Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.07, 11:00 цаг)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Улаанбаатарт 1187 тохиолдол боллоо. 14 хүн эдгэрч гэртээ гарлаа. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1513 тохиолдол бүртгэгдсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 2023 болсон. Үүнээс 1463 буюу 72.3 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 547 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүн 1, хүнд 5, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн байна.
Ихэвчлэн БГД, БЗД, СХД-т хорооллуудад өвчлөлийн тохиолдууд бүртгэгдсэн. Шинээр БГД-ийн 5, 8, 12, 20, 22-р хороонд өвчлөлүүд бүртгэгдсэн.
Мөн БЗД-ийн 5, 21 хороо, СБД-ийн 9, СХД-ийн 11, 20, 32, 34, 41-р хороо, ХУД-ийн 4, 15, 20-р хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн.
Батлагдсан тохиолдлууд нэмэгдэж, ойрын хавьтлуудын тоо нэмэгдэж байна. Өчигдөр 24 цагийн хугацаанд ойрын хавьтлаар 218 хүнийг тусгаарласан. Ингэснээр нийт 958 ойрын хавьтал хяналтад байна. Хоёрдогч хавьтал 4742 боллоо. Тэгэхээр хавьтлын тоо нэмэгдэхийн хэрээр халдварын тоо нэмэгдэнэ гэсэн үг.
Энэ бол кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш нийт батлагдсан тохиолдлын 40 хувь нь гэр бүлээс хамааралтай халдварт өртсөн байна.
60 хувь нь ажлын газар болон бусад зохион байгуулалттай арга хэмжээ, эмнэлэг, байр орон сууцны орц, гудамж хорооллоос халдварт өртсөн байна.
Ийм учраас иргэд гадуур явахгүй байх, хэрвээ халдварт өртвөл гэр бүлийнхнээ бүгдийг нь өвчлүүлэх эрсдэл байгааг ойлгох хэрэгтэй.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд илүүтэй өвчилж байна. Ойрын хавьтлууд бусад үйл ажиллагаанд оролцохдоо маскгүй байсан байна. Тийм учраас ард иргэд үүнийг анхаарах хэрэгтэй.
ДЭМБ-ын коронавирустай тэмцэж байгаа туршлагыг харахад лабораторийн шинжилгээгээр илрүүлэг хийх, хавьтлын судалгаа хийх, тусгаарлах, хөл хорио зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна хувь хүний арга хэмжээ буюу макс зүүх, хувийн ариун цэвэр эрүүл ахуй, зай барих, шалтгаангүй олон хүнтэй газар очихгүй байх зэрэг арга хэмжээг олон улсын практикт хэрэглэж байна. Манайх мөн энэ арга хэмжээг идэвхтэй үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй байна.
Гадуур явж, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хувийн ариун цэврээ сахиж, макс зүүж, бээлийтэй явахыг анхааруулж байна.