М.Идэрбат: Бичигтийн боомт далайд гарах хамгийн дөт зам учир Замын-Үүдийн ачааллыг хуваалцах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Манай сурвалжлагч Сүхбаатар аймагт ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай өвөлжилтийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон цар тахлын үеийн эдийн засгийн бодлого, хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу. Цаг үеийн асуудлаар хэд хэдэн зүйлийг тодруулах гэж зорьж ирлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байгаа. Сүхбаатар аймгийн хувьд өвөлжилт ямар байна вэ. Хэрэв өвөлжилт хүндэрвэл бэлтгэл ажил хэр байна даа?

-Сайхан өвөлжиж байна. Сүхбаатар аймаг арваннэгдүгээр сарын дунд үеэс нийт нутгаар цас их унасан. Урд талаараа Эрдэнэцагаан, Дарьганга, Баяндэлгэр сумдаар бусад сумтай харьцуулахад ахиу цас орсон.  Цаг уурын мэдээллээр өнөөдрийн байдлаар 10-12 см зузаан цастай, бусад сумдад 7-8 см зузаан цастай байна. Манай аймагт дөрвөн сая толгой мал өвөлжиж байна. Энэ нь зөвхөн Сүхбаатар аймгийн мал биш бусад аймгаас отроор мал их орж ирдэг. Засгийн газрын шийдвэрээ дагаад боломж боломжоороо, хаяа хаяагаа дэрлээд өвөлжинө дөө. 

Дээрх дурдсан сумдад цас нэмж орвол байдал хүндэрч  болзошгүй. Өвс тэжээлийг гурван түвшинд бэлддэг. Эхний ээлжинд аймгийн аюулгүйн нөөцөнд өвс бэлдэнэ. Мөн сумдад, малчид иргэд өвөлжилтийнхөө бэлтгэлийг хангах хүрээнд өвс тэжээлээ бэлдэнэ. Дээрх гурван түвшинд нийтдээ найман мянга орчим тонн өвсний нөөц байна. Нөхцөл байдал хүндэрвэл хангалттай нөөц биш. Учир хувь хүмүүсийн гар дээр худалдан борлуулдаг нөөц нэмэгдэнэ. Эхний ээлжинд дотооддоо байгаа нөөцөө гадагш нь аль болох худалдан борлуулахгүй байх зохион байгуулалтыг хийж байна. Түрүү оны мөн үеийнхтэй харьцуулахад тэжээлийн үнэ ханш нэмэгдэх хандлагатай байгаа нь малчдад дарамт болох шинжтэй байна. Тийм ч учраас аймгийн Онцгой комисс хуралдаж улсын нөөцөөс /Баруун-Урт хотод нөөцөлсөн/ тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр өгөөч гэсэн хүсэлтийг Улсын онцгой комисст явуулсан. Энэ хүсэлтийн хариу ирвэл манай малчдад нэлээн дэм болно гэж найдаж байна.

-Сүхбаатар аймагт гаднын аймгуудаас хэчнээн айл өрх отроор ирж өвөлжиж байна вэ. Зарим аймгуудад бэлчээрийн даац зэргээс болж малчдын дунд маргаан дэгддэг асуудал бий?

-Сүхбаатар аймгийн хэмжээнд Дундговь, Өвөрхангай, Архангай, Төв аймаг зэрэг 4-5 аймгийн 14 мянган толгой мал оторлож байна. Цаг уурын газраас мэдээлснээр нэгдүгээр сард 3-4 удаагийн давтамжтайгаар цас орох магадлалтай. Хэрэв орвол нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Нэгэнт отроор ороод ирсэн малчдыг бүртгэлжүүлж сумдын эрүүл мэндийн төвд үүрэг чиглэл өгч үйлчлэх боломжийг бүрдүүлээд хавар болтол байлгана.  Харин одоо нэмж орж ирэх оторчдыг хүлээж авах боломжгүй.

-Цар тахлын нөхцөл байдал нийслэлд түгшүүртэй, нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна. Цар тахлыг алдчихгүйхэн шиг урьдчилан сэргийлэх ямар бодитой ажлууд хийж байна вэ?

-Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Цар тахал алдахгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих шатны бүх арга хэмжээгээ аваад явж байна. Аймгийн Онцгой комисс долоо хоногт 1-2 удаа хуралдаж, шуурхай штаб өдөр бүр хуралдаж нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, тохирсон арга хэмжээг авч ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр аймгийнхаа иргэдийг нийслэл хотоос татан авах ажил дуусах шат руугаа орж байна. Нийт 3800 орчим иргэнийг татан авсны 2000 гаруй нь Баруун-Урт хотод, үлдсэн нь бусад сумдад байна. Ирсэн иргэдээ гэрийн хорионд байлгах, дүрэм журмаа сахиулах ажлыг хараа хяналт тавьж ажиллаж байна. Гэрийн хорио дууссан иргэдэд түргэвчилсэн байдлаар PCR шинжилгээ авсан. Болзошгүй нөхцөлд материаллаг баазыг бэлдэх, аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 ортой тусгаарлах байрыг бэлдсэн. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд уламжлалтын эмнэлгийг 50 ортойгоор бэлдэж ажиллана. Нэг, хоёрдугаар хавьтлын хүмүүсийг тусгаарлах зочид буудлыг дүрэм журмын хүрээнд бэлэн байдалд оруулах ажлууд хийгдэж байгаа. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдээс зайлшгүй шинжилгээний бичиг шаарддаг.

-Энэ сарын 18-наас Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэж байгаа хөдөлгөөнийг хязгаарласан. Баруун-Урт руу хөдөлгөөн хэр их ирж байна вэ?

-Тусгай зөвшөөрөлтэй зорчигч ирж байгаа. Бид шинжилгээний бичиг шаардаж, асуумж бөглүүлж оруулж байгаа. Хүнс өргөн хэрэглээний барааны татан авалтыг хоёр талдаа ачаатай явуулдаг. Манайхаас сүүлийн нэг сарын хугацаанд дөрвөн мянган тонн махыг нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлсэн. Эргээд өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн авчирч байна. Манай аймагт ямар нэг бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй.

-Сүхбаатар аймаг 2020 оныхоо төсөвийг баталсан. Хэчнээн төгрөгийн бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх вэ. Иргэддээ чиглэсэн ямар бодлого барьж байна вэ. Ирэх онд бол улс орон даяар ковидын үеийн нөхцөл байдалд тааруулсан эдийн засаг өрнөхөөр төлөвтэй байна?

-Сүхбаатар аймгийн иргэдийн хурал арванхоёрдугаар сарын 7-ны өдөр хуралдаж ирэх оны төсөвт 70 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Мөн сонгууль болсонтой холбогдуулж 2021-2024 оны Засаг даргын үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ 70 тэрбум төгрөгийн төсөвт бүтээн байгуулалтаас гадна төрийн байгууллагуудын урсгал зардал, төрийн албан хаагчдын цалин хөлс зэрэг бүх зардал багтана. Аймгийн хэмжээнд 16 тэрбум төгрөгийг үндсэн бүтээн байгуулалтад төсөвлөсөн. Үүний зургаан тэрбум төгрөг нь орон нутгийн хөгжлийн сангаар сумдад хуваарилагдсан бол 10 тэрбум нь аймгийн орон нутгийн хөгжлийн санд хуваариглагдана. Аймаг өөрийнхөө нөөц боломж дээр тулгуурлан 3-4 тэрбум төгрөг олох боломжтой. Улсын хэмжээнд таваас зургаадугаар сар хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэж харж байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал аймгийн Онцгой комиссын зардлыг нэмэгдүүлсэн. Мөн Засаг даргын мэдэлд байдаг Гамшгаас хамгаалах санг нэмэгдүүлсэн. Зургаадугаар сараас нөхцөл байдал өөр болвол дахиж төсвийн асуудлыг эргэж харна.  Иргэд болон нийгэм рүү хандаж Монгол Улсын Засгийн газраас ус дулаан, тог цахилгаан гэх мэт хэрэглээний суурь зардлыг чөлөөлсөн. Хувийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж худалдааны төвүүд, жижиг дэлгүүрүүд, түүнийг дагасан түрээслэгчид түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Эдгээрийг дагаж арваннэгдүгээр сард 80-аад сая төгрөгийн ус дулааны өрийн сүлжээ үүссэн тул 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарт нэлээн анхаарах шаардлагатай байгаа. Нэгдсэн эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах ажил байна. Мөн Баруун-Уртын Нэгдсэн эмнэлэг ачаалаа даахгүй болж эхэлсэн. Ачааллыг хуваалцахын тулд өрхийн эмнэлгүүдийг сайжруулж, орон нутгийн төсвөөр 1.4 тэрбэм төгрөгийн төсөвт өртөгтэй өрхийн эмнэлэг барина. Дөрвөн жилийн дараа гурван өрхийн эмнэлэг шинээр баригдсанаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарын түвшин дээшилнэ. Боловсролын салбарт боловсролын чанар, багш нарын ур чадвар, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах үүднээс 600-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 16 сургуульд байгалийн ухааны орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан лабораторитой болгох юм. Сургуулийн өмнөх боловсролд анхаарч бүх цэцэрлэгт 10 гаруй сая төгрөгийн тоглоом наадгай авч өгөх төлөвлөгөөтэй. Ажлын байрыг нэмэгдүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутагтаа шат дараатайгаар хөгжүүлнэ. Үйлдвэр аж ахуйн нэгж байгуулах санал санаачилгыг дэмжиж дэд бүтэц тал дээр анхаарна. Хамгийн багадаа эхний ээлжинд энэ жилдээ 50 хүн ажлын байртай, цаашлаад 100 хүн ажлын байртай болох боломжтой. Ноосны үйлдвэр, оёдлын үйлдвэр байгуулах ажлыг эхний ээлжинд дэмжинэ. Мөн цайрт минералын үйлдвэр жилдээ 7000-8000 ширхэг цайр авдаг шуудай үйлдвэрлэдэг. Гэтэл бид Эрээнээс авдаг. Энэ  үйлдвэрлэлийг дотооддоо явуулахад 30-40 хүнийг ажлын байртай болгох, үүнээс ч хоёр, гурав дахин нэмэх боломжтой. Ирэх жил Сүхбаатар аймаг Сайншанд-Баруун-Урт-Хөөт гэсэн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газраас хийэж эхэлнэ. Тийм учраас МСҮТ дээрээ тэр чиглэлийн ажилчдаа бэлтгэх 2-3 ангийг бий болгож боловсон хүчнээ бэлдэх ажил яригдаж байна. Энэ ажил ороод ирвэл төмөр замын бүтээн байгуулалтыг дагасан 2000 ажлын байр гарна гэж тооцож байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас Бичигтийн боомтыг цогцоор нь шинэчлэх 30-40 сая доллар буюу 170-180 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөх гэж байна. Тэр бүтээн байгуулалтыг дагасан чөлөөт бүсийг байгуулах ёстой. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой гадаадад гарахад дэлхийн худалдааны байгууллагаас хөнгөлөх боломжийг орон нутагтаа ашиглах боломжтой. Бичигтийн боомт бол далайд гарах хамгийн дөт зам. Өөрөөр хэлбэл боомтоос цааш далай хүртэл 800 км авто зам нь ч бий, төмөр зам нь ч бий. Замын үүдээс гарснаас хоёр дахин богино зайгаар хурдан, ачаалал багатай гарна. Замын үүдээр сарын өмнө захаиалсан бараа одоо болтол орж ирж чадахгүй, маш их ачаалалтай байдаг. Бичигтийн боомт шинэчлэгдсэнээр Замын үүдийн ачааллыг эн тэнцүү хуваалцах эдийн засгийн том бүс болох боломжтой.  Үүнийг дагасан ажлын байр нэмэгдэж ажиллах хүчний нөөц эрэлттэй болно гэсэн дүр зураг харагдаж байна.

-2020 он Монгол Улсын Их хурал болон орон нутгийн сонгууль гэсэн хоёр томоохон сонгуулийн ард гарлаа. Сүхбаатар аймаг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засаг дарга, хурлын дарга тэргүүтэй хүмүүс албан ёсоор томилогдож ажилдаа оров уу?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хувьд Сүхбаатар аймгийн улс төрийн байдал нэлээн бужингнаантай байсан. Энэ сонгуулиар Ардчилсан нам 33 суудлаас 27 суудлыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Намын үнэмлэхүй ялалттай учраас ямар нэг үл ойлголцол үүсээгүй. Төрийн ажилдаа томилогдоод албан ажилдаа орсон. Өнгөрсөн баасан гарагт сүүлчийнхээ сумын Засаг даргыг томилсноор бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ баг ажиллах боломж бүрдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top