Шинжээчид 2021 онд дэлхий нийтэд учирч болох 10 ГОЛ ЭРСДЭЛИЙГ НЭРЛЭЖЭЭ

2021 оны 01 сарын 09

“Eurasia Group” хэмээх олон улсын зөвлөх компанийн шинжээчид улс төр, олон улсын байдал, аж үйлдвэрлэл, бодлого шинжилгээний салбарт 2021 онд дэлхий нийтээрээ тулгарч болох 10 гол эрсдэлийг танилцууллаа. Энэхүү танилцуулга нь учирч болох сөрөг зүйлүүдээс айлгах эмээлгэх бус, харин улстөрчид, бизнесийнхэн, компаниудад урьдчилсан төлөв байдлыг тооцоолж, энэ дундаас үүсэж болох боломжуудыг олж харахад нь туслах зорилготой ажээ.

Судлаач, шинжээчдийн бодлоор энэ жил дэлхий дахины төлөв байдалд нөлөөлж мэдэх гол эрсдэлүүдлээр Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалан Америкт гарч болзошгүй үзэл бодлын хуваагдал, дэлхийг хамарсан кибер сөргөлдөөн үүсэх магадлал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх явцад хурцдаж буй өрсөлдөөн, Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерын албанаас буух гэж байгаа үйл явц зэргийг дурдсан байна.

Арван эрсдэлийг “Хуваагдмал Америк” тэргүүлжээ. Шинжээчдийн үнэлгээгээр Ерөнхийлөгч Жо Байдены бүрэн эрх хэрэгжиж эхлэх цагаас АНУ-ын иргэдийн тал орчим хувь нь Төрийн тэргүүнээ чадамж муутай хэмээн үзэж болзошгүй гэнэ. Тайланд тэмдэглэснээр АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулиийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар буй нь Нэгдсэн Улсын түүхэн дэх ховор үзэгдэл агаад америкчууд дотроо хэр зэрэг хагаралтай байгааг үзүүлж байгаа хэрэг гэжээ. Шинжээчдийн тооцоолсноор Жо Байден АНУ-ын тэргүүлэх статусыг олон улсын хэмжээнд сэргээхийг оролдох боловч үүнд нь туйлшрал хийгээд дотоод хямралаа зохицуулж чадахгүй байдал саад учруулна хэмээжээ.

Хоёр дахь эрсдэл нь дэлхий даяараа өртөөд байгаа коронавирусний цар тахлын ужгирсан халдвар юм. Зөвлөх компанийн шинжээчдийн тайланд дурдахдаа “Цар тахлын халдвар цаашид нэмэгдэж, үргэлжилсээр байгаа нь зөвхөн ард иргэдийн амьдрал ахуйд төдийгүй улс орнуудын улс төрийн тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Хүн ам баян, ядуугаасаа шалтгаалан вакцинжуулалтад тэгш бус хамрагдахаас гадна дэлхийн улс орнууд ч хөгжлийн түвшнээсээ хамаарч мөн л вакцин худалдан авах чадамж нь адил бус байх болно. Цар тахлын улмаас дэлхийн аль ч улсын ард  иргэд зээлийн өрийн дарамт, ажилгүйдэл, итгэл найдвараа алдаж цөхрөх зэрэг тааруу үр дагаврыг амсах болно” хэмээжээ.

Эрсдлийн гуравдугаарт шинжээчид цаг уурын өөрчлөлттэй хийж буй тэмцлийг нэрлэсэн байна. Улс орнууд энэ чиглэлд өдийг хүртэл хамтран ажиллаж ирсэн бол цаашдаа Олон улсын хоорондын өрсөлдөөн болон хувирч магадгүйг онцолжээ. Аюултай хог хаягдал гаргахгүй байхын төлөөх тэмцэл сүүлдээ ашиг хонжооны хэрэгсэл ч болж мэдэх гэнэ.

АНУ, БНХАУ-ын хоорондох сөргөлдөөн өсөж болзошгүй нь дөрөв дэх эрсдэлд тооцогджээ. Цар тахлын эсрэг вакцин гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулах, технологи хөгжүүлэх зэрэг салбар дахь өрсөлдөөнөөс гадна худалдааны дайн гэх мэт бусад салбарт өрнөж байгаа сөргөлдөөн нь удаан хугацаагаар ужгирч мэднэ хэмээн шинжээчид үзсэн байна.

Тав, зургаа дахь эрсдэлд дижитал, кибер аюулууд орох талаар “Eurasia Group”-ын тайланд үндэслэн Forbes-оос нэрлэжээ. Олон орныг хамарсан цахим халдлага, кибер довтолгооноос улбаалан компани,төрийн болон хувийн байгууллага, хувь хүний нууцлал алдагдах зэрэг нь технологи, геополитикийн үнэлж баршгүй эрсдэлийн шалтгаан болох төлөвтэй.

Энэ жилийн голлох дараагийн эрсдэлийн тоонд судлаачид Туркийн эдийн засагт үүссэн асуудлыг багтаажээ. Үүнээс болж Туркийн Ерөнхийлөгч Р.Тайип Эрдоаны байр суурь муудаж, ойрхи Дорнодын эдийн засаг сулрахад ч хүрч магадгүй гэнэ. Нефтийн үнэ буурснаас энэ хавийн орнуудын орлого буурч, хувийн секторын байдал саарч, ажилгүйдлийн түвшин өсөж магадгүй хэмээжээ.

Олон улсын амьдралд таатай бус нөлөөлж мэдэх бусад шалтгаануудаар ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель энэ жил улс төрөөс зодог тайлахаар болсон хийгээд цар тахал болон хэд хэдэн оронд явуулсан сонгуулийн үр нөлөөнөөс шалтгаалж Латин Америкт тохиож буй улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг нэрлэсэн байна.

“Eurasia Group”-ын шинжээчид бас АНУ-тай холбоотой хэд хэдэн таамаг дэвшүүлжээ.

Нэгд, Дональд Трампын бүрэн эрх өндөрлөсний дараа “түүний зарим нөхөд”-ийн байдал хүндэрч магадгүй бололтой. Туркийн Ерөнхийлөгч Р.Тайип Эрдоан, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Бразилийн Ерөнхийлөгч Ж.Болсонару, Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху нарыг түүнд багтаасан аж. Шинжээчид тэднийг олон улсын дэг журам тогтоохыг эс дэмжигч бүлэглэлийн гишүүд гэж тооцжээ.

Хоёрт, АНУ-ын хүчирхэг технологид эрсдэл үүсэж болзошгүй аж. Гадаад, дотоод шалтгаанууд үүнд нөлөөлж магадгүй бололтой.

Гуравт, АНУ, Ираны таагүй харилцаа. Хоёр орны цаашдын харилцаанд үр нөлөө ч харагдахгүй, сүйдтэй аюул ч үзэгдэхгүй байна хэмээн ажиглагчид үзжээ. Хоёр талын дипломат харилцааг түвшитгэх талаар харилцан шийдмэг алхам хийлгүй харзнаж байгааг шинжээчид онцолсон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top