Ихэс дээдсийн харш, хаус гэр хороололд тооцогддог нь илрэв
Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үеэр иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн байдал дордсоноос төр, засгийн нэр хүнд унах шинжтэй болмогц Улсын онцгой комиссоос ус, дулаан, цахилгаан, хогны мөнгийг тэглэж, сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь ганцхан хоногийн дараа асуудал үүсгэнэ гэж шийдвэр гаргагчид тооцоолсонгүй. Хамгийн түрүүнд толгой өвтгөсөн цохилт нь гэрэл цахилгааны хэрэглээний хэт их өсөлт боллоо. Дулаан, цахилгаан гаргах эх үүсвэрээ нэмээгүй, олон жил хоосон ярьсан V цахилгаан станцаа бариагүй байж бараг бүх хэрэглээний төлбөрийг тэглэн хүүдэгнэж болохгүй гэдгийг хэдхэн цагийн дотор харууллаа. Ядаж байхад багагүй хэмжээний цахилгаан эрчим хүчийг хоёр хөршөөсөө худалдаж авдаг хэвээрээ.
Дэд станцуудын хүчин чадал 100 хувиас давсныг эрчим хүчнийхэн газар дээр нь хэмжилт хийн телевизийн сувгуудаар үзүүлэв. Гудамж бүрээс шатсан кабелийн үнэр ханхалж байна гэж сошиалаар шуугив. Эрчим хүчний яамнаас хэдхэн минутын зайтайгаар “17-21 цагийн хооронд хэрэглээгээ зохицуулж тусална уу” гэсэн бачим мессеж утсанд ирсээр. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь муу нэрт зүүн хойт захын хар овоохой-гэр хорооллынхон боллоо. Сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулсаар атал айл бүр цахилгаан халаагуур залгаж эрчим хүчийг сүйрүүллээ хэмээн зарлалаа. Гэтэл хэрэг дээрээ яасан гээч.
Нүхтийн аман дахь ихэс дээдсийн харш, хаусууд, Яармагт суурьшиж буй шинэ баячуудын эдлэнгүүд гэр хороололд тооцогддог нь “баригдав”. Онцгой комиссынхны хийсэн хэвлэлийн бага хурлаар цахилгааны хэт их хэрэглээ Нүхт, Яармаг чиглэлд гарчээ. Өвөл хэрэглэдэггүй эзгүй байруудаа дулаацуулсан, машинуудаа халаасан, бүр байчихаад хаус мануулдаг нохойнхоо хонуурыг бүлээсгэсэн гээд хачин үйлдлийг дээдсүүд маань гаргасан бололтой. Уг нь наад зах нь хашаа манадаг нохойг хэтэрхий халууцуулбал хамуурдаг юм гэсэн шүү, гэрийн нохойтой адилгүй. Тендэр тууна, ЖДҮ хусна, гэр хороолол нэрээр хаусынхаа гэрэл, цахилгааныг хэтрүүлнэ. Ихэс дээдсийг яамаар ч юм.
Хэрэг дээрээ Дарь-Эх, Ганцхудаг чиглэлд цахилгааны хэмнэлт хамгийн сайн гарчээ. Муу нэрт Баянхошуунд ч гэрэл тасраад, хүчдэл унаад, кабель ханхлаад байгаа юм алга, хэвийн байна. Гэм нь гудамжны гэрэлтүүлгийг бүрий орохоор залгадаг байсан бол зарим газар алтан нар мэлтийж байхад зэрэгцүүлээд асаадаг болсон жишээ Баянхошууны 112-ын автобусны буудал, 105 дугаар сургуулийн орчимд харагдаж байлаа.
Уг нь сүүлийн жилүүдэд гэр хороололд чиглэсэн цахилгаан халаагуурын хэрэглээг ихэсгэж, агаарын чанарыг сайжруулж, утааг бууруулах уриалга төр, засгаас гарч, нийслэлээс яндан буулгах ажлыг эхлүүлж, бүтсэн бүтээгүй дахин төлөвлөлт явуулж, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд гэхэд олон айлыг утаагүй болгосон. Тэр хүрээнд гэр хорооллын айлууд нэлээд нь цахилгаан халаагууртай болж, шөнийн цахилгааны тариф хөнгөлсөн нь ч үүнтэй холбогдсон. Цахилгааны төлбөрийг тэглэснээр мөнөөх төр, засгийн уриалгаар худалдаж авсан халаагуураа зарим айл гаргаад залгатал хэрэг бишдэж, эрчим хүчний хэрэглээ хэт өссөнд нөлөөлөөд явчихлаа. Тэгэхээр бүх янданг буулгавал эрчим хүчний хямралд орох нь илэрхий болов.
Эрдэмтэд, судлаачид гэр хорооллыг бүхэлд нь барилгажуулбал нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангаж дийлэхгүй, мөн цэвэр усны нөөц ч богино хугацаанд шавхагдана гэж сануулаад байсан нь үнэн боллоо. Долоо хэмжиж нэг огтлолгүй бушуу туулайн үлгэрээр гаргасан төр, засгийн шийдвэр эцэстээ өнгөрсөн жилийн мөн сарын хэрэглээнээс давсан цахилгааны өртгийг төлүүлнэ гэсэн ам буцалтад хүргэв.
Амьдрал дээр өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал гэрээр ажиллах хүний тоо өссөн, хүүхдүүд цахимаар хичээл үзэж байгаа, сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байсан, эцэг эх нь ажил дээрээ цайны газраар үйлчлүүлж өдрийн хоолоо иддэг байсан бол одоо гэртээ хоолоо хийж иддэг болсон зэрэгтэй жишээд үзэхээр яаж ч бодсон цахилгааны хэрэглээ өссөн үзүүлэлт гарч таарна. Тэр хэрээр айл, өрхүүд төлбөр төлж л таарах байх. Уг нь тэдэн төгрөгөөс дээш гарсан цахилгааны үнийг хэрэглэгч хариуцна гэчихсэн бол хаана хаанаа толгойгоо эргүүлж, эрчим хүчээ сөхрүүлэхгүй л байж. Аливаа үнэгүй зүйл ардаа балаг дагуулж л төгсдөг хойно.
Худаг дээрх бужигнаан ба шахмал түлшний үнийн зөрүү
Хэрэглээний усыг үнэгүй болгомогц гэр хорооллын худаг дээр эхний гурав хоног дугаарлалт үүсчээ. Уг нь машинаар худагт ус зөөж, үе үе тасарч, эрийн сайныг үзэж заримдаа зодоон нүдээндээ хүрч байж унд, цайгаа залгуулдаг байсан үе улирч, ихэнх газар гүний худгаас хоолойгоор ус татаж, зарим газар ухаалаг хэрэглээнд шилжсэн. Харин үнэгүй юм сонин байсан уу, литр нь нэг төгрөг байдаг усыг зүгээр авдаг болсноор машиныхаа ард цэнхэр, шар саваа бөөнөөр нь ачиж ирээд хуучин цагийнх шиг шаваардаг байдал нэг, хоёр хоног үргэлжлээд хэвийн горимдоо орсон байна. Онгойдог сав бүрээ дүүргэж санаа амарсан байлгүй дээ. Хашаандаа каток засаж гулгаж наадах гээгүй л бол. Нөгөө талаас усны хэрэглээ хамгийн багатай гэр хорооллынхон усаа ханатлаа авч угаалга цэвэрлэгээгээ сайтар хийсэн байх сайн талтай.
Өөр нэг зүйл нь шахмал түлшний үнэ. Нэг уут нь 3750 төгрөгийн үнэтэй байсан түлшийг 75 хувиар буулгаж 937,5 орчим төгрөг болгосон. Өрх бүр долоо хоногт зургаан уут түлшийг карт уншуулж авдаг тул хэрэглээ нэмэгдэхгүй. Өмнө нь долоо хоногийн нормоо 22500 төгрөгөөр авдаг, дээр нь түлшний цэгээс хол, өндөрлөг газарт амьдардаг, өөрийн унаагүй иргэд зургаан уут түлшээ 3000 төгрөгөөр унаа олж хүргүүлдэг байсныг бодоход 5630-5650 төгрөгөөр түлшээ авдаг болсон нь үнэхээр том тус дэм. Харин түлшний цэг бүрт зургаан уут түлшний үнэ 10-20 төгрөгийн зөрүүтэй борлогдож байгаа юм. Энэ нь том тоо биш ч олон айлын дундаас чамгүй зүйл борлуулалтын цэгт үлдэнэ. Тавантолгойд лав зөрүү мөнгө орохгүй. Үнийн зөрүүг борлуулагчид хариулт мөнгөгүй гэдгээр тайлбарлаж байна. Анхнаасаа Засгийн газраас уут бүрийг 950 юм уу 1000 төгрөг гэчихсэн бол айл өрхдөө ч дарамтгүй, Тавантолгой, түлшний үйлдвэртээ ч хэрэгтэй л байсан байх. Дуслыг хураавал далай гэдэг.
Хогны ачилт үнэгүй болсон сургаар гудамжиндаа бөртийх хоггүй байдаг байсан СХД-ийн Х хорооны гудамжаар амны хаалт, нэг удаагийн хэрэглээний бээлий, малгай, улавч хийсч явах болов. Угийн хөрөнгө мөнгөгүй гэх нэрээр хог ачихдаа хойрго үйлчилгээнийхэн ачилт хийхгүй бол дээрх хогоор дамжиж, корона өөрөө салхиар аман дээр ирээд наалдаж мэдэх байдал холгүй болов. Хавар тийшээ байдал улам эвгүйднэ.
Цар тахлын аюул өнөөдөр хумигдаагүй байна. Өдөр өдөрт хэд хэдээрээ илэрсээр байгаа. Хүссэн хүсээгүй бид коронатайгаа хамт амьдарна. Дараа дараагийн давлагаа ирэхийг үгүйсгэхгүй. Вакцин автал өдий. Дөнгөж гараан дээр нь хамаг байдгаа тэглэчихээд удаах давлагаа ирвэл сөхрөх аюул бас байна. Шавхагдашгүй баялаг гэж байдаггүй. Хамаг хөрөнгөө нэг өдөр тавьж туучихаад аргаа барж, модоо барьсан айл шиг болчих вий гэж Монголынхоо өмнөөс бас санаа зовж байна.
Төр, засгийн эрх барьж буй түшээд сэтгэлийн хөөрлөөр бус, тооцоо судалгааны үндсэн дээр, эрдэмтэд мэргэдийнхээ үгийг сонсож эргэж буцалтгүй шийдвэр гаргах хэрэгтэй байгааг тэглэлт тойрсон элдэв явдал харууллаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
За ингээд солиордог юм. Нэг л их өөр ертөнцөөс ирсэн мэт. Яахлаараа ЗГ ард олныхоо ачаалал хөнгөлснөөрөө буруутах ёстой юм?\n Өөрөө сэтгэж бас ажил хийж чадахгүй байж чи энэ улсын иргээ юм бол эрх баригч гэж ирээд хуцаж байхаар харин ч өөрөө саналаа гаргаад оролц. Нэг л их шүүмжлэхийн донтонгууд. Ингэж амьдарч улс орноо хөгжүүлж өөрсдөө сайн сайхан амьдрахгүй ээ
bat uul muu hunhuuzuudin hiisen ajilshuudee,gazaraa bitgii uguurei geed turhiraad baisan odoo baahan hun ugaartaad shataad uhchihsen,jinhene aluurchin shuudee
950 юмуу 1000 гэчихгүй гэдэгч хэллдэг л үг шүү Математикт маруухан удирдлага ингээд аль ч шатанд шомбодох боломж олгоод байх юм Хойшид төгссөн сургуулийг нь шаталж дэвшсэн ажлын туршлагыг нь сайтар тунгаааж сонгож баймаар юм байна. Нөгөө нэг мерит билүү дээ
Үгийн баялаг сайтай , ойлгомжтой нийтлэлийг уншихад урамтай шүү.
Түмний онигоо шившиг болсон ЗГ гэхээс өөр хэлэх үг ч олдохгүй юм сайдууд нь гэж цайрчихсан ширэн нүүрлээд ичдэггүй ард иргэдээсээ
Umiid sain talaas n ehleed harj syr.bitgii svrjigne. Aldaan deeree syraltsdag um.setgvvlch gyai. Iimerhvv hvmvvs mererjliinhee neriig unagaaj bgaa.
Өгсөнгүй гэж орилно, өгөхөөр ”өглөө” гэнэ. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг олон юм хуцхын. Цэвэр хувь хүний ухамсрын асуудалшдээ.
Тэглэлт хийсэн нь шоу байсан л гэж битгий ойлгоорой доо.. Зөв арга хэмжээ байсан. Бүгд дэмжиж байгаа. Хүн амын ухамсар ийм доод цэгтээ байна гэдгийг хаана хаанаа ухамсарласан. Тэгээд л болоо.. \n