Дурсгалыг хүндэтгэхээр АНУ, Их Британи, Европын холбооны Элчин сайд нар иржээ
ОХУ-д Кремлийн эрх баригчдыг шүүмжилсэн, Ерөнхийлөгч В.Путиныг нэр дурдан буруутгасан сөрөг хүчний лидерүүдийг хороосон, хорьсон, баривчилсан, шүүсэн хэрэг шил даран гарсаар байдаг билээ. Тэгвэл ОХУ-ын сөрөг хүчний нөлөө бүхий томоохон улстөрчдийн нэг, Ярослав мужийн Думын гишүүн Борис Немцовын амь насыг бүрэлгэсний зургаан жилийн ойг өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын томоохон хотуудад төдийгүй гадаадын олон оронд дурсан тэмдэглэлээ. Энэ өдрүүдэд сөрөг хүчний улстөрч, Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжлэгч А.Навальныйд ял тулган баривчилсан хэргийн дуулиан ч тасралгүй үргэлжилсээр байгаа билээ.
Эрх баригчдын бусармаг үйлдлийг илчлэн цуцашгүй тэмцэж, сөрөг талын дуу хоолой болж агсан Борис Немцовыг хөнөөсөн хэргийг ОХУ-д үйлдэгдсэн орчин цагийн улс төрийн аллагуудаас хамгийн дуулиантайд тооцдог юм. Түүнийг 2015 оны хоёрдугаар сарын 27-28-нд шилжих шөнө нийслэл хотын зүрхэн төвд, Кремлийн хананы дэргэд, Москва голын гүүрэн дээр буудан хөнөөсөн билээ. Машинтай хүмүүс ойртон ирж араас нь буудаад зугтсан хэргийн учиг өнөөдөр ч бүрэн тайлагдаагүй. Борис Немцов тэр шөнө Киевт амьдардаг найз бүсгүй Анна Дурицкаятай хамт зугаалж явжээ. Цугтаа алхаж явсан бүсгүй юу болж өнгөрснийг ухаарах сэхээ ч болоогүй байхад Б.Немцов амьсгал хураасан байсан гэдэг.
Аллага болсноос хэд хоногийн дараа Чечень гаралтай таван залууг хэрэгт сэжиглэн баривчилсан байдаг. 2017 оны долоодугаар сард хэрэгт ял оноох үйл ажиллагаа өндөрлөж, Чеченийн “Север” батальоны дайчин асан Заур Дадаевыг чанга дэглэмтэй хорих ангид 20 жил ял эдлүүлэхээр болсон билээ. Чухам түүнийг л улстөрчийг хороох захиагат аллагын гүйцэтгэгч, мөн гардан алсан хэрэгтэн хэмээн шүүх буруутгаж, хамтрагчдад нь 11-19 жилийн хорих ял оноосон юм. Тэд шүүх дээр хэлсэн сүүлийн үгэндээ “Чеченьчүүд хэзээ ч хүнийг араас нь бууддаггүй” гэжээ. Гэвч хэн ч үүнийг ойшоож үзээгүй. Гол буруутан Заур Дадаев Украины зүгээс аллагын сэжигтэн байж болохыг хэлсэн ч шүүгчид мөн л анхаараагүй. Хэргийг захиалагч нь олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй Руслан Мухудинов болон түүний хэдэн хамтрагч хэмээн тогтоогдсон юм. Гэвч Б.Немцовын гэр бүлийнхэн үүнтэй санал нийлдэггүй бөгөөд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров хийгээд өндөр албаны зарим хүнээс уг хэргийн талаар байцаалт авахыг нэг бус удаа хүссэн ч татгалзсан хариу сонссоор иржээ. Б.Немцовын аллагын хэрэг өнөөдөр ч бүрэн хаагдаагүй байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2020 оны эхээр Немцовын аллагын захиалагчид илэрсэн хэмээн мэдэгдсэн боловч өнөө хэр нь нэрсийг нь ил тод зарласангүй.
Сүүлийн жилүүдэд сөрөг хүчнийг дэмжигчид энэ өдрийг дурсаж, Б.Немцовыг хүндэтгэн марш үйлддэг болсон юм. Энэ удаа дэлхийг хамарсан цар тахлын халдвараас шалтгаалан Москвагийн захиргаанаас уг уламжлалт арга хэмжээг зохион байгуулахыг дэмжсэнгүй. Маршийг зохион байгуулагчид Москва хотын захирагчаас Б.Немцовын дурсгалд цэцэг өргөх зөвшөөрөл хүсэж дэмжүүлж чаджээ. Хүндэтгэлийн уг арга хэмжээг “Немцов гүүр” хэмээн нэрлэдэг уламжлалтай. Москва голын гүүрэн дээрх Б.Немцовын хөнөөгдсөн газарт цэцэг өргөхөөр олон тооны хүн, тэдний дунд барууны орнуудаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, АНУ, Их Британи, Герман, Чех, Латви улс, Европын холбооны Элчин сайд нар иржээ.
ОХУ-ын Ерөнхий сайд асан, “Парнас” намын тэргүүн Михаил Касьянов, “Яблоко” намыг үндэслэгч Григорий Явлинский, хорионд байгаа А.Навальныйн гэргий Юлия Навальная нар очиж Б.Немцовын дурсгалыг хүндэтгэв. Сайн дурынхан цугларагсдын аюулгүй байдлыг сахиулан ажиллажээ. Хэд хоногийн өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд хүчнийхэн дурсгалт газрыг бүсэлж, цэцэг, зургуудыг хураан авч, уг газарт жижүүрлэж байсан хэд хэдэн хүнийг саатуулсан удаатай. Хоёрдугаар сарын 24-нд сайн дурынхан чимээгүй цугларалтаа сэргээсэн байна. Төрөл төрөгсөд, найз нөхөд, дотнын хамтран зүтгэгчид нь Б.Немцовыг хөдөөлүүлсэн Троекуровын оршуулгын газарт очжээ.
Б.Немцовын төрсөн нутаг Доод Новгород болон Санкт-Петербург, Екатеринбург, Иркутск, Новосибирск, Челябинск хотуудад улстөрчийн дурсгалыг хүндэтгэх ёслолууд болов. Москва голын гүүрэн дээр л гэхэд 6,4 мянга орчим хүн цугларчээ.
Түүнчлэн Вашингтон, Бостон, Прага, Берлин, Лейпциг, Амстердам, Вена, Кельн, Вильнюс, Гаага, Копенгаген зэрэг дэлхийн олон хот, Австрали, Шинэ Зеландад Б.Немцовын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа боллоо.
“Борис Немцовыг хөнөөсөн хэрэг В.Путиныг улс төрөөс явсны дараа л бодитоор сөхөгдөнө”
Б.Немцовын ууган охин Жанна Немцова аавынхаа дурсгалд зориулан 2015 онд “Эрх чөлөөний төлөө Борис Немцовын сан”-г үндэслэсэн юм. Тус сангаас сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг даруй суллахыг уриаллаа.
Жанна Немцова “Борис Немцовыг хөнөөсөн хэрэг В.Путиныг улс төрөөс явсны дараа л бодитоор сөхөгдөнө” хэмээн ярьсан байна. Үүнтэй олон хүн санал нийлдэг юм.
Аллага гарсан даруйд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэ харгис аллага захиалгатай байх бүх шинжийг агуулсан бөгөөд зуун хувь өдөөн хатгалгын шинжтэй хэрэг” хэмээн мэдэгдсэн ч өөрөөсөө бүх талаар зайлуулсаар ирсэн. Гэвч В.Путин болон эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилж, ил далд булхайг зоригтойгоор уудлан гаргаж байсан Б.Немцовыг хаа холын чеченүүд зорин ирж, олон өдөр хоногоор дагаж мөшгисөөр Кремлийн дэргэд буудан хөнөөсөн гэдэгтэй санал нийлэхгүй хүмүүс олон байдаг ажээ.
Дурсгал хүндэтгэх үйл ажиллагааг Кремлийн эрх баригчид өдгөө ч сэжиглэнгүй ажигласан хэвээрээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр жагсаал цуглаан болохоос сэргийлж Москва голын гүүрийн дэргэд хүчнийхэн эргүүл хийж, Улаан талбайг түр хааж, Театрын талбайд хаалт тавьжээ. Санкт-Петербургт Оросын гвардын дайчид эргүүлд гарч, авто машин, хунгар цэвэрлэгч техник, автомат хаалтуудаар зарим зам, талбайг хашжээ. Тус хотын Троицкийн талбайд давхар хаалт босгож, металл илрүүлэгчтэй хаалганууд тавьсан байна. Хэдийгээр цагдаа нар цахилгаан бороохой агссан байсан ч Санкт-Петербургт ямар нэг баривчилгаа болоогүй ажээ. Гэвч Краснодарын хязгаар зэрэг газарт зарим хүнийг баривчлан саатуулсан тохиолдлууд гарчээ.
Сөрөг хүчнийхний эсрэг эрх баригчдаас үйлдсэн, үйлдэж буй бүхнийг эсэргүүцсэн хөдөлгөөн ийнхүү ОХУ-д ойрхон давтамжтай өрнөсөөр байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Дуншиж дуншиж . . .