Анхлан 1960-аад оны дундуур мэдэгдсэн коронавирус болох НСоV-229Е бүртгэгдэхэд цаашид юу болохыг тухайн үед хэн ч төсөөлсөнгүй. Хачирхаад л өнгөрсөн уг үйл явц хожим хурдаа авсан юм.
2002 онд бета-коронавирусээр өдөөгдсөн урхаг явцтай, хүнд хэлбэрийн В SARS-CoV-ын анхны тохиолдол бүртгэгдэж, олон хүнийг хамарлаа. 2015 он гэхэд Ойрхи Дорнодыг хамарсан халдвар тархаж, мөн л бета-коронавирусээр өдөөгдсөн С МЕRS- CoV өвчин дэгдлээ. Харин 2019 оны өвөл гэхэд хүн төрөлхтөн өнөөдөр бүх дэлхийг хамраад буй SARS-CoV-2-той тулгарч, 2020 оны хавар бараг бүх улс орныг нөмөрсөн асуудал болон өргөжиж, бид бүгд цар тахлын эринд хөл тавьсан билээ.
Зарим нэгний хувьд энэхүү эрин шувтрах шатандаа орж байгаа гэх боловч ихэнх улс оронд цар тахал ид оргил үедээ дэгдэж байна. Эрдэмтдийн хувьд цаашаа хэрхэх бол гэсэн таамаглал дэвшүүлэн ирээдүйд яахыг олж харахаар яарч буй. Өнөөдөр нүүр тулаад байгаа коронавирусээс илүүтэй энэхүү тун ч таагүй үзэгдлийн дараагийн “төрөл” хэзээ гарч ирэх бол гэдгийг эрдэмтэд урьдчилан харахыг хүсэж, загварчлал гаргаж байгаа юм. Яаж ч хичээсэн эрт, орой аль нэг цагт шинэ төрлийн коронавирус гарч ирнэ гэдэгт тэд огт эргэлзэхгүй байна. Вирус тээгч нь ямар нэг амьтан байх болно гэдэгт эрдэмтэд эргэлзэхээ больжээ. Их Британийн Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглан ямар төрлийн амьтан коронавирусний шинэ омгуудыг биедээ тээж явааг илрүүлэхээр ажиллажээ. Чухам тэр омгуудаас коронавирусний шинэ хувилбар гарч ирнэ гэдэг нь цаг хугацааны л асуудал юм. Судалгааны ажилд оролцож буй Вирус судлаач доктор Маркус Благроув хэлэхдээ “Коронавирусний шинэ төрөл хаанаас үүсэж болох вэ гэдгийг тайлахаар бид ажиллаж байна. Түүний үүсэж болох нэг зам нь хоёр төрлийн вирусний РНК-гийн нэгдэл байж болно. Хоёр өөр төрлийн вирус нэг эсийг халдварлуулж, “охин вирус” үүсгэнэ. Тэр нь коронавирусний шинэ омог бий болох эхлэлийг тавина” гэжээ.
“Вирус болон тэдгээрийг байгаль дээр тээх боломж бүхий амьтдын хооронд илүү аймшигтай холбоо бий. Тэдгээрээс өнөөгийн бидний нүүр тулаад байгаа SARS-CoV-2-оос хэдэн арав дахин илүү хүчтэй вирус үүсэж болно. Энэ нь бидний өмнө гаргаж байсан дүгнэлтэд төсөөлснөөс ч илүү гэдэг нь харагдаж байна” гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.
Эрдэмтдийн өмнө нь хийсэн судалгаагаар хүнийг оролцуулалгүйгээр дөрвөн төрлийн сүүн тэжээлт амьтан SARS-CoV-2 болон бусад төрлийн коронавирусийг нэгэн зэрэг тээгч байж болно хэмээн үзэж байсан бол хиймэл оюун ухаан ашиглан хийсэн тооцоогоор 126 төрлийн амьтан тэдгээр вирусийг тээгч байх магадлалтай ажээ. Коронавирусний гол тээгч хэмээн үздэг сарьсан багваахай л гэхэд 32-68 төрлийн коронавирусийг биедээ нэгэн зэрэг тээгч байж болох дүгнэлтэд хүрчээ. Хиймэл оюун ухаанаар боловсруулсан судалгаанаас үзэхэд ердийн молтогчин туулай, ганц бөхт тэмээ зэрэг амьтанд SARS-CoV-2 нь бусад вирустэй хавсран оршиж байдаг аж.
Хэдийгээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд коронавирус хүн төрөлхтөний “нэг номерын дайсан” болоод байгаа ч түүний нэлээд олон төрөл зүйл нь байгальд гэм халгүй оршин байдаг бөгөөд бидний дийлэнх нь хамрын шуухинаа гэх мэттэй хавсарсан коронавирусний халдварын аль нэг хөнгөн хэлбэрээр урьд өмнө нь өвчлөөд өнгөрсөн байдаг гэдгийг эрдэмтдийн судалгаа нотолж байгаа ажээ.
Коронавирусний зүйл нь альфа, бета, гамма, дельта гэсэн дөрвөн янзын төрөлтэй агаад тэдгээрээс эхний хоёр нь хүнд халдварлах чадвартай юм. SARS маягийн хурц явцтай омог нь зөвхөн бета-коронавирусэд агуулагддаг болохыг тогтоожээ.
Харамсалтай нь уг вирус тогтвортой бус, РНК нь тогтмол нийлэгжиж, генийн кодоо солилцож байдаг, үүгээрээ ч тухайн нэвтэрсэн хүний биеийн дархлааны системд халдаж, цаг үргэлж шинэ “эзэн” хайж явдаг аж. Судлаачид SARS-CoV-2-ыг шинжлэх явцдаа яг юунаас тухайн вирус анхлан үүссэнийг тогтооход төвөгтэй байгааг нуусангүй. Уг вирусний байнгын хувьсамтгай, хувирамтгай чанар судалгааны явцад нөлөөлж байгаа ажээ.
Коронавирусний хамгийн түгээмэл тээгч нь сарьсан багваахай мөн гэдэгт харин эрдэмтэд эргэлзэхгүй байна. Учир нь сарьсан багваахайн дархлааны систем маш тогтвортой бөгөөд удаан хугацаанд өвчлөлгүйгээр вирус түгээгч байж чаддаг, тэгснээрээ биед нь коронавирус удаан хугацаагаар тогтож, төрөл зүйлүүд хоорондоо холилдон хувьсах боломж бүрддэг ажээ. Тэгснээр уг тогтвортой тээгчээс хүн болон бусад амьтанд коронавирус халдварлах нь цаг хугацааны асуудал болж, эгзэг нь таарсан нөхцөлд хүн агшин зуурт халдвар авах эрсдэл үүсдэг байна.
Ийм учраас амьтанд ханддаг хандлагаа өөрчлөхийг судлаачид сануулж эхэллээ. Олонх амьтан коронавирусний тээгч болдог нь тодорхой болсон тул зэрлэг амьтдад нүцгэн гараараа хүрэх, илэх зэрэг нь хүнийг эрсдэлд хүргэж болзошгүйг сануулж байгаа юм. Нохой, муур, туулай, тахианаас гадна адуу, тэмээ ч коронавирус тээгч болох магадлал өндөр гэнэ.
“Хэрэв бид коронавирусний халдвар хаанаас дэгдэж, ямар амьтад тээгч болж буйг мэдвэл вирус хүнд халдварлахаас нь өмнө амжиж хамгаалах эм, вакциныг боловсруулах боломж бүрдэнэ” хэмээн Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд хэлж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )