ХААН Банк Люксембургийн томоохон хөгжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани “BlueOrchard”-ын удирдаж буй “Covid-19 Emerging & Frontier Markets MSME Support Fund”, “BlueOrchard MicroFinance Fund” болон Германы “Frankfurt School Financial Services GmbH” байгууллагатай нийт 24.8 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээнүүдэд шинэ оны өмнөхөн гарын үсэг зурлаа.
Дэлхий нийтээр цар тахлын улмаас эдийн засгийн хүндхэн сорилттой тулгараад буй энэ үед бид олон улсын зах зээлээс бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг хангах урт хугацаат санхүүжилт татаж чадсандаа баяртай байна.
Энэхүү санхүүжилтийг нэг талаас ХААН Банкны санхүүгийн чадавх, тогтвортой өсөлт, компанийн засаглалын чанарт үндэслэн олгож буй бол нөгөө талаас хөрөнгө оруулагчдын урт хугацааны хамтын ажиллагаа, итгэлцлийг харуулж буй юм.
“BlueOrchard” болон “Frankfurt School Financial Services GmbH” байгууллагууд өмнө нь мөн ХААН Банканд санхүүжилт олгож байсан бөгөөд хамтын ажиллагаагаа ийнхүү улам бататгаж байна.