ОХУ, БНХАУ-ын 103 байгууллагад АНУ худалдааны шинэ хязгаарлалт тавилаа

2020 оны 12 сарын 24

УГ ЖАГСААЛТАД ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР БАГТАВ

АНУ-ын зүгээс манай хөрш хоёр том орны эсрэг хийж буй худалдаа, эдийн засгийн “дайн” үргэлжилсээр байна. АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэрлэл, аюулгүй байдлын товчооноос ОХУ-ын 45, БНХАУ-ын 58, нийт 103 байгууллагад хязгаарлалт тогтоожээ. U.S Department of Commerce –ийн цахим сайтад энэ тухай мэдээллийг нийтэлж, хязгаарлалтад оруулсан байгууллагуудын жагсаалтыг хавсаргасан байна.

Тэдгээр байгууллага нь тус тусын орны зэвсэгт хүчинтэй хамтран ажилладаг газрууд агаад хязгаарлалтад хамрагдсанаар АНУ-ын тодорхой нэрийн бараа, технологийг авах боломжгүй болоод байгаа юм. АНУ-ын Худалдааны сайд Уилбур Россын хэлснээр ийм арга хэмжээ авах нь ОХУ, БНХАУ-ын цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Америкийн технологийг ашиглахаас сэргийлэн тэмцэж буй хэрэг ажээ. Хязгаарлалатад орох байгууллагуудын жагсаалтыг цаашид өргөжүүлэх боломж бас байгааг зарлажээ.

Жагсаалтад ОХУ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хөлөглөдөг онгоц харьяалагддаг “Россия” нисэхийн тусгай отряд, Гадаад тагнуулын алба, Батлан хагаалах яам, “Туполев” зэрэг хэд хэдэн иргэний агаарын нисэх онгоцны компани, Сансрын пуужингийн Прогресс төв, Ростех, Боингтой хамтран ажилладаг “ВСМПО-Ависма” корпорац, Уралын тоног төхөөрөмжийн завод зэрэг байгууллага багтаад байна. Хятадын талаас Бээжин, Харбин, Хунань, Гуанжоу, Шаанси, Шанхай, Ченду зэрэг томоохон хот, мужуудын нисэхийн салбарын компаниуд оржээ. АНУ-ын талаас мэдэгдсэнээс үзвэл эдгээр нь цэргийн хамааралтай эцсийн хэрэглэгчид бөгөөд бүрэн хэмжээний хязгаарлалт тогтоохгүй ч арилжааны бүтээгдэхүүндээ тусгай зөвшөөрөл заавал шаардана гэжээ.

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны тэргүүлэгч генерал Жозеф Данфорд “Вашингтонд заналхийлж буй бүх улс орнуудын дундаас цэргийн салбарт хамгийн их хүчин чадалтай нь ОХУ юм” хэмээн Колорадо мужид болсон Аюулгүй байдлын бага хурал дээр мэдэгдэж байсан юм. Хятад ч цэргийн салбараар тэргүүлэх орнуудын тоонд зүй ёсоор ордог билээ. Энэ бүхэн нь өнөөгийн авч буй хязгаарлалтын шалтгаан болсон нь илэрхий юм.

Энэ талаар ОХУ-аас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Антонов “Уг арга хэмжээ нь хоёр талын хооронд нэгэнт уламжлал болон тогтсон худалдаа-эдийн засгийн харилцан ажиллагааг сэвтээгээд зогсохгүй, ирээдүй хэтийн эерэг харилцаанд хаалт болно. Энэ дотроо хамгийн хүлээж авч боломгүй, үндэслэлгүй асуудал нь ОХУ-ын аж үйдвэрлэлийн гол компаниуд, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн болон судалгааны төвүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд цөвтэй мэтээр үзсэнд оршино. Ийм байдал нь бидний харилцаанд хямрал учруулах болно ” хэмээн Элчин сайдын яамныхаа нүүр хуудсанд нийтэлжээ. Хууль зүйн Gibson Dunn компанийн тооцоолсноор Дональд Трампын засаг захиргааны үед буюу 2017 оноос хойш нийт 3900 гаруй ийм маягийн хориг арга хэмжээ авсан нь барагцаагаар өдөр бүр гурван төрлийн хориг, хязгаарлалт тавьж байсантай ижил хэмээсэн байна.

АНУ КОНСУЛЫН ГАЗРУУДАА ХААХААР ШИЙДЖЭЭ

Энэ байдал дипломат салбарт ч үргэлжилж байна. Тухайлбал, АНУ-ын засаг захиргаанаас ОХУ дахь Консулын газруудаасаа хаах шийдвэр гаргаад байна. Алс Дорнодын Владивосток,Урал дахь Екатеринбург хотод суугаа Америкийн Консулын газрын үйл ажиллагааг зогсоох тухайгаа АНУ-ын Төрийн департаментаас мэдээллээ. Үүний үр дүнд Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам л ОХУ-д үлдэх цор ганц Дипломат төлөөлөгчийн газар болох ажээ. Хэдхэн хоногийн өмнө АНУ-д илэрсэн өргөн хэмжээний цахим халдлагын буруутнаар ОХУ-ыг нэрлэж байсан билээ. Тэгвэл хоёр талын хооронд цахим аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, цэргийн салбар зэрэгт сөргөлдөөнт байдал үүсээд буй нөхцөлд дахин худалдааны хязгаарлалт хийх шийдвэр ийнхүү гараад байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top