Ч.Хишигбаатар: Уяачдын хөдөлмөр эцсийн дүндээ Монголын өв соёл, монгол хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэл юм

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Монголын Морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатартай хаврын морин уралдаан болон уяач хүүхдүүдийн эрхийн асуудлаар ярилцлаа.
 


 

-Хаврын уралдаан уламжлал ёсоороо болох болов уу гэдэг асуудал сүүлийн үед жил болгон яригдах болоод байна. Энэ жилийн хувьд цар тахал удалгүй намжина гэж тооцвол хаврын уралдааны тухайд танай холбооны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хаврын уралдаан гэдэг утгаар нь биш. Ер нь уралдааныг заавал тавдугаар сарын 1 гэлтгүй арай эрт зохион байгуулахад дэмжлэг хүссэн “Үндэсний их соёлын өв, уламжлалын дархлааг хадгалах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах тухай” бичгийг бид ХЭҮК-т хүргэсэн. Монголын Морин спорт, уяачдын холбооны VII Их хурлын шийдвэрийн дагуу шинээр ажил хүлээж авсан удирдлагын баг нь Үндэсний хурдан морины уралдаанд оролцогчдын үйл ажиллагааг хүний эрхийн зохицуулалт, тэр дундаа хүүхдийн эрхийн үндэсний болон олон улсын зохицуулалтад нийцүүлэн ажиллахаар хичээж байгаа. Өнгөрсөн жилүүдэд уралдаан зохион байгуулагчид болон төрийн болон төрийн бусад байгууллагууд маань нэгдсэн стандартгүй, тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангах тал дээр нэгдмэл байж чадаагүй.

Бид оролдсон, хамтарсан боловч, алдаа дутагдлууд гарсаар ирсэн. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагуудын нэгдмэл байдлыг бид хангахын төлөө ажиллаж байна. Энэ нэгдмэл байдлыг хангаж чадвал заавал тавдугаар сарын 1 гэлтгүйгээр дулаан бүсүүдэд зуны уралдааныг хийж эхлэх бидний саналыг УИХ, Засгийн газар, хүний эрхийн байгууллагууд дэмжинэ гэж найдаж байна.

-Морин уралдааныг "хүүхдийн эрх зөрчиж байна, уяачид хүүхдээр бизнес хийж байна" гэж буруутгаж, үгүйсгэх хандлага мэр сэр гарч байна?

-Уяачдын хөдөлмөр бол эцсийн дүндээ монгол хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэл юм. Дэлхий дээр хүүхэд морь унах, уралдах, өв уламжлалаа өвлөхийг шууд хориглосон ямар ч үндэсний болон олон улсын хүний эрхийн зохицуулалт, баримт бичиг байхгүй гэж судлаачид хэлж байна. Юун дээр шүүмж дагуулаад байна вэ гэхээр морин уралдааныг зохион байгуулахдаа хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад шаардлагатай арга зам, зохицуулалтууд дутуугаас болж эрсдэлд өртөх боломжтой гэж үздэг юм байна. Үүнээс улбаалан уяачдын хөдөлмөрийг үгүйсгэх, үндэсний уламжлалт соёлын өвийг бүдэгрүүлэх, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх гэсэн оролдлогууд гарч байна.

-Дэлхий дахинд хүүхэд морь унах, уралдахыг хориглосон зүйлтэй хүний эрхийн зохицуулалт байхгүй гэлээ. Энэ талаар тодруулж өгнө үү? 

-Хүүхэд морь унахыг хориглож болохгүй нь тодорхой. Зөвхөн манай улсад хүүхэд морь унадаг биш. Дэлхий дээр байгаа улс болгон адуутай байгаа. Тэр адууг, морийг хүүхэд унаж байгаа. Морь унаж болно, уралдаж болно, харин аюулгүй байдлаа л ханга гэдэг юм байна. Харин тодорхой зүйлүүд дээр хориглосон байдаг. Хүүхдийн эрүүл мэнд, амь насыг шууд эрсдэлд оруулж, хүүхдээр унуулсан морин уралдаанд бооцоо тавьж хүүхдээр бизнес хийх, хүүхдийг хүний наймааны золиос болгох, боолчлох гэх мэт асуудлууд мэдээж хориотой. Тухайлбал, уралдаанч хүүхдийн эрхийн асуудлыг Индонезид шүүмжилж байна. Индонезид хүүхдээр унуулсан морин уралдаанд бооцоо тавьдаг юм байна. Манайд бооцоо тавих хуулиараа хориотой. Арабын орнуудад тэмээ унаж уралддаг байсан хүүхдүүд хүний наймааны золиос болж, боолчлогдож байж. Тэгээд тэдгээр хүүхдийг боолоос чөлөөлсөн байна. Арабын Нэгдсэн Эмират улсад 15 наснаас доош насны хүүхдийг тэмээ унуулж уралдахыг 2002 оноос хоригложээ. Бидний яриад байгаа тохиолдол бол өөр, манайд боол байхгүй, мөрий бооцоо тавьдаггүй, бас хаврын гэлтгүй тухайн жилийн уралдааныг нэмэх градустай өдрөөс эхэлж хийе гэсэн саналтай байгаа юм. Тэгэхээр зуны уралдааны нөхцөлтэй ижил болж байгаа юм. Цастай, халтиргаатайд уралдаан хийхээ больё гэсэн санаа. Тэгвэл хуульчдын хэлж байгаагаар ямар нэг конвенц, хууль зөрчихгүй юм билээ. Бид мэргэжлийн хүний эрхийн хуульчдаас энэ конвенц, хуулиудаар лекц, зөвлөгөө авсан. Ганцхан зохион байгуулалт дээрээ анхаарах, мөн хүүхдийн эрхийн байгууллагууд хамтран ажиллаж, ойлголцох нь чухал байна.

-Хүүхдийн эрхийн байгууллагууд хаврын уралдааныг болиулах тал дээр гадаадаас их шахалт авдаг шиг санагдсан. Гадаадын олон улсын байгууллагуудаас олон бичиг манай Засгийн газар, Хүний Эрхийн Үндэсний комисст ирж байгаа харагддаг. Тэгээд уяачид руу ханддаг байх?

-Хүүхдийн эрхийн тухай конвенцыг хуульч нараар яриулж байхад их сонин сонин мэдээллүүд байдаг юм байна. Жишээ нь, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд энэ конвенцэд заасан бүх эрхийг өөрийн орондоо хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн боломж тааруу байгаа тул конвенцэд нэгдэж орохгүй гээд нэгдэж ороогүй байдаг юм байна. Тэрнийг сонсоод бид их гайхсан. Тэгэхээр үндэсний өв соёлоос гадна нийгэм, эдийн засгийн байдлаа бас улс гүрнүүд боддог юм байна. Яг хүүхдийн эрхийн байгууллага болгон хаврын уралдааныг хориглоод байгаа юм биш. Нэг удаа захын хороололд гэр орондоо өлөн зэлмүүн орчинд гэр бүлийн хүчирхийлэл дор амьдарч байгаа айлын хүүхдүүдийн бодит байдалтай танилцаагүй, нэг удаа морин уралдаан дээр очиж, хүүхдийн хамгаалалтын хэрэгсэл, малгайг засч өгч үзээгүй, морио уначихаад гэртээ нэр хүндтэй орж ирж байгаа хүүхдийг хараагүй хүмүүс ярвайж ирээд зурагтаар ярихад нь уяачид дургүйлхдэг. Хүүхдийн эрхийн төлөө бидэнтэй хамтран хамгийн сайн ажиллаж байгаа ажиллаж байгаа залуучууд бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан. Яг бидэнтэй хамтран ажиллаж, хөдөө гадаа хамт яваад ирэхээр манай уяачдын холбооныхон нэгдмэл байх ёстой юм байна, энэ хүмүүс чинь хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа юм байна гэдгийг ойлгодог. Монголын Морин спорт, уяачдын холбооны бус олон уралдаан энд тэндгүй болж байгааг яг гадаа, агаарт зогсож ажиллаж байгаа хүүхдийн эрхийн байгууллагынхан харж байгаа. Нэг салбарт нэг холбоо нь тэргүүлдэг, нэгдмэл бодлоготой байх хууль зүйн орчин байхгүй учраас энд тэндгүй хэн дуртай нь дураараа уралдаан зохиодог. Энэ нь эргээд манай холбооны нэр болж гардаг. Нэмж хэлэхэд, салбар бүрд нэг үндсэн холбоотой байх гэдэг хууль санаачилж байсан нь их сайн хэрэг.

-Морин уралдаанаас болж хүүхэд эндлээ, нас барлаа гээд тоо гардаг. Хавар морь унахаар энэ эрсдэл ихэсдэг гэдэгт та юу гэж хариулах вэ?

-Ойлголтын зөрүү байна. Хамгийн түрүүнд, Монголын Морин Спорт, Уяачдын холбооны зохион байгуулсан нэг ч уралдаан дээр хүүхэд, эндэж нас бараагүй. Харин ч эсрэгээрээ манай холбооны зохион байгуулалтыг аваагүй, дор бүрнээ холбооноос хамааралгүй энд тэнд зохион байгуулсан уралдаануудаас болж хүүхдийн амь нас эндсэн. Тавдугаар сарын 1 гэлтгүй хавар зохион байгуулагддаг хяналтгүй ийм уралдаанууд эрсдэлтэй. Далд хэлбэрээр уралдаад хүүхдийн амь нас эндэж байх уу эсвэл ил, зохион байгуулалттай, хяналттайгаар уралдаад хүүхдийн эрсдэлийг багасгах уу гэдгийг бодох ёстой. Зун болгон болдог монгол үндэсний наадам гэж байгаа цагт, уяачид зуныхаа уралдаанд бэлтгээд хавар морины ажил хийж, морьдоо онгойлгодог. Тэгэхээр төрөөс хорьсон ч морины ажил далд хэлбэрээр хийгдэж, тэр нь ямар ч зохион байгуулалтгүй болох муу талаа дагуулсаар байх болно.

-2018 онд танай холбооноос зохион байгуулсан хаврын уралдаан харанхуйд болсон. Одоо тэгэхгүй гэх баталгаа байна уу?

-Манай холбооны уралдааны шинэ журамд ийм байдал гаргахгүй талаар хатуу зохицуулалтууд орсон. Дахиж ийм зүйл гарахгүй. Уяачид маань уралдаан наадамд цагаа барьдаггүй, үүнээс болоод сүүлийн урадааны цаг нь оройтоод өөрсдөө л уралдъя гэдэг шийдвэр гаргасан нь алдаа байсан байх. Үүнийг дүрмээр тодорхой бүрэн зохицуулсан байгаа.

-Нэмэх градуст уралдаан хийе гэж байгаа нь ямар учиртай вэ?

-Монгол орны цаг уур, газарзүйн байрлалын судалгаанаас харахад зарим өдрүүдэд урд хойд байршлаас хамааран 20 хүртэл хэмийн зөрүүтэй байдаг юм байна. Монголын өмнөд хил дээр, Өмнөговь аймгийн урд сумдад гуравдугаар сарын 1 гэхэд цельсийн +5 хэм болчихсон байхад, Увсын хойд сумдад -15 хэм байх жишээтэй. Бид мэргэжлийн цаг уурчаас зөвлөгөө авч, судалсан юм. Говийн болон төвийн нутгуудын урд хэсгээр дулаан орж, цас ханзарч, хальтиргаа гулгаагүй болсон байхад хурдан морины уралдааныг заавал тавдугаар сарын 1-ны өдрөөс хойш гэлгүйгээр морин уралдааны холбогдох дүрмийн дагуу дээд гурван насны уралдааныг зохион байгуулж, газарзүйн хувьд хойд бүсүүд рүүгээ аажмаар шилжиж дулаан орох үед нь уралдаан зохион байгуулбал маш шинжлэх ухаанч болох юм байна. Мөн хүүхдийн насны хувьд зуны уралдаанд 7 байдаг бол, тавдугаар сарын 1 хүртэл 12 байхаар тусгаж болно. Энэ талаар төр, засгийнхан маань анхаарч үзээсэй. Нэмэх градустай болчихоор зуны уралдаанаас ялгаагүй болно. Цас, халтиргаа байхгүй болно.

-Хүүхдийн боловсролын эрх зөрчигдөж байна гэж ярьдаг. Энэ тухайд?

-Уралдаан нэгдсэн зохион байгуулалтад орж, манай холбооны дүрэм, журмууд мөрдөгдөөд ирвэл уралдаанууд хүүхдийн хичээлтэй өдрөөр хийгдэхгүй, амралтын өдрөөр хийгдэж таарна. Зөвхөн энэ гэлтгүй, уяачид тавих шаардлага, архи дарс хэрэглэхгүй байх, уяачийн ёс зүйн асуудал гээд олон асуудал шинэ дэвшилтэт түвшинд гарна. Манай шинэ дүрмэнд бид тусгасан. Тухайлбал, нэг суманд хавар уралдаан зохион байгуулагдлаа гэхэд тэр сумын удирдлага архи, согтууруулах ундаа худалдан борлуулахаа больж болно. Халамцуу нэг уяач мориныхоо олом, жирмийг дутуу чангалаад явуулчих вий гэсэн санаа юм. Миний хэлэх гээд байгаа санаа бол хаврын уралдаан гэдэг бол зөвхөн нэг удаагийн уралдаан биш, энэ нь цаанаа хүүхдийн эрх, зуны наадам, улс орны эдийн засгийн байдал, үндэсний өв соёл, хүн амын шилжилт хөдөлгөөн, улсын тусгаар тогтнол гээд олон асуудалтай давхар яригддаг маш том асуудал.

-Морин уралдаантай холбог­дож ажлын байраар хангагддаг хэчнээн хүн байдаг вэ?

-Монголын морин спорт, уяачдын холбооны 21 аймаг, 330 сум, нийслэл болон зургаан дүүргийн 120 гаруй мянган гишүүн уяач, туслах уяачид, уралдаанч хүүхдүүд, тэдгээрийн гэр бүл, морин уралдааныг дагасан хөдөлмөр эрхлэгчид, тухайлбал хадланч, тариаланч, мал эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэл гээд олон хүний ахуй амьдралтай холбогддог. Мөнгөтэй хүмүүс морь уялаа гэдэг. Энэ бол худлаа. Морьтой айл болгон эр, эм гэлтгүй морь унах, уралдах, асар их генетикийн нөөц, дур сонирхолтой. Монголыг бусдаас ялгаж байгаа монгол ухаан бол Улаанбаатарын гудамжинд байхгүй, харин тэр хөдөө ахуйд байгаа юм. Харин тэр хөдөө ахуй, суурин газрыг холбож байгаа гол гүүр нь морьтны соёл. Үүн дээр монгол ухаан тогтож байгаа юм шүү гэдгийг төрийн өндөрлөгүүд, их хурлын гишүүд маань ойлгоосой, хүүхдийн эрх ярьж буй хүмүүс маань бодит амьдралтайгаа холбож ойлгоосой. Уралдааныг хорих тусам хүүхдийн эрх шууд болон дам утгаараа зөрчигдөнө. Тэнэмэл, гэр оронгүй, гэр оронтой ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо морин уралдааныг хорих тусам улам ихэснэ. Эдгээр нь урвуу хамааралтай.

Хаврын морин уралдааныг шууд тас хориглох нь үндэсний их соёлын өв, уламжлалын дархлаа суларч, малчид, энэ салбарын үйл ажиллагаа эрхэлдэг иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай оршин суух болон залуу малчдын залгамжийг тасалдуулах, уралдаанч хүүхдүүд, залуу уяачдыг олноороо урагшаа гарч ажиллахад хүргэж байна. Уяач болон туслах уяач гэдэг хүмүүс маань мөн л өөрсдөө гэр оронтой, үр хүүхэдтэй. Хаврын уралдааныг тас хориглосноор ажилгүйдэл ихэсч байна. Хөдөөнөөс хот руу ихээр нүүж орж ирж байна. Хаврын уралдааныг хориглох тусам хот руу нүүх шилжилт ихсэж, ядуурал нэмэгдэх, эргээд энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг ихэсгэж байна.

Морио унаад харьж байгаа хүүхэд баяр хөөртэй, хоол ундтай, гэртээ нэр хүндтэй, зөвхөн гэр дотроо байгаад байхгүй уяачидтай харилцаж, гэр орондоо ямархуу байгаагаа ний нуугүй ярьж хэлдэг. Морин уралдаан, морины соёлын эдгээр гүйцэтгэж байгаа үүргийг төр дангаараа гүйцэтгэж чадахгүй байгаа шүү дээ.

-Одоо тэгээд  яах вэ. Уралдааныг хориглоно, эсэргүүцнэ гэдэг талд нь олон нийтийг ухуулж таниулсан байгаа?

-Учирч болзошгүй эдгээр эрсдэлээс эрх зүйн суурь зохицуулалт, төр, мэргэжлийн холбооны хамтын ажиллагаа, хаврын хурдан морины уралдааны зохион байгуулалтын нэгдсэн бодлого байхгүйгээр Монголын Морин спорт, уяачдын холбоо дангаараа урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх  боломжгүй байна.

УИХ, Засгийн газар хүүхдийн эрхийн зохицуулалтуудыг зөрчихгүйгээр морьтны өв соёлоо, монголын уламжлалт арга ухаанаа цаашид авч үлдэх тал дээр тусалж дэмжинэ гэж найдаж байна. Үндэсний өв соёлоо гадаадад алдчихмааргүй байна. Энэ зөвхөн өв соёлын асуудал биш, улсын тусгаар тогтнолын тухай  асуудал юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатаржав(202.9.40.48) 2020 оны 12 сарын 20

Хуцваа. Тэд чинь хийх ажилгүй зуны 6 сар дэмий цагаа өнгөрөөсөн новнууд шүү дээ. Монголчууд морь уяад дээшлэхгүй нь лавтай. Боливол таарна

0  |  0
Дашдаваа(203.91.115.47) 2020 оны 12 сарын 20

5-р сарын 1- нээс өмнө морь уралдахыг хориглох бол тун ч болхи зохисгүй шийдвэр л дээ Цэг агаарын мэдээлэл эрс сайжирсан өргөн уудэм газар нутагтай зэрэг давуу тэлыг харгалзан цасан бүрхүүлтэй зам дээр болон хасах хэмтэй үед морь уралдахыг хориглоно гэх мэтт эерэг талаас нь шийдэх хэрэгтэй боллов уу? Ж-нь Зуд болоогүй бол Ханбогдод 3-р сард бүсийн уралдаан зохион байгуулсан ч болно шүү дээ

0  |  0
Top