Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. Сүхбаатар аймагт өвөлжилтийн бэлтгэл хангагдсан, Улаанбаатар хотоос иргэдээ саадгүй хүлээж авч байгаа аж
-Сүхбаатар аймагт өвөлжилт ямар байна вэ. Өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу?
-Сүхбаатар аймагт өвөлжилт хэвийн үргэлжилж байна. Бүх нутаг дэвсгэрээр цасан бүрхүүлтэй, 7-12 см цас орсон, дунджаар 8 см цастай. Малчид өвөлжөөндөө буусан. Өвс, тэжээлийн нөөцийг сум, аймагт зохих хэмжээгээр бэлдсэн. 2600 тонн өвс, 650 тонн тэжээлийн нөөц бий. Энэ жилийн хувьд зах дээр худалдан борлуулах болон хүнсний хэрэгцээг хангаад 3.8 сая толгой мал өвөлжихөөр байна. Цаашдаа аймгийн урд талын сумдад өвөлжилт хүндэрч магадгүй гэж үүссэн нөхцөл байдлаас харагдаж байгаа учир бэлтгэл ажлыг хангаж байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт өвөлжилт хүндрээгүй байна.
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирус бүртгэгдээгүй аймгуудын хөл хориог сулруулах арга хэмжээ авсан. Одоогоор танай аймагт нөхцөл байдал ямар байна вэ. Улаанбаатар хотоос иргэдээ хэрхэн татан авч байгаа вэ?
-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, зохих арга хэмжээнүүдийг авч явж байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт коронавирусний халдварын сэжигтэй болон хавьтагч хүмүүс илрээгүй байна. Бид аймаг руу зөвшөөрөлгүй болон шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа хүмүүсийг 14 хоног тусгаарлаж, торгуулийн арга хэмжээ авч ажилласны үр дүнд сүүлийн 7-8 хоногт Сүхбаатар аймаг руу хулгайгаар эсвэл хүнсний машинаар дур мэдэн зорчих гэсэн иргэд бүртгэгдээгүй. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш Улсын Онцгой комиссын шийдвэрээр иргэдээ татан авах, хүлээж авах ажил явагдаж байна. Сүхбаатар аймгийн 2074 иргэн нутагтаа ирнэ гэсэн судалгаа гарсан. Үүнээс 835 иргэн Баруун-Урт хотод ирнэ. Үлдсэн иргэд сумд руу явна. 2074 иргэний 200 нь өөрсдийнхөө хувийн унаагаар ирнэ гэсэн урьдчилсан тоо байна. Баруун-Урт хотод ирж байгаа хүмүүсийг аймгийн төв рүү шууд оруулахгүйгээр дөрөвдүгээр тойргийн замаар гэрийнх нь ойролцоо иргэдийг хүлээж авах 13 цэгийг байгуулсан. Эдгээр цэгүүдээс гэр рүү нь хүргэж өгнө гэсэн зохион байгуулалтыг хийж байна. Сумд руу явах иргэдийг Баруун-Уртын төвөөр дамжуулахгүй, Баруун-Уртын баруун талд байрлах пост дээр урьдчилаад аль сумаас хэдэн хүн ирэхийг тооцсоны дагуу нэвтэрнэ. Иргэдийн аюулгүй байдлыг цагдаагийн албан хаагчид хариуцан ажиллаж байна. Халуун хэмжиж, асуумж бөглүүлээд иргэдэд аль болох төвөг учруулахгүйгээр нэвтрүүлнэ.
-Сүхбаатар аймаг Дорноговь аймагтай хил залгаа байдаг. Дорноговь аймагт халдварын тохиолдлууд илэрсэн. Та бүхэн постуудын хяналт шалгалтаа чангаруулсан гэсэн. Танай аймгийн хэмжээнд хэдэн хяналтын пост ажиллаж байгаа вэ?
-Зэргэлдээ аймгуудад халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хяналтын постуудаа нэмэгдүүлж ажиллаж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд хяналтын 73 пост ажиллаж байгаа. Ялангуяа хөрш зэргэлдээ аймгуудын зааг газруудад постын тоог нэмсэн. Тийм учраас Сүхбаатар аймагт сүүлийн өдрүүдэд хулгайн тээвэр, зөвшөөрөлгүй аймаг руу нэвтрэх гэсэн тохиолдол харьцангуй гайгүй байна.
-Улаанбаатар хот халдварын голомт болоод байгаа. Тиймээс Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очиж байгаа иргэдийн тусгаарлах нөхцөл байдал, ариутгалын дэглэмийг хэрхэн сахиж ажиллаж байна вэ?
-Засгийн газраас өгч байгаа чиглэлийн дагуу иргэдийг гэрт нь тусгаарлах зааврыг өгөөд ажиллаж байна. Ингэхдээ халуурах зэрэг сэжигтэй байдал илэрсэн тохиолдолд Сүхбаатар аймагт тусгаарлах байрыг бэлтгэсэн. Эхний ээлжид 70 хүнийг тусгаарлах боломжтой. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг болон бусад хувийн эмнэлэгт иргэдийн хэвтэн эмчлүүлэх боломжтой орыг бэлтгэсэн.
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Аймгийн Онцгой комиссын шаардлагыг иргэд хэрхэн биелүүлж байна вэ. Албан хаагчдын ажилд ямар нэгэн байдлаар хүндрэл учирч байгаа юу?
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн бүх сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон. Гарцаагүй тохиолдолд аймаг, сумдын Онцгой комиссын зөвшөөрөлтэй иргэд хөдөлгөөнд оролцож байна. Аймаг доторх хөдөлгөөнийг бүрэн хэмжээнд хориглоогүй. Шаардлагатай байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Иргэд хариуцлагатай байж, албан хаагчдын ажилд хүндрэл учруулах зүйл харьцангуй тайван байна. Шуурхай штаб өдөр бүр 10:00 цагт хуралдаж, Шуурхай штабаас чиглэл өгвөл шаардлагатай тохиолдолд аймгийн Онцгой комисс хуралдах байдлаар үйл ажиллагаа явагдаж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )