КОВИД-19. Энэ үгийг дэлхий нийт сонссоор дариу жилийн хугацаа өнгөрч байна. Манай урд хөршид анх сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэгдэж байгаа энэ өвчин цар тахлын хэмжээнд хүрч олон, олон хүмүүсийн амь насыг авч одоод байна. Үүнээс гадна олон орны эдийн засагт асар их хохирол учруулж, ядуурал асар ихээр нэмж байгаа нь удирдагч нарыг зовоосон асуудал болоод байгаа нь нууц биш. Гэвч цар тахал болсон энэ өвчин намжиж амьдрал үргэлжилэх учраас улс орнууд цар тахлаас гадна энгийн амьдралынхаа бусад олон асуудлыг анхаарлынхаа гадна үлдээхгүй авч явж байна. Харин бид сүүлийн арван сарын хугацаанд зөвхөн энэ өвчний талаар л ярьж, хэд өвдөж, үхсэн талаар мэдээллэж, түүний эсрэг арга хэмжээнүүдийг өөрсдийн чадлынхаа хэрээр хэрэгжүүлж байна.
Одоо тэгвэл бид өвчнөөс гадна бусад асуудлууддаа зохих ёсоор нь анхаарах хэрэгтэй болсон. Хүссэн ч эс хүссэн ч хүн төрөлхтөн бусад өвчнүүдийн адил уг өвчинтэй дасан зохицож, тэмцэж амьдрах нь ойлгомжтой болж байна. Тиймдээ ч хөгжингүй орнууд хөл хорионыхоо дэглэмийг тодорхой үе шатаар буулгаж, өвчний эсрэг вакциныг гаргаж авахаар их хэмжээний хөрөнгө зарсаар байна. Нэгэнт бид өвчний эсрэг вакцин гаргаж, өвчнөөр мөнгө олж чадахгүй учраас ус орныг хөл дээр нь авч явдаг олон салбараа гаргуунд нь гаргаж болохгүй. Уул уурхайн салбараас олох орлого тодорхой хэмжээгээр тасрах нь дамжиггүй. Учир нь энэ салбар биднээс гэхээсээ олон улсын зах зээл, худалдан авагч талаас хамаардаг. Харин тэгвэл бидэнд зөвхөн өөрсдөөс хамаарах, нэгэн чухал салбар байгаа нь хөдөө аж ахуй буюу тэр дундаа таван хошуу мал. Мал аж ахуй бол биднийг олон зууны туршид бусдаас хүнсээр тэр бүр хараат болгочихоогүйгээс гадна эдийн засгийн чухал ач холбогдолтой явж ирсэн салбар. Тэгвэл өнгөрсөн хугацаанд биднийг хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд өвчний сургаас айж суух хооронд амьд ямаа арьснаасаа хямд болтлоо уруудсан. Энэ нь хэдийгээр цаг агаарын нөхцөл байдал, байгаль дэлхийн араншингаас үүдэлтэй мэт харагдаж байгаа боловч ихээхэн хэсэг нь биднээс хамаарсан. Тиймээс одоо нэгэнт гэр дотор өвчин ороод ирчихсэн учраас толгой дээрээ нөмөрсөн хөнжилөөсөө гарч, хотондоо сүйрч байгаа мал аж ахуйдаа анхаарал хандуулахгүй бол ганцхан өвлийн байгалийн гамшиг манай хотыг харлуулж, тогоог хоослох нь. Байдал нэгэнт ийм дээрээ тулчихсан учраас халдвар, хамгаалалтаа өндөр түвшинд хийгээд хашаа хороогоо додомдож, хэдэн малынхаа ам хөдөлгөх зүйлсийг бэлдэн онд оруулах тухай бодох нь зүйн хэрэг. Манай орны нилээд хэсэгт өнгөрсөн өвөл чангахан болж, зун нь олигтой болоогүй учраас тус нутгуудад өвөлжилт, хаваржилт хүндрэх нь нэгэнт тодорхой болоод байна.
ХХААХҮЯ болон цаг уурын байгууллагын мэргэжилтнүүдийн хамтарсан багийн өнгөрсөн аравдугаар сард гаргасан судалгаагаар манай орны нэлээд хэдэн аймагт өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй гарчээ. Эдгээр аймгууд дотроос Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгийн нутгуудад байдал нилээд хүнд болохоор байна. Мөн манай улсын нийт нутгийн тавь гаруй хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай байгаа нь асуудлыг улам хүндрүүлнэ. Баянхонгор аймгаар жишээ аваад үзэхэд нийт нутгийнх нь 90 гаруй хувьд бэлчээрийн даац 3-5 дахин нэмэгдсэн, зуншлагын байдал газар нутгийн 45 хувьд дунд зэрэг, 55 хувьд нь муу гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна лээ. Зун, намар нь газрын гарц тааруу байснаас үүдэн тус аймгийн 1,2 сая мал отор нүүдэл хийх шаардлагатайгаас 405 мянган мал нь өөр бусад аймгийн нутагт оторлох учиртай. Зуд болох өндөр эрсдэлтэй бусад аймгууд ч энэ дайны толгой малыг отроор өвөлжүүлэхээс өөр арга байхгүй. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүн, мал хэрхэх нь эргэлзээтэй байсаар байна. Хэрэв олон аймгийг хамарсан зуд болж байдал хэцүүдлээ гэхэд Улсын онцгой комисс, Засгийн газарт энэ бүхний эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө, эрсдлийг даван гарах хөрөнгө мөнгө бий болов уу. Мэдээж салбар хариуцсан яам, мэргэжилтнүүд нь санал санаачлага гаргасан л байх. Тэгвэл энэ бүхнээ ил тодоор мэдээллээд цар тахлын үед малчид ямар арга хэмжээ авах юм, отрын бүсэд өвөлжих бол хэрхэх тухай заавар зөвлөгөөг нь өгч, зайлшгүй нөхцөлд ямар, ямар арга хэмжээ авахаа тодорхой болгох хэрэгтэй баймаар. Хөрөнгө, мөнгөний тухайд ч цагийн байдал хүндэрвэл асуудал урган гарах биз. Тиймээс байгаа нөөц бололцоогоо зөв хувиарлаж зарцуулах нь онох байх. Харамсалтай нь яг одоогоор энэ талын мэдээлэл хомс байна. Уг нь хөөрхий аль долдугаар сарын 22-нд Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” гэсэн тогтоолыг гаргасан юм билээ. Гэвч хариуцсан ажлууд ямар шатандаа яваа, нөхцөл байдал газар дээрээ хэр байгаа зэрэг мэдээлэл үнэндээ алга. Энэ тухай мэдээлэл хийгээд анхааруулга, ажиллах зарчим, бэлдэх байдлыг хэлчих албан тушаалтан ч ховор байна. Үүнээс гадна онцгой байдал, цэрэг, цагдаа гээд муу бүхнийхээ өмнө туудаг өнөөдүүл маань сүүлийн арван сар бэлэн байдалд ажиллаж байгаа болохоор одоо нуруугаа авахуулсан морь мэт болсон нь гарцаагүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын “буян”-аар бид тэднийхээ байгаа байдал, техник хэрэгсэл, цалин хангамж хэр байдгийг яс махандаа хүртэл ойлгож байх шиг байна. Тиймээс эдгээр салбарынхандаа ч анхаарсан шиг анхаарах ёстой. Тэгж байж дараагийн хүндрэл бэрхшээл рүү тэднийгээ “хөөж” явуулна шүү дээ. Дээрээс нь энэ өвчнөөс өөрдийгөө сайтар хамгаалж болохыг, ажил төрлөө хийж болохыг эдгээр хүмүүс маань хангалттай харуулж, нотолж байна. Тийм ч учраас харанхуйгаас айсан хүүхэд шиг буланд шигдэж суулгүй, хамгаалж болох бүх аргаараа хамгаалаад, халдварт өвчин арилж амьдрал хэвийн үргэлжлэхэд бид амьдрах ёстой гэдгийг хаа, хаанаа бодолцох хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
TANUUS TEGEED ENE LALARIN AMIDRALDAA TIIM IH HAIRTAI YUM UU?,UHGEJAAGAA YUM SHIG AJILLAH TIIM IH DUR SONIRHOLTOI YUM UU?
Тийм шүү бид амьдрах болно. Гэхдээ чамаас бусад нь.
Эдийн засгийн зуд болж байна даа, малчид бол отор нүүдэл хийнэ өвс тэжээл бэлдэх байх эдийн засаг ч ялгаагүй нүүдэл шийдэл хийх хүнд цагт бэлдэх нөөцлөх зүйо хэрэгтэй л бх, харанхуйгаас айдаг хүүхэд шиг хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрнө гэж гоё хэлжээ кккк
Бид бүхний зөв хандлагаас л хамаарна даа. Тэгээл халдвартайгаа мэднхгүй хаа сайгүй тэнээл маскаа ор нэр төдий зүүгээл тамхи татаал нжс цэрээ хаа хамаагүй хаяаад л халдвар авчихсанаа мэдэнгүүтээ л зугтаагаад л байвал хэзээ ч салахгүй өүр л ихсэнэ гэдгийг хаа хаанаа бодчуул.