөгжилдсөн гэдэг.

Ийнхүү Монголд айлчилсан АНУ-ын эрхэм дээд төлөөлөгчдийн нэг, басхүү тухайн үедээ тодорхой амлалт дэвшүүлж байсан Жозеф Байден манай гуравдагч хөрш, АНУ-ын Төрийг тэргүүлэх мандатаа өвөртлөөд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АНУ(202.179.25.144) 2020 оны 11 сарын 13

Дэлхийд хүмүүсээ баян чинээлэг амьдруулдгаараа гайхуулдаг Америк улс Монголыг өөд нь татахад амархан ш дээ. Манай коммунистууд тэрний учрыг олохгүй тэнэгтсээр хайран 30 жилийг монголчуудаа ядууруулж өнгөрөөлөө. Одоо вирустүүлж эхлээд байна. Байж байгаа царай нь тэр.

0  |  0
sar(117.136.38.233) 2020 оны 11 сарын 13

Unen yg unen hellee.uuguul irgen gh bhgui.dandaa end tendhiin olz haisan deeremchidiin ur sad.bid alivaad darhlaatai bh estoi.magtaal shuumjleliig adilhan davj garah,uhaalag censuretei bh gd.deerengui turemgii deeremchin uls.dandaa hogiin haruudaar duurchihsen.horshiindoo dailuulj garchihaad gertee orood tsagdaa duuddag.ih bayan bolj shalga geed.kinonoosoo tes oor amidraltai.buh yum tootsoo.gerlelt hair durlal n hurtel.daatgal ch yum shig.ghdee avah yum bii.bidend bol taarahgui soyol

1  |  0
Үнэн(202.9.46.63) 2020 оны 11 сарын 13

Бузарын Америкуудаас Хөндий байх. Хэрэгтэй. Вitnam улс шиг Монголыг болгоно Зорилготой Тагнаж Чагнаж Тбршиж Явж бн! Энд тэндээс Хулгайч Хар тамхичины Цугларсан Хулгайч нар АНУ

1  |  0
Залруулга(66.181.189.13) 2020 оны 11 сарын 13

Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтийн дагуу бол 1 л удаа 6 жилийн хугацаагаар Монгол улсын Ерөнхийлөгч сонгогдоно.

1  |  0
Top