Хүмүүс өлсөхийн эрхэнд ӨРИЙН ДЭВТЭРТ нэрээ бичүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

“Өглөөний сонин”-ны хамт олон улс орныг цар тахлын сүүдэр нөмөрсөн энэ үед иргэдийн худалдан авах чадвар хэрхэн буурч, хоногийн хоолоо өр зээл, барьцаагаар хэрхэн залгуулж байгаа талаар хөндөх “Өрийн дэвтэр” цуврал сурвалжилгыг эхлүүлж байна


Манай монголчууд хэзээнээсээ амны билэг бодож муу, муухай байсан ч сайн сайхныг хэлэлцэн ярилцаж ирсэн. Тиймээс ахуй амьдрал нь хэдий хүнд байлаа ч түүнээ тэр бүр ярихгүй, өнгөн дээрээ сайн хэмээнэ. Нэрэлхүү зан ч нөлөөлдөг л байх. Гэтэл төр засаг, УОК-иос гаргаж байгаа шийдвэрүүд сүүлдээ ойлгогдохоо байж эхэлснийг иргэд хэлж байна. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдааг зогсоосон гэх боловч “И-Март”, “Номин” зэрэг томоохон дэлгүүрүүдэд энэ шийдвэр хэрэгжихгүй байгааг цахим орчинд шүүмжилж эхэлсэн. Дээрээс нь хүнсний дэлгүүрүүдийг ажиллууулж болоод байгаа хэрнээ хүнсний жижиглэнгийн худалдаа буюу ТҮЦ-ийг ажиллуулахгүй байгааг гайхаж байгаагаа ч илэрхийлж байна. Уг нь бол хүнсний дэлгүүрээс ТҮЦ нь халдвар тараах эрсдэл харьцангуй бага баймаар. Баянбүрдийн автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг У-гийн ярьж байгаагаар хөл хорио тогтоох бүрд л хамгийн түрүүнд жижиг ТҮЦ-нүүдийг хаадаг. Гэхдээ тэдэнд нийслэл ч юмуу, УОК-ийн заавар шийдвэртэй албан бичиг өгдөггүй. “Нэг л өглөө цагдаа нар орж ирээд ажиллуулахгүй гэдэг. Гэтэл бидний амьдралыг залгуулж байгаа ганц зүйл шүү дээ. Том, том дэлгүүр дотор хүмүүс бөөгнөрөл үүсгээд худалдан авалт хийхэд өвчин халдахгүй байгаа юм бол амны хаалт зүүгээд цонхоор хүмүүст нэг, нэгээр нь үйлчлэхээр өвчин халдах гээд байгаа юм шиг шийдвэрийг үнэндээ ойлгохгүй байна” хэмээн учирлаж байна. 

Бидний очсон эхний газар бол Чингэлтэйн нэгдүгээр буудалд байрлах хүнсний дэлгүүр. Иргэн Л.Д энд дэлгүүрээ байгуулаад арваад жил болж байгаа гэнэ. Тийм болохоор эргэн тойрныхноо сайн таньдаг. Таньдаг байхын хэрээр зээл өгөх хүмүүсийн тоо олширдог гэнэ. Гэсэн ч олон жил дэлгүүр ажиллуулж байгаа болохоор хэнд зээл өгөх, өгөхгүйгээ сайтар мэддэг. Тэгэхгүй бол зарим нэг нь эргээд төлөлгүй тэр чигээрээ алга болж хохироох явдал гардаг аж. Харин хөл хорио чангарснаар зээл авах нь бүр ихэссэн байна. Гэр хороолол дунд байрлах жижиг дэлгүүр учраас хүн болгонд хүссэн хэмжээгээр нь зээл өгөөд байх боломжгүй. Угаасаа бэлэн мөнгөтэй хүн ховор болчихсон энэ үед өөрсдийнх нь барааны эргэлт муудаж, энэ хэвээрээ жаахан л удвал хаалгаа барихаас өөр аргагүй гэдгийг хэлж байлаа. Энэ бүхнийг ярилцаж байтал цаад өрөөнөөс эхнэр нь бололтой эгч гарч ирээд бидний ярианд оролцлоо. Хэд хоногийн өмнө эгч дээр шинэвтэр үнэгэн малгай/лоовууз/-гаа барьцаанд тавиад ганц оройны хоолны материал аваад гарсан тохиолдол ч гарчээ. Үнэндээ хэлэх үг олдохгүй дэлгүүрээс гарч явахдаа өлсгөлөн ходоодонд ганган малгайгаар ч яахав дээ хэмээн бодож явлаа. Хэдэн малаа цасанд боолгоод хашчихсан малчин хүртэл яаж ийгээд тэвэр өвс тавьж өгдөг байлтай. Гэтэл манай төр засаг цар тахлаар л үхээгүй бол өлбөрч үхэх нь маньд хамаагүй гэсэн шиг нүдэн балай байсаар байна. Өгч байгаа мэдээллүүд нь дандаа сэтгэл сэртхийлгэсэн, айлгасан, хооронд нь талцуулсан байдалтай байгаа нь ч харамсалтай. Хоногийн хоолондоо санаа зовохооргүй хэсэг нь “Хөл хориогоо сунга”, “Өвчингүй бол баян” гэх мэтээр шуугиж байгаа ч яг амьдралын үнэн дээрээ ирэхээр шинэ тохиолдол гарах болгонд хорио цээрээ л чангаруулж, амьдралаа зогсоосоор байтал “Ханын цаасаа хуулж идэх, хашааны банзаа ховхолж түлэх” дээрээ ирчихээд байна. Яг зорилтод бүлэг, хөл хорионоос болоод орлогогүй болчихсон иргэддээ чиглэсэн нэн яаралтай тусламж, төрийн бодлого гаргахгүй бол байдал өдрөөс өдөрт муудсаар байх нь. 

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо буюу бидний нэрлэдэгээр Жанцангийн урд талын гэр хороололд байрлах дэлгүүрийн эзэн О.Б ч гэсэн ижил зүйлийг хэлж байна. Тэрээр “Хүмүүсийн худалдан авах чадвар маш муудсан. Бараг байхгүй болсон доо. Дээрээс нь мань мэтийн жижиг дэлгүүрээс бэлэн мөнгөөр худалдан авалт хийхээ больсон. Яагаад гэхээр бид нараас таван кг будаа авснаас бөөний төвөөс авах нь хямд тусна. Хүмүүс ундаа, амттан, хиам авахгүй байна. Зөвхөн гурил, ногоо, будааг л жижиглэнгээр авч байгаа. Хамгийн их зарагдаж байгаа зүйл исгэгч/хөөлгөгч/ л байна. Талх, гурилан бүтээгдэхүүн дэлгүүрээс авснаас боорцог, гамбираа хийсэн нь хямд тусалгүй яахав” гэсэн юм. Мөн тэрээр “Манай гэр хороололд өрийн дэвтэр бол аль хэзээний л байсан. Харин энэ өдрүүдэд улам л зузаарч байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр буухаар өгье гээд зээлдэг юм. Өмнө нь бол хүний хөгжлийн 20 мянга буухаар өгье гэдэг байлаа. Эндээ олон жил болж байгаа болохоор дандаа таньдаг, найдвартай хүмүүстээ л өгч байна” хэмээн хэлж байна. 

“Өрийн бичиг” гэсэн ойлголт манайд манжийн үед л орж ирсэн. Дарлал, мөлж­лөгөд олон жил болсон хүмүүс хятад пүүсээс асар өндөр хүүтэй, өр зээл тавьдаг. Түүнийг нь тусгай дэвтэр гарган бүртгэлжүүлдэг байсан юм. Тэгвэл харийн дарлалаас чөлөөлөгдөөд зуу гаруй жил өнгөрсний дараа “Өрийн бичиг” эргэн сэргэхдээ "Өрийн дэвтэр" болсон нь бодит байдал. Арчаагүйдээ өр зээл тавьж хоногийн хоолоо залгуулж байгаа биш ажил хийх боломжгүй, төр засаг нь харж хандахгүй болохоор үр хүүхдээ өлсгөхгүй, турж үхэхгүйн тулд аргаа барж “Өрийн дэвтэр”-т нэрээ бичүүлж байгаа нь өнөөдрийн үнэн төрх юм. Харин бид “Өрийн дэвтэр”-тэй холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг, иргэний үнэмлэх барьцаа мөн эсэх талаар хуульчдаас тодрууллаа.   

 

Хуульч Т.Хонгор: Цаасан өрийн дэвтэр нотлох баримт гэж үнэлэгдэхгүй байх талтай

 

-Иргэд иргэний үнэмлэхээ барьцаа болгон үлдээгээд, “Өрийн дэвтэр”-т нь нэрээ бичүүлээд дэлгүүрээс хүнс зээлж байна. Худалдагч, худалдан авагч хоорондын энэ харилцааг хуулийн хүрээнд хэрхэн авч үздэг вэ. “Өрийн дэвтэр”-ээс үүдэн маргаан үүссэн асуудлаар танд хандаж байв уу?

-Иргэд ихэвчлэн банкны зээл, ломбард, хоол хүнстэй холбоотой асуудлаар хандаж, зөвлөгөө, мэдээлэл авч байна. Ялангуяа хөл хорионы үед аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, иргэдийн ажил, орлого зогссонтой холбоотой үүссэн асууд­лаа цахимаар болон мессеж бичиж, утсаар их ярьж асууж байгаа. Жишээлбэл, “Банкуудаас ипотекийн зээлийг хойшлуулахдаа хүүгээ төл гэсэн шаардлага тавьж байна, зээлийн хугацааг сунгахгүй байна, ломбард эд хөрөнгийг маань зарна гэж мөнгөө нэхээд байна” гэх мэт асуудлаар иргэд ихээр хандаж байна. Харин өрийн дэвтэртэй холбоотой асуудлаар одоогоор надад хандсан хүн алга. Гэхдээ өрийн дэвтэртэй холбоотой асуудал хотын захын гэр хорооллуудад их гардаг. Худалдагч бэлэн мөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй хүмүүст итгэлцлийн үндсэн дээр бараа, бүтээгдэхүүн олгодог.

Бараа, бүтээгдэхүүн олгосон учраас оронд нь иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтыг барьцаанд үлдээдэг. Энэ нь нэг талаараа хуулийн харилцаа болно. Бараа, бүтээгдэхүүнийг тухайн үнээр авсан учраас эргэн төлөх ёстой. Аливаа гэрээ хэлцлийг амаар болон бичгээр хийдэг гэсэн иргэний хуулийн зохицуулалт байдаг. Тиймээс өрийн дэвтрийн харилцаа энэ зохицуулалтад хамаарагдаад явна. Маргаан гарвал хуульчдад хандаад явах боломжтой.

-Жишээлбэл, өрийн дэвтэртэй холбоотойгоор ямар маргаан үүсэж болох вэ?

-Өрийн дэвтрээс үүдэн маргаан үүсэх боломжтой л доо. Жишээлбэл, нэг иргэн 100 мянган төгрөгийн бараа, бүтээгдэхүүн өрийн дэвтэрт бичүүлээд зээлээр худалдан авлаа. Худалдагч худалдан авагчаас бараа, бүтээгдэхүүний мөнгөө нэхнэ. Гэтэл худалдан авагч 100 мянган төгрөг их байна. Би 60 мянган төгрөгийн л бараа, бүтээгдэхүүн авсан гэж маргаан үүсгэх боломжтой. Энэ тохиолдолд цаасан дээр гараар хэн ч бичих боломжтой учраас өрийн дэвтэрт бичигдсэнийг нотлох баримтын хэмжээнд үзэхгүй байх боломжтой. Худалдагч, худалдан авагч бараа, бүтээгдэхүүний үнийн дүнг амаараа хүлээн зөвшөөрөөд байдаг. Энэ мэт байдлаар үнийн дүнгийн хувьд маргаан үүснэ. Нөгөө талаараа худалдагч талын үйлдээд байгаа өрийн дэвтэр буюу баримт нь нотлох баримт гэж үнэлэгдэхгүй.

 

Хуульч Б.Пүрэвсүрэн: Зээл өгөхдөө бичгээр гэрээ байгуулах нь илүү найдвартай

 

-Дэлгүүрт хүнс зээлдүүлж, өрийн дэвтэр хөтөлж байгаа нь хуулийн талаасаа ямар харилцаа байж болох вэ?

-Энэ тохиолдолд талууд Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байна. Үүн дотроо Зээлээр худалдан авах гэрээ гэж байна. Тодорхой нөхцөлд үе шаттайгаар мөнгөө төлж барагдуулаад нэг ёсондоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа гэсэн үг. Гэхдээ Иргэний хуулиар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хамгийн наад захын шалгуур нь талууд заавал бичгээр гэрээ байгуулсан байх ёстой. Бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд худалдагч шаардах эрхгүй болчихно. Цаашлаад шүүх нотлох баримтгүй учраас маргааныг хүлээж авахгүй байх тал бий. Энэ тохиолдолд хуулийн талаас шийдүүлнэ гэхээс илүү цэвэр ёс зүй, итгэлцлийн харилцаанд хамаарагдана. Өрийн дэвтэрт ихэвчлэн бага үнийн дүнг бичдэг учраас итгэлцлийн үндсэн дээр зээлэх асуудлууд байгаад байна. Үнийн дүн ихтэй зээлийн асуудалд хуульчаас зөвлөгөө авч гэрээ байгуулах ёстой.

-Жишээлбэл, иргэд үнийн дүн ихтэй ямар зээлийн асуудлаар хуульчдад ханддаг вэ?

-Иргэдийн хооронд хүүтэй мөнгө зээлүүлэх зээлийн гэрээг бичгээр байгуулдаг. Заавал нотариатаар батлуулах шаардлагагүйгээр бичгээр байгуулаад гарын үсэг зурсан ч гэсэн хүчинтэйд тооцогддог. Шивэхгүйгээр гараар бичсэн ч болно. Иргэд энэ тухай мэдэхгүйн улмаас амаар тохироод барьцаагүй 1-5 сая төгрөг зээлүүлэх асуудал маш элбэг байдаг. Дараа нь зээлсэн мөнгөө нэхэх хэцүү, шүүхэд хандах хэцүү нотолгоогүй байдалд орчихдог. Хэрвээ асуудлыг шүүх хүлээж авахгүй л бол аргагүйд хүрнэ. Энэ тохиолдолд мөнгө зээлдүүлсэн хүн хохироод үлдэнэ. Бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд шүүх дээр нэхэмжилж буй авах ёстой мөнгөнөөсөө гадна алданги гаргуулж авах боломжтой. Түүнчлэн иргэн, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү хэт өндөр байвал хүү, алдангийг бууруулахаар шүүхэд хандаж болно.

-Тэгвэл амаар тохиролцох нь нотлох баримт болж чадах уу?

-Зарим төрлийн гэрээг заавал бичгээр байгуулахгүй байж болно. Жишээлбэл, Худалдах, худалдан авах гэрээнд дэл­гүүрээс хүнсээ худалдаж авах байдлаар та оролцож байна гэсэн үг. Зарим гэрээг бичгээр байгуулах хууль зүйн шаардлага хангахгүй бол амаар байгуулаад, гэрээг батлахдаа мөнгө зээлүүлсэн бол тухайн хүний тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлох хандлага байдаг.

-Иргэний үнэмлэх барьцаа болж чадах уу. Хэрвээ зээл тавьсан хүн зээлээ төлөхгүй амьдарч буй газраасаа нүүчихвэл яах вэ?

-Дэлгүүрийн худалдагч ихэвчлэн таньдаг хүмүүстээ л зээл өгнө шүү дээ. Иргэний үнэмлэхийг 50 мянгаас доош төгрөгийн хүнсэнд барьцаа болгож тавиад байгаа. Гэтэл шинэчилсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш иргэний үнэмлэхээ барьцаанд тавих эсвэл хаяж гээгдүүлсэн тохиолдолд тухайн иргэн өөрөө Зөрчлийн хуулиар торгууль хүлээдэг болсон. Ерөнхийд нь тайлбарлахад хуулийн дагуу иргэний үнэмлэхийг барьцаанд тавихгүй. Нөгөө талаас барьцаанд авахгүй байх үүрэгтэй болсон. Энэ асуудлыг хуулиар хориглосон, зөрчвөл торгуулийн зохицуулалттай гэсэн үг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.180.10) 2020 оны 12 сарын 11

Сайханбилэгийг авч ирж шийтгэ.Шударга ёсыг тогтоо..Ийм хэмжээний луйвар хийчихээд хууль шүүх прокурортой хуйвалдаад гадаадад гарчихаад тарвалзаж яваа нэгэн байхад амьдралын төлөө шударгаар зүтгэсэн хэсэг нь өдрөөс өдөрт ядуусын эгнээнд орж байна.Монголын нэг сумын тэр бүү хэл нэг аймгийн ядуусын амьдралыг шийдчих хэмжээний хулгай хийчихсэн Сайханбилэг идсэнээрээ гулгиж гадаадад зугаалж явна.Үүний гол буруутан АН,МАН хоёр..

2  |  0
Зочин(202.9.47.13) 2020 оны 12 сарын 11

Монголчууд бие даан улс орноо авч явах чадваргүй юм шиг байгаа юм. Африкийн негрүүдтэй адил. Төрийн албан тушаалд очихоороо авилга авч баяжихийг боддог нь яг л негрүүдийн зан араншин. гэтэл япон, солонгос, америк хүнийг харахаар баян биш мөртлөө албан тушаалд очоод авилга авахгүй байх юм. Негр, монгол, латино, хятад хүмүүс л авилга, архи гээч юманд дуртай байх юм.

1  |  0
иргэн(202.9.46.49) 2020 оны 12 сарын 12

МОНГОЛ УЛС АЗИ ТИВДЭЭ ХАМГИЙН ЯДУУ УЛСЫН ТООНД ОРОХ БОЛЛОО , ӨВӨР МОНГОЛ ШИГ ХЯТАДЫН ЭРХШЭЭЛД ОРЖ , ХҮН ШИГ АМЬДАРСАН НЬ ДЭЭР Ч ЮМУУ ГЭЖ ХАЯ БАС БОДОГДОХ БОЛЛОО

1  |  1
Top